-СЕХ эрх бүхий байгууллагуудаас ирүүлсэн материалд үндэслэж, баримт, бичгийг нь хуулийн хугацаанд хүлээн авсан-
СЕХ-ны Мэдээлэл судалгаа, арга зүйн хэлтсийн дарга Б.Оюумаатай ярилцлаа.
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх зургадугаар сарын 9-нд болох гэж байна. Сонгуулийн бэлтгэл хэр хангагдаж байна вэ?
-Сонгуулийн ерөнхий хороо энэ оны хоёрдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулах цаг хугацааны хуваарийг баталсан. Энэ хуваарийн дагуу ажлуудаа шат дараатай хийж байна. Тухайлбал, аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороодыг байгуулж, тус хороодод ажиллах төрийн албан хаагчдыг сургалтад хамруулсан. Мөн гадаад улсад байгаа иргэдээс санал авах ажлыг зохион байгуулах төв, салбар комисс байгуулсан. Одоогоор гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэдийн бүртгэл үргэлжилж байна. Бүртгэлийн хугацаа өчигдөр дууссан.
Мөн энэ сарын 10-наас өмнө хэсгийн хороо байгуулах ёстой. Цаг хугацааны хуваарийн дагуу бид цахимаар сургалт, уулзалт, арга хэмжээнүүдээ зохион байгуулж, ажлаа төлөвлөсөн хугацаанд нь явуулж байгаа. Яг өнөөдрийн байдлаар хийж байгаа ажил гэвэл нэр дэвшигчдийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэж байна. Хуулийн хүрээнд баримт бичиг хүлээж авснаас хойш гурав хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэх ёстой. Тавдугаар сарын 24-ний өдөр нэр дэвшигчдэд үнэмлэх гардуулснаар сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлнэ. Аудитын төв байгууллага нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрт дүгнэлт гаргаж, ирүүлсэн. Харин мөрийн хөтөлбөрийг аудитын дүгнэлтийн хамт мөн нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдрөөс Үндэсний аудитын газар, Авлигатай тэмцэх газар тус тусын цахим хуудастаа ил тавьж, нийтэд танилцуулах юм.
-Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль ямар онцлогтой вэ?
-Монгол Улсын төрийн тэргүүнийг сонгох найм дахь удаагийн сонгууль хууль эрх зүйн шинэ орчинд болж байгаагаараа онцлог. Түүнээс гадна цар тахлын нөхцөл байдалд болж байгаагаараа нэлээд онцлог болох гэж байна. Дэлхийн олон оронд сонгуулиа амаргүй нөхцөлд маш амжилттай зохион байгуулсан олон жишээ бий. Бидэнд тэдгээр сонгуулиас суралцаж, туршлага судлан сонгуулиа амжилттай явуулах боломж бүрэн бас байна. Энэ тал дээр хамтын ажиллагаатай гадаад орнуудын сонгуулийн байгууллагууд, олон улсын байгууллагуудтай мэдээлэл солилцон ажиллаж байгаа.
Цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан олон журамд өөрчлөлт оруулах шаардлага үүссэн. Тухайлбал, санал авах байранд тавигдах ерөнхий шаардлагыг шинээр баталсан, санал авах үед хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх үүднээс хоорондын зайг анхаарах асуудлыг зайлшгүй анхаарах шаардлагатай болсон. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд саналаа биечлэн очиж өгөх боломжийг бүрдүүлэхэд анхаарч байраа сонгох, бэлтгэхдээ баримтлах стандартыг зааж өгсөн. Манай байгууллагаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэгш хүртээмжийн асуудалд анхаарлаа хандуулан мэдээлэл хүргэх, санал авах ажиллагаа зэрэгтээ тэдгээрийн эрх ашгийг хангахад чиглэсэн ажлуудыг сүүлийн сонгуулиудаас илүү идэвхжүүлж байгаа гэдгийг нь дурдах нь зүйтэй. Энэ тал дээр төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
ХЭСГИЙН ХОРООДЫГ КАМЕРЖУУЛЖ, БҮХ ХЭСЭГТ ГАР ТООЛЛОГО ЯВУУЛНА
-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт орсон. Энэ тухайд?
