• Өнөөдөр 2024-05-04

Г.ТУЯА: ААВ МИНЬ ӨРНӨДИЙГ ЗОРЬСОН СУРАГЧДЫН НЭГ, ЭЭЖ МИНЬ Б.ЛОСОЛ САЙДЫН ЭХНЭР ГЭДГЭЭРЭЭ ХЭЛМЭГДЭЖ, ЦААЗЫН ДЭЭД ЯЛ СОНССОН ХҮНД АМЬДРАЛ ХҮҮХДҮҮДИЙГ НЬ Ч ТОЙРООГҮЙ

2024-04-27,   1637

-ДИЛАВ ХУТАГТ ЖАМСРАНЖАВЫН НУУЦ ОХИНЫ ТҮҮХ-

        1934 оны үед том алаг нүд, тайрмал үстэй, өндөр нуруутай, харсан хүн нүд алдам, сэргэлэн цовоо бүсгүй Дотоод явдлын яамны дэд сайд Б.Лосолын эхнэр болон Ерөнхий сайд А.Амарын хажуугийн байшинд буюу одоогийн Чин Ван Ханддоржийн өргөөнд суух болсон гэдэг.

       Түүнийг Данзангийн Намжмаа гэнэ. 21 настай залуухан бүсгүй Дорнод аймагт хоршооны бичээчээр ажиллаж байхдаа өөрөөсөө олон ах Дорнод аймгийн дотоодыг хамгаалах хэлтсийн дарга Б.Лосолтой танилцаж, эхнэр нь болсон нь энэ ажээ. Б.Лосол тухайн үеийн Дотоод явдлын яамны дэд сайд болсноор хамтдаа Улаанбаатарт ирсэн байна. Залуухан бүсгүй дэд сайдын эхнэр болсон гэдгээр хэлмэгдэгдүүлэлтийн хар өдрүүдийг биеэр туулж, ялын дээд хэмжээг сонсож зогссон хүндхэн хувь тавиланг туулсан. Тэр байтугай төрсөн эцэг, эхийнхээ талаар мэдэх, ярих эрхгүй амаргүй хувь тавиланг насаараа туулсан гунигт түүхтэй нэгэн гэдэг. Түүний нэрийг түүхэн ном, хэвлэлд Данзангийн Намжилмаа хэмээн бичсэн нь бий. Үнэндээ түүнийг Дилав хутагт Жамсран жавын Намжмаа  гэдэг юм байна.

     Энэ тухай түүний бага охин Гомбын Туяатай ийн дурслаа. Тэрбээр “Түүхэн ном, хэвлэлд миний ээжийг 1913, 1916 онд төрсөн гэж янз бүрээр бичсэн нь бий. Миний ээж Д.Намжмаа 1913 онд төрсөн, Дилав хутагт Жамсранжав хэмээн алдаршсан түүхэн хүний хүүхэд юм билээ. Монгол Улсыг НҮБ-д элсэхэд түүхэн үүрэг гүйцэтгэсэн хутагтын хүүхэд гэсэн үг. Тухайн үед өндөр хэргэм зэрэгтэй лам хүн эхнэр авдаггүй хуультай байсан. Гэвч Дилав хутагт Жамсранжав 1930-аад оны үед нэг сайхан бүсгүйтэй уулзаж байгаад охинтой болчихсон нь манай ээж байжээ. Охиноо найман нас хүртэл нь өөр дээрээ өсгөж байгаад тусгай даалгавараар АНУ-ыг зорих болсон юм билээ. Тэрээр найман настай охиноо Х.Чойбалсан, Б.Лосол, А.Амар сайд тэргүүтэй тэр үеийн мундаг хүмүүст захиж үлдээсэн шиг байгаа юм. Тэд “Ганц  хүүхдийг нь харж хандаж байна. Хамгийн сайн итгэж болох хүндээ үлдээгээрэй” гэсэн гэнэ лээ. Ингээд охиноо Егүзэр хутагтад үлдээсэн ч түүнийг баривчилсан байдаг. Тухайн үед Егүзэр хутагт өөрийнх нь гэр орныг хардаг, хүүхэдгүй малчин хоёр хөгшинд захиж үлдээснээр ээжийг Данзангийн  Намжмаа гэж нэрлээд, өргөж авсан эцэг, эх нь өөрийн охин шиг өсгөх болсон юм билээ. Намжмаа гэдэг нь хүүхдийн ном гэсэн утгатай нэр. Гэвч сүүлд нэрийг нь Намжилмаа болгоод биччихсэн гэдэг юм. Ингэж миний ээж Б.Лосол сайдын гэргий болж, Улаанбаатар хотод суух болсон. Б.Лосол сайд өөрөөс нь олон ах. Тиймдээ ч ээжийг ажил хийлгэхгүй, хүссэнийг нь авч өгөөд дураар нь байлгадаг байсан гэдэг. Хожим би бодохоор тухайн үеийн мундагчууд ээжийг хамгаалахын тулд Б.Лосол сайдтай гэр бүл болгож, хажуудаа харж хандсан ч байж магадгүй. Тэд дундаасаа хүүхэдгүй. 

