• Өнөөдөр 2025-09-01

ӨРДӨЖ ӨГӨӨД, ХАМГААЛАН ЗОГСОНО...

2025-09-01,   231

                Тэр ерээд оны босгон дээр өөрөөр сэтгэж, өөрсдийн зориг зүрх, дур хүслээрээ шүлэг найраг, зохиол бүтээл бичих гэж оролдож буй залуусыг галтайхан шүүмжээрээ “өрдөж”, хор шарыг нь баримт, нотолгоогоор “дүрэлзүүлдэг” нэгэн байв. Ийм атлаа ам нээх бүрдээ залуусыг гутаан доромжлогчдоос өнөөх тэрслүүхэн шүүмжүүдээрээ өмгөөлөн хамгаалдаг “хамгаалагч” нь байлаа. Монголын утга зохиолын шүүмжийн ертөнцөд түүний байгуулсан гавьяаны эхлэл л энэ. Ингээд харахаар уншигч та ямархан том эрдэмтний тухай өгүүлэх гэж буйг минь гадарлаж байгаа болов уу.
 
Тэр бол Монгол Улсын гавьяат багш, утга зохиол судлаач, шүүмжлэгч, хэл бичгийн ухааны доктор, профессор Дашлхүмбийн Галбаатар.
 
    Залуухан хархүү явахад нь халиуран ургадаг байсан гэмээр хар үс нь он цагийн уртад цайран бууралтсан өвгөн багш маань хэзээний танил дотно саарал хослолоо өмсчихсөн, “Уран зохиолын онол, түүх, шүүмжлэлийн нэвтэрхий толь” гэх цэнхэр номоо сугавчлаад, нүдээрээ инээсээр МУИС-ийн нэгдүгээр байрны лекцийн танхимд “Уран зохиол шинэчлэлийн удиртгал” хичээлээ заахаар орж ирдэг сэн. Ер их сургуулийн оюутан байсан өдрүүдээ нэхэн дурсахад эрдэмтэн багш нар минь л хамгийн түрүүнд санаанд бууна. Тэр дундаа Ч.Лодойдамба зохиолчийн “Тунгалаг тамир” романы дүрүүдийг нүдэнд харагдтал жишээ татан ярих Галаа багшийн намдуухан дүр төрх, эгэл жирийн атлаа хөнгөн тэнхлүүн байдал нь цаанаа нэг сэтгэлд дотно.
 
Энэхүү хөрөгтөө бид уран зөгнөлт, адал явдлаар дүүрэн зохиолд дурласан залуу хөвгүүн хэрхэн Монголын утга зохиолын тэргүүн эгнээний судлаач, шүүмжлэгч болсныг нэхэн сурвалжлахыг оролдлоо. 

АДАЛ ЯВДАЛТ, УРАН ЗӨГНӨЛТ ЗОХИОЛЫН АМТАНД ОРЖ, УРАН ЗОХИОЛД ХӨЛ ТАВЬСАН НЬ

         Зохиолч, яруу найрагч, орчуулагч, судлаач гээд бичиж туурвиж, номын хуудас эргүүлж суудаг хүмүүст энгийн мэт боловч зайлшгүй тавьмаар нэг асуулт бол “Анх хэний, ямар зохиол, бүтээлийг уншиж, уран зохиолын амтанд орж байв” гэх асуулт. Бид Д.Галбаатар багшаас ч мөн дээрх асуултаа асуулаа. Түүнийг урлаг, уран зохиолд дурлуулсан анхны бүтээл нь Шведийн зохиолч Сельма Лагерлефийн “Галуу дагасан гайхамшигт аян” тууж, Оросын зохиолч Александр Романович Беляевийн “Эрдэмтэн Доуэлийн толгой” гэх шинжлэх ухааны уран зөгнөлт зохиол гэнэ. Түүний хувьд гайхан автахаас илүүтэй “Ийм зүйл байж болох уу” гэх гайхашралыг түүнд төрүүлснээрээ дээрх хоёр бүтээл түүнийг утга зохиолын салбар руу уруу татсан “буруутай” гэнэ.
 
