• Өнөөдөр 2024-04-25

Амьтан судлаач, анчин Ч.БҮҮВЭЙ: Байгаль ижий эзэнгүй банк, ёроолгүй худаг биш гэдгийг ойлгоосой

2021-04-17,   1705

        Хөвсгөл аймгийн Рашаант сумын уугуул биологич, агнуур зүйч, амьтан судлаач, “Амьтан хамгаалах нийгэмлэг” ТББ, “Авралын эрэлд“ ХХК-ны зөвлөх Чойжоогийн Бүүвэй бол эх орон онгон зэрлэг байгаль, уул, ус, ургамал ногоо, ан амьтан, араатан жигүүртэний гайхамшигт нүд нь баясаж, сэтгэл сэргэж явдаг нэгэн билээ. Эх орон, байгаль дэлхийгээ хамгаалахад дусал ч болтугай нэмэр болохийг санаа сэтгэлдээ тээж, 55 жил намрын бугын урамдаан, өвлийн чононы улиан, хаврын тарваганы хошгоролт, анхны яргуй, зуны хөхөөн дуутай биеэ аргамжиж, байгаль хамгаалах үйлсэд ухамсарт амьдралаа зориулсан түүнтэй хөөрөлдлөө.

-Сайн байна уу, та. Сайхан хаваржиж байна уу. Таныг одоо ч мэргэжлээрээ ажиллаж байгаа гэж сонссон. Нас ахисан таны хувьд  ажил тань хүнд биш үү?

-Сайн. Сайн байна уу. Байгаль ижий өгөөж хишгээ үнэ цэнэгүй, өр нэхэлгүй өргөн түмэнд өгдөгт нь сэтгэл татагдан энэхүү мэргэжлийг сонгон мэргэшин ажилласан нь энэ байх даа. Эх орныг минь нэг үе үнэт эрднэсийг хэн дуртай нь дураараа авч цөлмөж байлаа. Одоо аргилж хамгаалах зүй зохистой ашиглах, ужиг хуучныхаа бодлого төлөвлөлтийг цааснаас цаасан дээр хуулах биш тал бүрийн ажлыг цоо шинээр шинжлэх ухааны үндэслэлтэй зөв тооцоо судалгааг уураг тархиа малтан байгаль орчны салбарт бодитой харагдах бүтээн босголт хийх эзэн хүмүүс байх ёстой гэсэн зорилго чиглэлээ алдаагүй ажиллаж байна. Ургасныг тайрч, хөлтныг хэвтүүлж, танилтай нь тэнхэрч танилгүй нь ядарч ирсэн арчаагүй бүлэглэл, мэргэжил мэдлэггүй танил талаа удирлагад орогнуулж төр ганхуулсан нүгэлт цаг үе царцсан одоо ажлын салбарт бодлогын шинэ өөрчлөлтийн нахиа ургуулах хэрэгтэй санагдана.

-Өнөөгийн ан агнуурын салбар өмнөхөөс ямар түвшинд ажиллаж байна?

-Өмнөхөөс өнөөгийн цаасан дээр хийсэн ажлын түвшин өндөр харагддаг. Хорь гаруй жилийн өмнө Богд уулын Түргэний аманд 3000-5000 толгой халиун бугын нөөцтэй, тойргоороо 15000 м урт, гуалин дүнз, шургаагаар хийсэн бугын хашаатай бугын аж ахуй 34 жил буга хамгаалан өсгөн үржүүлж, тэжээж цусан эврийг үйлдвэрлэлийн аргаар авч боловсруулан экспортонд гаргах үйлдвэрлэл явуулдаг байв.

Булган аймгийн Хишиг-Өндөр, Могод суманд 2000 орчим бугатай хоёр бугын аж ахуй, 12000 булгатай, 300 гаруй хар үнэгтэй Төр хурхын үслэг ангийн аж ахуй, 6000 орчим гургуултай Сонгины гургуулын аж ахуй, 800-1000 цаа бугатай Хөвсгөл аймгийн Цагаан нуур сумын Ан агнуур цаа бугын аж ахуй, Жилд нийт 200-400 тонн загас барьж бэлтгэдэг. Дорнод аймгийн Буйр нуур, Хөвсгөлийн Цагаан нуурын загасны аж ахуйгаас гадна Хөвсгөл, Сэлэнгэ, Булган, Төв аймагт мэргэжлийн ангийн бригад ажиллаж байв. Дотоодын хэрэгцээнд гахай, бор гөрөөс, хандгай болон 10000 толгой цагаан зээр, дотоодын хэрэгцээнд 200 толгой халиун буга, Экспортонд 500 толгой бугын гулууз мах, тарваганы арьс 800-1000 орчим ширхэг, бусад үнэг, хярс, чоно, хэрэм, туулай зэрэг үслэг ангийн арьс хэдэн зуу мянгаар экологийн тэнцвэрийг алдагдуулалгүй шинжлэх ухааны тооцоо судалгаатай бэлтгэж экспортонд гаргаж улсад вальютын болон төгрөгийн их хэмжээний орлогыг оруулж бүх үйл ажиллагаа нь төрийн хатуу хяналтын дор явагдаж байсан юм.