УЛС ТӨРИЙН ИХ ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ ӨРТӨЖ, ЦААЗЫН ЯЛААС АМЬД ҮЛДСЭН НЬ

       Хөдөөгийн бор охин нийслэлд ирснээс хойш хотын хүүхнүүдийн тэр бүр  өмсөөд байдаггүй торго, дурдан, үнэтэй ээмэг бөгжөөр гоёж, “Шилэн форд” машин хөлөглөн Ленин клубын бүжгэнд очдог байжээ. Б.Лосол сайд залуухан эхнэрээ Ленин клубын гадна хүргэж өгчихөөд өөрөө машин дотроо хүлээж сууна.

                 Ленин клубт тухайн үед Өрнөдөд суралцаж ирсэн залуус бүжгэнд ордог байсны нэг нь “Герман” гэх хочтой Б.Гомбо байлаа. Өрнөдийг зорьсон анхны 35 сурагийн нэг нь. Б.Гомбо үеийн сайхан бүсгүйг онцолж харсан ч сайдын эхнэртэй харилцаж чадахгүй, бишүүрхэнэ. Харин тэр үед Б.Лосол сайд “Миний эхнэртэй бүжиглэж байгаарай” хэмээн үнэн сэтгэлээсээ захисан гэдэг. Ингээд Д.Намжмаа Б.Гомбо нар Ленин клубт эргэлдэн бүжиглэж, харцаараа “ярилцдаг” эчнээ танилууд болсон аж. Бүжиг тараад Б.Гомбо бүсгүйг машинд нь хүргэж өгөхөд Б.Лосол гуай хүлээж л суудаг сан хэмээн дурссан байдаг.

      1938 онд хэлмэгдүүлэлтийн хар шуурга Б.Лосолын гэр бүлийг дайрч харанхуй өдрүүдийн гунигт түүх эхэлсэн гэнэ лээ. Улс төр хэцүүдэж байгааг гадарлаж байсан бололтой Б.Лосол сайд хэдэн өдөр гундуухан царайтай, санаа алдаж явсаар Д.Намжмаагийн ээжид мянган төгрөг, мөнгөн аягатай өгөөд “Та ядарвал үүнийг хэрэглээрэй” хэмээн захиж үлдээжээ. Ингээд арванхоёрдугаар сард өглөө ажилдаа явсан Б.Лосол сайд хар “нүхэнд” хоригдож, жадтай буунд чичлэгдэн, улс төрийн "эсэргүү" болж, ачигдаж явснаар дахиж гэртээ ирэлгүй нартаас буцсан түүхтэй.

        Түүний эхнэр Б.Намжмааг Дотоод явдлын яамны хашаан доторх хар гэрт хэсэг эмэгтэйчүүдийн хамт хорьсны дунд бие давхар эмэгтэй ч байлаа. Тэр үеийн үнэтэй торго дурднаар гоёсон хүүхнүүдийн өнгөтэй гэсэн болгоныг нь хурааж, чихэн дэх ээмгийг нь хүртэл суга татан авчээ.

     Хийгээгүй хэргийнхээ төлөө хилс хэрэгт гүтгэгдэж, хар гэрт хоригдсон эмэгтэйчүүд хачин уйтай. Хар гэрийн дотроос хоригдож байгаа нөхрүүдийнх нь эрүүдэн шүүгдэж байсан дуу ч сонсогдох шиг болдог байсан гэдэг. Тэр дундаас дэд сайд асан Б.Лосолын бөгшүүлэн ханих дуу ч Д.Намжмаад тод сонсогдоно. Гэвч хилс хэрэгт гүтгэгдэн улс төрийн “эсэргүү” гэх нэр зүүсэн тэр өдрөөс хойш биенээ хараагүй юм гэнэ лээ, тэд.

     Өсгөсөн ганц охиныг нь улс төрийн “эсэргүү”-гийн эхнэр хэмээн цоллож, жадтай буу тулган авч явахыг нь харсан хөөрхий Намжмаагийн ээж сэтгэлээр унаж, зүрх нь хаагдчихсан гэдэг. Тэр үед охин нь 25-хан настай байлаа. Хар гэрт эмэгтэйчүүдийг залхаан цээрлүүлсэн аятай хорьж, нэг удаа байцаахад нь Д.Намжмаа Ардын уран зохиолч Цэндийн Дамдинсүрэн гуайтай таарчээ. Энэ талаар түүний охин Г.Туяа “Тухайн үед Ц.Дамдинсүрэн гуай мөн хэлмэгдэж, хоригдож байсан юм билээ. Ингээд ээжтэй таарахдаа “Намжмаа чиний бие зүгээр үү” хэмээн алсаас биенээ танин орилоод “Та нар наад эсгийгээ ур, бидэнтэй адил цемент дээр хоригдож байгаа биш. Агаар амьсгал” гээд хашгирчээ. Гэтэл жадтай буу тулгасан харгалзагч нар нь түүнийг чирээд аваад явсан гэдэг. Дараа нь ээжийг гэрт хоригдож байгааг мэдсэн Ц.Дамдинсүрэн гуай “Намжмаа” гэж дуудаад өөртөө байгаа тамхиа гэрийн ойролцоо шидчихээд явсан гэсэн. Ээж ямар тамхи татах биш өөртөө байгаа зүйлээ өгч байгаа нь тэр юм байлгүй хөөрхий гэж өрөвдөөд гэрийн хаяагаар гараа явуулж, зүтгэсээр байж тамхийг нь авч хадгалсан юм гэсэн. Тэр үед өрнөдөөс ирсэн сурагчдыг бүгдийг нь хорьж, гаднын тагнуул хэмээн цоллож, эрүүдэн шүүсний дотор “Германы тагнуул” хэмээн аавыг минь ч бас хорьсон байжээ. Тухайн үед өрнөдөд сурсан сурагчид анхны шинэ жилээ тэмдэглэж байхад нь барьж хорьсон юм билээ. 

      Ингээд ээж хашаан дотор явж байхдаа аавтай таарч, нөгөөх тамхиа аав руу шидсэн гэнэ лээ. Хөөрхий аав минь "Ээжийн өгсөн тамхийг авах гэж тонгойхдоо жадтай буунд хөл рүүгээ хатгуулж, том гэгч нь сорвитой үлдсэн" хэмээн хожим ярьдаг байв. Хэдий өвдөж, шаналж байсан ч ээжийн өгсөн тамхийг аваад сэтгэл нь амарч уужирсан биз ээ” хэмээв.