     Энэ тухай тэрбээр “Галуу дагасан гайхамшигт аян” зохиолд гардаг фантазад би гайхаж, эргэлзээд байгаа хэрнээ л дахин дахин, дурлан дурлан уншаад байсан. Хүн галуу унаад халуун дулаан орон руу нүүдэллээд, эргээд ирнэ гэдэг худал гэдгийг мэдээд байгаа хэрнээ л “Ингэж сэтгэж болдог гэж үү” гэх бодол намайг уран зохиолын ертөнц рүү соронздон татсан даа. Үүнээс гадна цаг хугацаа явах тусам адал явдалт, уран зөгнөлт зохиол хийсвэр ч гэлээ хүний сонирхлыг татаж, итгэл үнэмшил төрүүлээд байгаа тэр гол нандин нууцыг нь олж мэдэх, аливаа зохиол, бүтээлийг үнэлж, ялгах салгах гэдэг маш нарийн зүйл юм байна гэдгийг ойлгосон” гэсэн байдаг. Үүгээр нь түүнийг судлал, шүүмжлэлийн ажлынхаа суурийг дурлан уншсан анхны бүтээлээсээ л өөртөө тавьсан байх нь гэж дүгнэж болохоор. 

НҮҮДЭЛ

         Д.Галбаатар багшийн төрсөн, суралцсан, багшилсан гээд бүхий л он жилүүдийг нүүдэл гэж нэрлэвэл тун ономоор. Түүний аав Завхан аймгийн Тэс сумын харьяат эмч хүн байжээ. Нөмрөг суманд ажиллаж байх жил нь Д.Галбаатар хүү нь төрсөн байна. Ингээд Тосонцэнгэл сумын сургуульд наймдугаар ангиа дүүргэж, Архангай аймгийн Багшийн дээдэд хоёр жил багшаар ажиллажээ. Дараа нь нийслэлийг зорьж, МУИС-ийн Монгол хэл, түвд бичгийн ангид элсэж, 1983 онд төгссөн байна. Их сургуулиа төгсөхөд нь МУИС-ийн монгол хэл, уран зохиолын тэнхмийн эрхлэгч байсан С.Лувсанвандан, орлогч эрхлэгч С.Дулам нар түүнд сургуульдаа багшлах санал тавьсан гэдэг.
 
      Дөнгөж сургуулиа төгсөж буй оюутанд багшилна гэдэг том боломж ч тухайн үед Сайд нарын зөвлөлийн хурлаар Боловсролын яамнаас багшаар төгссөн залуусыг орон нутагт томилдог шийдвэр хэрэгжиж, түүнийг Ховдын их сургуулийн Монгол хэл, уран зохиолын тэнхимд багшаар ажиллах томилолт өгсөн байна. Тийн Ховд руу “нүүдэллэж”, багшилсны хоёр оны дараа тэр ахиад Москва руу “нисчээ”. Сурах, ажиллах, боловсрохын төлөөх түүний “нүүдэл” амьдрал туршид нь үргэлжилсэн ч тэрбээр “Ховдын сургууль руу томилолт өгөхөд нь дурамжхан хүлээж авч байсныг яана. Гэвч Ховдод очиж багшлаагүй бол би Москва явахгүй ч байсан байж мэднэ. Үүнээс чухал зүйл нь би Ховдын их сургуулийн Монгол хэл, уран зохиолын тэнхимд ажилласан багахан хугацаандаа жинхэнэ багш байхын тулд хэрхэн хөдөлмөрлөх, өөртэйгээ ажиллах, бусдыг өрдөн гэрэлтүүлэх ёстойг ойлгож, ухаарч, мэдэрсэн.
 
Тэр он жилүүдэд бодож, ухаарсан зүйлс өнөөдрийн миний хийсэн судалгаа, шинжилгээний ажлуудын суурь юм шүү дээ” гэсэн байдаг. Одоо бид уншигч танд Д.Галбаатар багшийн уран сайхны шүүмжүүдийн тухай өгүүлэх юм. Энэ бол түүний нэг жигүүр.