-Одоо энэ аж ахуйнууд хаана, хаана байна?

-Ардчилал, хувьчилалын нүгэл, буян хоёрын заагт нэгэн ч байхгүй шүү. Хөөрхий. Байгальд эвээлгүй харш хатуу нөхөн сэргэшгүй сэтгэл эмзэглүүлсэн хөвч тайгад хөрөө, сүхний дуу тасралгүй босоо мод бүхнийг хяргаж, хөдөө ой хээр талд буун дуу өдөр шөнөгүй нүргэлж зарим ойд ороход сэвс ханхалж, нүх бүхэн тарвагаар бус цустай бөглөгдсөн. Үүнээс гадна  олон жил аж ахуйнуудын ажилчдын арчилгаа маллагаанд байсан олон мянган амьтдаас одоо босоо үлдсэн амьтан ширхэг ч байхгүй, хашаа хороо байгууламжаас шончгүй арчигдсан юм даа.

-Одоо энэ салбаруудыг дахин хөгжүүлэх боломж нөхцөл бий болов уу?

-Тусгай зориулалтаар ховор ан амьтан агнаж ашигладаг өмнөх Ангийн компаниуд уул амьтдыг хэвтүүлж хороохоос, өсгөж үржүүлэх бодлогогүй 1975 оноос өнөөг хүртэл байнга шигшин сонгож агналт явуулснаас 65-70 хүрэх инчтэй угалз хэсэг хугацаанд үзэгдэхээ больсон. Сүүлийн жилүүдэд БОАЖЯ-аас гаргасан журмын дагуу аймаг орон нутгууд тодорхой хугацаанд тогтоолгосон агнуурын нөөцийг үндэслэн агналтийн тоо толгойг багасгаж хамгаалах тал дээр анхаарч ажиллах болсон байна.

Үүнд Хэнтий, Баян-Өлгий аймгийн зарим сумдын Агнуурын бүс нутгуудын менежмент хариуцагч О.Цацралттөрийн “Хано маро тур” ХХК, Төв аймгийн Дэлгэрхаан сумын АБН- ийн Г.Бяармагнайгийн “Зэрэглээ” ХХК, Бяан-Өлгий аймгийн Дэлүүн сумын АБН-ийн Н.Эрдэнэбатийн “МАТ” ХХК, Говь-Алтай аймгийн А.Ариунболдийн “Натурал” ХХК зэрэг конпаниуд орон нутгийн иргэд, нөхөрлөлүүдтэй хамтран мэргэжлийн дагуу ажиллаж байгаа нь ажиглагдсан.

-Өмнөх ба өнөөгийн судалгаа, үнэлгээний, ажлаас сонирхуулна уу. Зэрлэг амьтдын тоо толгой өсөж байна уу?

-Ерөнхий агнуур зохион байгуулалт нь судалгаанд хамрагдах нутаг дэвсгэрийн 30 хувиас доошгүй агнуурын амьтдын тархалт байршлын талбайн хэмжээ, тоо толгой, өсөлт үржил, сүргийн бүтэц, нас, хүйс, нөхөн үржил, нэгж талбай дахь нягтшил гээд олон зүйлийг судалж тогтоодог. Биологийн хүрээлэнгийн экологийн лабораторийн эрдмийн зөвлөлийн хурлаас монгол орны агнуурын нөөц баялгыг 20-иод жил судалсан дүнг нэгтгэн тухайн үеийн жилд агнах хэмжээг тогтоосон байдаг.

