• Өнөөдөр 2024-04-26

ХИЛЭЭР ХАВХ ОРУУЛАХЫГ ХОРИГЛОЁ

2017-10-19,   361

Ховд, Говь-Алтай, Баян-Өлгий, Увс, Завхан аймагт хууль бус ангийн гэмт хэрэг их гарч байгааг Мөрдөн байцаах газрын Байгалийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид онцолж байна. Тэр тусмаа баруун аймгийн иргэд хавхаар ан хийх нь жирийн үзэгдэл болжээ.

ЦООХОР ИРВЭСИЙГ ХАВХААР АГНАДАГ БОЛСОН УУ

Ховд аймгийн Дарви сумын нутаг дэвсгэрт 2013 оны арванхоёрдугаар сард иргэн Н.Т, Э.Б, М.А нар цоохор ирвэс агнасан хэрэг гарсныг хууль, хяналтынхан илрүүлсэн байна. Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр “Бугат халиун” зоогийн газарт Х гэгч цоохор ирвэсийн арьс бусдад худалдаалах гэж байсныг цагдаагийн алба хаагчид илрүүлсэн. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Бичигтийн боомтоор 2014 оны аравдугаар сард Сэлэнгэ аймгийн харьяат Ч ирвэсийн хоёр ширхэг арьс хууль бусаар хилээр гаргах гэж байгаад хил гаалийнханд баригдсан байна. Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр ШШГЕГ-ын харьяа Зайсангийн хорих ангийн ойролцоо Б.Л гэгч цоохор ирвэсийн арьс худалдаалахаар авч явах үед нь Эрүүгийн цагдаагийнхан илрүүлсэн. Говь-Алтай аймгаас мөн ирвэсийн арьс, эд эрхтнийг машинаар тээвэрлэн Улаанбаатарт авчирсан бүлэг залуусыг ЦЕГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид илрүүлсэн байна. Энэ мэт сүүлийн гурван жилийн дотор цоохор ирвэс хууль бусаар агнасан, эд эрхтнийг нь өндөр үнээр худалдаалах гэж байсан, хил давуулан цоохор ирвэсийн арьс өндөр үнээр худалдаж авдаг БНХАУ-ын сүлжээ гэмт этгээдүүдтэй холбоотой арав гаруй хэргийг цагдаагийн байгууллагаас илрүүлсэн байх юм. Дээрх хэргийг мөрдөн шалгахад Ховд, Говь-Алтай аймгийн нутгийн иргэд ууланд хавх тавьж агнасан нь тогтоогджээ.

МАНАЙ НУТГИЙН АЙЛ БОЛГОНД 15-20 МЯНГАН ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ ХАВХ БАЙДАГ

Малчид сүүлийн жилүүдэд хавхаар ан хийх, ашиг орлого олж амьдралынхаа эх үүсвэрийг болгодог болжээ.Хавхны хууль бус ангийн талаар Ховд аймгийн иргэн Б. Гэндэнсүрэнтэй холбогдож цөөн асуултад хариулт авлаа.


-Танай аймагт хавхаар ан хийх гэмт хэрэг байнга гарч байгаа гэсэн. Бүр хавхаар тарвага агнаад жилдээ 600 гаруй арьс зардаг айл ч байгаа гэж цагдаа нар ярьж байна лээ?

-Хавхаар ан хийдэг байдал сүүлийн жилүүдэд хэрээс хэтрээд байна. Манай аймагт гэхэд зүгээр л зах дээр нь хавх зарж байна. Ширхэг нь 15-25 мянган төгрөгийн үнэтэй байгаа. Хэн дуртай нь аймгийн зах дээр очоод хавх худалдаад авч байна. Манай аймгийнхан хавхаар ихэвчлэн тарвага, зурам агнадаг. Зурамны арьс 15 мянган төгрөгийн үнэтэй байдаг. Харин тарваганы арьс 25 мянган төгрөгийн үнэтэй байгаа. Увс, Говь-Алтай, манай аймагт тарвага хавхаар агнадаг айлууд цөөнгүй бий болсон. Зундаа нэг айл 600 гаруй тарвага агнаж, арьсыг нь худалдаалсан гэх яриа ч байдаг.