ХҮСЭЛ

           Зохиол, бүтээлийн амтанд орсон залуу сэхээтэнд Москваг зорьж, М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд суралцана гэдэг ер бусын жигүүртэй өдрүүд байсан байж таарна. Урьд бодож, төсөөлж байснаас ч өвөрмөц сонин ертөнц түүний өмнө нээгдэж, том эрдэмтдийн хичээлд сууж, олон үндэстний залуу зохиолч, судлаач, багш нартай мөр зэрэгцэж, зохиол бүтээлийн тухай тэдний бодол санааг сонсоно гэдэг хүн бүхэнд заяагаад байдаггүй боломж. Тэр ийн эрдэмд шамдаж байхдаа эх орондоо ирээд Монголын уран зохиолд шинэчлэл хийхийг хэнээс ч илүү хүсэж, яарч байсан гэдэг. Гэхдээ тэр зүгээр ч нэг шинэчлэл бус шүүмж судлалын аргаар зохиолч, уран бүтээлчдийн сэтгэлгээнд шинэ салхи сэвэлзүүлэхийг хүссэн байна. Энэ хүсэл нь түүний “Энэ хэдэн хүүхдийн турсагыг хуулахгүй юм сан”, “Ав хомрого бүхэн аллага байдаг”, “Гүехнээс гүнээ дэвшихийн үлгэр”,“Өрөөсөн жигүүртэй шувуухай нисч үл чадмой” зэрэг шүүмжээр биеллээ олж эхэлсэн гэхэд болно.
 
    Шинэ үеийн залуусын зохиол, бүтээлийн давалгаа хүчтэй байгааг анзаарч, мэдэрсэн шинэхэн судлаач тэр үеийн бүтээлүүдэд онолын үүднээс оновчтой задлан хийж, буруу зөрүүг нь тайлбарлан шүүмжилж, чөлөөт сэтгэлгээг уриалан дуудаж байсан нь түүний Монголын утга зохиолд хийсэн том шинэчлэл гэдгийг ерээд оны эхэн үед бичиж байсан зохиолч, найрагчид дуу нэгтэй хүлээн зөвшөөрдөг билээ. 
 
         Түүний шавь, утга зохиол судлаач Х.Чойдогжамц “Ерээд оны уран зохиолын маргаан, мэтгэлцээн дунд Д.Галбаатар багшийн шүүмжүүд байхгүй байсан бол Монголын уран зохиолын түүх ямархан хувь заяатай байх вэ гэдэг их сонирхолтой, эгзэгтэй, эргэлзээтэй санагддаг. Энэхүү шүүмж өгүүллэгүүд байснаар мэргэжлийн хүмүүс, уншигчид ч баримжаа авсан. Зохиолчид нь ч өөрсдийнхөө хийж байгаа зүйлд итгэл үнэмшилтэй, улам сайжруулах тал дээр анхаарч эхэлсэн байх. Тухайлбал, Д.Галсансүх яруу найрагч, Г.Аюурзана зохиолчийн бүтээлүүд, “Зүс бүгэг андууд” бүлгэмийн гээд тухайн үед бичиж байсан залуусын ур чадвар, шинэ санааг соргогоор мэдэрч, тэдний бүтээлийг задалж байсан нь уран бүтээлчдэд том тус нэмэр болсон гэдэгт эргэлзэхгүй байна” хэмээсэн юм.  