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад сонгогдох нас, сонгуулийн хороодыг байгуулах, иргэний шилжилт хөдөлгөөн, сонгогчийн шилжилт, нэр дэвшигчид тавигдах шаардлагатай холбоотой шинэлэг зохицуулалтууд орсон. Жишээ нь, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой зохицуулалт орж ирсэн. 50 нас хүрсэн, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар сонгоно гэж. Харин Ерөнхийлөгчид тавигдах шаардлагад авлига албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглох, банк, хуулийн этгээд, иргэнд шүүхээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа, батлан даалтын өр төлбөргүй байх, татварын хугацаа хэтэрсэн төлбөргүй байх, сэтгэцийн эмгэггүй байх зэрэг заалтууд орсон.
(1).jpg)
Сонгуулийн сурталчилгааг найман арга хэлбэрээр явуулна. Үүнд, материал хэвлүүлж сонгогчдод тараах, сурталчилгааны самбар байрлуулах, уулзалт, хурал, цуглаан зохион байгуулах, ухуулах байр ажиллуулах, радио, телевизийн сурталчилгаа ашиглах, цахим орчин ашиглах зэрэг багтаж байна. Олон нийтийн радио, телевизээс бусад радио, телевиз сурталчилгаа нэвтрүүлэх бол тавдугаар сарын 10-наас өмнө Харилцаа холбооны зохицуулах хороонд баримт бичиг, мэдээллийн хамт хүргүүлж, бүртгүүлнэ. Цагийн хуваарь, гэрээ, үнийн санал зэргийг хүргүүлнэ гэсэн үг.
Ингээд заасан хугацаанд сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлсэн бол санал авах өдрөөс хойш 10 хоногийн дотор сурталчилгааны тайлан гаргаж, олон нийтэд мэдээлэх юм. Мөн сонгуулийн сурталчилгааны хугацаанд хэвлэл мэдээллийн байгууллагууд үнэн, бодитой, тэнцвэртэй, хараат бус байх зарчмыг баримтлах, аль нэг нам, эвсэл нэр дэвшигчийн талаарх мэдээ, мэдээллийг дагнан гаргах, эсхүл гаргахгүй байхаар амлалт авах, гэрээ байгуулахыг хориглосон. Цахим орчинд болон радио, телевизээр хуульд зааснаас өөр арга хэлбэрээр нэвтрүүлсэн бол эхний удаад сануулах арга хэмжээг авна. Цаашлаад олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчийн сүлжээгээр дамжих эрхийг хязгаарлах тухай дүгнэлт гаргаж холбогдох байгууллагад хүргүүлэх зэргээр арга хэмжээ авна.
Энэ хуулийн 41.15-д Радио телевиз нь сонгогчдын боловсролд зориулсан мэдээ, мэдээлэл, нэвтрүүлэг, хөтөлбөр бэлтгэж түгээх үүрэгтэй гэж заасан. Энэ нь хэвлэл мэдээллийн байгууллагын нийгмийн хариуцлагын хүрээнд хийх ажил гэж ойлгож болно. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд санал авах өдрөөс өмнөх нэг жилийн хугацаанд хууль батлах, нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно гэж тусгасан. Ингэснээр цаг тулгаж сонгуулийн бэлтгэл ажлыг хийх шаардлагагүй, харин эртнээс цаг хугацааны хуваарийн дагуу төлөвлөлт, зохион байгуулалт сайтай ажиллах боломж бүрдэж байгаа юм.
Сонгогчийн санал авах ажиллагаа, зохион байгуулалттай холбоотой хэд хэдэн шинэ заалт орсон. Хэсгийн хороодыг камержуулах, санал хураалт дууссаны дараа хяналтын тооллого буюу гар тооллогыг бүх хэсэгт 100 хувь явуулах, саналаа өгснийг илэрхийлэх тэмдэглэгээ хийнэ. Энэ мэтчилэн Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд онцлог өөрчлөлтүүд орсон.
-Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэхтэй холбоотой багагүй маргаан гарлаа. Ардчилсан намын тухайд хоёр хүний нэр өргөн мэдүүлсэн. Гэвч нэгийг нь хүлээж авсан. Хуулийн ямар үндэслэлээр хүлээж авсан бэ гэдэг маргаан ч бий. Энэ талаар та тайлбар өгөхгүй юу?
-Монгол Улсын Үндсэн хуулийн гучин нэгдүгээр зүйлийн 2-т Улсын Их Хуралд суудал бүхий нам дангаараа буюу хамтран Ерөнхийлөгчид тус бүр нэг хүний нэр дэвшүүлнэ гэж заасан. Иймд, Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооноос Ардчилсан намыг Үндсэн хуулиа дээдлэн иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хүндэтгэж Монгол Улсын Ерөнхийлөгчид зөвхөн нэг хүний нэр дэвшүүлж баримт бичгийг нь хуульд заасан хугацаанд ирүүлэхийг мэдэгдсэн. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо бүрэн бүрэлдэхүүнээрээ шуурхай хуралдаж “үйл ажиллагаандаа хууль дээдлэх, улс төрийн хувьд төвийг сахих, асуудлыг хамтран хэлэлцэж шийдвэрлэх, ил тод, шударга байх” гэсэн хуулийн зарчмыг баримтлан холбогдох шийдвэр гаргасан.
Ажлын хэсэг ирүүлсэн баримт бичгүүдийг нягтлаад Улсын дээд шүүх, Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн лавлагааг үндэслэн Ардчилсан намаас нэр дэвшигч С.Эрдэнийн баримт бичгийг хүлээж авсан.
Хуралдаанаас Сонгуулийн ерөнхий хорооны даргын 2021 оны А/27 тоот захирамжаар байгуулагдсан “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авах” үүрэг бүхий Ажлын хэсэгт Ардчилсан Намаас нэр дэвшүүлсэн хоёр нэр дэвшигчийн бүртгэлтэй холбоотой баримт бичгийг нягтлан шалгаж, зөвхөн нэг нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээж авах үүрэг өгсний дагуу Ажлын хэсэг ирүүлсэн баримт бичгүүдийг нягтлаад Улсын дээд шүүх, Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн лавлагааг үндэслэн Ардчилсан намаас нэр дэвшигч С.Эрдэнийн баримт бичгийг хүлээж авсан. Харин нэр дэвшигчдийг бүртгэх эсэх асуудлыг Хорооны хуралдаанаар гурав хоногт багтаан шийдвэрлэнэ.
-Сонгуулийн ерөнхий хороо төрийн чиг үүргийг хэрэгжүүлэгч байгууллага. Тиймээс улс төрийн намаас ангид үйл ажиллагаагаа явуулдаг. Гэтэл яагаад ийм маргаан үүсэх болов?
-Монгол Улсын Үндсэн хуулийн 31-р зүйлийн 2-т Улсын Их Хуралд суудал бүхий нам дангаараа буюу хамтран Ерөнхийлөгчид тус бүр нэг хүний нэр дэвшүүлнэ гэж заасан. Маш тодорхой хуульчлаад өгчихсөн учраас бид хуулиа л дагаж мөрдөнө. Сонгуулийн ерөнхий хороо зөвхөн эрх бүхий байгууллагуудаас ирүүлсэн баримт материалд үндэслэж хуулийн дагуу баримт бичгийг нь хуулийн хугацаанд хүлээн авсан.
ГАДААДАД АМЬДАРЧ БАЙГАА ИРГЭД ТАВДУГААР САРЫН 30,31-НД САНАЛАА ӨГӨХ БОЛОМЖТОЙ
-Ерөнхийлөгчийн сонгуульд энэ жил хэчнээн төгрөг төсөвлөсөн бол. Цар тахлын нөхцөл байдалтай холбоотой сонгуулийн зардал өссөн үү?
