• Өнөөдөр 2024-11-04

КОКСЖСОН ТҮЛШНИЙ ТУРШИЛТЫГ АЙЛД БИШ, ЛАБОРАТОРИД ХИЙ, Б.ЧОЙЖИЛСҮРЭН САЙД АА

2023-10-20,   1255

   АРД ИРГЭДЭЭ ТУРШИЛТЫН ТУУЛАЙ БОЛГОЖ, АЙЛГАХАА БОЛЬЁ, ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД АА

      Аргалдаг сайдаас монголчууд айж байна. Тэр үнэндээ "аргална" гэж хэлдэг ч аргалж чаддаггүй, дөн өвлийн хүйтнээр "Би чадахгүй юм байна" гээд хоёр гараа өргөөд зогсчихдог. Өнгөрсөн жил тэрбээр сайд болсон даруйдаа “Энэ өвөл хүйтэрэхийг үгүйсгэхгүй. Аргална даа” хэмээж иргэдийг шоконд оруулж байсан бол энэ жил “Коксжих түлшнийхээ туршилтыг айлуудад хийнэ” хэмээн айлгаад байгаа. Тэр дундаа түлшний туршилтаа Яармагт хийе, Дарханд хийе. Болохгүй бол Багануурт хийе гэсэн. Энэ нь тухайн дүүргийн иргэдийг "Та нар бол туршилтын туулайнууд шүү" хэмээн дорд үзэж, дээрэлхэж байгаатай ялгаагүй. Энэ жил иргэдийг дахин туршилтын түлшээр өвөлжүүлэх гэж байгаа Б.Чойжилсүрэн сайд та сайжруулсан нэртэй хортой түлшинд хэчнээн хүн үр хүүхдийнхээ хамт амиа алдсан болохыг мэдээгүй гэж үү. Мэдсэн ч дахин хэд нь хордож, хэд нь талийгаач болохыг харж, иргэдийн амиар туршилт хийж чадна гэж үү. 

Б.Чойжилсүрэн: 177 тэрбумаар Хятадаас хагас коксжих нүүрс авч туршилт хийнэ

     Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн өнгөрсөн наймдугаар сард “Утааны асуудал дахин нэг жилийн турш яригдах учир санхүүгийн хувьд Нийслэлээр бонд гаргуулж шийдээд дараа нь Сангийн яам, Нийслэл хоорондоо асуудлаа шийдэх болов уу гэж бодож байгаа. Ерөнхийдөө, сайжруулсан шахмал түлш нь өндөр алдагдалтай явж байгаа. Энэ асуудлыг шийдэх шаардлага үүссэн. Бид утааг бүрэн алга болгоно гэсэн гоё зүйл ярихгүй. Харин үүнийг багасгана гэж байгаа юм. Ингэхдээ БНХАУ-аас коксжих нүүрс оруулж ирж, туршилт хийнэ. Тодруулбал, ирэх арванхоёрдугаар сарын 1-нээс нэгдүгээр сарын 1 хүртэл туршилт хийнэ. 177 тэрбум төгрөгийн 30 орчим төгрөгөөр нь асаагч байна. Түүхий эдээ үйлдвэрлэнэ. Нэгэнт энэ жил үйлдвэр байхгүй учраас нэг тонн шахмал түлшний үнэ 1.5 сая төгрөгөөр импортлоно. 150-200 мянган төгрөгөөр бид нэг тонныг нь боловсруулна. Үүнийг би төгс шийдэл гэж үзэхгүй. Гэхдээ зүгээр байснаас оролдоод үзье гэсэн шийдвэр гарч байна.Сайжруулсан түлшинд хэрэглэж байгаа мидлингийг хагас коксоор сольж үйлдвэрлэнэ. Харин хагас коксыг БНХАУ-аас импортлох юм. Хагас коксжсон түлшийг хэрэглэснээр агаарын бохирдлыг өнөөгийн түвшнээс хоёр дахин бууруулна” гэх мэдээллийг өгсөн нь өөрөө асуудал, айдсыг дагуулж байгаа юм. Хэдэн хүнийг амийг авч, хэчнээн хүнийг угаартуулж, хэдэн айлын голомтыг самарсныхаа дараа тэр “Туршилт хийж болохгүй юм байна. Аргалж болохгүй юм байна” гээд буулт хийхийг таахын аргагүй. Ядаж туршилтаа шинжлэх ухааны үндэслэлтэй буюу лабораторид хийж болохгүй гэж үү. Туршилтаар иргэд олноороо хордож, амиа алдвал яах вэ, хэн хариуцлага хүлээх вэ. 

ТУРШИЛТЫН ТҮЛШИНД ИРГЭД ОЛНООРОО ХОРДОЖ, АМИА АЛДВАЛ Б.ЧОЙЖИЛСҮРЭН САЙД ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЖ ЧАДАХ УУ

      Сайжруулсан шахмал түлш түлэхээс хүртэл айдаг болчихсон хэчнээн иргэн нийслэлд амь зогоож байгаа гээч. Тэд амьд үлдэх азандаа итгээд л холдож үхэхгүй, хоосон хонохгүйн эрхэнд сайжруулсан шахмал түлшийг түлээд хонож байна. Гэвч харамсалтай нь эрүүл, саруул байсан хүүхдүүд, аав, ээжийнхээ хамт ганцхан шөнийн дотор зуурдаар амь алддаг олон жишээ бий. Өнгөрсөн есдүгээр сард 6-11 насны гурван хүүхэд 33 настай ээжтэйгээ угаартаж, амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Түүнээс хэдхэн сарын өмнө таван настай хүү, цэл залуухан залуу хос угаартаад нас барчихсан гашуун түүх бий. Ганцхан шөнийн дотор арван айлын 30 гаруй хүн угаартаж, 10 хүн амиа алдсан эмгэнэлтэй түүх бидэнд бий.

