Орон нутгийн сонгуулиар монголчууд Ардчилсан намынханд дүнгээ тавилаа. Дүнгээс харахад, иргэд АН-ынханд хэдийнэ итгэл алдарч, хэчнээн дэмжиж, дэмнээд нэмэргүй болсныг дахин ухаарчээ. Уг нь, УИХ-ын сонгуулиар сонгогчид тэдэнд найдвар тээж, ирэх дөрвөн жилд сөрөг хүчин болох боломж олгосон. Гэтэл АН-ынхан МАН-ын халаасанд улам бүр шигдэж, дарга нь Эдийн засаг, хөгжлийн сайд болоод Хамтарсан Засгийн газарт нэгдэж, сонгогчдынхоо дургүйг хүргэснийхээ горыг саяын сонгуулиар амслаа. Өөрөөр хэлбэл, АН-ын дарга МАН-д ашиглуулж, хууртагдсныхаа шанг хүртсэн гэсэн үг. Хэрвээ АН-ын дарга Л.Гантөмөр сонгогчдынхоо итгэл найдварыг арай өөрөөр буюу ухамсартайгаар ашиглаж, МАН-аас зайгаа барих гэж хичээсэн бол АН “сэхэж”, Л.Гантөмөрийн рейтинг улстөрчийнх нь хувьд өсөх байсан. Харамсалтай нь, тэгж чадаагүй учир Л.Гантөмөр шиг муу дарга, АН шиг муухай намгүй болчихоод байгаа. Уг нь, Л.Гантөмөр УИХ-ын сонгуулиас өмнө “Манай нам улс төрийн акц эхлүүлнэ. Бид сөрөг хүчин биш, эрх баригч нам болно” гэсэн ч амлалтаасаа няцаж, хэдийнэ МАН-ын “хүүхэлдэй” болчихсон байгаад ард түмэн ихэд эгдүйцэж байна. Тухайлбал, АН-ынхан өөрийн гэсэн толгойгүй, толгойлогчгүй хэвээр байгаа гэхэд хилсдэхгүй. Тиймээс Монголын улс төрд АН нэр төдий дурсагдаж, МАН-ын даалгаврыг дарга, цэрэггүй биелүүлж, хоолыг нь аягалж суухаас өөр замгүй болоод удаж байгаа.
Өнгөрсөн хоёр удаагийн сонгуулиар АН мөн л үнэмлэхгүй ялагдал хүлээж, сөрөг хүчнийхээ үүргийг биелүүлэх нь битгий хэл тамга, тэмдгийнхээ хэрүүлийг ч бараагүй. Дээрээс нь даргын суудлаа булаацалдаж, хэдэн хэсэгт хуваагдан фракц болж нам доторх асуудлаа олигтойхон шийдэж чадахгүй хагарладаж байсныг Монголын ард түмэн бүгд мэднэ. Нам нэртэй АН-д, дарга нэртэй Л.Гантөмөрт итгэж, лидергүй АН-ынхан Монголын хувь заяаг шийдэлцэж чадна гэдэгт итгэх хүн бараг алга. Учир нь, Монголын хувь заяаг битгий хэл намаа МАН-д тушааж, өөрсдөө нэр төдий суудал эзэгнэж байсан С.Эрдэнэ, Н.Алтанхуяг, Ж.Батзандан, Д.Эрдэнэбат, Л.Гантөмөр нарыг лав АН-ын лидер гэхгүй нь лавтай. Тэгэхээр АН өнгөрсөн бүхий л хугацаанд лидергүй, шударга, үнэнч даргагүй байсаар өдийг хүрчээ.