ШУУГИАН

       Гал цогтой шүүмжүүдээрээ тухайн уран бүтээлчийн алдаа, оноог халуу дүүгтэл нь “илчилдэг” байсан ч шинээр зохиол, бүтээл бичиж буй залуусыг зориудаар унтрааж, мохоогчидтой тэр тэрслүү шүүмжүүдээрээ зогсолтгүй “дайтдаг” байж. Түүнтэй сонины нүүрэн дээр шүүмжээрээ мэтгэлцэгчдийн нэг бол яруу найрагч О.Дашбалбар агсан. Жишээ нь, тэр тухайн үед уламжлалаа голчлон барьж, залуу зохиолч, найрагчдын бүтээлд шүүмжлэлттэй хандаж байжээ. Энэ ч үүднээс Д.Галбаатар багш “Ав хоморго бүхэн аллага байдаг” шүүмжээ сонинд хэвлүүлсэн бол О.Дашбалбар найрагч уг шүүмжид сөргүүлэн “Яруу найраг дахь нялхсын өвчин” гэж бичиж байсан гэдэг. Үндсэндээ уламжлал, шинэчлэлийн зааг дээр хуваагдан зогссон найрагч, судлаач хоёрын маргаан халуухан өрнөж, сүүлдээ эвлэрч, учраа олсон гэх яриа бий. Нэг удаа Д.Галбаатар багш О.Дашбалбар найрагчид зориулан бичсэн нэгэн шүүмждээ оносон гарчиг өгч чадахгүй байж л дээ. Тэгээд зурхайч Л.Тэрбиш гуай дээр очиж санаагаа хэлээд, “Оносон гоё сургаалийн үг, хэллэг юу байна вэ” гэж лавласан байна. Тэгсэн Л.Тэрбиш зурхайч “Эрдэм багатын омог их, Ишгэн тэхийн тачаал их” гэж хэлж өгөөд, эл хоёр мөрөөр шүүмжээ гарчигласан гэж байгаа.
Түүний шүүмжүүд уран зохиолын ертөнцөд шуугиан тарьдагийн нэгэн жишээ энэ болов уу.

ХӨРӨГ ШҮҮМЖИЙН МАСТЕР

           “...Д.Норовт олон сайхан зан чанар бий. Ер нь сайн хүнд голдуу байдаг хөдөлмөрч, шударга, төлөв даруу зан чанар, уян зөөлөн тусч сэтгэлтэй хүн. Эдгээр чанар нь түүний өгүүллэг, тууж, роман, жүжиг, киноны баатруудад нэвт шингэж ирснийг зохиол дахь уянгын зөөлөн ухааруулал, хүн чанарыг эрхэмлэн дээдлэх үзэл санаа, шулуун шударгуу явдалтай гол баатруудынх нь сэтгэл зүйн хатуу байр суурь харуулдаг юм”... Энэ бол түүний Далхаагийн Норов зохиолчид хандаж бичсэн хөрөг шүүмжийн хэсэг. Д.Галбаатар багш тус зохиолчийн тухай “Өнгөрсөн он жилүүдийн дуртгал буюу Далхаагийн Норов”, Дамбын Төрбат зохиолчийн тухай “Монголоо егүүтгэх “Монгол секс” буюу гунигт тавилан” тэргүүтэй Ц.Чимэддорж, П.Баярсайхан зэрэг үеийнхээ зохиолчдод хандаж, тэдний бүтээл туурвилыг тусгайлан авч үзэж, судлаачаас зохиолчид хандаж хөрөглөн бичсэнээрээ бусад судалгаа шүүмжээс онцгой гэдгийг судлаач, уран бүтээлчид онцолдог.
 
Тэр ингэж өнгөрсөн, одоо, ирээдүй цаг дахь зохиолчдоос голлох бүтээлийг нь сонгон авч судалж бичдэг байна. Мөн Г.Нямаа зохиолчийн “Цадиг хууч”, Д.Төрбатын “Могойн чуулган” гээд романуудад бичсэн шүүмжүүд нь Монголын утга зохиолын шүүмж судлалд жин дардаг. 