Үүнд тарваганы нөөц 12.5 сая толгой, агнах тоо 823.5 мянга, хэрэмний нөөц 1.092.0 сая толгой, агнах 21.6 мянга, шар үнэг нөөц 240.0 мянга, агнах 17.0 мянга, чоно нөөц 30.0 мянга, агнах 6.3 мянга, бор гөрөөс нөөц 66.0 толгой, агнах тоо 0.9 мянга, цагаан зээр нөөц 245.0, агнах тоо 10.0 мянга, халиун буга 126.0 мянга, агнах тоо 3.1 мянга, аргаль хонь 52.8, агнах тоо 1.0 мянга, янгир нөөц 80.7 толгой, агнах тоо 2.0 мянга гэж тогтоосноос гадна 51 зүйл хөхтний агналтын үзүүлэлтийг үндсэн ан, цөөн агнадаг, агнаж жаншаагүй гэсэн гурван хэсгээр гаргасан байдаг.

-Амьтны тоо толгой юунаас болж багасаж байгаа вэ?

-Том жижиг амьтан гэлтгүй тоо толгой хорогдох гол шалтгаан нь хууль бус ан агнуур, зэрлэг амьтдын эд эрхтний хууль бус худалдаа, ойн түймэр, зэрэг зах зээлийн гай гамшигаас гадна амьтдын тархац нутгийн хэсэгт мод бэлтгэл, уул уурхай,самар, жимс, эм, хүнсний хэрэгцээний ургамал түүх, хадлан, газар тариалан, менежментгүй бэлчээр зэргээс ан амьтдын эзэмшил нутгийн давхцал үүсч амьдрах орчны доройтол бий болж идээшиж дассан нутгаас шахагдан дайжих, өсөлт үржил алдагдах, тархац нутаг хумигдах шалтгаануудаас нөөц эрс багассан гэж судлаачид үздэг.

Жишээ нь, 1993-1996 онуудад улсын хилээр хууль бусаар бугын ясан эвэр 4.07 тонн, цусан эвэр 1.76 тонн, бугын чив 672 ширхэг, засаа 634 ширхэг, буга, согооны сүүл 420 ширхэг гаргахаар завдасныг хураасан мэдээ байдаг. Мөн 4000 гаруй ширхэг тарваганы хатаасан арьс, хархын 200 гаруй нойтон арьс Цагдаагийн байгууллага хураасныг би Д.Пүрэвцэрэн шавийн хамт ялган үнэлгээ стандартыг тогтоон өгч байсан. 2019 онд Улаанбаатар хот руу оруулах гэсэн 240 ширхэг тарваганы арьстай түүхий мах зөвхөн нэг удаагийн шалгалтаар илрүүлснээ Цагдаагийн байгууллага мэдээлж байсан. 

-Агнуур зохион байгуулалт, амьтдын нөөцөөс сонирхуулж болох уу?

-Монгол орны ховор хөхтөн амьтдын популяцийн статусыг тодорхойлж хамгаалах нөөцийг үнэлэх судалгааны ажлыг гүйцэтгэхэд удирдлага зохион байгуулалтаар хангах, санхүүжүүлэх дэмжлэг туслалцааг БОАЖЯ, Дэлхийн банк, Голландын засгийн газар “NEMO II” төсөл, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Алтай-Соёоны эко бүсийн уулархаг нутгийн биологийн төрөл зүйлийг ард иргэдийн оролцоотой хамгаалах төсөл, Германы техник хамтын ажилгааны нийгэмлэг зэрэг газрууд үзүүлсэн юм.Нөөцийн үнэлгээ тогтоох ажлыг ШУА- ын Биологийн хүрээлэн гүйцэтгэснээр 2010 оны байдлаар баданга хүдэр 34796 км2 тархац талбайд 6525 толгой, бор гөрөөс 108537 км2. талбайд 29120 толгой, зэрлэг гахай 97808 км2.талбайд 35220 толгой, халиун буга 124612 км2 талбайд 16482 толгой, молцог хандгай 39945 км2  талбайд 7100 толгой тус бүр 14 аймгийн 140 гаруй сумын нутагт тархан байршиж байгааг шинжлэн судалж тогтоосон байдаг. Монголын хэмжээнд нийтдээ 1000-аас хэтрэхгүй зэрлэг буган цаа, гаршуулсан цаа мянга гаруй гэж тогтоосон бол уулын туруутан аргаль хонь Монгол орны хэмжээнд 50215,4 км2 талбайд нөөц 18140 толгой, 36018 толгой янгир ямааны нөөцтэйг тус бүр тогтоосон байдаг. 

-Анчин хүн хуулийг умартахгүй нэр төрийн асуудалд ёсорхуу ханддаг. Харин буутай хүн нь цэнгэх дуртай ашиг хонжоо олохын тулд байгалийн сан хөмрөг рүү гар дүрдэг-

-Агнуур судлалаар хөөрөлдлөө.  Одоо”Анчин”-ны тухайд юу хэлэх вэ?