       1939 оны нэгдүгээр сарын 16-нд Д.Намжмааг баривчлан найман сар хорьсны дараа Ардын сайд нарын Ерөнхий сайд, Ерөнхий сайдын I орлогч нарын хамтарсан онц хурлаар  томилогдсон Онцгой бүрэн эрхт комиссын I хурлын тогтоолоор ээжид ялын дээд хэмжээ буюу цаазын ял уншсан гэдэг. Тэр үед авааль нөхөр Б.Лосол, тэр үеийн Ерөнхий сайд А.Амар тэргүүтэй улс төрийн зүтгэлтнүүдийг хойно аваачиж буудан хороосон байв. Харин Б.Лосол сайд баривчлагдахынхаа өмнө “Эхнэрийг минь л хамгаалаарай” хэмээн захисан байна. Ийн жадтай бууны хараан дор цаазын ял сонссон Д.Намжмааг Х.Чойбалсан тэргүүтэй хэсэг томчууд арайхийн суллажээ. Цаазын ялаас амьд гарсан эмэгтэйг гэртээ харихад нь эр нөхөр нь, ээж нь үгүй болж, хөгшин аав нь орох оронгүй, оочих аягагүй зутруухан сууж байжээ. Ингээд гэрт нь зарцлагдаж байсан хятад тогооч эр түүнийг аавтайгаа нутаг буцахад нь туслаж, Дорнод аймагт очжээ.

ӨРНӨДИЙГ ЗОРЬСОН АНХНЫ СУРАГЧДЫН НЭГ Б.ГОМБОТОЙ ГЭР БҮЛ БОЛСОН НЬ

      Түүний араас Өрнөдийн сурагч гэх  Б.Гомбо 1940 онд улс төрийн хэрэгт холбогдолгүй болох нь тогтоогдож суллагджээ. Энэ талаар түүний бага охин Г.Туяа “Аав минь шоронгоос гарсныхаа дараа ээжийг хайсан гэдэг. Миний аав хилс хэрэгт гүтгэгдэж, гурван удаа хоригдсон, сэхээтэн хүн байлаа. 1909 онд төрсөн мөн л тайж угсааны хүн. Одоогийн Архангай аймгийн Жаргалант суманд төрсөн “Эрхэм гүн” Б.Сүнгээ гэдэг хүний бага хүү. Аав минь өрнөдөд сургах хүүхдүүдийг шалгаруулж авахад нь тэнцсэн. Бас л удам угсаагаа нууж, Бадрахын Гомбо болгож овог нэрээ өөрчлөөд Герман Улсад сурахаар явж байсан анхны сурагчдын нэг. Аав минь хоёр ах, нэг эгчтэй. Тэндтэй хамт 35 сурагч явсан гэдэг ч анх 27 сурагч явсан.  Тухайн үед явсан Баваасан гуай аавын үеэл ах байсан юм билээ. Их зохиолч Д.Нацагдорж нарын хэдэн сурагч араас нь явсан гэж ярьдаг юм” хэмээн ярив.

        Эх орондоо соёлын үрийг цэцэглүүлэхээр эхийнхээ өврөөс ч холдож үзээгүй шахам 35 хүүхэд өрнөдийг зорьсон түүхийг мэдэхгүй хүн гэж ховор.  Түүний нэг нь хожим "герман" Гомбо гэж алдаршсан Бадрахын Гомбо байлаа.