ДААЦТАЙ БҮТЭЭЛҮҮДИЙН ЭЗЭН

            Д.Галбаатар багшийн өөр нэгэн жигүүр бол утга зохиолын чиглэлээр хийсэн эрдэм шинжилгээний даацтай бүтээлүүд нь. Түүний шавь нарын нэг МУИС-ийн Утга зохиолын тэнхимийн багш Г.Нарантунгалаг “Багшийн маань “Монголын уран зохиолын онол түүхийн зангилаа асуудлууд” шинжлэх ухааны докторын зэрэг горилсон бүтээл нь даацтай бүтээлүүдийнх нь нэг яах аргагүй мөн юм. Уран зохиолын арга, урсгал чиглэлийн тухай, тэр дундаа Монголын уран зохиол зөвхөн реалист чиглэлээр бүтээл туурвиж байгаагүй, реалист бус арга зэргэцэн хөгжиж байсан гэдгийг “Хуулбарлах арга буюу монгол натурализм”, “Утга далдлан хийсвэрлэх аргууд ба монгол абстракционизм”, “Хэлбэрдэх аргууд буюу монгол формализм”, “Загварчлах аргууд буюу монгол схематизм”, “Бэлгэдэх аргууд буюу монгол симфолизм” хэмээн нэрийдэж, эрт эдүгээгийн уран зохиолын жишээгээр батлан тайлбарлаж, онолын үндэслэлүүдийг дэвшүүлж, судалгаа шинжилгээний өгүүллүүд бичиж, уран зохиолын ертөнцөд шуугиан дуулиан тарьж байсан хүн бол манай багш. Үүний дараа орох томоохон бүтээл нь “Утга зохиолын нэр томьёоны толь бичиг” нь. Энэ судалгаагаа тэр 1980 оноос эхлүүлж, 2002 онд Токиод хэвлүүлж, 2012 онд Нэвтэрхий толь болгон хэвлүүлсэн нь түүний лекц, семинараа орох бүрдээ сугавчилж явдаг “Уран зохиолын онол, түүх, шүүмжлэлийн нэвтэрхий толь” ном юм шүү дээ” гэсэн юм. Харин тус нэвтэрхий толь бичгийн өмнөтгөлд Ардын багш С.Дулам “Д.Галбаатарын эрдэмтэн хүнийх нь нэг онцлог чанар бол аливаа асуудалд их төвч байр сууринаас ханддаг, олон янзын үзэл бодлыг хүндэтгэн, тэгшээр авч үздэг, хамгаалдаг чанартайг тэмдэглэх ёстой. Энэ чанар нь онолын маргаантай сэдвүүд дээр тод тусаж харагддаг билээ” хэмээн эрдэмтэн, судлаачийнх нь хувьд тодотгосон байдаг. 
 
      Д.Галбаатар багш эрдэм шинжилгээний 60 гаруй, уран сайхны шүүмжлэлийн 100 гаруй өгүүлэл, шүүмж бичсэн байдаг. Цаашлаад номуудаас нь дурдвал, “Гэгээн алсад одох юм сан”, “Уран зохиолын онолын үндсэн ойлголт, нэр томьёоны тайлбар толь”, “Үгийн урлагийн ертөнцөд хийсэн тэмдэглэл”, “Монгол дууль”, “Хөөрөлдөөн”, “Эрс эргэлтийн босгон дээр”, “ХХ Зуун-модернизм-сонгодогууд”, “ХХ зууны төгсгөлд ХХ зууны эхэн үеийн Оросын модернизм”, “Цэндийн Чимиддорж”, “Урлахуйн галыг бадраагч зул эндүүрлийн гэмийг ариусгагч” судлал шүүмжлэлийн бүтээл гэх мэтээр хөвөрнө. Монголын утга зохиолын шүүмж судлалд бүтээсэн түүний энэ ном туурвил, судалгаа шинжилгээний бүтээлүүд, хөдөлмөр, зүтгэлийг нь төр засгаас үнэлж, Монгол Улсын Гавьяат багш цол олгосон байдаг. 
 