-Буутай явдаг хүмүүсээс мэргэжлийн анчинг ялгах хэрэгтэй, буу үүрч ой руу орсон бүгд анчин биш. Би “анг” амьдралын баяр баясгалангийн нэг, урам зориг, зэмсэг эзэмших, амьтдын зан авир, амьдралын хэм хэмнэлийг нарийн мэдэх дадал дүүтэй болгож эрүүл энх байлган байгалийн мэдлэг олгодог учир утгатай зүйл гэж ойлгодог. Анчныг буруутгаж болохгүй. Энхрийлж өсгөж байгаад өнөөдөр чанаж идэж байгаа хонины амийг хороосноос доргүй зүйл биш. Анчин хүн хуулийг умартахгүй нэр төрийн асуудалд ёсорхуу ханддаг.

Харин буутай хүн нь цэнгэх дуртай ашиг хонжоо олохын тулд байгалийн сан хөмрөг рүү гар дүрдэг. Шийтгэхгүй, хуулийг тоомсорлохгүй явдал зарим эрх дураараа түрүү барьсан “анчидад” байгалийн дархан газраас ч ан хийх бололцоо олгож байна. Одоо анчин, буутай хүн хоёр ямарч “Нийгэмлэгт” харяалалгүй зөвхөн цагдаагийн газар буугаа бүртгүүлэх,татвар төлөх л үүрэгтэй байна. Монголын анчдын нийгэмлэгийн төв зөвлөл гэж 21 аймгийн ангийн нийгэмлэг түүний 25000 гаруй гишүүнээр дэвсгэр нутгийн агнуурын баялгын тоо толгойг зохицуулах ажлыг зохион байгуулж агнуурын түүүхий эдийг бэлтгэх, улсын төлөвлөгөөг төрөл зүйл дээр бэлтгэж экспортонд гаргадаг байлаа. Санахаас жил бүр буга дотоод, гадаадад нийлээд 800 орчим толгой гулууз мах, тарваганы арьс нэг сая, цагаан зээр 10000 орчим, үслэг ан, шувуу хэдэн зуун мянгаар агнаж улсадаа тушаадаг хүмүүсийн агнуурын ажлыг үнэлж “БНМАУ-ын тэргүүний анчин” гэдэг цол тэмдэг хүртээдэг байсан юм.

-Ангийн хулгайчдаас гадна чоно хохирол үзүүлдэг гэж их агнадаг байсан. Одоо ямар байна вэ?

-Чоно олон ч хүнээс илүү хохирол үзүүлнэ гэж юу байхав. Хүн харин чононд хохирол үзүүлсэн шүү дээ. Нэг үе  чоно олонтой болох нь анчдын унтраах тавилантай түймэр болж байсан юм. Чоно үнэд орсноос болж монголын тал хээрийн чоно анчдын сумны түймэрт өртөж байгальд амьд явах гэнжин холбоо бараг тасарсан.

Чоныг байгалийг “цэвэршүүлэгч”, “дайсан дээрэмчин” гэдэг хоёр ухагдахуунаар авч үздэг. Чоно бүх араатны адил амьтдыг барьж онгон байгальд амьдрагчдыг хэрэгцээт хэлбэр тэнцвэрт нь байлгахад гол оролцогч нь гарцаагүй мөн. Гэхдээ мууг нь барчихъя гэж сэтгэх чадваргүй хөөж гүйцэж, унгаж чадах болгоныгоо барина. Энд нэг зүйл санаанд орж байна. Тавгүйжүүлсний хүчин зүйл үйлчилж эхэлсэн газраас хамгийн түрүүнд сэргэлэн, чадварлаг, хашир ухаан суусан, нас ахимаг амьтан үр төлтэйгээ холддог.

Хустай нуруунаас амьтан барьж нүүлгэн сэргээн нутагшуулснаас чоно л хардаж тавгүйжиж зайлсан байж болно. Гэвч Хустай нурууны одоогийн амьтны илүүдлийг чононд өгөх нь ухаалаг зүйл болохгүй байсан. Харин чоныг өөрийнхөө хоолоор хоололсноос сэргээн нутагшуулсан нь зөв ухаарал гэж боддог.   

-Цаашид анхаарч сонирхуулж хэлэх зүйл юу байна вэ?

-Байгаль ижий эзэнгүй банк, ёроолгүй худаг биш гэдгийг ойлгоосой.Тансаг хэрэглээний түймрээ хэтрүүлвэл өөрсдөө түймэртээ шатахаас болгоомжил, ухаар гээж хэлмээр байна. Цаашид гол анхаарууштай, зайлшгүй арга хэмжээ авах хэдэн зүйл бодогддог. 

