• Өнөөдөр 2024-04-26

Э.НАНДИН-ЭРДЭНЭ: "Flash" хамтлаг 15 жилийнхээ ойг хийх төлөвлөгөөтэй байгаа

2020-12-18,   4876

СССР улсаас гаралтай
Сэвсгэр цагаан цаасан дээр
Дурлаж бичсэн захидлын минь
Дугаар номер нэг юм шүү...
хэмээн дуулжхайрын тухай дуугаараа олны хүндэтгэл хүлээж байсан дөрвөн залуу бол “Flash” хамтлагийнхан. Бэбэ, Нандиа, Мийгаа, Баба гэх өвөрмөц нэртэй залуус 2006 онд хамтлаг байгуулж “Хайрлаж болох уу”, “Ихэр цэцэг”, “Хайрын нулимс” зэрэг хайрын тухай дуугаараа үзэгчдийг байлдан дагуулж байв. Тэд 2016 онд арван жилийнхээ ойн тоглолтоос хойш хамтарч уран бүтээл гаргаагүй. Харин гишүүд бие даан уран бүтээл хийж байгаа гэнэ. “Flash” хамтлагийнхны сүүлийн үеийн уран бүтээлийн талаар хамтлагийн ахлагч Э.Нандин-Эрдэнэтэй ярилцлаа.

-Хайрын тухай дуунуудаараа үзэгчдийн танил болсон “Flash”  хамтлагийнхан уран бүтээлээсээ хөндийрөөд багагүй хугацаа өнгөрчээ. Бас тэр бүр хэвлэлд ярилцлага өгөөд байдаггүй. Иймд хамтлаг байгуулагдсан түүхээс яриагаа эхлүүлье?

-Нийт уншигчдадаа энэ өдрийн мэнд хүргэе. Хэвлэлд ярилцлага өгөөгүй нэлээд удсан байна. 2006 онд Нандиа, Баба, Мийгаа, Бэбэ, Бобо, Төөмөө гэсэн зургаан гишүүнтэй хүсэл зорилго нэгдсэн залуус “Flash”  хамтлагийг байгуулж байлаа.  “Мичид” рекордсын дэргэдэх “2016 студи”-тэй гэрээ байгуулж, уран бүтээл гаргаснаас хойш нэлээд хугацаа өнгөрчээ.  2007 оны зургадугаар сарын 10-нд анхны   “Хайрлах хүсэл” нэртэй бие даасан тоглолтоо UB паласын задгай талайд хийж байв. Энэ тоглолтоор 25 мянга гаруй залуус цуглаж, тухайн үедээ задгай тоглолтын рекордыг эвдсэн. Ингээд “Flash” хамтлаг үзэгч, сонсогчдын  дуртай хамтлаг болж, уран бүтээлээ үргэлжлүүлэн гаргасан.

-Хамтлагтаа яагаад “Flash”  гэдэг нэр өгсөн юм бэ?

-Хамтлагийн гишүүн Мийгаа бид хоёр Монголын хүүхдийн ордны дугуйланд танилцсан, багын найзууд. Намайг Хүүхдийн ордонд анх ороход Мийгаа “Квартет” хамтлагт дуулдаг байлаа. “Хараацай болон нисээд хайртай ээждээ очихсон...” гээд дуугаар нь үзэгчид мэднэ. Ингээд би Монголын хүүхдийн ордны дуулаачийн дугуйлангийн багш С.Ганчимэгийн удирдлага дор хичээлээ залгаж, “Квартет” хамтлагийн дараагийн гишүүн болсон. Үүний дараа Баба, Төөмөө гэх ангийн хоёр найзтай нийлж,   тухайн үед хит болж байсан “Ice top”,  “Digital”  хамтлагийн дуунуудыг дагаж дуулдаг, хөгжимд дуртай хүүхдүүд байв. Оюутан болоод хамтлагийн гишүүн Бэбэтэй танилцаж, 2005 оны сүүлчээр хамтлаг бүрдсэн. Тухайн үед дуулдаг хүүхдүүд бүгд л хамтлагтай байсан байх. Бэбэ ч гэсэн өмнө нь хамтлагтай байсан. Бид нэгдээд анх “Хайрын нулимс” дуугаа бичүүлж, фм-ээр дуугаа цацуулахаар болсон. Дуугаа бичүүлчихсэн хэр нь хамтлагтаа нэр  өгч амжаагүй явсан. Дуугаа өгөх цаг болоод сандралдаад янз бүрийн нэр хэлж байсан. Тэр үед флаш хэрэглээнд ороод удаагүй байлаа. Би нэг флаш зүүчихсэн явж таараад энэ нэрийг өгөх санал гаргаад бүгд дэмжсэн. Флаш гэдэг үг нь   “Гэрэл гэгээ, гялтганах” гэсэн утгатай. Хамтлагтаа нэр өгчихөөд FM104-т дуугаа аваачиж өгсөн.  Бидний хийсэн дуу ч тухайн үедээ хүмүүст таалагдаж, цааш уран бүтээлээ хийх урам зориг авсан даа.  

