• Өнөөдөр 2025-07-21

ХҮН НАМ ЧИНГИС ЗОЧИД БУУДАЛД “МЭНДЭЛСЭН”-ИЙ УЧИР...

       Сангийн яаманд ажиллаж, сарын цалингаараа амь зууж байсан залуу гэнэт Америк, Англид очиж таван жил амьдраад, буцаж ирмэгцээ нам байгуулж дарга нь болоод, улмаар УИХ-ын гишүүнээр хоёр сонгогдож, Засгийн газарт урилгаар Эрчим хүчний үндэсний хорооны дарга бөгөөд Гадаад худалдаа, хөрөнгө оруулалт хариуцсан Шадар сайд болов. Энэ бол Т.Доржхандын намтар. Гайхмаар дардан байгаа биз. Гэтэл Л.Оюун-Эрдэнэ төрснөөс өөргүй хоёр ахыгаа “тонгорон” байж, улс төрд хөл тавьснаасаа 10 гаруй жилийн дараа МАН-ын дарга болсон. Лу.Гантөмөр гэхэд улс төрд орсноосоо 23 жилийн ойн дээрээ АН-ын дарга болж, Шадар сайдын сэнтийд хүрч ирсэн. Харин Т.Доржханд элэгдэж хуучирсан элгэн кеттэй гадаадаас ирээд л ХҮН намын дарга болсныг Монголын ард түмэн мэднэ. Улмаар УИХ-ын гишүүнээр хоёр сонгогдож, одоо Засгийн газрын хойморт Л.Оюун-Эрдэнэтэй зэрэгцээд завилж суугаа. Тэгвэл Т.Доржхандыг ХҮН намыг дарга болгож, улмаар УИХ-ын гишүүн, Шадар сайд болгосон хүн нь Сү.Батболд, санхүүжүүлэгчид нь “MCS”-ийн Ж.Оджаргал, “Моннис”-ийн Б.Чулуунбаатар нар байх маш ноцтой баримтыг дэлгэж байна. Гол нь, Т.Доржханд тэднийхээ хулгайг “хамгаалж”, тэгээд болоогүй тэдэндээ төрөөс хоёр их наядын тендер өгүүлэхээр зүтгүүлж байгаа сэжүүр ч байна.

ХҮН НАМЫН ЖИНХЭНЭ ЭЗЭД НЬ Сү.БАТБОЛД, Ж.ОДЖАРГАЛ, Б.ЧУЛУУНБААТАР НАР УУ

             УИХ-ын гишүүн, Шадар сайд Т.Доржхандын хувь, хувьсгалын намтар хэзээнээс Сү.Батболдтой холбогдох болсныг эхлээд он дарааллаар нь танилцуулъя.

1. 2000 оны УИХ-ын сонгуулиар МАХН 72 суудал авч үнэмлэхүй ялалт байгуулсан. Улмаар Ерөнхий сайдаар Н.Энхбаяр томилогдож, МАХН-ын үнэмлэхүй ялалтад гол үүрэг гүйцэтгэсэн санхүүжүүлэгч бизнесменүүддээ албан тушаалын бялуу хүртээх зорилгоор дэд сайдын албан тушаалыг анх бий болгосон. Ингээд 2000 онд МАХН-ын гол санхүүжүүлэгчид болох “Монре импекс”-ийн эзэн У.Уламбаяр Дэд бүтцийн дэд сайдаар, “Алтай трейдинг”-ийн эзэн Сү.Батболд Гадаад харилцааны дэд сайдаар тус тус томилогдож, Н.Энхбаярын Засгийн газарт орж ирсэн байдаг. Ингэж Сү.Батболдтой хамт Н.Энхбаярын Засгийн газрын бүрэлдэхүүнд багтаж, Дэд бүтцийн дэд сайдаар дөрвөн жил ажилласан “Монре-импекс”-ийн У.Уламбаяр нь одоогийн УИХ-ын гишүүн, Шадар сайд Т.Доржхандын эхнэр У.Сийлэнгийн аав юм.

