-Бид асуудлаа шийдэхгүй бол Ерөнхийлөгчийн сонгууль, цаашлаад 2024 оны сонгуульд ч эрсдэл үүсэж мэднэ-
Ардчилсан нам, намын дарга болон намын хорооны дарга нарын сонгуулиа 13 аймаг, долоон дүүрэгт сонгууль явуулахаар болжээ. Тэгвэл өнөөдөр дунд шатны сонгуульд нэр дэвшигчдийн үнэмлэхийг өнөөдөр гардуулж өглөө. Энэ үеэр нийслэлийн АН-ын даргад Э.Бат-Үүл нэрээ дэвшүүлж байгаагаа зарлалаа. Түүнээс цөөн асуултад хариулт авсан юм.
-Ардчилсан намд УИХ-ын сонгуулиас хойш маргаантай асуудлууд үүсэж, өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй хэвээр байна. Та намыг үүсгэн байгуулсан хүний хувьд энэ үйл явдлыг хэрхэн харж байна вэ?
-АН-ыг хагарсан гэх буруу ойлголт байгаа юм. Зөрчил бий. Хүмүүст хууль эрх зүйн ойлголт дутуу учраас нам хагарсан гэж буруу тайлбарлаад байгаа юм. Нам бол өөрөө хуулийн этгээд, гишүүд нь өөр өөрийн гэсэн оролцоотой. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд бид иймэрхүү зөрчилтэй тулгарч байсан. Харин энэ удаагийнх гишүүдээрээ асуудлаа шийдүүлдэг ардчилсан нам байх уу, дарга нар асуудлаа шийддэг коммунист нам байх уу гэдгээс маргаан эхэлсэн. Дээр нь шүүхийн гаргасан шийдвэрийг би ойлгохгүй байгаа. Хэрвээ шүүхийн шийдвэрийн цаана ямар нэгэн санаа бодол байгаа бол энэ АН-д үнэхээр том эрсдэл учруулна. Тиймээс их санаа зовж байна.
Түүнээс биш АН Монгол Улсад бүртгэлтэй хамгийн том намын нэг хэвээрээ байгаа. Бусад намыг бодвол сунгаа явуулж, дотоод ардчиллаараа гишүүд нь шийддэг учраас бусад намд байхгүй маш сайн гишүүдийн бүртгэлтэй. Энэ хагарлыг эцсийн эцэст хэн шийдэх вэ. Бид жирийн гишүүдээрээ асуудлыг шийдүүлнэ. С.Эрдэнэ дарга энэ асуудлыг шийдэх гэж зориглож, сунгааг зарлаж байна. Энэ сунгаа гишүүдээ нягтруулсан, энэ асуудлыг ойлгуулах учраас маш ач холбогдолтой. Тиймээс нөгөө талд байгаа зарим нэг нөхдүүддээ уриалмаар байна.
-Ардчилсан намын энэ дотоод зөрчил УИХ-ын сонгуулиас ч өмнө ч байсан. Ер нь олон фракцтай нам. Тэгэхээр энэ фракцын зөрчил нь сүүлдээ намаа хоёр талцуулах хэмжээний хүндэрчихсэн юм биш үү?
-Манай нам коммунист юм уу, нацист нам биш учраас хэзээ ч нэг саналаар асуудлыг 100 хувь шийддэггүй. Ардчилсан тогтолцоотой намууд дотроо сонирхлын бүлэгтэй байх нь ердийн үзэгдэл. Гол нь энэ зөрчлөө гишүүдээрээ шийдүүлчихдэг зарчимтай.
-Тэгэхээр энэ зарчим алдагдчихсан учраас зөрчлөө шийдэж чадахгүй байна даа?
-Тийм. Дарга нар нь асуудлаа шийдэх гээд чадахгүй байгаа юм.
-Та нийслэлийн Ардчилсан намын даргад өрсөлдөхөө мэдэгдлээ. Яагаад ийм шийдвэр гаргав. Залуу улстөрчиддөө боломж гаргаж өгөхгүй юм уу?
