• Өнөөдөр 2024-05-19

Г.ЗАНДАНШАТАРЫН ТАВАН БОДЛОГО

2021-10-06,   335

         УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганыг нээж үг хэлэх бүрдээ өнөөгийн улс төрийн өрнөлийг тодорхойлж, улмаар ард түмний бухимдал, засаг төрийг шүүмжилсэн олон нийтийн давлагааг намжаадаг боллоо. 
 
         Өнгөрсөн хаврын чуулганаар “Хүний эрхийг дээдэлсэн хууль бүрд хүний эрхийн асуудлыг шингээнэ” хэмээн мэдэгдсэн. Тухайн үед эрүүдэн шүүлттэй холбоотой асуудал дэгдэж, хүний эрхийн зөрчил нийгмийг бухимдуулж, суулт, өлсгөлөн өрнөж байсан цаг. УИХ-аар хүний эрхийг хамгаалах чиглэлийн хуулиудыг  баталж, шүүхийн хараат бус байдлыг хангах шинэчлэлийг хуульчлан эхлүүлсэн нь эдүгээ хэрэгжиж эхлээд байна. 
 
          Харин сүүлийн үед цар тахлын өвчлөлийн тоо эрс нэмэгдэж, хүний алтан амь олноор үрэгдэж байна. Мөн бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, шатахуун, түлшний хомсдолыг мэдэрч, Засгийн газартай тооцоо хийх хүсэл сонирхол их болов. Яг энэ цаг мөчид УИХ-ын даргын чуулганы нээлтэд хэлсэн үг монголын улс төр нийгмийг сэхээх  “амь тариа”  боллоо. Тэрбээр чуулганыг нээж үг хэлэхдээ эдийн засгийн шинэ сэргэлтийн үеийг эхлүүлэхийн тулд таван бодлогыг тодорхойлов. 
 
        УИХ-ын дарга чуулганы нээлтийн үеэр цар тахлын талаарх сэтгэл эмзэглэм тоо баримтыг чуулганы индрээс зарласан. Тэрбээр 1204 иргэн халдварын улмаас амиа алдсан талаар дурдаж, тэдний ар гэр, төрөл төрөгсдөд УИХ-ын өмнөөс гүн эмгэнэл илэрхийллээ.  Төрийн гурван өндөрлөгийн нэг, УИХ-ын даргын эмгэнэл хайртай хүмүүсээ аюулт тахлаар алдсан олонд хүрч, сэтгэл санааг нь бага ч болов тайтгаруулсан байгаасай.  Нөгөөтээгүүр цар тахалтай дасан зохиц хэмээн зөнд нь орхисон хэмээн бухимдаж буй олон нийтийн сэтгэлийг хөндлөө. 

Эдийн засгийн өсөлт удааширч, иргэдийн ахуй амьдралд хүндээр тусаж буй учраас Засгийн газар тогтвортой, тууштай ажиллах шаардлагатай.  УИХ дэмжиж ажиллана, харин төрийн сайд нараас хариуцлага нэхнэ гэж УИХ-ын дарга онцолсон нь Засгийн газраар оролдох, төрийг тогтворгүйжүүлэх оролдлогыг саарууллаа. 

Харин салбар хариуцсан сайд нар иргэдийнхээ төлөө чин сэтгэлтэй, хариуцлагатай байхыг анхааруулсан нь сайн хэрэг болов. Цөхөрсөн иргэд, туйлдсан эдийн засгийг сэргээх УИХ-ын даргын Шинэ сэргэлтийн бодлого гэж чухам юу юм бэ. 
 
       Төсвийн хөрөнгө оруулалтын зардлыг хянах, халамжаас хөдөлмөрт шилжих, хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, стандарт-чанар, өрсөлдөөнд суурилсан үйлчилгээг төр худалдан авах, төрийн албаны бүтцийг шинэчлэх нь шинэ сэргэлтийн хүрээнд хийх гол бодлого ажээ. 
 
       УИХ-аар хэлэлцэх хууль бүхэнд цар тахлын эдийн засгийн хүндрэлийг даван туулж гарах бодлого заавал орсон байх ёстой гэж УИХ-ын дарга онцолж байна. Тиймээс бизнес эрхлэгчдэд тун таатай хууль эрх зүйн орчин буй болгох мэдээ байна. Гол нь экспортыг дэмжиж, дотоодын үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг хуульчлан зохицуулахаар зорьжээ. Экспорт, импортоосоо давсан цагт эдийн засгийн хөгжил зөв голдиролдоо орж, улс орон хөгждөг жамтай. Тиймээс манайхан уул уурхай, ноос ноолуур гэх зэрэг валют олж ирдэг бүтээгдэхүүнээ эцсийн боловсруулалт хийж л  гаргадаг болмоор байна. УИХ-ын даргын эдийн засгаа дэмжих бодлогын цаад санаа нь энэ. Баялаг бүтээгчид, бизнес эрхлэгчидтэй уулзахдаа энэ талаарх гарц шийдлийг байнга эрэлхийлж, ярилцдаг хүн. Чуулганы нээлтэд хэлсэн үгийн тодорхой хэсэгт энэ талаарх бодлогоо тун оновчтой илэрхийлж чаджээ. 
 
      Тэрбээр мөн УИХ хуулийг бизнес эрхлэгчдийн нүдээр, татвар төлөгчдийн нүдээр, ажил олгогчийн нүдээр харж батална гэж амлалаа.  “Нүдээр харна” маш зөв зүйрлэл. Ертөнцийг тольдох мэлмийгээр  минь зүйрлэж байгаа учраас үнэхээр итгэл төрж байна. Өнөөдөр халамжид шивж, ажилгүйдэл, ядуурлын мананд умбаж буй монголчууд минь сэргэх цаг нь ирсэн шүү. Алийн болгон бусдаас гуйж, бусдаар өрөвдүүлж амьдрах  вэ дээ. Дэлхий нийтээр цар тахлын дараах хохирлыг амсаж, хандивлагч орнууд сайндаа л бидэнд вакцинаас өөрөөр  туслахааргүй болсныг харж байгаа биз дээ. 
      Ний нуугүй хэлэхэд эдийн засгийн шинэ сэргэлтийн энэ цагийг зүгээр өнгөрөөмөөргүй санагдав. Эртнээс бодож явсан бизнесээ эхлүүлэхээс эхлээд төрийн үйлчилгээний зарим нэг тендерт ороод үзмээр санагдлаа. Бүх тендер, зөвшөөрөл зэргийг авах гэсэн авлига, хээл хахуулын сүлжээг хуульчлан таслан зогсоож байгаа юм гэсэн. Бүгд цахим болж байгаа учраас шударга өрсөлдөөн буй болох цаг иржээ. Ийнхүү  энэ цаг үед шинэ бизнес эхлүүлэхээс эхлээд уруудсан доройтсон бизнесээ сэргээн аврах сайхан боломж нээгдэх нь гэсэн  хүлээлт нийгэмд үүслээ
 
Тиймээс амьдралд нийцсэн, асуудал шийдэж чадах хуулиуд гарвал уруудан доройтсон эдийн засаг өмнөхөөсөө илүү зөв бодлогоор сэргэнэ гэдгийг УИХ-ын даргын хэлсэн үгийн том мессеж байлаа. 
 
Г.Занданшатар цаг үеийн нөхцөл байдлыг соргогоор мэдэрч, гарах шийдлийн гаргалгаа сайтай нь олон зүйлээс харагддаг юм. 
  
       УИХ-ын чуулганы нээлтэд Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж үг хэллээ. Гэхдээ тэрбээр мод тарихын тулд зүгээр нэг уриалсангүй.  Тэр “Тэрбум мод, ногоон Монгол” үндэсний хөтөлбөрийг санаачилж байна.  Зүгээр нэг халамж авах бус мод тарьж халамжид хамрагдах, мод тарьж ялаа хөнгөрүүлэх, татварын хөнгөлөлтөд мод тарьж хамрагдах зэрэг жишээ санаа цухас дурдлаа. Маргааш нь түүний санал Ерөнхийлөгчийн зарлигаар баталгаажлаа. Улстөрд шинэ санаа, мессеж хаях, сэдэл өгөхдөө УИХ-ын дарга гарамгай. 
 
