• Өнөөдөр 2024-05-19

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн ХУУДУУ буюу хууль санаачлагчдын ЗАЛЬ

2021-10-09,   216

-Хуулийн төсөл өргөн мэдүүлсэн гишүүд нь хоёр талцаж, хуулийнхаа үзэл санаанд ч нэгдэж чадахгүй иргэдийг төөрөгдүүлж орхилоо-

           УИХ-ын пүрэв гарагийн чуулганы хуралдаанаар Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолд аюул дагуулах, үндэснийхээ халдашгүй дархан байдалд нөлөөлөх хуулийн төсөл хэлэлцсэн гэдэг маргаан олны дунд өрнөх болов. Угтаа бол УИХ-ын нэр бүхий дөрвөн гишүүний өргөн барьсан Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд хуудуутай заалт орж, гаднын иргэн Монгол Улсад давуу эрхтэй оршин суудаг болох нь гэдэг шүүмж олны дунд өрнөж байна.
 
          Дээрх хуулийн төслийг өнгөрсөн зургадугаар сард УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Х.Булгантуяа, П.Анужин, Д.Өнөрболор нар өргөн барьсан бөгөөд Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг сайжруулах, гаднын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор анх боловсруулсан гэдэг. Гэтэл хуулийн төсөл анх боловсруулсан зорилгоос хазайж, цөөн хэдэн хүний эрх ашигт нийцсэн, гаднын хөрөнгө оруулагч нарт давуу эрх олгосон, үндэсний халдашгүй дархан байдалд халдсан хууль болон өөрчлөгдчихлөө хэмээн олон нийтийг бухимдуулаад байгаа юм. Ингэхдээ хууль боловсруулагч гишүүд нь ч хуулийнхаа зүйл заалтыг өөрчлөгдсөн гэдгийг мэдээгүй, таниагүй явсан гэх. 
 

Уг нь дээрх хуулийн дөрөвхөн зүйл заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж, парламентаар хэлэлцүүлэхээр болсон. Харамсалтай нь, энэ шинэчилсэн дөрвөн заалт нь тэр чигтээ луйвар булхай орж, Монгол Улсыг гаднын иргэд худалдаж байгаагаас өөрцгүй, заалтуудыг тусгасан гэдэг шүүмжлэл байна.

 
Тодруулбал, Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн 12.1.6-т “гадаадын хөрөнгө оруулагч, түүний гэр бүл Монгол Улсад хувийн хэргээр оршин суух хүсэлт гаргасан тохиолдолд 50 мянган америк доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс дээш хөрөнгийг Монгол Улсад хөрөнгө оруулалт хийснийг үндэслэн оршин суух эрх олгох” гэсэн заалтыг тусгажээ. Яг энэ зүйл заалтыг хуульд тусгачихвал гаднын улсаас хэн дуртай нь монголд суурьшиж, дураараа дургих боломжтой болох юм байна.
Анх Хөрөнгө оруулалтын тухай хуулийг 1993 онд баталж, 2013 онд шинэчлэн найруулсан. Ингэхдээ Гадаадын компани Монгол Улсад бизнес эхлэхийн тулд “Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж” эсвэл “Төлөөлөгчийн газар” гэсэн статусын аль нэгийг сонгох хэрэгтэй болдог. Мөн гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн 25-аас доошгүй хувийг гадаадын компани эзэмшсэн байх ба 100 мянган ам.доллараас доошгүй хөрөнгө оруулалт хийсэн байх ёстой гэх босготой байв. Харин хууль санаачлагч гишүүдийн тайлбарлаж буйгаар 100 мянган ам.долларын хөрөнгө оруулалтын босго тавьсан нь гаднын хөрөнгө оруулагч нарын эрхийг хязгаарлаж, хэт өндөр шалгуур тавьсан. Үүнээс болж хөрөнгө оруулагч нарын тоо эрс буурсан. Тиймээс хууль өөрчлөлт оруулж, босго шалгуурыг багасгах шаардлагатай хэмээн үзсэн байна. 
 
           Харамсалтай нь, тэдний эл үйлдэл нь улс орныхоо эрх ашгийг гадны хөрөнгө оруулагч нар үнэгүй худалдсанаас ялгаагүй үйлдэл болов бололтой. Үүнийг нь учир мэдэх хүмүүс шүүмжилж, хуулийн төслийг эргэн харах шаардлагатайг сануулахтай зэрэгцэн хууль санаачлагч гишүүд өөрсдийн өргөн барьсан хуулийн төслөөсөө урваж, улаан нүүрээ цахим орчинд хамгаалах боллоо.
 

Хууль санаачилсан, өргөн барьсан гэж гарын үсгээ зурж, УИХ-ын даргатай хамт зургаа хүртэл татуулаад амжсан УИХ-ын гишүүн Д.Өнөрболор, П.Анужин нарын гишүүд уснаас хуурай гарах гэсэндээ тэр үү цахим орчинд яаруу, сандруу мэдэгдэл гаргаж, хуулийн төсөлд хуруу хөдөлгөөгүй гэдгээ илэрхийлж харагдсан.

 
 УИХ-ын гишүүн П.Анужин “Эх орон, Газар шороо, Тусгаар тогтнол, Эв нэгдэл, Үнэт зүйлийнхээ төлөө үхтэл зүтгэнэ. Зүтгэсээр ч ирсэн. Хууль боловсруулагч Х. Ганхуяг болон боловсруулалцсан гишүүд ээ. Улсын аюулгүй байдал, тусгаар тогтнол, газар нутаг, эв нэгдэл, үндэсний язгуур эрх ашгийг хөндсөн, ноцтой зүйл заалтыг бусад хууль санаачлагчтай огт зөвлөхгүй, нэг ч хуралдаж танилцуулалгүй сэм оруулж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх учир шалтгааныг явцуу, хөгийн, ядмаг байдлаар томъёолон оруулж ирсэн, “Хуулийн хулгай”-гаа эргүүлэн тат. Хуулийн өөрчлөлтийг дэмжих гарын үсэг зурахад эдгээр зүйл заалт чинь байгаагүй шүү. Тийм учраас би хулгай гэж хэлнэ.
 