2. Дэд бүтцийн дэд сайд аса У.Уламбаяр аав О.Уртнасан нь Дундговь аймгийн Дэлгэрхангай сумынх, Сү.Батболдын ээж Ц.Янжин нь Дундговь аймгийн Дэлгэрцогт сумынх. Тиймдээ ч У.Уламбаяр, Сү.Батболд хоёр дөрвөн жил дэд сайдаар хамт ажиллахдаа хоёулаа Дундговийнх гэж нутгархдаг, дотно ч найзууд байсан. 2004 оны УИХ-ын сонгуулиар У.Уламбаяр Дундговь аймагт МАХН-аас нэр дэвшихээр бэлтгэж байсан ч түүний оронд Р.Раш нэр дэвшиж байлаа. Хожим нь, Сү.Батболд 2020 оны УИХ-ын сонгуулиар Дундговь аймагтаа нэр дэвшиж, УИХ-ын гишүүн болж байв. 

3. Т.Доржханд Сангийн яаманд ажиллаж байгаад Сү.Батболдыг 2009-2012 онд Ерөнхий сайдаар ажиллах яг тэр хугацаанд Америкийн Харвард, Их британийн Оксфордод магистрт сурсан. Өөрөөр бол, Сү.Батболдыг Ерөнхий сайдаар ажиллах хугацаанд Т.Доржханд Америк, Их британид амьдарч байсан гэсэн үг. Ноцтой нь, Т.Доржхандыг Их Британид амьдарч байх үед буюу 2011 онд Сү.Батболдын төрсөн ах С.Бат-Очир нь Их Британийн Виржинийн аралд  “MCH Finance”, “MCH Lubricants” гэх хоёр оффшор компани байгуулагдсан байдаг.

4. Т.Доржхандын төрсөн ах Т.Лувсандорж нь 2011 оноос Ерөнхий сайд Сү.Батболд, “Моннис интернэйнл” ХХК-ийн эзэн Б.Чулуунбаатар, Малайзын Ерөнхий сайд Нажиб Разак гурвын “Гобикоул энд энержи” ХХК-ийн Бизнес хөгжил хариуцсан Дэд захирлаар, “Гобикоул энд энержи” ХХК-ийн охин компани болох “Пегасус пауэр корпорейшн” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар тус тус зэрэг ажиллаж эхэлсэн байдаг.

Дэлгэрүүлбэл, анх 2004 онд Их Британийн иргэн Мо Мунши гэх эр Монголд ирж “Гобикоул энд энержи” ХХК-ийг байгуулаад Баянхонгорын Шинэжинст сумын Хотгорын нүүрсний орд, Говь-Алтайн Чандмань сумын Зээгтийн нүүрсний орд тэргүүтэй 12 ордын ашиглалтын лиценз эзэмшдэг болсон. Ингээд Мо Мунши хөрөнгө оруулалт хайж явахад нь 2011 онд Ерөнхий сайд Сү.Батболд, “Моннис интернэшнл” ХХК-ийн эзэн Б.Чулуунбаатар, Малайзын Ерөнхий сайд Нажиб Разак гурав хамтран “Гобикоул энд энержи” ХХК-д нь хөрөнгө оруулж, хувь эзэмшдэг болсон. Улмаар Сү.Батболд, Б.Чулуунбаатар, Нажиб Разак гурав Т.Доржхандын төрсөн ах Т.Лувсандоржийг өөрсдийн талын төлөөлөл болгож “Гобикоул энд энержи” ХХК-д Дэд захирлаар тавьсан байдаг. Ингээд болоогүй, “Гобикоул энд энержи” ХХК-ийн охин компани болгож “Пегасус пауэр корпорейшн” ХХК-ийг байгуулаад, эзэмшигчээр нь Б.Чулуунбаатарын төрсөн дүү Б.Жаргалсайханыг бүртгэж, гүйцэтгэх захирлаар нь мөн л Т.Доржхандын төрсөн ах Т.Лувсандоржийг томилсон байдаг.

Тэгвэл Сү.Батболд, Б.Чулуунбаатар, Малайзын Ерөнхий сайд Нажиб Разак гурав яаж хамтран болсныг товч дурдъя. Өнгөрөгч 2024 онд Малайзын Ерөнхий сайд асан Нажиб Разак улсынхаа “Баялгийн сан”-гаас 4.5 тэрбум ам.доллар завшсан хэргээр шүүгдэж, 12 жилийн хорих ял сонссон. Шүүх хурлын үеэр Нажиб Разак нь 2011 онд Монгол Улсын Ерөнхий сайд Сү.Батболд руу оффшор компаниар нь дамжуулан 14.9 сая ам.доллар шилжүүлсэн баримт ил болсон. Өөрөөр бол, Нажиб Разак улсаасаа завшсан мөнгөө Сү.Батболд руу шилжүүлж, Сү.Батболд уг мөнгийг “Моннис”-ийн Б.Чулуунбаатартай хамтран “Гобикоул энд энержи” ХХК-д хөрөнгө оруулах замаар “угааж” байсан гэсэн үг.