ХАМГИЙН САЙН СОНСОГЧ, ХӨГЖИЛТЭЙ ЯРИА ӨРНҮҮЛЭГЧ

       Д.Галбаатар багш оюутнуудынхаа хамгийн сайн сонсогч, тэдний судалж, сонирхож буй зүйлээс нь хөгжилтэйгээр асуулт ургуулагч. Мөн илтгэл, эрдэм шинжилгээний ажлыг нь нэг бүрчлэн засаж, цааш хэрхэн сайжруулж, ямар ном, зохиол харж ямархнаар баяжуулах вэ гэдгийг тун дуртай зөвлөдөг дотны зөвлөгч нь. Тэр дундаа өөрийнх нь хэлж, ярьсан санаа, олж уншаарай гэсэн ном, зохиолыг нь уншиж, тэмдэглээд, зөвлөснийх нь дагуу судалгаа, бүтээлээ сайжруулаад ирсэн оюутныг олзуурхан сайшааж, мэддэг бүхнээ тусгайлан харамгүй хэлж өгдөг далай мэт сэтгэлтэн хэмээн “Сити” их сургуулийн багш, утга зохиол судлаач Х.Чойдогжамц бидэнд өгүүлсэн юм. Харин өөрийг нь даган шүүмж судлал руу орж, шүүмж бичиж эхэлсэн шавь нартаа юу захидаг талаар нь МУБИС-ийн утга зохиолын багш, судлаач, шүүмжлэгч Г.Батсуурь “Багш биднийг ирээдүйнхээ төлөө мэргэжлийн бид л бичихгүй бол өөр хэн бичих вэ. “Хэнээс ч битгий ай, зоригтой бич” гэнэ. Биднийг шүүмж бичихээр “Танай шавь нар чинь” гэж багш руу дайрах, үг хаях зарим нь бүр уурлах нь энүүхэнд. Зарим нь багшийн найз нөхөд байж таарна. Багш тэр бүрд биднийг хамгаална. Бидэнд урмын үг хэлнэ. Гэхдээ багш маань өөрөө зохиол бүтээл шүүмжилдгийнхээ тухайд тэрслүү, өөрийнхөөрөө, гэдгэр хүн шүү дээ. Миний хувьд докторын ажлыг минь удирдсан, шүүмж бичих зам руу хөтөлсөн гэдгээр дотно байж болох ч түүнээс илүү аав шиг, ах шиг, эр хүн шиг байж чаддагаас нь үлгэрлэдэг” гэсэн юм. 
 
     Түүнчлэн МУИС-ийн Утга зохиолын тэнхмийн багш Г.Нарантунгалаг  “Багш минь Монголын утга зохиолд өндөр үүрэг гүйцэтгэсэн хүн. Үүнийг нь би олон дүүтэй ах хүний зан, хандлагатай нь уяж боддог. Багшийг би Монголын утга зохиолын нэгэн үеийн ачааны хүндийг эзэмшсэн мэргэжил, чин хүсэл, судалгааны уйгагүй  хөдөлмөрөөрөө үүрэлцэж, 1990 оны эхэн үеийн утга зохиолд дуртай, бичдэг залуусын бүтэн үеийг даацтай шүүмжүүдээрээ өсгөн бойжуулсан гэж боддог” хэмээснийг энэ хэсгийнхээ төгсгөл болгоё. 
 

“ХАНЬ МИНЬ ХАТУУХАН ШҮҮМЖҮҮД БИЧДЭГ Ч ХҮҮХДҮҮДДЭЭ ХАМГИЙН ЗӨӨЛӨН ААВ НЬ”

