• Өнөөдөр 2025-05-21

УХАА ХУДАГТАЙ ДҮЙХ ХӨШӨӨТИЙН УУРХАЙН ХЯТАД ЭЗЭН БА ТҮҮНД “ҮЙЛЧЛЭГЧИД”-I

2025-05-21,   903

       Стратегийн ордныхон ба саарал ордныхон “байлдаад”, бужигналаа, энэ хэдэн өдөр. Өнөөдөр МАН-ынхан хуралдана, магад тэнд “гал зогсоох” хэлцэл хийгдэх хүлээлттэй байна. 
 
      Тэгвэл улс төрийг “эргүүлэх” гээд байгаа Ухаа худагийн ордтой нөөцөөрөө дүйх Хөшөөтийн нүүрсний орд гэж бий. Хоржоонтой нь, Ховд аймагт байх Хөшөөтийн эл орд УИХ-аас баталсан стратегийн 16 орд дотор байтугай, стратегийн ордод нэмэх боломжтой 39 ордын жагсаалт дотор ч байдаггүй. Бүр хөгийн нь, стратегийн ордод нэмэх боломжтой энэхүү 39 ордын жагсаалтыг Увс аймагт 109 сая тонн нөөцтэй Нүүрст хотгорын орд тэргүүлж байхад хэд дахин их буюу 460 сая тонн нөөцтэй гэгддэг Хөшөөтийн орд ор мөр байдаггүй гээд бод доо. Өөрөөр хэлбэл, Хөшөөтийн ордыг  төр, түмэнтэй хуваалцахгүйн тулд стратегийн гэх жагсаалтын аль алинд бичүүлэхгүйгээр зориуд хаацайлж, хамгаалж ирсэн гэсэн үг. Тиймдээ ч өдгөө стратегийн ордуудын 34-51 хувийг төр авна, өгөхгүй гэх дажин ид өрнөж байхад Хөшөөтийн ордын эзэн эсрэгээрээ толгой амар, бүр тоох ч үгүй суугаа. 
 
      Тэгвэл Ховд аймагт орших Хөшөөтийн нүүрсний ордыг Сингапурт бүртгэлтэй “Mongolia Energy Corporation” буюу “МоЭнКо” ХХК эзэмшдэг. Харин “МоЭнКо” ХХК-ийг Lo Lin Shing Simon буюу Ло Лин Шин гэх Хятад эр эзэмшдэг. Хаа байсан Хонконгоос Ховдын Хөшөөтийн нүүрсийг хэнтэй ч хуваалцахгүйгээр “ховх” сорж суугаа түүнийг болон түүнд “үйлчилж” буй Монгол захирлуудыг нь анх удаа дэлгэрэнгүй танилцуулахаар бэлтгэлээ.
 
ХОНКОНГИЙН ТЭРБУМТНЫ “БАРУУН ГАР” ХӨШӨӨТИЙН ОРДОД ЭЗЭН СУУСАН НЬ БУЮУ Н.ЭНХБАЯРТАЙ ХОЛБОГДОХ НЬ
 
       Хөшөөтийн ордыг эзэмшигч “МоЭнКо” ХХК-ийн эзэн Ло Лин Шин нь анх Хонконгийн тэрбумтан, “New World Development”-ийн Ерөнхийлөгч Чен Ю Тунгийн “баруун гар” гэж бизнесийн хүрээлэлд танигдаж, хожим өөрийн бизнесийг эхлүүлсэн. Түүний анхны эзэн Чен Ю Тунг нь 16.6 тэрбум ам.долларын хөрөнгөөрөө дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтын 58-д, Хонконгийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтын 3-т бичигдэж байгаад 91 насандаа өөд болсон. Өөрөөр бол, “МоЭнКо” ХХК-ийн эзэн Ло Лин Шин гэгч нь Хонконгийн байтугай, дэлхийд дээгүүрт бичигддэг тэрбумтны “баруун гар” байсан гэсэн үг. 
      “МоЭнКо” ХХК-ийн эзэн Ло Лин Шин 2007 оны хоёрдугаард Ховд аймгийн Хөшөөтийн нүүрсний ордыг өөрийн болгосон. Тухайн үед Ло Лин Шинд Хөшөөтийн ордыг зуучилж худалдсан хүн нь Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр гэж Ховдынхон өдгөө ч ярицгаадаг. Ингэхдээ Н.Энхбаяр Ховдын уугуул, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан У.Барсболд агснаар Хөшөөтийг Ло Лин Шинл худалдах ажлыг хийлгэсэн гэцгээдэг. Хамгийн ноцтой нь, Ло Лин Шингийг Хөшөөтийн ордыг авснаас жилийн дараа буюу 2008 оны дөрөвдүгээр сард Ерөнхийлөгч Н.Энхбаяр Хонконгод айлчилсан. Айлчлалынх нь үеэр “МоЭнКо” ХХК-ийн эзэн Ло Лин Шин Ерөнхийлөгч Н.Энхбаярыг Хонконгийн дээд зэрэглэлийн “Grand Hyatt” зочид буудалд тусгайлан хүлээн авч уулзаж байжээ. 
Ямартай ч, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр Хөшөөтийн нүүрсний ордын эзэмшигч “МоЭнКо” ХХК-ийн эзэн Ло Лин Шингийг гэгчийг таньдаг, тансаг зочид буудалд уулзаж байсан нь дээрх баримтаар тодорхой харагдаж байна. Тэгэхээр 460 сая тонн нөөцтэй гэгддэг Хөшөөтийн ордыг төр, түмэнтэй хуваалцахгүйн тулд стратегийн ордын жагсаалтад бичүүлэхгүй “хамгаалж” ирсэн эхний хүн нь Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр байж болзошгүй сэжүүр гарч ирж байгаа юм. 
 