Харин Сү.Батболд, “Моннис”-ийн Б.Чулуунбаатар хоёрын хувьд, хоёулаа ааваараа Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумынх. Тиймдээ ч Сү.Батболд, Б.Чулуунбаатар хоёр Сүхбаатарын уугуул У.Хүрэлсүх, Б.Жавхлан хоёртой хамтран “Дамдины Сүхбаатар” санг байгуулж, хамтран удирдаж ирсэн. Мөн “Тавантолгой”-н бүлэг ордыг анх Сү.Батболд эзэмшиж байгаад Б.Чулуунбаатар, Ж.Оджаргал хоёртой хамтран “Энержи ресурс” ХХК-ийг байгуулсан түүхийг бид мэднэ. Тэгэхээр Сү.Батболд 2011 онд Малайзын Ерөнхий сайд Нажиб Разакийн мөнгийг “Гобикоул энд энержи” ХХК-аар дамжуулан “угаах” ажилдаа Б.Чулуунбаатарыг хамтрагчаараа сонгосон нь ойлгомжтой асуудал юм. Нэгтгэвэл, Т.Доржхандын төрсөн ах Т.Лувсандорж нь Сү.Батболд, “Моннис”-ийн Б.Чулуунбаатар, Малайзын Ерөнхий сайд Нажиб Разак гурвын оффшороос оруулж ирсэн мөнгийг “Гобикоул энд энержи” ХХК-аар дамжуулан “угаах” ажлыг гардан хариуцаж байсан болж таарч байгаа юм. 

5. Сү.Батболдыг Ерөнхий сайдаас буусны дараах хоёр жил буюу 2013-2015 онд Т.Доржханд Америкийн Вашингтон хотод 2.0 сая ам.долларын буюу 5.0 тэрбум төгрөгийн тансаг хауст амьдарч байгаад 2015 онд Монголд ирсэн. Тухайн үед Олон улсын валютын санд жирийн нэг зөвлөх байсан гэх мөртөө хэтэрхий тансаг хэрэглээтэй байсныг нь дурдах хэрэгтэй. Ирмэгцээ Т.Доржханд үеэл ах Б.Найдалаа болон Д.Гантулга хоёртойгоо хамтран хуучин Хөдөлмөрийн үндэсний намын буурин дээр ХҮН намыг байгуулсан. Хамгийн ноцтой нь, Т.Доржхандын үеэл ах Б.Найдалаа нь ХҮН намыг байгуулалцахаасаа өмнө “MCS”-ийн Хөрөнгө оруулалтын ахлах менежер, “MCS”-ийн охин компани “Юнител групп” ХХК-ийн Бизнес хөгжил хариуцсан дэд захирлаар ажиллаж байсан. Тэр тусмаа Сү.Батболд, Ж.Оджаргал хоёрыг 2008-2009 онд “Ухаа худаг”-ийн ордыг “Энержи ресурс” ХХК-даа авч байх яг тэр үед Б.Найдалаа “MCS”-ийн Хөрөнгө оруулалтын ахлах менежер байсан. Харин Д.Гантулга нь Т.Доржхандтай ХҮН намыг байгуулалцахдаа Сү.Батболдын баз хүргэн “Буурал” хочит А.Гансүхийн “Эм Жэй Ти” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Харин Т.Доржхандын хувьд, дээр дурдсанчлан тухайн үед төрсөн ах Т.Лувсандорж нь Сү.Батболдын “Гобикоул энд энержи”ХХК болон “Пегасус пауэр корпорейшн” ХХК-ийг захирлаар ажиллаж байсан.

Төсөөлөөд үзье. 2015 онд ХҮН намыг байгуулъя гээд гурван залуу нэгдлээ. Гэтэл нэг нь Ж.Оджаргалын компанийн дэд захирал, нэг нь Сү.Батболдын компанийн захирлын төрсөн дүү, нэг нь Сү.Батболдын баз хүргэнийх нь компанийн захирал байж таарав. Тэнэг хүн ч итгэхээргүй ийм санаандгүй тохиолдол байж болох уу.