-Анхны дуугаар амжилтад хүрсэн хамтлаг тэр бүр байдаггүй. Гэтэл “Хайрын нулимс” анхны уран бүтээл нь тухайн үедээ хүүхэд залуучуудын аялах дуртай дуу болж чадсан. Гэхдээ бэрхшээл хэр гарч байв?

-Дуулах хүсэл сонирхлоос өөр зүйлгүй жаахан хүүхдүүд хичээлийнхээ хажуугаар анхны дуугаа хийх гэж хөгтэй дурсамжтай олон зүйлтэй нүүр тулж байжээ. Дуугаа бичүүлэхийн тулд  өвлийн хүйтэнд унааны мөнгөө хэмнээд нэг захаас нөгөө зах хүртэл алхана. Хоол идэх мөнгөөрөө ая бичүүлдэг байлаа. Эхлээд гаргасан дуунууд нь хүнд хип хоп байгаагүй. Дахилттай, үглэдэг хэн ч дуулж болохоор хөнгөн дуунууд гаргасан.

-Урын сандаа хэчнээн дуутай вэ?

-Дөрвөн цомог тус бүр 10 гаруй дуутай. “Хайрын нулимс” тоглолтын дараа хамтлагийн хоёр гишүүн БНСУ руу суралцахаар явж,  Т.Билгүүн-Од /Бэбэ/ бид хоёр 10 гаруй дуутай цомог гаргаад, тоглолт хийж байлаа. Тус тоглолт мөн л өмнөх рекортоо баталсан, олон хүн цугласан том тоглолт болсон. Мөн Татар хамтлагийн Д.Батзаяа /Заяа/, хөгжмийн зохиолч Б.Одбаяр /Оки/, “Ocean Grey” продакшны А.Ариунболд нартай хамтран 2008 онд “Non stop” цомгоо Бэбэ бид хоёр гаргаад, гурав дахь цомгоо Бабатайгаа гаргаж байв. Харин дөрөв дэх цомгийн нээлтээ Солонгос Монголын соёлын өдрүүдийн арга хэмжээний үеэр хийж байсан. “247” нэртэй энэ цомгийн нээлтийн үеэр Солонгосын хамтлаг дуучид хүрэлцэн ирж, мөн л томоохон хэмжээний тоглолт болсон. Манай хамтлагийн урын санд 50-60 дуу бий.

Дуулах хүсэл сонирхлоос өөр зүйлгүй жаахан хүүхдүүд хичээлийнхээ хажуугаар анхны дуугаа хийх гэж хөгтэй дурсамжтай олон зүйлтэй нүүр тулж байжээ. 

-Ая, үгээ өөрсдөө бичдэг үү?  

-Тийм. Дууны үгээ хамтлагийн гишүүн Бэбэ бичнэ. Ерөнхий аяа би гаргана. Хөгжмийн найруулга дээр  Яруу, Б.Аранзай, ах Батаа, Ариука гээд чадварлаг хөгжмийн продюсерууд ажилладаг байсан. Миний  чадахгүй өнгийг Мийгаа дуулна гээд биенээ нөхөөд явчихдаг байсан.

-Тухайн үед хип хоп төрөл хөгжиж, олон хамтлаг гарч байсан. Эдгээр хамтлаг дуучдаас “Flash”   хамтлаг хэрхэн ялгарч гарсан бэ?

-Тэр үед гарч байсан хамтлагууд ихэвчлэн 3-4 хүний бүрэлдэхүүнтэй. Үүнээс нэг нь  дуулдаг бусад нь үглэдэг. Харин манай хамтлагийн хоёр нь үглэдэг, хоёр нь дуулдаг байсан нь том давуу тал байсан. Дуулдаг хоёр нь багаасаа урлагийн чиглэлээр явсан учраас мэргэжлийн түвшинд өнгөө чимэглэж дуулахыг хичээдэг. Аль болох мэргэжлийн хэрнээ чамин дуудалт гаргахыг зорьж байсан. Мөн сонсогчдоо уйдаахгүй шинэлэг уран бүтээл гаргахыг их хичээж, эрэл хайгуул хийдэг байлаа.
 

-Хамтлагийн уран бүтээлээсээ онцлон хайрлаж явдаг дуу бий юү?

-Бид хүүхэд байсан болоод ч тэр үү хайрын тухай дуунууд олныг дуулдаг байсан. Би бүх дуундаа хайртай. Бидний сонсож, үлгэр дууриалал авдаг хамтлагууд ч гэгээлэг зүйлийг дуулж, сонсогчиддоо зөв үлгэр дууриалал үзүүлж байв. Бид “Камертон”, “Номин талст”, “Digiial”, “Татар” гээд хамтлагуудыг сонсож өссөн хүүхдүүд. Энэ хамтлагууд уран бүтээл яаж хийдгийг үлгэр жишээ болгон харуулдаг, чадварлаг уран бүтээлчид. Тэднийг хараад бид “Камертон” шиг хамтлаг болно гэсэн хүсэл мөрөөдөлтэй дуугаа хийдэг байлаа. Энэ хүслээ жаахан ч гэсэн биелүүлж, хип хоп төрөлд өөрийн гэсэн орон зай бий болгосон гэж боддог. Одоо харин хүмүүс хайр дурлалыг гэгээн цагаанаар төсөөлөхөө больж. Хүмүүст гэрэл гэгээтэй зүйл дутагдаад байна уу гэж харж байна. Одоо хийж байгаа уран бүтээлүүд  гэгээлэг биш байх нь давамгайлаад байна. Уг нь урлаг хүнийг соён гэгээрүүлж, хүмүүжүүлэх үүрэгтэй. Гэтэл шинээр гарч байгаа уран бүтээлүүд энэ утгыг алдагдуулж, цензургүй гардаг болжээ. Нөгөө талдаа урлагийн салбарыг дэмжих бодлого дутагдаад байна гэж хардаг.

