• Өнөөдөр 2024-04-26

“OUTLAW” ХАМТЛАГИЙН АХЛАГЧ Э.АРИУН-ЭРДЭНЭ: Бид хайрын дууны магнатууд

2023-02-06,   1694

            Хип хоп урсгал монголд эд эрчээ авч байх үед хайрын тухай дуунуудыг олны хүртээл болгож, гаргарсан дуу бүхэн нь хит болж байсан хамтлагийн нэг бол яах аргагүй Outlaw хамтлагийнхан. "Зүрхгүй", "Зүрхэндээ", "Нандин", "Шаргал гуниг",  "Нулимсандаа би хайртай" зэрэг уран бүтээлүүд нь олны  аялах дуртай дууны нэг болж,  тухайн үедээ залуусыг байдлан дагуулж байлаа. Тэгвэл тус хамтлагийнхан "Гэгээн хайрын баярын өдөр"-т зориулан тун удахгүй тоглолтоо хийхээр болжээ.

            Бид “Outlaw” хамтлагийн ахлагч Э.Ариун-Эрдэнэтэй ярилцлаа.

 -Хайрын тухай дуугаараа залуусын дунд эчнээ танил болж, дуу бүр нь хит болж байсан. “Outlaw” хамтлагийнхан уран бүтээлдээ эргэн орсон тухай мэдээлэх боллоо. Олон жилийн дараа урлагтаа буцаж ирсэн талаар яриагаа эхлүүлэх үү?

        -“OUTLAW” хамтлаг эргэн ирэлтээ энэ тоглолтоор мэдэгдэж байна гэж ойлгож болно. Манайх хайрын дууны магнат хамтлаг учраас хайрын баяраар тоглохгүй байж болохгүй. “OUTLAW” хамтлаг 2016 онд тоглолт хийсээс хойш шинэ уран бүтээл гаргаагүй. Хамтлагийн гишүүд маань хувийн амьдралаа цэгцэлж, боловсролдоо анхаарч түр амсхийлээ. Энэ хугацаанд бид тарж, бутраагүй, хэзээ сэтгэлийн дуудлага, цаг хугацааны тохироо бүрдэх тэр үеийг хүлээж байлаа. Ирэх жил манай хамтлагийн 20 жилийн ой тохиох гэж байна. Үүндээ зориулан шинэ уран бүтээл гаргаж, тоглолт хийх төлөвлөгөө бий. Шинэ уран бүтээл гаргана гэхээр яг л анх эхэлж байсан үе шигээ догдолж, баяртай байгаа. Урлагийн салбарт нэг орсон хүн амархан гарч чаддаггүй. Бид хэдий зургаан жил шинэ уран бүтээл гаргаагүй ч, одоог хүртэл манай хамтлагийн дууг сонсогчид сонсож, даган дуулж, 2000 оны уран бүтээлүүд минь амьтай байгааг мэдэрсэн. Энэ нь бидэнд маш их урам өгч, хайр мэдрүүлсэн.

-Хамтлагаа анх байгуулж байсан үеийн дурсамжаасаа хуваалцаач?

            -2000 оны эхэн үед хип хоп урлаг монголд дэлгэрч, ах нар маань дуу гаргаж эхэлж байлаа. Тэр үеийн залуусын ихэнх нь өргөн өмд өмсөөд, хип хоп хөгжим сонсдог байв. Бидний цөөн найзууд дуу хийх хэмжээнд хип хоп хөгжимд "донтсон". Би анх “OUTLAW” гэдэг хамтлаг байгуулах санааг гаргаж байсан. Улсын хэмжээнд танигдсан, нэр хүндтэй томоохон хамтлаг болох, дэврүүн их хүсэл мөрөөдөлтэй эхэлж байлаа. Тэр хүсэлдээ ч хүрч чадсан.

-“OUTLAW” хамтлагийн ихэнх дуу хайрын дуу байдаг. Дууны үгийг хэн голчлон бичдэг вэ. Хэн нэгэнд зориулж зохиосон дуу бий юү?

            -Хамтлагийн гишүүд бүгд үгээ бичдэг, миний хувьд нийт уран бүтээлийн 60 орчим хувийн дууны үгийг бичсэн. Дууны үг үнэн бодит, сэтгэлээс гарвал сонсогчдод илүүтэй хүрдэг байх. Өсвөр насны хүүхэд байхдаа харж, догдолж байсан охиныхоо тухай бичсэн мөртүүд бий.

-“OUTLAW” хамтлагийн 20 жилийн түүхийн нэг өгүүлбэрээр илэрхийлбэл?

        -Хүний амьдралд зовлон, жаргал, уналт, босолт бий. “OUTLAW” хамтлаг 20 жилийн турш үргэлж мандаагүй, бидэнд унаад босох, дахиад унах үе ч байсан. Одоо бол манай хамтлаг бүхий л зүйлийг туулаад, гүйцэт боловсорсон гэж бодож байна.

 -Танай хамтлагийн дуунаас хамгийн их хүнд хүрч, одоог хүртэл дуулдаг дуу яах аргагүй “Зүрхгүй” дуу биз ээ. Энэ дуу олон хүний өнгөрсөнд үлдсэн хайрын түүхийг сөхдөг байх. Дуу бүтсэн түүхийн талаар манай уншигчдад хуваалцаач?

       -“OUTLAW” хамтлагийн онцлог нь дууныхаа нэрийг дахин давтагдашгүй өгдөг. “Зүрхгүй” гэх нэр давхар утгатай. Анхны цомогтоо зориулж, уг дууг бүтээж байлаа. Хүн олон удаа дурлаж, шархалсны эцэст хэн нэгэнд дурлах итгэл алдарч, дахиад хайрламааргүй санагддаг. Би одоо догдлох "зүрхгүй", шаналж байна гэх утга санааг бодож дууныхаа үгийг бичиж байсан.

-Уран бүтээлч бүрийн шүлэг бичих орчин өөр байдаг болов уу. Та ямар үед ихэвчлэн дууныхаа үгийг зохиодог байв?

           -Ганцаардсан, гунигтай үед хүний сэтгэлээс хайрын мөртүүд гардаг байх. Аз жаргалтай үед шүлэг бичих сэдэл төрөхгүй. Шөнө нойр хүрэхгүй байх үедээ ихэнх дууны үгээ бичсэн.

-“Дэлхий хүртэл таниар минь бахархдаг” гэх дуу надад их таалагддаг юм. Энэ дууны талаар яриач, ээждээ зориулж зохиосон уу?

          -Ээждээ зориулж зохиосон. "Та минь сайн хүү төрүүлсэн учраас дэлхий хүртэл таниар минь бахархаж байгаа ээж ээ" гэх утгатай. 2009 онд манай хамтлаг Улаанбаатар хотод 20 мянган үзэгчтэй, нүсэр том тоглолт хийж байлаа. Тухайн үед өөрийгөө их л мундаг болсон гэж бодож байсан юм шиг байгаа юм. Тоглолтоо дуусгаад, Эрдэнэтэд гэртээ очоод ээждээ “Чи хэн болчихсон юм” гээд л их загнуулсан. Тэгээд гэрээсээ нүдэндээ нулимстай гараад, Эрдэнэтийн ТИС-ийн хашаанд машиндаа сууж байхдаа ээждээ хэлж, чадаагүй үг, дотор сэтгэлээ уудалж бичсэн.

-"Outlaw" хамтлаг анх Эрдэнэт хотод уран бүтээлээ туурвиж эхэлсэн гэдэг байх аа ?

      -Манай хамтлаг 2007 оноос Улаанбаатарын сонсогчдодоо уран бүтээлээ хүргэе гээд Эрдэнэтээс ирж байлаа. “Ядуу хүн дурлах эрхгүй”, “Аз жаргалын төгсгөл”, “Надаас бүү холдооч” гэх гурван дууг дараалж цацсан. Гурвуулаа хит болоод, тухайн үеийн зурагт, фм-ээр тасралтгүй явдаг. Суваг солих бүрд манай клип гарч байдаг болов. Тэгээд тоглолтоо хийе гэж ярилцсан. Тавдугаар сарын 31-нд тоглолтоо хийх болж, олон хүн цугласан ч тоглолтоо хийж чадаагүй. "Гахайн ханиад" гарсан гээд хориг тавьж, хойшлохоос өөр аргагүй байдалд орж байлаа. Тэр олон биднийг үзэх гээд ирсэн байхад болих үнэхээр хэцүү байсан. Дараа нь сонсогчид маань "тоглолт хийлгэ" гээд их бужигнуулсан тухай мэдээгээр гарсан. 11 хоногийн дараа тоглолтоо хийхэд, яг өмнөх шигээ багтахгүй их үзэгч ирсэн. Тухайн үеийн хит болж байсан хамтлагууд манай тоглолтод оролцсон. Үнэхээр сайхан тоглолт болсон ч үлдэх зураг, бичлэг тун бага авч үлдсэндээ харамсдаг.

-Хамтлагийн нэр хүнд өдөр ирэх тусам нэмэгдэж байх үед ямар мэдрэмж төрдөг байв. Өөртөө хэт бардах үе байсан уу?

            - Гудамжинд зөрөх хүмүүс “OUTLAW”-ийнхан явж байна” гээд шивнэлдээд өнгөрдөг. Орцны гадаа залуучууд манай дууг дуулж байхыг харах үнэхээр сайхан байдаг байлаа. Хүн бүрд тодорхой хэмжээний "од" болсон мэт төрдөг байх. Би аль болох хүнээрээ байхыг хичээдэг ч бага зэрэг тийм мэдрэмж байсан.

