1931 оны Ардын хувьсгалын 10 жилийн ойгоор улсын наадамд анх удаан барилдаж, 10 даван түрүүлээд улсын арслан цол хүртэж байсан хурандаа Мангалын Бэх-Очирын ач М.Энхтөртэй ярилцлаа. Тэрээр улсын арслан цол хүртсэнийнхээ дараа буюу 1937 онд улс төрийн хэргээр баривчлагдаж, хуулийн дээд хэмжээгээр шийтгүүлж, 1963 онд улсын Дээд шүүхээр цагаадсан түүхтэй.
-Таны өвөөг Ардын хувьсгалын 10 жилийн ойн улсын наадамд анх удаа барилдаж түрүүлээд арслан болсон, дараа жил нь долоо давж шөвгөрсөн гэдгийг бөх сонирхогчид мэддэг. Зарим нь М.Бэх-Очирт аварга цолыг нь нөхөн олгомоор байна. Улс төрийн хэргээр хэлмэгдээд аварга цол авч чадаагүй гэж ярьдаг юм билээ. Та өвөөгийнхөө талаар ярьж өгөөч. Өвөө нь бөхийн удамтай юу?
-Өвөө минь Ардын хувьсгалын 10 жилийн ойн баяр наадамд 32 настайдаа анх удаа барилдаж, түрүүлээд арслан цол хүртэж байсан сайхан түүхтэй. Дараа жилүүдэд нь барилдах гэсэн боловч цэргийн дарга хүн наадмын дэвжээн дээр бөхчүүдтэй зэрэгцэж гарах ёсгүй гэдэг ойлголт тухайн үед байсан юм билээ. 32 настайдаа улсын наадамд барилдаж түрүүлнэ гэдэг бол хэн бүхний санаанд багтах тийм ч амар зүйл биш шүү дээ. Тийм болохоор би өвөөгөө ясны сайн бөх байжээ гэж боддог. Өвөөгийн талд бөх хүн байгаагүй юм билээ. Бид өвөөгийн аварга цолыг нөхөн олгох талаар хөөцөлдөж байгаагүй. Өвөөгийнхөө нэр, төрийг нь цагаатгуулж чадсан ч хэлмэгдсэнд нь үргэлж харамсаж явдаг. Хэлмэгдүүлэлт гэдэг ганц хүнийг нугачин дарах зүйл биш үе удмаар нь хорлодог аюултай юм билээ.
-Өвөө нь аль нутгийн хүн бэ. Зарим нь Сэлэнгийнх зарим нь Булганых гэх юм билээ?
-Өвөө минь 1899 онд Булган аймгийн Бугат сумын Хужиртын гол хэмээх газар ядуу малчин Мангалын бага хүү болон мэндэлсэн байдаг. Өвөөг таван настай байхад нь монгол, хятад, манж хэл бичиг мэддэг төрийн түшмэл Галдаа цолтой баян чинээлэг Дарамжав гэх хүн гал голомтоо залгуулахаар үрчилж авсан гэдэг. Тэднийх дөрвөн охинтой боловч хүүгүй байсан хэрэг. Тэгээд өвөөд багаас нь монгол бичиг, тоо зааж сургасан гэж ярьдаг. Өвөө 22 нас хүртлээ мал маллаж, өртөө улааны тахар хийж байгаад 1921 онд Дайчин вангийн хүрээнд Х.Чойбалсангийн баруун замын партизан цэрэгт сайн дураараа элсэн орж, байлдаж яваад улмаар Ардын хувьсгалын партизан болсон гэдэг. Тэр үеэс л өвөө цэргийн албанд тасралтгүй амь, биеэ үл хайрлан зүтгэсэн байдаг даа.
-Өвөө нь юунаас болж хэлмэгдсэн юм бэ. Тодорхой зүйл байдаг уу?
-Нам, улсын ажилд идэвхтэй оролцдог хүн байсан юм билээ. 1930-аад оны заагт баруун зүүний нугалаа, алдаа завхралыг засах Намын төв хорооны төлөөлөгчөөр Завхан, Хэнтий аймагт ажилласан. 1930-аад онд түшмэл байсан баян хүний хүү гэж шүүмжлэгдэж, цэргээс халагдаж ирээд Дарамжав овгоо өөрчлөн өөрийн төрсөн эцэг Мангалаар овоглох болсон гэдэг. Германы комунист намын дарга Эрнест Тельманыг фашистууд барьж хориход М.Бэх-Очир гарын үсэг зурсан хэмээн үзсэн байдаг. Энэ бүхнээс болоод өвөөг 1937 оны есдүгээр сарын 10-нд прокурорын зөвшөөрөл, баримчлах тогтоолгүйгээр баривчилсан байдаг. Өвөөгөөс гадна Гэндэн, Дэмид нарын хувьсгалын эсэргүү байгууллагын 1932 оны гишүүн, төвийн нэг удирдагч, нам, засгийг устгаж түүний оронд хөрөнгөтний харгис засгийг байгуулахын тулд зэвсэгт бослого гаргах, Японд урван орох эсэргүү байгууллагын төлөвлөгөөг биелүүлэх бэлтгэл ажлыг хийж байсан, эх орноосоо урвасан, хувьсгалыг худалдагч ардын дайсан гэж шүүх цаазын бичгийн 43, 44, 45 дугаар зүйлээр яллан, өвөөг 1937 оны аравдугаар сарын 25-нд Дотоод явдлын яамны дэргэдэх Онцгой бүрэн эрхт комиссын нэгдүгээр хурлаар хуулийн дээд хэмжээгээр шийтгэсэн гэдэг.
-Өвөөг нь эх орноосоо урвасан гэж үзээд хуулийн дээд хэмжээгээр шийтгэсэн гэсэн үг үү?