 6. 2015 оны дөрөвдүгээр сарын 26-нд Т.Доржханд, Б.Найдалаа, Д.Гантулга гурав Чингис зочид буудалд “Үндэсний хөгжил-Монгол зорилго” гэх нүсэр зөвлөгөөн зохион байгуулснаар ХҮН намын үйл ажиллагааг албан ёсоор эхэлсэн байдаг. Чингис зочид буудал нь Сү.Батболдынх.

7. 2016 оны УИХ-ын сонгуульд Т.Доржханд Хан-Уул дүүргээс нэр дэвшээд Ц.Нямдоржид ялагдаж унасан. Гэтэл 2020 оны УИХ-ын сонгуульд Ц.Нямдорж Хан-Уул дүүрэгт биш, хаа байсан Орхон аймагт очиж нэр дэвшсэн. Ингэснээр Т.Доржхандад “орон тоо” гарч, Хан-Уул дүүргээс УИХ-ын гишүүн болсон. Өөрөөр бол, хэн нэгэн Ц.Нямдоржийг Хан-Уулаас Орхон руу илгээж, Т.Доржхандын замыг цэвэрлэж өгсөн харагдаж байна уу.

8. Өнгөрөгч 2024 оны УИХ-ын сонгуулиар Т.Доржхандын ХҮН намд “MCS”-ийн 37 охин компани 1.1 тэрбум төгрөгийн хандив өгсөн. Өөрөөр бол, Т.Доржханд өнгөрөгч 2024 оны сонгуулийн санхүүжилтийнхээ 98 хувийг зөвхөн Ж.Оджаргалын “MCS”-ээс авсан. Ингээд болоогүй, саяхан УИХ-ын гишүүн, Шадар сайд Т.Доржханд “Засгийн газар зөвхөн “MCS”-ийн Ж.Оджаргалын “Ухаа худаг”-ийн ордыг хэлэлцээд, Х.Баттулгын Төгрөг нуурн ордыг хэлэлцэхгүй хойш тавьж, ялгамжтай хандаж болохгүй” гэж мэдэгдсэн. Өөрөөр бол, Т.Доржханд тэрбум төгрөг авсныхаа төлбөрт “Ухаа худаг”-ийн ордыг “хамгаалах” ажилдаа хэдийнэ ханцуй шамлаад эхэлчихсэн.

Дээрх баримтуудыг нэгтгэхээр ямар дүр зураг гарч ирэхийг төсөөлөөд үзье. Сангийн яаманд “хурган” дарга хийдэг, Дундговийн найз, дэд сайдаар дөрвөн жил нэг танхимд хамт суусан У.Уламбаяр агсных нь хүргэн Т.Доржханд гэх залууг Сү.Батболд Ерөнхий сайд болмогцоо дэргэдээ авч, Америк, Их Британид сургахын сацуу оффшор компаниудаа “хариуцуулж”, улмаар 2015 онд Монголд авчирсан. Ингээд Сү.Батболд, Ж.Оджаргал хоёр Т.Доржханд, Б.Найдалаа, Д.Гантулга гуравт санхүүжилт өгч ХҮН намыг байгуулсан. 2016 онд хэн хэн нь нэр дэвшсэн ч танигдаж амжаагүй тул сонгогдож чадаагүй. Харин 2020 онд Хан-Уул дүүрэгт босоо байсан Ц.Нямдорж Орхон руу явж, түүнийг “эзгүйчлэн” Т.Доржханд УИХ-ын гишүүн болсон. Улмаар Т.Доржханд У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгч болгох, УИХ-ыг 126 болгох МАН-ын, гол нь Сү.Батболдын “санаачилга”-уудыг гардан гүйцэтгэсэн. 2024 оны сонгуульд Сү.Батболд нэр дэвшээгүй, чимээгүйхэн явсан. Харин Ж.Оджаргал ХҮН намд 1.1 тэрбум төгрөгийн санхүүжилт өгч, ХҮН намыг УИХ-д найман суудалтай болгосон.  Улмаар сонгуулийн дараа Сү.Батболд Т.Доржхандыг Хамтарсан Засгийн газарт Гадаад худалдаа, хөрөнгө оруулалт хариуцсан Шадар сайд болгосон. 2009 оноос гэж тооцвол 16 жил “тэжээсэн”-ийнх нь ачийг Т.Доржханд одоо хариулж эхэлнэ. Нас хэдийнэ 60 гарчихсан Сү.Батболд олны хэл амнаас хол, Чингис зочид буудлаасаа, магад гадаадаас Т.Доржхандаар дамжуулан Засгийн газрын ажилд оролцоно. Нэгтэж харвал ийм л дүр зураг бууж байна.