    Б.Туяаг гуай үргэлжүүлэн “Аав минь Германд сурч байхдаа сурлага хөдөлмөрөөрөө бусдыг манлайлсан шилдэг сурагчдын нэг байв. Тэр үед төрийн бодлогоор өрнөдөд сургахаар явуулсан сурагчдыг тухайн улсын үйлдвэрийн дарга нарт хариуцуулан гэрт нь байлгаж, эх орондоо өрнөдийн соёлын үрийг түгээх даалгавартай явуулж байсан юм. Тусгаар тогтносон Монгол Улсын сэхээтнүүдийг бэлдэж байгаа гээд германчууд их хичээсэн юм билээ. Улсынхаа шилдэг багш нараар хичээл заалгана. Аав герман, орос, англи хэлтэй. Аавд олимпын хүрэл медальтай хүн биеийн тамир ордог байсан гэдэг. Аав минь их хурдан гүйдэг хүүхэд байсан болохоор Германд сурч байхдаа муж, хотуудын ойрын зайн гүйлтийн тэмцээнд сургуулиасаа түрүүлжээ. Ингээд Австрид болсон оюутан залуучуудын олимпод Герман Улсыг төлөөлөн оролцсон анхны монгол сурагч болж, алт, мөнгөн медальтай ирж байсан юм билээ. Өрнөдийг зорьсон сурагчдын түүх их өрөвдмөөр. 14-19 насны балчирхан хүүхдүүд харь улсад суралцаад сургуулиа төгсөж чадалгүй буцаад дуудагдсан. Аав Н.Наваан-Юндэн гуай хоёр эмчээр сурсан юм билээ. Гэвч аавыг минь нэг ч удаа эзэмшсэн мэргэжлээр нь ажиллуулаагүй, До яамны хараанд байлгасаар насаа илээсэн дээ. Аав гурван удаа хэлмэгдэж шоронд хоригдсоныхоо дараа 1940 онд сулласан. Суллагдсныхаа дараа ээжийг удаан хайсан гэдэг. Х.Чойбалсан гуайн хоёр дахь эхнэр Б.Гүндэгмаа гуай манай ээж хоёр найзууд байсан юм. Ингээд Б.Гүндэгмаа гуай аавд ээжийг хөдөө байгааг нь дуулгажээ.

       1942 онд аав Дорнод аймагт барилгын трестийн даргаар томилогдон ээж дээр очсон байгаа юм. Дорнодод очсныхоо дараа бие нь өвдөж, удалгүй Улаанбаатар хотод ээжтэй хамт ирсэн гэсэн” хэмээн дурслаа.

МИНИЙ ААВ “ЦОГТ ТАЙЖ” КИНОНЫ МОНГОЛ НАЙРУУЛАГЧ

Д.Намжмаагийн нөхөр Б.Лосол амьд сэрүүн ахуйдаа Б.Гомбод эхнэрээ даатгасан ч байж мэдэх юм. Энэ тухай түүний охин Б.Туяа “1942 онд ээж, аав хоёр Улаанбаатарт ирж, аав Монгол кино үйлдвэрт ажилласан. Герман, англи, орос хэлтэй учраас аавыг “Цогт тайж” киноны монгол найруулагчаар ажиллуулахаар болжээ. Киноны дүрүүдийг сонгохоос эхлээд, жүжигчдэд ямар үг хэлэх, цээжлүүлэхийг бүгдийг нь аав чиглүүлсэн юм билээ. Тулаантай олны хэсэгт аав минь хуяг дуулга өмсөөд тоглосон зураг бий. Харамсалтай нь, аавын минь нэрийг хасчихсан. Миний аав шулуун шударга зантай хүн байсан. “Сүхбаатар” киноны үеэр Д.Сүхбаатар жанжны дүрд монгол хүн дүр бүтээж чадна гэж тас зөрснөөс болж орос зөвлөхүүдийн дургүйг хүргэчихсэн гэдэг. Ингээд германд сурсан гэж хилс хэрэгт гүтгэгдсэн аавын минь нэрийг “Цогт тайж” киноны нэрсээс хасчихсан юм билээ. Кино дэлгэцэнд гарсны дараа хүмүүс шагнуулахад аавд минь шагнал ирээгүй. Ингээд кино багийн зарим уран бүтээлч шагналд авсан дээлийн даавуу, мөнгөнөөс аавд авчирч өгөхөд нь нулимс унаган баярлаж байгаагаа хэлээд шагналыг нь буцааж байсан гэдэг. “Цогт тайж” киноны монгол талын найруулагч нь маргаангүй миний аав. Аав минь “Цогт тайж”-аас гадна олон монгол баримтад кинонд ажилласан.

       Аав, ээж хоёр минь хамт амьдраад дөрвөн хүүхэдтэй болсны хамгийн бага нь би. Ээж минь хожуу 30 нэлээд гарсан хойноо анхны хүүхдээ төрүүлж, би 50 гарсан хойно нь гарсан юм. Миний аав зурдаг бичдэг төрөл бүрийн авьяастай хүн байсан. Дотоод явдлын яамны ажилтны дүрэмт хувцасны анхны таних тэмдгүүдийг миний аав гаргаж байсан юм. Өрнөдийн соёлд суралцсан учраас хоолны ширээний ард хэрхэн цэгцтэй суухыг үлгэрлэнэ. Халбага, сэрээ хутгаа зөв барихаас эхлээд бугуйгаа ширээнээс урагшаа гаргахгүй гэх өрнөдийн соёлыг хүртэл заана. Ээж сэхээтэн хүний эхнэр байсан учраас тухайн үеийн орос, хятад тогооч нарын хийдэг хоолыг сурсан байсан.

      Манайх Улаанбаатар хотын уугуул иргэдийн нэг болж байлаа. Биднийг I сургуулийн ойролцоо явахаар хүүхдүүд “эсэргүү”-гийн хүүхэд гээд чулуу шидэж, шороо цацаад ад шоо үзнэ. Ингээд намайг найман настай I ангид орох жил тухайн үеийн Төмөр замын дарга Ч.Дорж гуайн орос эхнэр “Ийм “алтан толгой”-той хүүхдүүдийг сургуульд авна” гээд биднийг сургасан юм. Цаг үе арай дээрдэж, аав Төмөр замд даргаар ажилласан. Ингээд аавыг ОХУ-д суух Элчин сайдаар томилсон юм. Тухайн үед манайх Их дэлгүүрийн ард гурван өрөө байр, төмөр замд хоёр өрөө байртай байлаа. Хотын төвд баригдсан шинэ байруудад манайх амьдарч үзсэн дээ. Ингээд Орос явахдаа эзэмшлийн орон сууцуудаа улсад хүлээлгэж өгсөн. Долоон жилийн дараа биднийг буцаж ирэхэд ямар ч байр байсангүй. Аав ажилтай учраас биднээс нэг жилийн дараа ирсэн. Ээж бид хоёрыг аваад буцаад ирэхэд манайх орох оронгүй МУГЖ М.Бадамгарав гуай Дөрөвдүгээр дэлгүүрийн ойролцоо дөрвөн өрөө байрандаа биднийг суулгаж байсан юм. Ингээд аав ирж, тавдугаар хороололд шинэ байр баригдаж, манайх байртай болж байлаа.

      Манай аав, ээж хоёр амьдарч байсан цаг хугацаандаа хэнээс ч дутахгүй амьдарсан. Гэхдээ хэзээ ч улс төрд нэгдүгээр хүний байр сууринд очиж байгаагүй. Биднийг ч нэгдүгээр хүн битгий болоорой гэж захидаг байсан. Миний хамгийн том ах эгч хоёр ч бас хэлмэгдэж явсан. Гэрээсээ хамгийн бага хэлмэгдсэн нь би. Аав намын гишүүн байгаагүй. Ээж минь харин намын хорооны гишүүн, хурал цуглаанд явдаг байлаа. Аав минь насаараа улсад ажилласан. Аав минь гавьяат болох гавьяатай хүн байсан ч "эсэргүү" гэснээсээ болоод шагнуулж чадаагүй юм. Ямар сайндаа аргагүйн эрхэнд хоёр алтан гадас тэмдэг өгчихсөн. Ээж минь харин цэцэрлэгийн багшаар олон жил ажиллаж, орос хэлнээс цэцэрлэг, бага ангийн газар зүй, биологийн номнуудыг орчуулсан. Ингээд Төв хороо, Засгийн газрын цэцэрлэгт ажиллаж байсан. Жигжид зусланд анхны цэцэрлэгийн байр барихад миний ээжийн оролцоо их байсан. Мөн 24 цагийн цэцэрлэг, албан газруудыг хажуудаа цэцэрлэгтэй байх санаачилгыг гаргаж байсан юм. Шарга морьтод уушгины өвчтэй хүүхдүүдэд зориулсан сургууль байгуулахад манай ээж оролцож байсан юм. Цэцэрлэгийн хүүхдүүдэд цасан охины хувцас хийж өгөөд цасан охины бүжиг бүжиглүүлэхэд нь би байлаа. Тэр үед ангиасаа хамгийн жижиг биетэй нь би. Ээж бүх хүүхдэд цасан охины хувцас оёх ажлыг гардан хийсэн. Хамгийн сүүлд надад цасан охины хувцас хийх байсан ч амжихгүй, шинэ жилийн өмнөх орой би “Аав руу утсаа яриад “Мама” надад хувцас оёж өгөөгүй” гээд уйлж билээ.