-Харин тийм ээ. Өвөөг эх орноосоо урваж, эзэрхэг түрэмгий улсын тагнуул болж байсан гэж 1938 оны нэгдүгээр сарын 16-нд намын бүртгэлээс хассан байдаг.
-Өвөөг нь прокурорын зөвшөөрөлгүй, баривчлах тогтоолгүйгээр баривчилсан юм байна. Тухайн үед чухам юу болсон талаар та сонсож байсан уу?
-Өвөөг ажлаасаа ирээд хоолоо идэж байхад нь “Маршал Чойлбалсангийн конторт хуралтай” гэж дуудсан гэдэг. Өвөө тэдэнд баривчлагдаад явахдаа “Би маргааш унах гэж цэргийн бэлтгэлээс нэг морь авчруулсан. Түүнийг унаж чадахгүй бололтой хүмүүст ирж ав гэж хэлээрэй. Энэ тагштай архиа хурлаас ирээд ууна” гээд орхиод гарсан гэдэг. Тэгж гарснаасаа хойш өвөө гэрийнхнээсээ үүрд хагацсан юм. Хоёр, гурав хоногийн дараа Дотоод явдлын яамны гурван хүн шөнө ирж нэгжлэг хийж, өвөөгийн алтан сэлэм, хоёр буу, бичиг баримт, зургийг нь аваад явсан гэдэг. Тэр үед аав минь 13 настайдаа өнчирч, эсэргүүгийн хүүхэд хэмээн сургуулиасаа хөөгдөж, дараа нь ажиллах газар ч олддоггүй хэцүү байсан тухайгаа ярьдаг байсан. Өвөө аавд “Аав нь эсэн мэнд байвал хүүгээ ирэх жил гадаадад сургуульд явуулна аа” гэдэг байсан юм билээ. Өвөөг баривчлагдаад явахад нь аав “Аав минь үнэхээр эсэргүү юм байхдаа. Эсэргүү биш эсэн мэнд байсан бол намайг сургуульд явуулах байсан даа” гэж харуусаж байсан гэдэг.
-Хэлмэгдлийг цагаатган үнэнийг сэргээх үед нь аав нь мөрдөн байцаалтынх нь материалыг үзсэн болов уу. М.Бэх-Очир хэдэн онд цагаадсан бэ?
-Өвөө хэлмэгдэж явахдаа хүүтэй гэдгээ хэлээгүй юм билээ. Өвөөг 1937 онд төрийн хэрэгт шийтгүүлснийг Дээд шүүхийн бүгд хурал хянан үзээд 1963 оны арванхоёрдугаар сарын 30-ны 084 дүгээр тогтоолоор цагаатгасан байдаг. Мөн МАХН-ын төв хорооны дэргэдэх Намын хянан шалгах хорооны 1990 оны гуравдугаар сарын 30-ны 40 дүгээр тогтоолоор өвөөг МАХН-ын гишүүнээр нэхэн сэргээн тогтоосон. Тэр болгоны хойноос аав минь хөөцөлдөж явсан. Архивын Ерөнхий газраас мэдээлэлүүдийг нь олж үзсэн.
/М.Бэх-Очирыг цагаатгасан нь/
/М.Бэх-Очирын гар бичмэл/
-Аав нь эцэг, эхээс хэдүүлээ вэ?
-Манай аав айлын ганц хүү байсан. Өвөө хэлмэгдэж явахдаа хүүтэй гэдгээ хэлээгүй тулдаа аав минь эсэн мэнд явсан юм билээ.
-Өвөө нь хэлмэгдэхээсээ өмнө цэргийн албанд ямар алба хашдаг байсан юм бэ?
-Өвөө 1923-1925 онд Намын төв сургууль, цэргийн ерөнхий сургуульд суралцан төгсөж, 1925-1927 онд Ховд аймгийн хоёрдугаар сумангийн суртлын сургагч, 1927-1928 онд Дотоодыг хамгаалах газрын тусгай сумангийн комиссараар ажиллаж байгаад 1928 онд ЗХУ-ын Тверийн морин цэргийн дунд сургуульд суралцсан гэдэг. 1929 оноос нэгдүгээр дивизийн комиссараар таван сар ажиллаад 1930 оноос цэргийн ерөнхий сургуулийн туслах комиссар, 1931 онд цэргийн улс төрийн газар байгуулагдахад хэлтсийн дарга, 1932-1934 онд Улс төрийн газрын орлогч дарга, цэргийн намын төв комиссын дарга, 1934-1935 онд Дорнодын хоёрдугаар корпусын комиссар, Цэргийн ерөнхий сургуулийн захирал, 1935-1937 онд Бүх цэргийн бэлтгэлийн газрын даргаар тус тус ажиллаж байжээ. Өвөө 1932 онд Архангай, Хөвсгөл аймагт гарсан бослогыг дарах Чоймболын отрядын комиссараар ажиллаж байсан. 1932 онд байлдааны гавьяаны нэгдүгээр одон, 1936 онд Алтан гадас, 1936 онд корпусын мэдэгч буюу хурандаа цолоор шагнагдаж байсан.
М.БЭХ-ОЧИР АРСЛАНГИЙН АЧ М.ЭНХТӨР: ӨВӨӨ МИНЬ 32 НАСТАЙДАА УЛСЫН НААДАМД АНХ УДАА БАРИЛДАЖ, ТҮРҮҮЛСНИЙХЭЭ ДАРАА “ЭХ ОРНООСОО УРВАСАН” ХЭМЭЭН ХЭЛМЭГДЭЖ БАЙСАНД НЬ ХАРАМСДАГ |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |