• Өнөөдөр 2024-10-15

МОНГОЛ КИНОНЫ ДАХИН ДАВТАГДАШГҮЙ, ДАРХЛАГДСАН ХӨХ ӨВГӨД-I

2021-08-11,   1453

      Хэд дахин үзсэн ч уйдахааргүй кино, хэзээ ч сэтгэлээс гарахааргүй дүр гэж бий. Монголын кино урлагийн ертөнцөд дархлагдсан, дахин давтагдашгүй тэр л дүрүүд үзэгчдийн сэтгэл зүрхэнд хамгийн тод үлдэж, гэгээн орон зай эзэлдэг. Тэр дундаа дээх нь үеийн дотортой жүжигчдийн бүтээсэн ултай дүр хэн бүхний сэтгэлд ойр оршдог. Цэнхэр дэлгэцээр гарах бүрдээ үзэгчдэд аав эсвэл өвөө шиг нь дотно санагдах дүрүүд олон бий. Хөдөөгийн буйдад эгэл жирийн амьдралаар амьдардаг мөртлөө, эрдэмтэн мэргэдээс дутахааргүй мэдлэг боловсролтой гэдгээ өөрийнхөө хийж буй үйлдэл, хэлж буй үгээрээ тод томруунаар харуулж чадах тийм л дотно дүрийг Монголын өмнөө барьдаг нэрт жүжигчид амилуулан, бүтээсэн байдаг.

    Тухайлбал “Тод магнай” кинонын уяач өвгөн Төгс-Очир, “Ирж яваа цаг” кионы Багаяа, “Хөдөөгийн баясгалан” киноны Ширнэнгээс эхлээд маш олон жүжигчид бий. Тэд ард түмний сэтгэл зүрхэнд үлдэж чадсан мөртлөө эгэл даруухнаар амьдарч, энэ хорвоогоос бударч буй том ширхэгтэй цас шиг л намууханаар чимээгүй одоцгоосон байдаг. Энэ цагийн  жүжигчид хэзээ ч бүтээж, үзэгч, ард түмний сэтгэл зүрхэнд хоногшуулж, “хадаж” чадахгүй, дахин давтагдашгүй тийм л сайхан өвгөд. Иймээс Эргэлт.мн мэдээллийн сайт Монгол киноны тийм л гэгээн хөх өвгөдийн дүрийг уншигч та бүхэнд тоймлон, цувралаар хүргэж байна.

НААДАМ ДӨХӨХӨӨР НҮДЭНД ХАРАГДДАГ “ТОД МАГНАЙ” КИНОНЫ ТӨГС-ОЧИР ГУАЙН ДҮР

     Тод магнай уран сайхны киног үзэгч та бүхэн санаж байгаа байх. Жил бүрийн наадмаар улиг болтлоо гардаг ч, гарах бүрд нь бид  анх удаа үзэж буй мэт дэлгэцийн өмнө шимтэн сууж үздэг. Адуутай амьдралаа холбосон, хийморийн дээд хэмээн төрийнхөө сүлдэнд хүртэл бэлгэдэж ирсэн Монголчуудын хамгийн хайртай кино. Тус кинонд нутаг хошууныхаа наадмын хурдан морины түрүүг  манжийн хааны түшмэлд алдах дээрээ тулж байгаа тухай өгүүлнэ. Улиастайгаас буцахдаа нутгаар нь дайран өнгөрсөн Манж түшмэл “Би бээр тэс нутгаас нэг саарал хүлэг авсан юм. Ирэх жил танай нутагт ирж уралдана. Хурдан морины их насны түрүүг би авах болно” гэж хэлээд явдаг. Энэ нь зүгээр ч нэг хэлсэн үг биш харин ч Монголчуудыг өв соёлоор нь  дамжуулж дарж, үгүй  хийх гэсэн харийн бодлого байв. Иймээс харийн түрэмгий бодлогын эсрэг нутаг хошуугаараа нийлэн тэмцэлдэж эхэлдэг. Төгс-Очир хэмээх нас дээр гарсан өвгөн буурал уяач, олон жил магнайдаа тоосгүй тод магнай, торгон жолоо болж хурдалсан хөгшин хээр морь хоёр энэ киноны гол амин сүнс гэж хэлж болно.

Төгс-Очир өвгөн дуу цөөтэй боловч хааяа нэг “жинтэй” үг хэлнэ.

     Гандсан дээлтэй, бүсэндээ хусууртай насыг барсан Төгс-Очир гуайн дүрд жүжигчин Ж.Занабазар тоглосон байдаг. Үзэгч та бүхэн санаж байгаа бол Ардын элч киноны гол дүр буюу Дарьбазарт дүрээ мөнхөлсөн байдаг. Төгс-Очир өвгөн дуу цөөтэй боловч хааяа нэг “жинтэй” үг хэлнэ. Түүний энэ даруухан дүрийг алсын бодол, хэтийн ухаан нь бүр ч сайхан чимдэг. Тэрбээр алс нутгаас хурдан буян залхаар явж буй хүүдээ унаган морио өгөх үед нутгийн залуу “Үгүй ээ чи энэ муу хөгшин янхирцагаар яахнав дээ” хэмээн ёжлоход өвгөн хариуд нь “Хүний унаган морь ямар ч гэсэн эзнээ явгалдагүй юм даа” гэж амыг нь таглана. Нутгаасаа гараад хоёр сар болсон хүүгээ харьж ирэхийг хүлээн өдөр бүр дуран сунгах Төгс-Очир өвгөнөөс монгол эр хүн, сайн эцгийн сэтгэлийн зовнил харагдана. Киноны явцад түүнээс гадна хэд хэдэн монгол өвгөдийн дүр байх боловч Төгс-Очир уяач хүний морь таних болоод шинжих эрдэм, ажигч гярхай, тооцоолон бодох чадвараараа тэднээс гойд ялгарна.