Хөрөнгө оруулалтыг бодож буй шиг чинь яаран дааран мөнгө төгрөгний босго, оршин суух эрх ямбаар оролдож сэргээхгүй. Төрийн тогтвортой нээлттэй бодлого, авилгагүй засаг, импорт экспортын оновчтой зохицуулалт, шударга шүүх, эрх зүйн найдвартай орчныг бүрдүүлэх гээд жинхэнэ өөрчилж болох эрх уг нь чамд надад байсан. Харамсалтай нь чи, улсынхаа өнгө, хөгжлийг бодсон итгэлийг хөсөрдүүлж, ямар зүйл оруулах гэж буйгаа нэг ч хэлж хэлэлцэлгүй гэтэж мярайж, гэнэт оруулж ирлээ. Тийм ч учраас их хурлаар оруулж ирэхэд чинь миний бие саналаа өгөөгүй. Хэлэлцээд ч хэрэггүйг олон гишүүдэд уриалсан. Хуулийн өөрчлөлттэй холбоотой олны бухимдал дагуулаад буй зүйл заалтанд миний бие огт оролцоогүй, нэг үг, үсэг нэмээгүй гэдгээ чин шударгаар хэлье” хэмээн мэдэгдсэн.
 
Харин УИХ-ын гишүүн Д.Өнөрболор “Энэ хуулийн төслийг боловсруулах явцад санаачлагч гишүүдийн саналыг нэгтгэх нэг ч удаагийн хурал болоогүй. Тэр бүү хэл Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцүүлэх гэж байгааг нь ч би мэдээгүй. Тус хуулийн төсөлд миний санал, санаачилга огт тусаагүй.Ийм байхад тус хуулийг өргөн барьсан Х.Ганхуяг гишүүний санаатай үйлдэл гэж хардаж байна. Энэ хариуцлагагүй үйлдэлдээ тайлбар хийгээрэй. Огт оролцоогүй хуулийн төслөөс болж иргэдийнхээ өмнө үндэстний дайсан болж байгаадаа харамсаж байна. Цаашид энэ хуулийг засаж залруулахын төлөө, шаардлагатай бол буцаан татах санал гаргаж хүртэл ажиллана гэдгээ үүгээр мэдэгдье” хэмээсэн.
    Ийн хууль санаачилсан хоёр гишүүн өргөн мэдүүлсэн хуулийн төслөө “Бидэндтэй зөвлөлөдөөгүй, уулзаагүй, уншуулаагүй” хэмээн буруутгаж, олны шүүмжлэлээс өөрсдийгөө хацайлж эхэллээ. Гишүүдийн хуулийн төсөл өргөн мэдээлсэн гарын үсэг бүхий баримт нь олонд ил тод болсоор байтал хийсэн хэргээсээ бултаж, эх орончийн дүр үзүүлэх гэсэн мэт тэд өөрсдийн өргөн мэдүүлсэн хуулийн төслөөсөө нүүр буруулж эхлэв.
 
         Харин хуулийн төслийг УИХ-ын чуулганы хуралдаанд танилцуулсан, хуульд өөрчлөлт оруулахад толгойлон оролцсон гэх Х.Ганхуяг “Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлын асуудлыг хольж хутгаж, холбож, харлуулах гэж хичээж байгаа үйлдлүүд нөхөн сонгуулийн үр дүнд нөлөөлөх гэсэн өнгөцхөн явуулга байж болох ч ард иргэдэд бодит байдлаас гажуудуулсан мэдээлэл өгч, эдийн засгийн тусгаар тогтнол, улс орны хөгжлийг сааруулсан хор хөнөөл дагуулах байдлаар үргэлжлүүлж байгаад туйлын харамсалтай байна.
 
Монгол улс тусгаар тогтносон бүрэн эрхт байдлаа хамгаалах тусгай хууль эрх зүйн зохицуулалттай. Хөрөнгө оруулалтын хуульд дээрх өөрчлөлт орсноор аливаа хөрөнгө оруулагчид иргэншил олгох, оршин суух эрхийг шууд олгох эрх зүйн ямарч үндэслэлгүй гэдгийг онцолмоор байна” гэх тайлбарыг өгөөд буй.
 
       Хуулийн төсөл өргөн мэдүүлсэн гишүүд нь хоёр талцаж, хуулийнхаа үзэл санаанд ч нэгдэж чадахгүй иргэдийг төөрөгдүүлж орхилоо. Их хуралд ард түмнийг төлөөлж, олонхын эрх ашигт нийцсэн хууль өргөн мэдүүлэх, батлалцах үүрэг хүлээсэн гишүүд ийн өөрсдийн өргөн мэдүүлсэн хуулийн төслөө ч мэдэхгүй мэлзэж, маргаан үүсгэж, сошиалаар байлдаж сууцгаана. Бүхэл бүтэн тусгаар тогтносон улсын парламентад төр төлөөлж сууж буй гишүүд ийн хуулийнхаа учрыг олохгүй байгаа нь даанч ичмээр юм аа. 
 

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн ХУУДУУ буюу хууль санаачлагчдын ЗАЛЬ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188