        Манай ах, эгч нар Орост сургуульд сурсан. Том эгч Г.Туяа  минь Москвад Олон улсын харилцааны сургууль, Г.Дэлгэр ах мөн ОХУ-д сэтгүүлчээр, бага ах Баярмагнай ОХУ-д хилийн дээд сургууль төгссөн юм. Харин би Орос руу сэтгүүлчээр сурах гэсэн ч аав ээжийг минь асрах хүн байхгүй тул МУИС-ийн орос хэлний орчуулагчийн ангид суралцаж төгссөн. Миний ээж 88 насласан. Би хүнтэй сууж, Франц Улсад амьдрах болж, хамгийн том эгч минь л ээжийгээ асарч эцсийн замд нь үдсэн дээ. Аав минь өрнөдийг зорьсон сурагчдын нэг, ээж минь Б.Лосол сайдын эхнэр гэдгээрээ хэлмэгдэж, цаазын дээд ял сонссон хүнд амьдрал хүүхдүүдийг нь ч тойроогүй. Одоо ч энэ гашуун түүхийн хар сүүдэр байсаар байх шиг санагддаг. Манай ах, эгч нар мэдлэг боловсролтой хэдий ч аав минь “Хэзээ ч битгий нэгдүгээр хүн байгаарай” гэдэг байсан юм. Бид энэ насаараа “эсэргүү” нэрийн дор явж байгаа нь үнээн” хэмээн ярилаа.

Хэлмэгдүүлэлтийн хар шуурга Монголын олон сэхээтнийг хэлмэгдүүлж, оюун санааны эрх чөлөөг дарангуйлж байсан ажээ.

 

 


Г.ТУЯА: ААВ МИНЬ ӨРНӨДИЙГ ЗОРЬСОН СУРАГЧДЫН НЭГ, ЭЭЖ МИНЬ Б.ЛОСОЛ САЙДЫН ЭХНЭР ГЭДГЭЭРЭЭ ХЭЛМЭГДЭЖ, ЦААЗЫН ДЭЭД ЯЛ СОНССОН ХҮНД АМЬДРАЛ ХҮҮХДҮҮДИЙГ НЬ Ч ТОЙРООГҮЙ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-04-23 09:27:25
    ок: тэр 35 хүүхдээс буудуулсан хэдийнх нь амьдрал бүрэн сүрйсэндээ.. үр хүүхдүүд нь өлсөж үхсэн.. ядаж хорин жил хороод ч болсон амьд үлдээж болохгүй байсан юм болов уу гэж хааяа бодогддог..
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-04-23 05:49:30
    Basca Feiza: сайн байцгаана уу. УБ-ын уугуул болцгоосон, "эсэргүү" гэх түүхтэй ~ дардастай айл гэрүүд УБ-т ихээхэн бийдээ.
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188