Т.ДОРЖХАНД “НҮҮРСНИЙ ХУЛГАЙ”-Н ХЭРЭГ БОЛОН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХЭРГИЙН НЭЭЛТТЭЙ СОНСГОЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТҮР ХОРООНЫ ГИШҮҮНЭЭР АЖИЛЛАСАН НЬ АРДАА “МОННИС”-ЫГ ХАМГААЛАХ ЗОРИЛГОТОЙ БАЙСАН УУ

       УИХ-ын гишүүн, Шадар сайд Т.Доржханд 2023-2024 онд “Нүүрсний хулгай”-н хэргийн нээлттэй сонсголыг зохион байгуулах Түр хорооны гишүүнээр, Хөгжлийн банкны хэргийн нээлттэй сонсголыг зохион байгуулах Түр хорооны гишүүнээр тус тус ажиллаж, олон ч хүнийг ордонд олны өмнө “шүүсэн”. Үүгээрээ тэр авлига, албан тушаалын гэмт хэргүүдэд холбоогүй, харин ч авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэгч мэтээр тодорч, энэ нь өнгөрөгч 2024 онд ордонд олуулаа болж орж ирэхэд нь гол хувь нэмэр оруулсан. Гэтэл үнэндээ Т.Доржханд “Нүүрсний хулгай”-н хэрэг болон Хөгжлийн банкны хэргийн нээлттэй сонсголын Түр хороонд асар том ашиг сонирхлыг хамгаалах зорилготой орсон ноцтой сэжүүр бий.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Т.Доржхандын төрсөн ах Т.Лувсандорж нь 2011 оноос хойш “Моннис”-ийн Б.Чулуунбаатарын “Гобикоул энд энержи” ХХК-ийн Дэд захирлаар, Б.Чулуунбаатарын төрсөн дүү Б.Жаргалсайханы “Пегасус пауэр корпорейшн” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж ирснийг дээр танилцуулсан. Өөрөөр бол, Т.Доржхандын төрсөн ах Т.Лувсандорж нь “Моннис”-ийн Б.Чулуунбаатартай нэгдмэл ашиг сонирхолтой этгээд.

Гэтэл “Моннис”-ийн Б.Чулуунбаатар нь “Нүүрсний хулгай”-н нээлттэй сонсголд ч, Хөгжлийн банкны хэргийн нээлттэй сонсголд ч гэрчээр дуудагдсан. Тодруулбал, Б.Чулуунбаатарын “Моннис майнинг” ХХК нь 2019 онд Хөгжлийн банкнаас 107 тэрбум төгрөгийн зээл аваад, хүү алдангитайгаа 126 тэрбум төгрөг болтол нь эргүүлэн төлөхгүй байсаар “найдваргүй зээлдэгч” гэж нийтэд зарлагдаж, улмаар УИХ-ын Хөгжлийн банкны хэргийн нээлттэй сонсголд дуудагдсан.

Мөн Б.Чулуунбаатарын “Моннис майнинг” ХХК нь 2019 онд “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Тавантолгойн ордын цанхийн баруун уурхайн В хэсэгт хөрс хуулалт, нүүрс олборлолт хийх 799 тэрбум төгрөгийн тендерт шалгарсан байдаг. Цаашлаад, Б.Чулуунбаатарын “Майнс ап” ХХК нь “Эрдэнэс тавантолгой” ХК-аас 2021 онд 57 тэрбум, 2022 онд 250 тэрбум, 2023 онд таван тэрбум, 2024 онд найман тэрбум гэх мэтээр жил бүр хэдэн арван тэрбум төгрөгийн тендер авч ирсэн. Тиймдээ ч Б.Чулуунбаатар УИХ-ын “Нүүрсний хулгай”-н хэргийн нээлттэй сонсголд дуудагдсан.

