• Өнөөдөр 2024-04-19

Барьцаалагдсан ард түмэн ба ухуулагч төрийн алба

2020-09-14,   545

Монголын улстөрчид, УИХ-ын гишүүд, төрийн албан хаагчид цөмөөрөө сонгуулийн сурталчилгааны ухуулагч билээ. Өөрөөр хэлбэл, улс төрийн нам бүр өөрсдийн төлөөлөл, гар хөл бологчоо төрийн бүх шатны, байж болох бүх албан тушаалд “ухуулагч”-аа болгон томилдог. Тэд нь намынхаа сонгуульт ажил бүрийнх нь үнэнч албат, ухуулагч, сурталчилагч нь байж хариу барих үүргээ төрийн ажлаас ямагт дээгүүрт тавьдаг нь нууц биш.  УИХ-ын сонгууль болох гэж байна, боллоо, болчихлоо гэсээр 2020 онд үндсэн ажлаа дорвитой хийж амжаагүй төрийн албан хаагчид энэ өдрүүдэд орон нутгийн сонгуулийн “ухуулагч” болчихоод тус бүртээ зав тун муутай гүйлдэж байна. Өөрөөр хэлбэл, төрийн албан хаагчид бүх шатандаа УИХ-ын болон орон нутгийн сонгуульд анхаарч, үндсэн ажлаа умартаад бүтэн жил болох гэж байна. 

Ойрын өдрүүдэд л гэхэд намын даргаасаа үүрэг авсан яам, агентлаг, газрын дарга нар энд тэнд зам, байшин, сургууль, цэцэрлэг нээнгээ “Орон нутгийн сонгуулиар манай намын залуу боловсон хүчин тэрийг дэмжээд өгөөрэй. Бид багаараа байж байж үүнээс олон бүтээн байгуулалт хийх юм шүү” гэсэн утгатай ухуулга хийж явна. Бусад албан тушаалтан нь ч ард, иргэдийн ажлыг намын харьяаллаар бүтээж, бусад намынхныг урвуулсан хүндээ гавьяа, шагнал, одон, тэмдэг амласан шигээ сууж байна. Жишээ татвал, Цэцэрлэгийн багш л гэхэд хүүхдүүдийнхээ эцэг, эхчүүдтэй уулзах бүртээ орон нутгийн сонгуулийн үр дүн өөрийнх нь намын талд ирвэл ах дүү, хамаатан садных нь хүүхдийг харьяаллын биш байсан ч цэцэрлэгтээ оруулж өгөх санал ил далд цухалзуулж, дэмжихийг байнга сануулдаг гэж байгаа. Сонгууль дуустал багш нарт хүүхдүүдийнх нь эцэг, эх, ах дүү, хамаатан шиг хэрэгтэй хүн үгүй.

Эцэг, эхчүүд хүүхдээ багшид нь даатгадагтаа “барьцаалагдан” аль ч сонгуульд багшийн талд санал зурдаг гэх яриа түгээмэл. Энэ мэтээр төрийн албан хаагчид шат бүртээ, албан тушаалаа ашиглан намынхаа даалгаврыг биелүүлээд тун завгүй өдрүүд өнгөрч байна. Тэр ч бүү хэл, гар аргаар алт олборлогчдын дунд хүртэл улстөржилт дээд цэгтээ хүрч буй жишээ цөөнгүй байна. Дурдвал, саяхны нэгэн өдөр Сэлэнгэ аймгийн нэгэн нутагт гар аргаар алт олборлохоор очсон залууг нүхнийх нь эзэн “Чи чинь Ардчилсан намын гишүүн юм байна шүү дээ. Чамайг энэ хавийн нэг ч нүх рүү оруулахгүй. Орон нутгийн сонгуулиар АН-ынхныг дэмжинэ гэвэл оруулъя, үгүй гэвэл яв” хэмээн хөөсөн гэж байгаа.

Ард иргэд амь зуулгынхаа төлөө, үр хүүхдээ цэцэрлэг, сургуультай байлгахын төлөө, цаашлаад багшийг нь хүүхдэдээ сайн хандуулахын төлөө аль нэгэн намд заавал барьцаалагдахаас өөр сонголтгүй амьдарч байна. Энэ “барьцаа”-г хэн нэгэн ухуулагч, тодорхой хэмжээний урамшууллаар ажилладаг иргэн, намын идэвхтэн бус төрийн албан хаагчид хийж байна. Өөрөөр хэлбэл, Монголын ард түмэн төрийн албан хаагчдаар дамжсан намуудын барьцаанд амьдарч байна.


Барьцаалагдсан ард түмэн ба ухуулагч төрийн алба
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188