-Одоо “Flash”  хамтлагийнхан юу хийж байна вэ. Уран бүтээл дээр ажиллаж байгаа юу?

-Бүгд ардаа амьдралтай болж, уран бүтээлээсээ түр хөндийрсөн. 2016 онд арван жилийн ойн тоглолтоо хийгээд үүнээс хойш хамтарсан уран бүтээл гаргасангүй. Харин хамтлагийн гишүүд бие даасан бүтээлүүдээ гаргаж байгаа. 

-Хамтлагийн гишүүд бие даасан уран бүтээл хийж байгаа гэлээ. Та өөрөө уран бүтээл хийж байна уу?

-Би 2016 онд “Цор ганц” гэдэг анхны бие даасан уран бүтээл гаргасан. 2017 онд “Хуримын даашинзтай бүсгүй” киноны дуу “Учирсны дараа” нэртэй уран бүтээлээ дуучин Нямкатай хамтран дуулсан.

Биднийг сонсдог залуустаа гэгээлэг хайрын уран бүтээлүүдээ зориулна

-“Flash”   хамтлаг дахин нэгдэж уран бүтээлээ гаргах төлөвлөгөө бий юү?

-2016 онд арван жилийн ойн тоглолтоо хийхэд биднийг сонсдог байсан хүүхэд, залуучууд олноороо ирсэн. Дууг минь сонсдог байсан сонсогчид өөрсдөө ээж, аав болчихсон, хүүхдээ унтуулчихаад ирлээ гээд л. Жирэмсэн хэрнээ тоглолт үзэх гээд явж байгаа гэх мэт биднийг хүлээдэг олон хүн байсан. Үүнд  маш их урамшсан. Ийм хүлээлт үүсгэнэ гэж бодоогүй уран бүтээлээ гаргаж байлаа. 15 жилийнхээ ойг хийх төлөвлөгөөтэй байгаа. Ингэхдээ зөвхөн ой болгоод өнгөрөх бус шинэ уран бүтээл гаргах хэрэгтэй.  

-Дахин нэгдэж уран бүтээл хийвэл хайрын тухай дуугаа дуулах уу?

-Тэгнэ. Хүмүүс энэ чиглэлээр нь биднийг сайн мэднэ. Магадгүй нас бие хүрээд харах өнцөг нь өөр болсон байж магадгүй. Гэхдээ биднийг сонсдог залуустаа гэгээлэг хайрын уран бүтээлүүдээ зориулна.

-Та найруулагч мэргэжлээр Радио, телевизийн дээд сур­гуулийг төгссөн.  Одоо мэргэж­лээрээ ажиллаж байна уу?

-2010 онд Бэбэ бид хоёр сургуулиа радио, телевизийн найруулагч мэргэжлээр төгсөж, би “Боловсрол суваг” телевизэд  ажилласан. Одоо бол мэргэжлээрээ ажиллаагүй, өөрийнхөө амьдралыг найруулаад л явж байгаа /инээв/. Телевизийн салбар, урлагийн амьдрал гэдэг хүнд салбар шүү дээ.

-Залуу уран бүтээлчид болон дуулах хүсэлтэй залууст ямар зөвлөгөө өгөх вэ?

-Урлаг соён гэгээрүүлэх үүрэгтэй гэдгийг байнга санах хэрэгтэй. Уран бүтээлчийн бүтээл бүрийг дараа дараагийн хүүхэд, залуус сонсоно гэдгийг бодож бүтээл гаргах ёстой гэж боддог. Үүнээс гадна дуулдаг л авьяастай гээд яваад байж болохгүй. Өөрийгөө байнга хөгжүүлэхийг цаг үе шаардаж байна. Наанадаж хөгжмийн программуудыг судалж, түүн дээрээ ажиллаж сурах шаардлагатай болжээ. Дуучин хүн архи, тамхийг огт хэрэглэдэггүй байх хэрэгтэй. Эдгээр нь хоолойны чадвараас эхлээд олон зүйлд сөргөөр нөлөөлдөг. Хөгжмийн салбарт орох гэж байгаа бол өөрийгөө маш сайн бэлтгэх ёстой гэж л хэлнэ дээ.


Э.НАНДИН-ЭРДЭНЭ: "Flash" хамтлаг 15 жилийнхээ ойг хийх төлөвлөгөөтэй байгаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188