Үнэндээ, Монголд МАН-аас өөр нам "алга". 10-аад жилийн өмнө л Ардчилсан намынхныг “Өөрийн гэсэн толгойгүй, зориггүй, эрх мэдэлгүй” хэмээн том, жижиггүй муулж байсан. Жил ирэх тусам АН-ынхан нэг нэгээрээ, бүлэг бүлгээрээ МАН-д уусаж, гар, хөл нь болж, хэрэг төвөг, албан тушаалаа наймаалцсаар тэдний халааснаас гарахын аргагүй болчихсон гэх таамаг олны дунд байна. Хэрвээ АН өнгөрсөн 30 жилд хийгээгүй ажлаа, сөрөг хүчин байх үүргээ ирэх дөрвөн жилд хийхээр зоригтойхон эхлүүлсэн бол Монголын улс төр сонирхолтой болохыг зэрэгцээ иргэдийн амьдралд хэрэгтэй бодит өөрчлөлтүүд гарах байлаа. Харамсалтай нь, Л.Гантөмөр өөрийгөө намтайгаа хамт МАН-д “бэлэглэжээ”.
Монголд гуравдагч хөршийн бодлого чухал гэдэг шиг улс төрд гуравдагч хүчин үгүйлэгдэж байсан үед ХҮН нам гарч ирсэн. Тухайн үед УИХ-ын гишүүн, ХҮН намын дарга Т.Доржханд жинхэнэ “поп”-ын хаан болж, улс төрийн гол дүр шиг харагдах гэж хэрэндээ хичээсэн. Тийм учраас тэр явууртай, явуургүй хэд хэдэн удаагийн оролдлого хийж, МАН-ынхантай гар барилцах ая эвээ олохгүй хэсэг хий эргэсэн. Харин азаар ч юм уу, эвээр ч юм уу оносон түүний хамгийн чухал бай нь МАН-ынхныг “Нүүрсний гэгдэх 40 их наядын хулгайг чинь дэлгэнэ шүү” гэж айлгасан явдал юм. Тухайн үед түүний төрсөн ах Т.Лувсандорж нь нүүрсний хулгайн том төлөөлөлүүдийн нэг байсан хэдий ч аргаа олчихсон түүнд ахынх нь хэрэг үнэндээ асуудал байгаагүй. Харин тэр МАН-ынхныг айлгаж, сум тавьсныхаа хариуд намаа төдийгүй өөрийгөө улс төрөөс "таяг"-дуулчихгүй байх ам өчиг авч, МАН-ын халаасанд орчихоод одоо нүдэн балай, чихэн дүлий сууж байгаа.
Тэр нь ч хэн хэнд нь ашигтай байсан. Өөрөөр хэлбэл, МАН-ынхан ХҮН намыг АН шиг баруун солгойгүй ашиглаж, улс төр хийж байгаа. Үнэндээ, Т.Доржхандад улс төрийн сөрөг хүчин болохуйц нам удирдаж, ард түмний төлөө ажиллах сонирхол огтхон ч байхгүй. Зөвхөн Монголын улс төрд "амь зогоох" төдий хөөгдчихгүйхэн шиг байраа эзлэхийн тулд МАН-тай нэгдэж, хэлснийг нь гүйцэлдүүлж яваа “увайгүй” нэгэн. Тэгэхээр монголчууд ХҮН намаас тэр дундаа “жүжигчин” Т.Доржхандаас юу ч хүлээх хэрэггүй болсныг иргэд орон нутгийн сонгуулиар дахин мэдэрлээ. Уг нь, түүнд итгэх иргэдийн итгэл найдвар УИХ-ын сонгуулиар тасраагүй байсан. Тэр ч утгаараа Т.Доржханд олны хүчээр УИХ-ын гишүүн болж, бүр Шадар сайд болоод амжсан. Харин одоо иргэд, сонгогчдынхоо нүүрийг харах эрхгүй төрийн ордонд "амьгүй албат" болчихсон суугаа. Тиймээс монголчууд түүнийг улс төрөөс буюу МАН-ынхны халааснаас хэзээ, хэрхэн мултрахыг нь харж, хүлээхээс өөрөөр хийж бүтээхийг нь, улс төрийн сөрөг хүчин болохуйц нам удирдахыг нь лав хүлээлтгүй болжээ.
ЛИДЕРГҮЙ АРДЧИЛСАН НАМ |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |