• Өнөөдөр 2024-04-27

С.Чулуун: Б.Энхбаяр гишүүн ээ, та хуулийн төслөө буруу ойлгосон байна

2020-10-08,   728

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ. 


Тус хуулийн төслийг Соёлын сайд С.Чулуун “Монгол киног дэлхийн зах зээлд өрсөлдүүлэх, кино үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх, кино урлагийн салбарыг эдийн засгийн хөгжилтэй уялдуулан хөгжүүлэх эрх зүйн орчин бий болгох зорилгоор тус хуулийн төслийг боловсруулсан. Төрөөс кино урлагийг хөгжүүлэх талаар бодлогын чиглэл, зарчмыг тодорхойлох, кино урлагийн мэдээллийн сан бүрдүүлэх, кино урлагийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх асуудлыг зохицуулахаар тусгасан” хэмээн танилцуулав. 


Хуулийн төсөлтэй холбоотой гишүүд асуулт асууж, хариулт авлаа 


УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:
Зайлшгүй анхаарах ёстой асуудлын нэг нь кино урлаг. Залуучууд хүмүүжлээ өвөө, эмээгээсээ авдаг байсан бол одоо солонгос киногоор залуу үеэ хүмүүждэг болсон. Иймээс кино урлагт мөнгө зарцуулах асуудлаар хожимдсон ч гэсэн хэлэлцэж байгаа нь зөв. Шашин, урлаг бол хүнийг зөв хүмүүжүүлэхэд чухал нөлөөтэй. Энэ бүхнээ бид 1990 оноос хойш орхигдуулсан. Мөнгийг чухалчлах биш хүнээ хөгжүүлье гэвэл мөнгө хаях хэрэгтэй. Эх орондоо хийж бүтээх ёстой залуучууд нь гадаад явчихсан. Үлдсэн нь эндээ хэрэлдэж, сошиалд амьдарч байна. Ухаарлыг тайз, дэлгэцээс авах ёстой. Бид хангалттай төсөл хөтөлбөр гаргасан ч харамсалтай нь хэрэгждэггүй. Тэгэхээр энэ хууль бодитоор хэрэгжиж чадах уу. Цаас болж ширээн дээр үлдэх вий.


Соёлын сайд С.Чулуун: 
Үнэ цэнэтэй монгол хүнийг бий болгоход энэ хууль түлхэц болно. Олон төсөл баталсан ч санхүүжилт байдаггүй. Энэ хууль батлагдсанаар кино урлагтийг дэмжих сангаас төр тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлэхээс гадна бусад хэлбэрээр сангаа аривжуулах хэрэгтэй. Сангийн мөнгө зээлийн хэлбэрээр олгогдоно. Бага хүүтэй нөхцөлөөр эргэх холбоотой ажиллана. Гадаад контентуудыг хязгаарлаж, 50 хүртэлх хувь нь үндэсний контент байна гэж Соёлын тухай хуульд тусгагдсан. 


 УИХ-ын гишүүн Д.Ганбат: 
Энэ хуулийн төслийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзэж байна. Оронд нь сонгодог урлагаа дэмжмээр байна. Хүнд хэцүү цагт байгуулагдсан танай яам ямар чиглэл, бодлоготой ажиллаж байна вэ. Урлагийн олон төрлөөс кино урлагийг онцлож, татвар төлөгчдийн мөнгөөр дэмжих нь хэр зохистой юм бэ. Үзэл суртлын машин болох юм биш биз. Балет, дуурийн салбарын залуус дэлхийн тавцанд амжилттай явж байна. Энэ чиглэлд анхаарах нь илүү үр дүнтэй юм бишүү. Урлагт дэмжвэл дэмжмээр олон салбар байна.  Хаалттай нийгэм рүү явах юм биш биз. Кино урлагийг дэмжих 10 тэрбум төгрөгөө хэн гэдэг, ямар хүнд өгөх юм бэ. Хэн рүү чиглэгдсэн бодлого вэ.
 

Соёлын сайд С.Чулуун:
Энэ хууль маш олон жил яригдсан. Дэлхийн бүх улс орон, ямар дэглэм системтэйгээсээ үл хамаарч өөрийн  кино урлагийг зохицуулах хуультай байдаг. Бүс нутагтаа хуульгүй ганц улс нь манайх байх. Соёлын салбарт ангилж, ялгасан, эрэмбэлсэн зүйл байхгүй. Бид бүх чиглэлд тодорхой бодлого байр суурь, гарах үр дүнтэй ажиллаж байгаа. Энэ утгаараа гурван хууль өргөн барьсан.
 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:
“Монгол Улсын тусгаар тогтнол, түүх соёлыг мушгин гуйвуулсан чиглэлээр зураг авалт хийхийг хязгаарлаж, түүх соёлоо сурталчилсан киног монголын төрөөс бодлогоор дэмжинэ” гэж оруулсныг дэмжиж байна. Харин бусад асуудлыг бол дэмжихгүй. Тухайлбал, “Соёлын яамны зөвшөөрөлгүй зураг авалт Монгол Улсад хийхийг хориглоно” гэсэн байна. Зураг авалт  зөвшөөрөлгүй хийвэл хувь хүнийг нэг сая төгрөгөөр, хуулийн этгээдийг таван сая төгрөгөөр торгоно” гэж заасан байна.  Кино үйлдвэрлэх зөвшөөрлийг нь Соёлын яам өгөх юм байна гэж ойлголоо. Ингэж болох уу. С.Чулуун сайд бүх талын мэдрэмжтэй хүн байж чадахгүй. Зөвшөөрөл өгдөг болсноор кино урлагийг хөгжүүлнэ гэж байхгүй. Та кинонд зөвшөөрөл өгч яах гэсэн юм бэ.
 

Соёлын сайд С.Чулуун:
Та хуулийн төслөө буруу ойлгосон байна. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр гадаадын хуулийн этгээд зураг авалт хийхдээ зөвшөөрөл авна. Түүнээс биш Монгол иргэнд хамаарахгүй. Манай улсын иргэн Хятдад очоод киноны зураг авалт хийх ямар ч боломжгүй. Төр улс нь хянаж байдаг. Монгол Улсын иргэн Монголын нутаг дэвсгэртээ кино хийхдээ надаас зөвшөөрөл авахгүй. Кино урлагийг дэмжих хуулийг эрхзүйн зохицуулалтыг нь гаргаад өгчихвөл болно гэдгийг бүгд хэлж байгаа.

Ташрамд дурдахад, тус хуулийн төслийг дагалдуулан Соёлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Засгийн газрын тусгай сангийн тухай хууль, Улсын тэмдэгтийн тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг өргөн барьжээ.


С.Чулуун: Б.Энхбаяр гишүүн ээ, та хуулийн төслөө буруу ойлгосон байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-08 15:52:03
    Ганаа: Циркээ ярьлдаа. Бага байхад цирк шиг гоё зүйл байхгүй байжээ. Одоо энэ бөх нэртэй хөлс үнэртүүлсэн амьтад л эзэн суугаад хашаа бариад түрээсийн баахан юм оруулаад л мөнгө олж байна. Ганц байдаг циркээ аварцгаая
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-08 15:52:02
    Ганаа: Циркээ ярьлдаа. Бага байхад цирк шиг гоё зүйл байхгүй байжээ. Одоо энэ бөх нэртэй хөлс үнэртүүлсэн амьтад л эзэн суугаад хашаа бариад түрээсийн баахан юм оруулаад л мөнгө олж байна. Ганц байдаг циркээ аварцгаая
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188