Мөн төрийн их өгөгдлийг бодлого, шийдвэртээ ашиглах засаглалын шинэчлэлийн нэг хэлбэрийг тэрбээр санаачлан ажиллаж байгаа. Тиймээс сайн засаглалын хөгжлийн төлөө УИХ энэ намрын чуулганаар ямар хуулиудыг  хэлэлцэн батлах вэ.
 

         Дэлхий нийтэд “шүгэл үлээх” хэмээн олон нийтийн эрх ашгийн төлөөх үйл ажиллагаа бий. Тиймээс нийтийн эрх ашгийн төлөө хууль хяналтын байгууллагад мэдээлэл өгсөн иргэний эрх ашгийг хамгаалах Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэлэлцэн батлахаар болж байна. Авлигын төсөөллийн индексийн судалгаагаар манай улс сүүлийн хоёр жил дараалан дөнгөж 35 оноо авсан. УИХ энэхүү индексийг 50 хүргэхийн тулд бодитой арга хэмжээ авна гэж байна. 

 
       Улстөрийн намуудын санхүүжилтийн тухай хуулийг энэ намрын чуулганаар хэлэлцэн батална. Энэ хуулийн төсөл улс төрийн намуудын эвлэрэл, ойлголцол, нөгөө талаар улс төрийн зориг эрмэлзэл шаардсан амаргүй хэлэлцүүлэг болох нь дамжиггүй.  УИХ-ын дарга Үндсэн хуулийн шинэчлэлийг хийсэн арга, туршлага, мэх мөн энэхүү хуулийг шинэчлэн батлахад их хэрэг болно. 
 
      УИХ дахь эрх баригч, сөрөг хүчнүүдийн арга эвийг хамгийн сайн олж, баздаг ухаан түүнд бий. Олонх болсон намынхаа гишүүдийн учрыг бас олох амаргүй ч  хууль боловсруулах шатанд бүх гишүүний оролцоог хангахыг ихэд чухалчилдаг. Энэ хуулийн төсөлд тэр тэр гишүүд ажиллаж байна хэмээн хэлсэн үгэндээ нэр усаар нь зарлаж буй нь УИХ-ын даргын  баримталдаг адил тэгш байх зарчим, оролцоог хангах бодлогын илэрхийлэл юм. 
 
      Өмнөх парламент Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийсэн. Энэ парламент  түүнийг амилуулах эрх зүйн хувьсгалыг эхлүүлээд байгаа. Энэ удаагийн чуулган шүүх эрх мэдлийн эрх зүйн үндсийг боловсронгуй болгохын тулд Зөрчлийн тухай, Шүүх байгуулах тухай, Эвлэрүүлэн зуучлалын тухай зэрэг хуулиудад шинэчлэл хийж, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг бүрэн амилуулах зорилгодоо хүрэх алхамдаа тун ойртож байна.
       Боловсролын багц хуулийн шинэчлэл энэ удаагийн УИХ-ын чухал зорилтуудын нэг. Ном уншихын чухлыг уриалахаас эхлээд боловсролын салбараас ажил амьдралын гараагаа эхэлсэн, боловсрол шүтэж, үргэлж суралцдаг хүний хувьд боловсролын шинэчлэлд далайцтай хандаж байна. Боловсролын шинэчлэлийн зургаан багц хуулийн төсөлд 30 гаруй УИХ-ын гишүүд ажиллаж байна. Монголын парламентын түүхэнд нэг багц хуулийн төсөлд ийм олон ажлын хэсэг, гишүүн ажиллаж байсангүй. Одоо  20 гаруй удаагийн хуулийн хэлэлцүүлгүүдийг төлөвлөөд байна. Боловсролын салбарын шинэчлэлийг УИХ-ын дарга бүх нийтийн үйлс хэмээн тодорхойлж байгаа. 
 
      Монгол Улс ардчилалд шилжсэнээс хойших долоо, найм дахь парламентыг даргалж буй Г.Занданшатарын дэвшүүлж буй эдийн засгийн шинэ сэргэлтийн бодлогын хэрэгжилт, цар тахлыг даван туулах бодлого, засаглалыг чадавхыг бэхжүүлэх үйл ажиллагаа, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг амилуулах зорилго, боловсролын шинэчлэл нь эрх баригч хүчний ард түмэндээ амласан амлалтын ноён нуруу биз ээ.
 

Г.ЗАНДАНШАТАРЫН ТАВАН БОДЛОГО
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188