-Би нийслэлийн намын даргад нэрээ дэвшүүлж байгаа олон шалтгаан бий. 2016 оноос хойш дараагийн бүрэн эрхийг дуустал найман жилийн хугацаанд нийслэлд ажил хийсэнгүй. Бидний эхлүүлсэн ажил бүгд зогссон. Тиймээс энэ миний нэр дэвших шалтгаан гэж үзэж болно. Мөн нэг шалтгаан нь Дээд шүүхийн хариуцлагагүй үйл ажиллагааны улмаас АН-ын дотор нэлээд төвөгтэй, зөрчилтэй байдал үүссэн. Уг нь Үндсэн хуулиар шүүх гэдэг бол үүссэн маргааныг шийдвэрлэх эцсийн шат байдаг.
Дээд шүүх энэ үйл ажиллагаагаа хийгээгүйгээс болоод манай нам дотор зөрчилтэй байдал үүссэн. Энэ асуудлыг бид шийдэхгүй бол Ерөнхийлөгчийн сонгууль, цаашлаад 2024 оны сонгуульд ч эрсдэл үүсэж мэдэхээр байна. Тиймээс би энэ намын гол зүрх, хүндийн төв болсон нийслэлийн АН-ын даргад нэрээ дэвшүүлж байна. Хэрвээ энэ сунгаад амжилт үзүүлбэл энэ намыг нэгтгэх том үйл ажиллагаанд нийслэлийн намыг дайчилж ажиллана гэсэн хүсэл зорилго байгаа.
-Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирчихсэн чухал үед хагаралтай байж болохгүй гэлээ. Өнгөрсөн онд АН Х их хурлаа хийсэн ч Улсын дээд шүүх хүлээж аваагүй. Гэхдээ энэ хуралд та оролцсон гэсэн. Одоо харин намын С.Эрдэнэ даргаас сонгуульд өрсөлдөх үнэмлэхээ гараад авчихлаа. Ямар учиртай вэ?
-Би хоёр талын аль алийнх нь хуралд оролцсон. Би гол нь энэ зөрчлийг арилгаж, эвлүүлэх гээд л гүйгээд байгаа юм.
-Таны саналыг хоёр тал хэрхэн хүлээж авч байгаа юм бэ?
-Нийслэлийн намын даргаа явдаг нэг сайн тал нь асуудлыг гишүүдээрээ шийдүүлнэ гэдэг сайн тал руу түлхэж байгаа. Өөрөөр хэлбэл бидний дээд эрх мэдэл гишүүдийн гарт байгаа.
-Гэхдээ хоёр тал хоёулаа намын даргын сунгаан зарлачихлаа. Гишүүдийн санал хуваагдах гээд асуудал үүсэхгүй юү?
-Хоёр өөр шатны сунгаан байгаад учир байгаа юм. Одоо Дотоод сонгуулийн хороонууд, нэр дэвшигчид нэр шугамд гараад, сунгаагаа явуулчихвал манай нам асуудалгүй хямралаас гарна. Тиймээс нэгдэж сунгааны үйл ажиллагаанд орохыг уриалж байна. Намын дарга С.Эрдэнэ энэ асуудал АН-ын дотоод ардчиллыг үгүй хийх гэж байна. АН өнөөдрийг хүртэл гишүүдээрээ асуудлыг шийдүүлж ирсэн. Гэтэл үүнийг устгах гэж байна. Ингэж болохгүй.
Хэрвээ манай нам МАН-ыг дуурайвал дагуул нам л болно. Тиймээс С.Эрдэнэ даргад би баяр хүргэх ёстой гэж бодож байна. Нөгөө тал ч гэсэн сунгаа зарлаж байна гэдэг нь сунгаанаас өөрөөр асуудлыг шийдэхгүй гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа хэрэг. Нэгэнт л хүлээн зөвшөөрч байгаа юм чинь нэгдээд сунгаагаа явуулбал ямар ч асуудалгүй. Энэ бол намын хувь заяаг шийдэх хамгийн гол утга учир.