       Өдгөө “МоЭнКо” ХХК-ийн эзэн Ло Лин Шин нь Хөшөөтийн ордоос жилд дунджаар 2.2 сая тонн нүүрс Хятад руу худалддаг. Энэ онд нүүрсний ханш дунджаар 105 ам.доллар байгаа. 2.2 сая тонн нүүрсийг 105 ам.доллараар тооцвол 231 сая ам.доллар буюу 820 гаруй тэрбум төгрөг болго. Үүнээс 120 орчим тэрбум төгрөг нь улсын төсөвт ордог гэж тооцвол “МоЭнКо” ХХК-ийн эзэн Ло Лин Шинд 700 тэрбум төгрөг үлддэг гэсэн үг. 
 
УИХ-ЫН ГИШҮҮН Б.ПҮРЭВДОРЖ ХӨШӨӨТИЙН ХЯТАД ЭЗНИЙ “ХАМГААЛАГЧ” БОЛОВ УУ
 
      Хонконгийн тэрбумтан, Хөшөөтийн ордыг эзэмшигч “МоЭнКо” ХХК-ийн эзэн Ло Лин Шин гэгчийг Ховдын гаралтай УИХ-ын гишүүд хамгаалж харамж авдаг, хамтарч ажилладаг, хамаарал бүхий этгээдүүдээрээ дамжуулан түүнд “үйлчилдэг”. Ло Лин Шин гэгч нь өөрөө Хонконгод амьдарч, тэндээсээ Хөшөөтийн уурхайгаа хянадаг. Ингэхдээ УИХ-ын гишүүдийн хамаарал бүхий этгээдүүд болон өмнө нь төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүсийг Үйл ажиллагаа хариуцсан захирал, Санхүү хариуцсан захирал, Төр, олон нийт хариуцсан захирал гэх албан тушаалуудад өндөр цалин хангамжтайгаар томилж, тэднээрээ Хөшөөтийг удирдуулдаг арга барилтай. Тэднийх нь дунд Элчин сайд, прокурор хүртэл бий. Өөрөөр бол, Ло Лин Шин нь ийм аргаар УИХ-ын гишүүдтэй, төрийн өндөр албан тушаалттай ойртож, тэднээр өөрийгөө “хамгаалуулдаг” гэсэн үг. 
 
Тэгвэл энэ удаад “МоЭнКо” ХХК-ийн Төр, олон нийт хариуцсан захирал Х.Отгонбаяр гэх эмэгтэйг танилцуулъя. Х.Отгонбаярын “МоЭнКо” ХХК дахь үүрэг, эрх мэдэл, зэрэг зиндаа нь “Төр хариуцсан” гэдгээс тодорхой харагдаж буй байх. 
 