   Тухайлбал хэсэг нөхдийн хамт манж амбаны саарал хүлгийг шинжхээр очихдоо чих нь хулмагнаж байхыг маш гярхай анзаарсан байдаг. Наадам болоход ердөө гуравхан хоног үлдсэн боловч манж амбан сунгаанд оролцоогүй учир түүний морины уяа сойлго эвлэсэн эсэхийг хэрхэн мэдэх талаар хүүрнэж байх зуур Төгс-Очир өвгөн “Биднийг очих үеэр хуяг нь хашгичсандаа. Тэгэхэд нүд чих нь их хулгаж байсан шүү. Ээ дээ, тэр унага юм уу даагандаа шавар, намагт унаж, олон амьтан хашгичин гуагчиж байж айлгачихсан байж болох юм шүү” хэмээн хэлдэг. Киноны турш бодолд дарагдаж, үгээ цэгнэж суудаг Төгс-Очир өвгөн босоо хээр морь нь сунгаанд сул давхин, өөрийгөө сойхыг хараад нүдэнд нь гал дүрэлзэх шиг болж, баяртай нь аргагүй инээмсэглэдэг.

    Түүний энэ сэтгэл хөдлөл монгол хүн, морин эрдэнэ хоёрын шүтэлцээг маш тодхон харуулдаг. Чухам монгол хүнээс өөр адгуус амьтныг ийм их хайрлаж, ингэж зүрх сэтгэлээсээ малд дурлах үндэстэн байхгүй гэдгийг нотолж чадсан гайхалтай хэсэг гэж болно. Ийм л намба төгөлдөр, уянга зөөлөн, ухаант мэргэн Төгс-Очир өвгөний дүр жил бүрийн наадмаар бидэнтэй дахин учирдаг билээ.

 

 

 

Төгс-Очирын дүрийг “амилуулагч” ЖАМБАЛЫН ЗАНАБАЗАР

     Жамбалын Занабазар нь  1925 онд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд төржээ. Тэрбээр номыг нь үзэж, ногоотой шөлийг нь уусан мэргэжлийн жүжигчин биш гэнэ. Гэвч төрмөл авьяас, өөрийн хичээл зүтгэлийн хүчээр олон сайхан дэлгэцийн бүтээлд дүрээ мөнхөлсөн байдаг. Ардын хувьсгалын жилүүдэд мэндэлсэн Занабазар хүү тухайн хувьсгалын нийгэм цаг үеийн байдлыг харуулсан “Ардын элч” кинонд тоглосноор олны хүндэтгэлийг хүлээсэн, алдарт жүжигчин болох гараагаа эхлүүлжээ. Ардын жүжигчин, Төрийн шагналт нэрт кино найруулагч Д.Жигжид гуай 1959 онд өөрийн найруулсан “Ардын элч” киноныхоо Дарьбазарын дүрд тохирох хүн гэж түүнийг сонгосон байдаг. Тус дүрийг “амилуулж” чадсан болохоор Ж.Занабазар гуайн жүжиглэх уран чадвар найруулагч болон кино зохиолчдод таалагдаж монгол киноны түүхэн цаг үеийн нэгэн сод төлөөлөл болсон юм.

     Тухайлбал тэрбээр “Ардын элч”-ийн Дарьбазар, “Шинэ хотын гэрэл”-ийн Балдан өвгөн, “Эх бүрдийн домог”-ын Мөнгөншагайгийн эцэг, “Нар хиртсэн жил”-ийн Гочоо заан, “Говийн зэрэглээ”-ийн усчин өвөө, “Тунгалаг тамир”-ын Өлзий өвгөн, “Ичээнд” нь киноны чекист Балдандоржийн дүрд тоглож байлаа. Мөн “Гологдсон хүүхэн”, “Загийн алим”, “Талын цуурай”, “Өндөр ээж”, “Тэнгэрийн амьтан” “Ач тус, атаа хорсол”, “Үүр цайхын өмнө”, “Байлдааны даалгавар”, “Хайрхан өндөр хаа байна” зэрэг 30 гаруй уран сайхны кинонд гол ба туслах дүрийг бүтээсэн юм.

Тэрбээр номыг нь үзэж, ногоотой шөлийг нь уусан мэргэжлийн жүжигчин биш гэнэ.


МОНГОЛ КИНОНЫ ДАХИН ДАВТАГДАШГҮЙ, ДАРХЛАГДСАН ХӨХ ӨВГӨД-I
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-08-11 22:29:13
    Зочин: Өнөө цагиин жүжигчид суралцах их судар энэ аугаа хүн болой
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188