-Сонгуулийн үйл ажиллагаанд улсын төсвөөс зарцуулах зардлыг өнгөрсөн онд баталсан Төсвийн тухай хуулиар батлаад өгчихсөн. Өмнөх жилийн сонгуулиудын төсвөөс өсөөгүй. Ерөнхийлөгчийн сонгуульд нийт 20 гаруй тэрбум төгрөг зарцуулахаар хуульд тусгасан. Харин ковидтой холбоотой зардал үүнд багтаагүй.
-Гадаадад оршин суугаа иргэд Ерөнхийлөгчийн сонгуулийг өгөх боломжтой байдаг. Хэрхэн яаж өгөх талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юү?
-Ерөнхийлөгчийн сонгуулиар Монгол Улс бүхэлдээ нэг тойрог болдог учраас гадаадад байгаа иргэд санаал өгөх боломжтой болдог. Эдгээр иргэдийнхээ саналыг авах зорилгоор дэлхийн 30 улсад суугаа Монгол Улсын 45 дипломат төлөөлөгчийн газрын дэргэд салбар комиссуудыг байгуулаад ажиллуулж байгаа. Гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэд 45 Дипломат төлөөлөгчийн газарт биечлэн очиж, эсвэл шуудан буюу имэйл, факсаар сонгуульд оролцохоо мэдэгдэж, бүртгүүлэх ёстой. Ингэснээр Дипломат төлөөлөгчийн газартаа 2021 оны тавдугаар сарын 30,31-ний өдрүүдэд биечлэн очиж саналаа өгөх боломжтой болох юм.
-ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 2021 ОНЫ ЭЭЛЖИТ СОНГУУЛЬД САНАЛАА ӨГСНИЙГ ИЛЭРХИЙЛЭХ БЭХЭН ТЭМДЭГЛЭГЭЭ ХИЙНЭ-
-Сонгуулийн үеэр иргэдийн бүртгэл мэдээлэл хаяг байршилтай холбоотой маргаан нэлээд гаргадаг. Энэ удаад энэ маргааныг гаргахгүй талаар ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?
-Дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс Улсын бүртгэлийн ерөнхий газрын сайтад сонгогчдын нэрийн жагсаалтыг байршуулсан. Иргэд гэрийнхээ хаяг дээрх сонгуулийн насны бүх иргэний мэдээллийг нягталж, шалгах боломжтой. Мөн хэсгийн хороон дээрээ очиж өөрийн хаяг дээрх иргэдийн мэдээллээ нягталж болно. Хэрвээ оршин суудаг хаяг дээр ямар нэгэн асуудал үүссэн бол тухайн иргэн Улсын бүртгэлийн ерөнхий газар болон хэсгийн хорооны бүртгэл хариуцсан ажилтанд хандаж гомдлоо гарган шийдвэрлүүлнэ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд саналаа өгснийг илэрхийлэх бэхэн тэмдэглэгээ хийх учраас санал давхардаж өгөх асуудал үүсэхгүй. Гэхдээ иргэд сонгогчдын нэрийн жагсаалтад таны нэр байгаа эсэх, хаяг дээрх иргэдийн мэдээлэл зэргийг зайлшгүй нягталж шалгах хэрэгтэй.
-Иргэд сонгууль өгөхдөө ер нь юуг анхаарах шаардлагатай вэ?
-Сонгогч санал авах байранд хэрхэн саналаа өгөх, тэдгээрийн саналыг авах үйл ажиллагааны талаар сонгуулийн хууль тогтоомжид нарийн тусгаад өгчихсөн байдаг. Хуульд заасан журмын дагуу л явагдана. Тодруулаад хэдэн зүйл хэлье.