Гэхдээ “Моннис”-ийн Б.Чулуунбаатар “Нүүрсний хулгай”-н хэрэг болон Хөгжлийн банкны хэргийн нээлттэй сонсголын аль алинд нь “од” болоогүй, оролцоо ч үгүй. Уг нээлттэй сонсголуудыг ахалсан Б.Энхбаяр, Т.Доржханд хоёр нүүрс тээврийн жижиг компаниудын эздийн холбоо хамаарлыг нэгд нэггүй нэгжиж, нийтэд танилцуулсан мөртөө 107 тэрбум төгрөгийн зээл, их наяд орчмын тендер авсан “Моннис”-ийг бараг ярихгүй өнгөрөөсөн. Ядаж л “Голомт”-ын Д.Баясгалан нээлттэй сонсголд дуудагдаж ирээд, ээрч түгдрээд ч болтугай Б.Энхбаярт загнуулаад сууж байсныг санаж буй байх. Харин Б.Чулуунбаатар нээлттэй сонсголуудаас “хуурай” мултарсан. 

Тэгэхээр Т.Доржханд анхнаасаа “Моннис”-ын Б.Чулуунбаатарыг “хамгаалах” зорилгоор “Нүүрсний хулгай”-н хэргийн болон Хөгжлийн банкны хэргийн нээлттэй сонсголыг зохион байгуулах Түр хороонд гишүүнээр орж, түүний холбоо, хамаарал, хууль бус гэрээ сэлтийг нь “хав дарсан” байж болзошгүй ноцтой сэжүүр гарч ирж байгаа юм. 

“ТАВАНТОЛГОЙН ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ”-ЫН ТӨСЛИЙН ТЕНДЕРИЙГ “МОННИС”-Т ӨГӨХ НЬ Т.ДОРЖХАНДЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮНДЭСНИЙ ХОРООНЫ ДАРГА БОЛСНЫ ҮНДСЭН ЗОРИЛГО УУ

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нэвтрүүлэгт ярилцлага өгөхдөө “Уг нь Т.Доржханд нээлттэй сонсголд надтай хамт авлига, хулгайтай тэмцэх тухай яриад сууж байсан. Гэтэл Шадар сайд болмогцоо төрийн өмчит компанийн хэдэн их наяд төгрөгийн тендерийг би зохион байгуулъя гэж яриад явж байх юм. Хүн ийм улайм цайм байж болохгүй” гэж ярьсан байдаг. Тэгвэл Т.Доржханд чухам ямар тендерийг зохион байгуулах гэж зүтгээд, зориод байгаа вэ.

МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, АН-ын дарга Л.Гантөмөр, ХҮН намын дарга Т.Доржханд гурвын Хамтарсан Засгийн газар 14 мега төсөл хэрэгжүүлэхээр зарласан. Энэхүү 14 мега төслийн дөрөв нь эрчим хүчний станцын төсөл. Шадар сайд Т.Доржхандын хувьд Эрчим хүчний үндэсний хорооны даргаар ажиллаж байгаа. Өөрөөр бол, Засгийн газрын 14 мега төсөлд багтсан эрчим хүчний салбарыг дөрвөн төслийг Т.Доржханд гардан хэрэгжүүлэх эрх, үүрэгтэй гэсэн үг.

Тэгвэл 14 мега төслийн жагсаалтад багтсан эрчим хүчний дөрвөн төслийн эхнийх нь 2.4 их наяд төгрөгийн өртөгтэй “Тавантолгойн 450МВт-ын дулааны цахилгаан станц”-ын төсөл.

            Хамгийн ноцтой нь, “Тавантолгойн 450МВт-ын дулааны цахилгаан станц”-ын төслийн тендерийг 2021, 2022 онд хоёр удаа зарласан ч бүтэлгүйтсэн. Улмаар 2023 онд дахин зарлагдахад Камбожийн Хаант Улсад бүртгэлтэй “Mitime” компани болон “Моннис”-ын Б.Чулуунбаатарын “Майнс ап” ХХК нь оролцож өрсөлдсөн. Улмаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Камбожийн Хаант Улсад бүртгэлтэй “Mitime” компанийг шалгаруулсан. Гэвч Б.Чулуунбаатарын “Майнс ап” ХХК нь “Mitime” компанийг хууль бусаар шалгаруулсан гэж Сангийн яаманд гомдол гаргаж, эцэстээ энэ шүүхийн маргаан болж хувирснаар “Тавантолгойн 450МВт-ын дулааны цахилгаан станц”-ын төслийн тендер цуцлагдсан. Тиймээс Хамтарсан Засгийн газар “Тавантолгойн 450МВт-ын дулааны цахилгаан станц”-ын төслийг 14 мега төсөлдөө багтааж, дахин тендер зарлахаар бэлтгэж буй.