Тухайлбал, тураг гогой гэж нүүдлийн загасчин шувуу тоймгүй олноор нүүдлэн ирж манай орны хэдэн нууруудын загасыг хэдэн зуун тонноор идээшилж залгичихаад буцаж байгаа нь нууруудын экосистемд хортой нөлөө үзүүлж байна. Бид БОАЖЯ-ны “Ховор амьтан хамгаалах” газрын дарга О.Доржраагийн захиалгаар Хөвсгөл аймгийн Цагаан нуур, Улаан уул сумдын зарим нуур дээр судалгаа явуулж “Тураг гогойноос загас хамгаалах” арга зүй боловсруулж байсан. Тураг гогой загас барихдаа тун сонин аргатай юм билээ. Тэд олноороо бүл сүргээрээ гинжин хобоо үүсгээд загасны сүргийг нэг талаас нь бүсэлж нуурын зах эрэг рүү шахаж барьдаг юм билээ. Бид тоо толгойг цөөрүүлж зохицуулалт хийхэд агналтаас гадна, өндөглөх үед үүрнээс өндгийг түүх, өндөглөдөг газрыг олж олон шаар зүүж үргээх, үүрийг зайлуулах, дохионы дуу хэрэглэх, нуурын хэдэн талд гогойн олон зуугаар амрах газруудад харуул хамгаалалтын байр барьж завиар явж үргээх зэрэг үржих нөхцөл бүрдүүлдэггүй аргууд хэрэглэж болох юм гэж үзсэн. Тураг гогойн идэш тэжээлийн хэмжээг шинжлэхэд нэг гогой өдөрт дунджаар 16-23.4 см урт, дөрвөн ширхэг буюу 400-600 грамм загас идснийг тогтоож, судалгаанд хамрагдсан нийт 6000 орчим бодгаль тураг гогой өдөрт 2400-3600 кг, сард 72-108 тонн, байрших таван сарын хугацаанд тураг гогойн сүрэг бидний идэх хоолноос 540 тонн загас идээд буцдаг тооцоо гарч байсан. Энэ олон тонн загас барихдаа нуурын усыг маш их бохирдуулдаг. Гогойноос бүх гол нууруудын загас, экосистемийг хамгаалахад БОАЖЯ оролцох үүрэгтэй. Байгальд илт тодорхой гамшиг үзүүлэхээр өсөж үржсэн амьтны тоо толгойг судалгааны үндсэн дээр зохицуулалт хийхийг сануулахад яригдаад өнгөрсөн.

-Ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа. Алтан дэлхийн амьтан бүхэн амар тайван, жаргалтай амьдрах болтугай.

 


Амьтан судлаач, анчин Ч.БҮҮВЭЙ: Байгаль ижий эзэнгүй банк, ёроолгүй худаг биш гэдгийг ойлгоосой
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-26 15:41:44
    hhhhhhhhhhhhhhhhhhh: Бидний идэх хоолноос гэж юу яриад байгаа Амьтан судлаач вэ? Тэд чинь өөрийнхөө идэх хоолоо идэж байгаа юм. Мөн өндөг түүх, үүр зөөх гэх мэт ямарч шинжлэх ухаанч биш арга зүй санал болгосон байна шдээ. Өндөг түүсэн тохиолдолд давтан өндөглөдөг зүйл шүү дээ, үнэхээр тоо толгойг цөөлөх шаардлагатай бол өндгний өсөлтийг сааруулах буюу ургамлын тосоор болон бусад аргаар өндөгний өслтийг нь зогсоох арга хэмжээ авах ёстой юм. Ингэж өсөлт нь зогссон өндөгөө дарснаар дахин өндөглөддгүй. Бас гол ус бохирдуулна гэж байхгүй, харин ч усны азотын эргэлтийг сайжруулах замаар бусад амьд биетийг тэтгэдэг нэгэн
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-20 17:35:16
    Сүрэн: Байгаль орчны гавьяат гэдэг эрхэм алдар энгэрт нь гялалзаж залуу үедээ эх болсон байгаль амьтдаа хайрлан хамгаалж ,ашиглан нөөцийг нь өсгөж хүн байгалийн харилцан хамаарал зохилдолгын алтан дундажыг зааж сургаж яваа өвгөн буурал Амьтаг судлаач байна даа.Эрүүл энхийг хүсэе!
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188