Санал авах ажиллагаа Улаанбаатарын цагаар өглөөний 07.00 цагт эхэлж, 22.00 цагт дуусна. Энэ жил бид нэлээд онцгой нөхцөлд сонгуулиа явуулах гэж байна. Удахгүй Засгийн газраас сонгуулийн үед хэрхэн халдвар хамгааллын дэглэм баримтлах талаарх харилцааг зохицуулсан журам гарах юм. Сонгогчид аль болох бөөгнөрөл үүсгэхгүйн тулд цаг заваа зохицуулаад эртхэн очоод саналаа өгчихвөл хаана хаанаа чирэгдэл үүсэхгүй байх боломжтой.
Сонгогч саналаа өгөхөөр очихдоо заавал иргэний үнэмлэхтэйгээ очно. Мэдээж иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн үрэгдүүлсэн бол санал авах өдрөөс өмнө авах, эсвэл ТҮЦ машинаас иргэний үнэмлэхний лавлагаа ч аваад очих боломжтой. Таныг нотлох иргэний баримт бичиг л хэрэгтэй гэсэн үг. Учир нь сонгогчийг давхардалгүй бүртгэхээр тухайн сонгогчийн хурууны хээгээр бүртгэдэг. Хэрвээ хурууны хээ уншигч төхөөрөмж ажиллахгүй ч юм уу, хурууны хээг нь танихгүй байвал таныг баримт бичгээр тань л нотолно.
Сонгогч тухайн хэсэгт бүртгэлтэй бол бүртгээд сонгогчийн бүртгэлийн хуудас олгоно. Бүртгэлийн хуудсаа хэсгийн хорооны гишүүнд хураалган саналын хуудсыг хавтасны хамт авна. Саналын нууцлалыг хангах зорилгоор зориулалтын хавтас ашиглаад байгааг сонгогчид мэдэж байгаа байх. Тиймээс сонгогч өөрийн саналаа нууцаар гаргасны дараа хавтсанд хийж санал тоолох төхөөрөмжид хийнэ. Энэ үедээ саналын хуудсыг хавтаснаас заавал гаргах шаардлагагүйгээр шууд уншуулах боломжтой.
Саналаа өгсөн сонгогчийг санал авах байрнаас гарахад саналаа өгснийг нь илэрхийлэх бэхэн тэмдэглэгээг Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан зааврын дагуу хийх юм. Харин сонгогчдод дараах зүйлсийг хуулиар хориглодог. Үүнд, тухайн санал авах байранд санал өгөх эрхгүй гэдгээ мэдсээр байж санал өгөх, өөр хүний бичиг баримт, хуурамч баримт бичиг ашиглаж санал өгөх, саналаа өгөхийг оролдох, саналын хуудсанд тэмдэглэсэн саналаа болон бусад сонгогчийн саналыг баримтжуулан зураг авах, дүрс бичлэг хийх, шууд дамжуулах бусдад харуулах үйлдэл хийх, зориулалтын бус үзгээр санал тэмдэглэх, аль нэг нэр дэвшигчийн төлөө санал өгөх, эсвэл өгөхгүй байхаар амлалт авах, мөнгө, эд зүйл шаардах, авах зэргийг хориглоно.
Мэдээж хэрэг дээр хэлсэнчлэн, сонгогч саналаа өгөхөөр санал авах байр руу очихдоо халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлан маск зүүж, хүн хоорондын зайгаа баримтлан саналаа өгнө. Сонгуулийн байгууллагын зүгээс ч сонгогчийн санал ажиллагааг эрүүл ахуйн шаардлагыг хангасан, халдваргүйжүүлэлтийг зохих журмын дагуу хийсэн байранд авах бэлтгэлээ ханган ажиллаж байна. Дэлхийн олон орон цар тахлын тархалттай нөхцөл байдалд сонгуулиа амжилттай зохион байгуулсаар байна. Бид ч мөн үүн дээр онцгойлон анхаарч байгаа. Тиймээс иргэд сонгогчдыг төрийн тэргүүнээ сонгох сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна.
-Цаг зав гаргасанд баярлалаа.
Б.ОЮУМАА: Ерөнхийлөгчийн сонгуульд 20 гаруй тэрбум төгрөг төсөвлөсөн |
|