“Моннис”-ийн Б.Чулуунбаатар “Тавантолгойн 450МВт-ын дулааны цахилгаан станц”-ын төслийн тендер өмнө нь оролцоод ялагдсан юм чинь дахин зарлахад нь даагаа нэхэж таарна. Харин дахин тендер зарлах, шалгаруулах хүн нь эрх, үүргээрээ Засгийн газрын Эрчим хүчний үндэсний хорооны дарга бөгөөд Гадаад худалдаа, хөрөнгө оруулалт хариуцсан Шадар сайд Т.Доржханд. Ноцтой нь, Т.Доржхандын төрсөн ах Т.Лувсандорж нь “Моннис”-ийн Б.Чулуунбаатартай хоёр компаниар нэгдмэл ашиг сонирхолтой гэдгийг дээр баримтаар танилцуулсан. Тэгэхээр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Т.Доржхандыг “Тавантолгойн 450МВт-ын дулааны цахилгаан станц”-ын төслийн тендерийг бие даан зохион байгуулж, улмаар “Моннис”-ийн Б.Чулуунбаатарыг “Майнс ап” ХХК-ийг шалгаруулах “хор найруулж” байна гэж битүүхэн хэлсэн болж таарч байгаа юм.

Т.ДОРЖХАНД ҮЕЭЛ АХ НАРАА ТӨРД ТАТСААР, ГЭВЧ ТЭД НЬ ОДООГООР ХҮНИЙ ХӨМСӨГ “ЗАДЛАХ”-ААС ӨӨР ГАВЬЯА БАЙГУУЛСАНГҮЙ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ анх улс төрд орж ирэхдээ үеэл ах Х.Нямбаатарыгаа хань татсантай яг адилаар, Т.Доржханд ч улс төрд орж ирэхдээ үеэл ахтайгаа орж ирсэн. Түүх сөхвөл, 2015 онд Т.Доржханд Америкаас ирээд улс төрд орохоор шулуудаж, ХҮН намд орохдоо үеэл ах Б.Найдалааг хань татсан. Увсын уугуул, төрсөн эгч дүүсийн хүүхдүүд. Хоёулаа эдийн засагч мэргэжилтэй, хамтдаа Японд магистр хамгаалсан. Ирээд Б.Найдалаа нь “MCS”-д, Доржханд нь Сангийн яаманд ажиллаж, улмаар 2015 онд хамтдаа улс төрд орохоор шийдэцгээсэн нь энэ байв. Улмаар 2016 оны сонгуульд Т.Доржханд өөрөө Хан-Уулд, үеэл ах Б.Найдалаа нь Чингэлтэйд нэр дэвшсэн, хоёулаа ойчсон. 2020 онд дахиад Т.Доржханд Хан-Уулд, Б.Найдалаа Чингэлтэйд нэр дэвшсэн. Т.Доржханд нь УИХ-ын гишүүн болж, Б.Найдалаа нь дахиад унасан. Аз болж, дараа жил нь буюу 2021 онд Сонгинохайран хайрхан дүүрэгт нөхөн сонгуульд явагдаж, Т.Доржханд үеэл ах Б.Найдалаагаа нэр дэвшүүлсэн. Ингэхдээ Т.Доржханд намаасаа 50 сая, эхнэр У.Сийлэнгийнхээ “Монре-импекс” ХХК-аас 20 сая, “Их эрин констракшн” ХХК-аас 20 сая, төрсөн ах Т.Лувсандоржийнхоо “Гэрэгэ менежмент” ХХК-аас 10 сая, “Төмрийн завод” ХХК-аас 20 сая, “Их эрин капитал” ХХК-аас 15 сая төгрөг гаргаж, Б.Найдалаагийн сурталчилгааных нь санхүүжилтийг бүгдийг нь бэлдэж өгч байв. Гэвч экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын хүү Э.Батшугар сонгогдож, Б.Найдалаа дахиад л унасан.