       Тодруулбал, өнгөрсөн тавдугаар сарын 31-нд Баянгол дүүргээс угаарын хийтэй холбоотой хоёр дуудлага бүртгэгдсэн байдаг. Баянгол дүүргийн 22 дугаар хорооны дугаар тоотод байрлах хоёр хүн угаартаж, эмнэлгийн байгууллагад хүргэгджээ. Мөн тус дүүргийн 21 дүгээр хорооноос нэг дуудлага ирсэн ч гэр бүлийн гурван хүн угаартаж, амиа алдсан байдалтай олдсон. Тодруулбал, таван настай хүү, 37 настай эрэгтэй, 33 настай эмэгтэй угаарын хийнд хордож, амьсгал хураасан байна. Талийгаач нарт эмнэлгийн тусламж үзүүлж чадаагүй бөгөөд амьсгал хурааснаас хойш ойролцоогоор 18 цагийн дараа олсон байлаа. Зэргэлдээх хороонд дөрвөн настай хүү угаартаж нас барж, арванхоёрдугаар ангийн охин ээжтэйгээ мөн л амиа алдсан байдаг. Энэ ердөө ганцхан өдрийн дуудлага. Ийм харамсалтайгаа иргэд ганцхан шөнийн дотор хэд хэдээрээ хордож, амиа алдаж байхад нэмэж коксжсон хэмээх түлшээр айлд туршилт хийхээр зүтгэж, гүрийж байгаа Эрчим хүчний сайд та юу бодож байна вэ. Тэдний амь, амьдралыг та хариуцаж, төлж чадах уу.

  Манай улсад он гарснаас хойш 1800 гаруй хүн сайжруулсан гэх шахмал түлшинд угаартаж, хордсон байна. Түүнээс 440 орчим бага насны хүүхэд гэх тоон мэдээлэл бий. Харин сүүлийн зургаан сарын дотор 50 хүн угаарын хийнд хордож,  амиа алдсан харамсалтай мэдээлэл байгаа юм. 

ИРГЭД: Б.ЧОЙЖИЛСҮРЭН САЙД ТҮЛШНИЙ ТУРШИЛТАА ГЭРТЭЭ ХИЙГЭЭРЭЙ

     Тэр “Коксжсон түлшний туршилтыг гэр хорооллын айлуудад хийнэ. Бүр болохгүй бол Багануур дүүргийн айлуудад хийсэн ч яах вэ” гэх хариуцлагагүй мэдэгдэл хийсэн. Түүнийг мэдэгдэл хийсэн даруйд иргэд өөрсдийн цахим хуудастаа эсэргүүцлээ илэрхийлж, бухимдсан. Зарим нь “Б.Чойжилсүрэн сайдыг 30 хоног гэрт хонуулж, түлшийг нь түлж үзэх хэрэгтэй. Туршилтаа өөрөөсөө буюу гэрээсээ эхлүүлэх хэрэгтэй. Түүнийхээ дараа иргэдийн гэрт туршилт хийе гэж ороорой” хэмээсэн байв. Хэрэв түлшний туршилтаа мэргэжлийн лабораторид туршиж, иргэдэд шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбарлаж чадахгүй байгаа бол иргэдийг дээрэлхэх биш туршилтаа гэрээсээ эхлэх нь зөв. Тэрбээр  “Би туршилт гэх үгнээс айхгүй байна” гэж “томорч” байсан. Том толгойтой сайдаа Засгийн газрын тэргүүн нь дийлдэггүй юм бол туршилтыг нь гэрээс нь эхлүүлэхийг үүрэгдээч.

 

 

 


КОКСЖСОН ТҮЛШНИЙ ТУРШИЛТЫГ АЙЛД БИШ, ЛАБОРАТОРИД ХИЙ, Б.ЧОЙЖИЛСҮРЭН САЙД АА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 6
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-22 21:44:40
    Mongol: Tyrshiltiig oor deer ni oorsdiinh etseg eh ah dvvd ni hiiwel hiie
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-20 11:14:33
    рот: шуналын хар тулам минь чи өөрөө гэр барьж гэр бүлээрээ түлш туршиж үз
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-20 11:06:55
    ард: Зайлаач шуналын тулам Алтан загасны үлгэр сайн уншдаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-20 10:37:27
    Hmm: Толгой тархи нь ажиллахгүй, энэ хүн ер нь сургууль төгссөн үү? Сайдын ажлаа болиооо… хурд групптээ амьдар.. бүтэхгүй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-20 08:37:26
    Миний нэр зочин гэвэл яаж байна зүгээр үү ?: Энэ хүн зайлуул ажлаа иргэдээр заалгахгүй бол ч хол явахгүй нь ээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-20 08:32:26
    55: Цахилгаан станц барьж үзээгүй компаниар 5 толгойн станц дээр Оюуэрдэнэ ,Чойжилсүрэн нарын сонгуулийн мөнгө хийх гэсэн санаа хэр хол явах бол...чимээ чагнавал бүрхэг л болж буй ...Эрдэнэбүрэнгийн УЦС ын ажлыг энэний гавъяа мэтээр захиалгаар бичүүлээд эхэлжээ
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188