Нэг айлд 3-5 хавх лавтай бий. Тарвагыг баруун аймгийн иргэд хавхаар чимээгүйхэн хядаад дуусч байна. Ховд аймагт гэхэд Монгол Алтайн нурууны ойр хавьд амьдардаг ихэнх айл тарвага агнаж, арьсыг нь ченжүүдэд өгч, амьдралаа болгож байна. Хүүхдийнхээ сургалтын төлбөр, хоол хүнсийг тарвага агнаж болгож байгаа айл олон байна даа.

-Хавх хураах аян баруун аймгуудад өрнүүлсэн биз дээ?

-Хэдэн жилийн өмнө Ховд аймгийн Манхан сумын хүүхдүүд тухайн үеийн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байсан Н.Батцэрэгт захиа бичиж байсан. Хүүхдүүд Жаргалантхайрханд хавхны эсрэг аян өрнүүлсэн байдаг. Хүүхдүүдийн гаргасан судалгаагаар зөвхөн Жаргалантхайрхан уулын ойр хавийн айлуудад 500 гаруй хавх байгаа гэх судалгааг гаргаж байсан. Хавхыг малчдын хэрэгцээтэй бүтээгдэхүүн болох хувин, сав, бидон зэргээр сольж авна гэвэл малчид зөвшөөрөх байх гэж тохироод энэ талын дэмжлэг үзүүлэхийг байгаль хамгаалах байгууллагуудаас хүссэн байгаа юм.

Дэмжлэг авсан хүүхдүүд хувин, бидоноо ачаад Жаргалантхайрханд очсон. Ингээд “Хавх булаагүй ууланд хамаг амьтан жаргалтай” гэсэн аян өрнүүлэхэд хоёр сарын хугацаанд 151 хавх цуглуулж чадсан байсан. Бүр нэг айл 22 хавх өгсөн тохиолдол гарсан байна лээ. Сүүлийн гурван жилийн хугацаанд хавх хураах аян эхлүүлж, Увс, Ховд, Говь-Алтай аймгаас хоёр мянга орчим хавх хураасан байна. Нэг хавхаар хамгийн багадаа 10-20 амьтан агнадаг гэхээр маш их хор хөнөөлтэй байгаа биз. Жилдээ олон мянган амьтны амь үрэгддэг байсан гэсэн үг. Бас тарваганы хавханд дэлхийд нэн ховор цоохор ирвэс өртсөн цөөнгүй тохиолдол байна. Хоёр мянган хавх нийт хавхны 30 хувьд ч хүрэхгүй байж магадгүй гэв.Хавхаар ан хийх нь буу зэрэг бусад ангийн хэрэгслээс хор уршиг, хөнөөл нь их байдаг. Хавхаар ан хийснээс болж ан амьтад хэрхэн тарчилж, зовж үхдэг тухай олон гашуун түүх бий. Баруун аймгууд болон, Сэлэнгэ, Хөвсгөл аймаг, “Нарантуул” зах дээр хаанаас ирсэн хавх худалдаалагдаж байна вэ. БНХАУ болон ОХУ-аас хавхыг хэдэн мянгаар нь оруулж ирдэг гэнэ. Ховд аймгийн Булган хилийн боомтоор БНХАУ руу хил гарахад хамгийн ойр байх зах дээр нь хэдэн мянган хавх овоолоостой байдаг талаар иргэд ярьдаг. Монгол мөнгөөр 5-7 мянган төгрөгөөр борлуулж байдаг гэх бөгөөд олныг авах тусам үнэ нь хямдардаг гэнэ. Манай улсын иргэд хавхыг хэдэн зуугаар нь худалдаж авдаг байна. Ингээд хилээр ямар нэгэн тусгай зөвшөөрөл авалгүйгээр шууд оруулж ирдэг аж. Хилээр хавх оруулж ирж байгаагаас үүдэн хэдэн мянган амьтан зовж тарчилж үхэх зам нээгдэж байна.

Хавхаар амьтан агнахыг монголчууд хэзээнээс цээрлэж ирсэн. Хавханд орсон амьтан хамгийн ихээр зовж тарчилж үхдэг. Тиймээс хилээр хавх оруулж ирж, худалдан борлуулахыг хориглох нь хамгийн зөв гарц юм. Энэ асуудалд Байгаль орчин,аялал жуулчлалын яам, ялангуяа Гаалийн ерөнхий газар онцгой анхаарах хэрэгтэй байна.


ХИЛЭЭР ХАВХ ОРУУЛАХЫГ ХОРИГЛОЁ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188