Улмаар өнгөрөгч 2024 онд Т.Доржханд гурван удаа нэр дэвшиж, гурван удаа унасан үеэл ах Б.Найдалаагаа ХҮН намынхаа жагсаалтын тавд бичиж, УИХ-ын гишүүн болгосон түүхтэй. Товчхондоо, үеэл ах Б.Найдалаа нь улс төрд одгүй нэгэн. Гэвч Т.Доржханд түүнийг уйгагүй чирсээр УИХ-ын гишүүн болгосон нь энэ. Харамсалтай нь, Б.Найдалаа Хөгжлийн банкны дуулиан, хүний хөмсөг “задалсан” танхайрал мэтээрээ үеэл дүү Т.Доржхандынхаа чихийг халууцуулахаас хэтрэхгүй яваа. Нэг талаасаа Т.Доржханд үеэл ахыгаа хэтэрхий “эрхлүүлдэг” шиг. Нөгөө талаар юу ч болж байсан “нүдгүй”, “чихгүй” мэт байхаас өөр сонголтгүй ч юм шиг.

Өнгөрөгч УИХ-ын сонгуулиар Т.Доржханд үеэл ах Л.Лхагвасүрэнгээ ХҮН намаасаа Дорнод, Хэнтий, Сүхбаатарын тойрогт нэр дэвшүүлсэн. Гэвч Л.Лхагвасүрэн нь олон нийтэд дүр нь байтугай, нэр нь танигдаагүй хүн тул сонгогдож чадаагүй. Гэсэн ч Т.Доржханд Засгийн газар байгуулагдсаны дараагаас үеэл ах Л.Лхагвасүрэнгээ Боловсролын сайд П.Наранбаярын зөвлөхөөр томилон ажиллуулж байгаа. Өдгөө Л.Лхагвасүрэн нь Боловсролын сайдын зөвлөхийн хувиар Хил орчмын бүсэд бага сургууль байгуулах ажлыг ахлан ажиллаж буй ажээ.

УИХ-ын гишүүн, Шадар сайд Т.Доржхандын эхнэр нь “Монре даатгал” ХХК-ийн эзэн У.Сийлэн гэж эмэгтэй байдгийг бид эчнээ мэднэ. Тэгвэл 2011 онд У.Сийлэнгийн “Монре даатгал” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар П.Ганзориг гэх залуу томилогдож, энэ гэр бүлд хүчин зүтгэж эхэлсэн. Түүнээс хойш П.Ганзориг Т.Доржхандын эхнэр У.Сийлэнтэй “Их эрин констракшн” ХХК, “Автохаб” ХХК, “Зээл эм эн платформ” ББСБ, “Стандарт инвестмент ҮЦК” ХХК-уудыг, Т.Доржхандын төрсөн ах Т.Лувсандоржтой  “Гэрэгэ менежмент” ХХК-ийг тус тус хамтран байгуулж, хамтран эзэмшдэг болж, халаасаа улам ч гүнзгий холбосон байдаг. 

Улмаар 2020 онд Т.Доржханд Хан-Уул дүүргээс УИХ-ын гишүүн болж, намар нь П.Ганзоригийг Хан-Уул дүүргээс НИТХ-ын төлөөлөгч болгосон. Ингээд өнгөрөгч УИХ-ын сонгуулиар Т.Доржханд П.Ганзоригийг ХҮН намынхаа жагсаалтын гуравт бичиж, УИХ-ын гишүүн болгож дэвшүүлсэн байдаг.

Товчхондоо, 2020-2024 оны парламентад ХҮН намаасаа ганцаараа сууж, ганихарч, ганцаардахын зовлонг мэдэрсэн Т.Доржханд өнгөрөгч 2024 оны сонгуулиар ордонд олуулахаа орохыг зорьж, нэр дэвших боломжтой хоёр үеэл ахыгаа нэр дэвшүүлж, эхнэр, төрсөн ах хоёрынхоо халаас нэгтэй хамтрагчийг УИХ-ын гишүүн болгосон нь энэ юм.

 


ХҮН НАМ ЧИНГИС ЗОЧИД БУУДАЛД “МЭНДЭЛСЭН”-ИЙ УЧИР...
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188