      Ховдын уугуул, УИХ-ын гишүүүн Б.Пүрэвдоржийн найз, 2016 оноос хойш зөвлөхөөр нь ажиллаж байгаа Хашхүүгийн Дэлгэр гэж хүн бий. Х.Дэлгэр нь “Марико” ББСБ-ыг эзэмшдэг. “Марико” ББСБ-аараа гурван сонгууль дараалан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн сурталчилгааны санхүүлжилтийг босгосон. Мөн Х.Дэлгэр “Марико” ББСБ-аараа Б.Пүрэвдоржийн тойргоо услах ажлыг санхүүжүүлдэг. Жишээ нь, 2020 оны сонгуулийн өмнө Б.Пүрэвдорж Ховдын сумдын сургуулиудын ширээ, сандлыг шинэчлэх санаачлага гаргаж, харин Х.Дэлгэр нь санхүүжүүлсэн баримт бий. Тэгээд болоогүй, Х.Дэлгэр нь УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн хадам ах Д.Бадамцогттой “Марико манхан” ХХК-ийг эзэмшдэг. Товчхондоо, Х.Дэлгэр гэгч нь УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн хувь, хувьсгалын бүх ажлыг нь хариуцаж өдий хүрсэн. 
Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн найз, зөвлөх, санхүүжүүлэгч Х.Дэлгэрийн бэр нь Х.Отгонбаяр гэж эмэгтэй бий. Х.Отгонбаяр нь Х.Дэлгэрийн Б.Пүрэвдоржийг санхүүжүүлдэг “Марико” ББСБ-д ажиллаж байгаад 2020 онд Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн улсын байцаагч болсон. Улмаар 2022 оны арванхоёрдугаар сард Мэргэжлийн хяналтын байгууллагууд татан буугдмагц Х.Отгонбаяр “МоЭнКо” ХХК-ийн Төр, олон нийт хариуцсан захирлаар томилогдож, одоог хүртэл ажиллаж буй. 
  Архив шүүвэл, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж 2022 оны арванхоёрдугаар сард УИХ-ын чуулганы индрээс “Хөшөөтийн уурхайд Засгийн газраас Бүрэн эрхт төлөөлөгч томилж өгөөч. Жилдээ 2.2 сая тонн нүүрс гаргадаг мөртөө аймгийн төсөвт хэдхэн төгрөг л өгдөг. Дээрээс нь тайлангаа худлаа гаргаж, татвараас зугтаж, их хэмжээний ашиг олдог. Энэ асуудлыг шийдмээр байна” гэж мэдэгдэж байсан. Харин түүнээс хойш Б.Пүрэвдорж Хөшөөтийн уурхай болон “МоЭнКо” ХХК-ийн талаар нэг ч үг унагаагүй. Цаг хугацааны хувьд, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “МоЭнКо” ХХК-д Засгийн газраас БЭТ томилуулах асуудал ярьж, тун удалгүй зөвлөх Х.Дэлгэрийнх нь бэр Х.Отгонбаяр “МоЭнКо” ХХК-ийн Төр, олон нийт хариуцсан захирлаар томилогдож, тэр цагаас хойш Б.Пүрэвдорж “МоЭнКо” ХХК-ийн талаар ам нээгээгүй байгаа юм. Товчхондоо, Б.Пүрэвдорж Х.Отгонбаяраар дамжуулан Хөшөөтийн Хятад эзний төр талын “хамгаалагч” нь болсноор дахиж ам нээхэ больсон байж болох сэжүүр гарч ирж байгаа юм. 
 
Бид дараагийн дугаартаа “МоЭнКо” ХХК-ийн эзэн Ло Лин Шинд “үйлчилдэг” бусад Монгол захирлууд, тэдэнтэй холбогдох УИХ-ын гишүүд, цаашлаад “МоЭнКо” ХХК-ийн олборлолт, тээвэрлэлтийг дархан эрхтэйгээр гүйцэтгэдэг том артай компаниуд, татварын хэрэг зэргийг нь илчлэх болно. 
 

УХАА ХУДАГТАЙ ДҮЙХ ХӨШӨӨТИЙН УУРХАЙН ХЯТАД ЭЗЭН БА ТҮҮНД “ҮЙЛЧЛЭГЧИД”-I
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 5
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-05-21 11:35:56
    Зочин: SADAR XCHINDUULI80955877UILCHLGE VANAGN MASSAJLI
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-05-21 11:34:52
    Зочин: SEXSEER VANXANDI80955877BOOB XXNO ANUSDI
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-05-21 10:50:16
    зочин: Хаалтын гэрээ нь дуусангуут дараагынхаа мөнгийг авахын тулд сайхан нүдэж өгч байна аа!!! Хүрлээ Энхмарт гэж авгай нөхөр 2 шантаажаар мөнгийг бол уудаг гарууд байна лээ ш дээ!!! Өөрсдийг нь бас шалгах хэрэгтэй!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-05-21 10:14:07
    зочин: Монголчуупын нийтлэг төрх эхлээд шударгын дүрд тоглож шантаж хийнэ тэгээд авилгаа вана амаа үдүлнэ Пүрэвдорж гэдэг хулгайч дандаа авилгын суудлууд дамжиж төрд гарсан новш
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-05-21 10:13:17
    зочин: Монголчуупын нийтлэг төрх эхлээд шударгын дүрд тоглож шантаж хийнэ тэгээд авилгаа вана амаа үдүлнэ Пүрэвдорж гэдэг хулгайч дандаа авилгын суудлууд дамжиж төрп гарсан новш
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188