-“OUTLAW” хамтлагийн түүхийн нэг хэсэг болох Б.Бямбасүрэн агсны тухай дурсахгүй өнгөрч болохгүй байх. Найзынхаа тухай яриа дэлгээч?

            -Найз минь “OUTLAW” хамтлагт маш их үүрэг гүйцэтгэсэн. Анх хамтлагаа хамтдаа байгуулж, багаасаа л найзалж, нөхөрлөж өдийг хүрсэн. Бямбаа бид нараас таван насаар ах, хамгийн түрүүнд гэр бүл зохиож, Эрдэнэтдээ амьдарч эхэлсэн. Том хэмжээний тоглолтод хамтдаа тайзан дээр гардаг байлаа.  2019 оны намар гэнэт бие нь өвдөж эхэлсэн. Арай ч хүндрэхгүй байх гэж бодож байсан ч бүх зүйл маш хурдтай болж өнгөрсөн. Найз минь хөгжилтэй, тусч, сайн зөвлөгч, бүхий л үед хамт байсан жинхэнэ найз шиг найз байсан. Бид найздаа зориулж хандивын тоглолт зохиох төлөвлөгөөтэй байсан ч амжаагүй. Өмнө жил Эрдэнэт хотдоо найзыгаа дурсаж, хүндэтгэл үзүүлж тоглолт зохион байгуулсан. Найзыгаа дурсахаар өөрийн эрхгүй нулимс нүд бүрхээд, хоолой зангираад байдаг. Бид найздаа зориулж, дуун хөшөө босгохоор бэлтгэл ажилдаа ороод явж байгаа.

-"Outlaw" хамтлагийн  Ариука гэх нэрээр сонсогчдын танил болсон. Э.Ариун-Эрдэнэ одоо юу хийж байна вэ?

              -Би томоотой, аав, ээжийнхээ үгнээс гардаггүй хүүхэд байсан. Айлын ганц хүүхэд болохоор бага зэрэг эрх байсан байх. УБИС-ийг Бизнесийн удирдлагын чиглэлээр 2007 онд төгссөн. 2015 онд ээж маань бурхан болсноос хойш аавдаа хань болохоор төрөлх Эрдэнэт хотдоо ажиллаж, амьдарч байна. Аавынхаа мэргэжлийг өвлөж, удам дагасан уурхайчин болсон. Эрдэнэт үйлдвэртээ анх засварчнаар ажилд орж байлаа.Одоо орон нутгийн хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байна. Ер нь уран бүтээлээ завсарласан жилүүддээ мэргэжлээрээ ажиллаж, гэр бүл зохиож, хоёр сайхан хүүхэдтэй боллоо.

-20 жилийн ойн тоглолтоо гурван гишүүнтэйгээр хийх үү. Энэ хүртэл үнэнчээр дэмжиж ирсэн сонсогч нартаа хандаж үг хэлээч?

            -Бид хамтдаа монголын урлагт өөрсдийн  түүхийг бүтээж, “Outlaw” хэмээх дуун "хөшөөг" сүндэрлүүлж яваа. Манай хоёр гишүүн Франц болон Солонгос Улсад амьдарч байгаа. Одоохондоо монголд байгаа гишүүд тоглолтод оролцоод явж байна. Шинэ уран бүтээлүүдээ таван гишүүнтэй бүтээж, тоглолтоо хийнэ. Мөн “Outlaw” хамтлагийн эхлэл тавигдсан, Эрдэнэт хотдоо хүндэтгэлийн тоглолтоо тоглоно.

       Сонсогчид маань одоог хүртэл тэр хайрын дууг чинь эхнэртэйгээ танилцаж байхдаа сонсож байлаа. Энэ дууг сонсохоор  анхны хайраа санадаг гэх зурвасуудыг илгээдэг. Хааяа дурсамжаа эргэж, анхны хайраа дурсах сайхан байдаг. Үүнийг нь манай  хамтлагийн дуу хөглөнө гэдэг гайхалтай юм. Өнгөрсөн рүү буцах боломжгүй учир хүн дуун галт тэргээр оюун санаандаа цаг хугацааг өртөөлдөг.

Эцэст нь “Outlaw” хамтлагийг үргэлж хайрлаж ирсэн сонсогч нартаа баярлалаа, хайртай шүү гэж хэлмээр байна.

 

 

 

 


“OUTLAW” ХАМТЛАГИЙН АХЛАГЧ Э.АРИУН-ЭРДЭНЭ: Бид хайрын дууны магнатууд
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-02-06 08:23:11
    Тлл: Луйварчаан хүний мөнгө өгчөөд том том хуц.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188