        Монголын утга зохиолын судлал, шинжлэлийн төлөө авьяас билиг, амьдралынхаа дийлэнх хугацааг зориулж, утга зохиолд хайртай залуу үеийг, багш, эрдэмтэн, судлаачдыг төрүүлсэн буурал багшийн маань эхнэрийг Л.Амарсайхан гэдэг. Тэрбээр ханийнхаа тухай “Галаагийн өндөр нуруу, спортод дуртай, илүү дутуу зангүй, өөрийнхөөрөө байдаг нь надад одоо ч таалагддаг. Бидний залуу нас чөлөө, завгүйн дунд өнгөрсөн дөө. Бид сурахын зэрэгцээ амьдралаа зохиож байлаа. Галааг Ховдын сургуульд багшаар очиход бид хэдийнэ дөрвөн хүүхдийн аав, ээж болсон байлаа. Өвгөн маань тухайн үед хэдий завгүй байсан ч гэр орныхоо ажилд цаг гаргаж тусална. Шөнө нь сууж маргаашийн лекцээ тэмдэглэхийн хажуугаар уран зохиолын шүүмжүүдээ бас биччихдэг байлаа. Ханийг минь хүмүүсийн зохиол, бүтээлийн талаар хатуухан шүүмжүүд бичдэг болохоор хатуу зан чанартай гэж зарим хүн боддог байж мэдэх юм. Гэтэл тэр эсрэгээрээ их зөөлөн хүн. Угийн үг дуу цөөтэйг нь хүмүүс мэднэ дээ. Хань минь хатуухан шүүмжүүд бичдэг ч хүүхдүүддээ хамгийн зөөлөн аав нь. Надаас хүртэл өмөөрнө шүү дээ. Ер нь хүүхдүүддээ ч, оюутнууддаа ч зөөлөн ханддаг. Харин зохиолч, бүтээлчдийг илүү сайжраасай, бүр илүү болоосой гэхдээ бичлэгийн олон аргаас шүүмж судлалыг нь сонгон бүтээл, туурвилыг нь олны анхааралд хүртэл хатуухан шүүмжилдэг байлаа. Үүнийг ухаантай, юм ойлгодог хүмүүс бол зөвөөр хүлээн авч, алдаа дутагдлаа засаж, оноо амжилт болгодог. Өөрийнхөө үнэнийг сонсож чаддаггүй хүн бол буруугаар бодож, гомдож, шаралхаад алга болдог” гэсэн билээ. 
 
       Харин түүний хүү Г.Ханхүү “Намайг хүүхэд байхад аав гар бичмэлүүдээ компьютер дээр хааяа шивүүлнэ. Тэндээс би аавыг ямар их хөдөлмөрлөдөг, судалгааны ажилдаа чин сэтгэлээсээ дуртайг нь мэдэрдэг байсан. Аав бусдын хувьд утга зохиолын салбарын том сэхээтэн ч хүүхдүүдийнхээ хувьд бол бидний л аав шүү дээ. Аавын өөр нэг хобби нь фото зураг авах. Бидний зургийг их авдаг байлаа. Өөрөөр хэлбэл, аав сэтгэлээ зориулсан зүйлдээ цаг, заваа бүрэн зориулж чаддаг гэсэн үг. Зарим хүнд том эрдэмтний хүүхэд байх нь бусдаас ондоо, онцгой, магад аав шигээ байх ёстой мэтээр ойлгох хандлага байдаг. Гэтэл тийм боломж байхгүй шүү дээ. Аав ер нь зөөлөн, үг дуу цөөтэй. Бидэнд амьдралын тухай ч юм уу, хүмүүжил, сурлагын талаар ингэ тэг гэж зааж, зааварладаггүй байсан. Юманд өөрсдийнхөө хүсэл, сэтгэлгээгээр хандахыг өөрөөрөө үлгэрлэдэг гэх юм уу даа” гэсэн юм. 
Залуу нас, чин сэтгэл, нэр төр бүхнээ утга зохиолын шүүмж судлалд зориулсан шиг зориулж, бусдад адлагдах цагтаа адлуулж, хайрлуулан магтуулах үедээ магтуулсаар яваа Д.Галбаатар багш өдгөө гавьяаныхаа амралтыг авсан ч түүний ном, хэвлэлийн хуудас эргүүлж, зохиол бүтээлийн судалгаа хийж, зохиолчдын хөрөг, шүүмж бичих ажил үргэлжилсээр, ундарсаар л байгаа юм байна. 

ӨРДӨЖ ӨГӨӨД, ХАМГААЛАН ЗОГСОНО...
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188