• Өнөөдөр 2024-04-26

Алдрайхан 53 сурагчтай Эрдмийн үр “таригч”

2020-08-29,   722

Том, том ширхэгтэй цас намуухан бударна. Өвөө, эмээ, аав, ээж ах, эгчийнхээ гараас хөтлөн сургуулийн зүг яаран алхах хүүхдүүдийн инээд хөөр, баяр баясгалан, цолгиун дуу энэ цасыг улам бүр чимнэ. Хүүхдүүдийг хүний ертөнцийн “цас” гэлтэй. Цас орсны дараа агаарын бохирдол 90 хувь арилдаг шиг амьдрал хүнд хэцүү санагдахад, шантрахад “Би чинь үртэй хүн шүү дээ” гэх бодол бидэнд урагш алхах хүч, итгэл найдвар, хүсэл тэмүүллийг төрүүлж, сэтгэл дэх бохирдлыг цэвэрлэдэг. Газрын хөрсийг үл ялиг хучсан цасыг хүүхдүүд хаа нэгтэйгээс цуглуулаад байлдаж тоглоно. Харин өөр нэгэн хүү найзаасаа “Миний үс цас болчихож уу” хэмээн асууна. 

Үнэндээ үсний өнгөнд өөрчлөлт ороогүй ч найз нь “Цав цагаан болчихож” гэсэн нь цасан ширхэг хүүгийн нүдэнд ид шидийг бүтээсэн бололтой.
Өнгөрсөн даваа гарагийн цас хаялсан их үдэд нийслэлийн Баянзүрх дүүрэгт байрлах “Шавь” цогцолбор сургуулийн бага сургуулийг зорилоо. Сурвалжилгын маань гол баатар Монгол Улсын хэмжээнд цөөхөнд тооцогдох бага ангийн эрэгтэй багш Л.Батбаатар. Хичээл 13.30 цагаас эхэлж, хүүхдүүд үүдэндээ жагсан сургуульдаа ордог ч энэ өдөр цаг агаартай холбоотойгоор жагсалгүй оржээ. 

Хоёр давхарын 205 тоот ангид 1е ангийн 53 сурагч, ангийн багш Л.Батбаатар хичээлээ эхлэхээр зэхэж байв. Албаны хослол өмссөн залуутай өөр газар таарсан бол багш, тэр дундаа бага ангийн багш гэвэл итгэхээргүй аж. Хүмүүс ч гэсэн түүнийг бага ангийн багш гэхэд ихэнхдээ гайхаж хүлээж авдаг гэсэн. Ангийн үүдэнд ангийнхаа зорилго, уриаг, багшийн танилцуулга, зургийн хамт жаазалсан байх аж. Хичээл эхлэхийн өмнө нэгэн хүү ирж, “Багш аа, би хаана суух вэ” гэхэд II салааны хамгийн ард гурваар нь суулгав. Тус сургууль ачааллаараа Сонгинохайрхан дүүргийн “Ирээдүй цогцолбор” сургуулийн бага сургуулийн дараа хоёрт ордог. Цогцолбор сургууль учраас тус сургуулийн I анги л гэхэд 17 бүлэгтэй. Харин II, III анги тус бүр 15 бүлэгтэй. Бидний очсон хичээлийн байранд I-III ангийн 2300 хүүхэд хичээллэдэг аж.

Тус сургуулийн бага ангийн сургалтын менежер Д.Ганчимэг “I ангийн нэг бүлэг хамгийн багадаа 48, хамгийн олондоо 58 сурагчтай” хэмээн ярив. Уг нь стандартын дагуу нэг ангид 35 хүүхэд хичээллэх ёстой. Гэвч хамран сургах тойргийнхоо хүүхдүүдийг сургуульгүй үлдээхгүйн тулд тус сургуулийнхан бүх нөөц бололцоогоо дайчлан ажиллаж байна. 1е анги дөрвөн салаатай. Салаа бүрийн дундуур багш багтахтай үгүйтэй л зай харагдана. Мөн багш хүүхэд бүртэй тулж ажиллах боломж хомс аж. Тиймээс Л.Батбаатар багш шаардлагатай хүүхдүүдэд илүү анхаарч, чаддаг хэдийгээ чиглүүлдэг гэнэ. Хэрэв хүүхэд бүртэй тулж ажиллана гэвэл хичээлийн 35 минут хаанаа ч хүрэхгүй. Иймээс эцэг, эхчүүдийн оролцоо чухал гэдгийг тэрбээр онцолсон. Тэр ч утгаараа хүүхдүүдэд зааж байгаа хичээлээ урьдчилж ээж, аав нарт нь заадаг байна. 

Л.Батбаатар багшийн анги хүүхдүүдийнхээ тоогоор сургуульдаа дунджид орно. Гэтэл ангид ороод арван минут хүрэхтэй үгүйтэй тэдний чимээнд чих шуугьж, толгой эргэх нь холгүй болов. 53 хүүхэдтэй нэг багш ажиллана гэдэг амаргүй ажил аж. Гэхдээ хүүхдүүд багшийнхаа үгэнд сайн ордог юм билээ. Болохгүй бол Л.Батбаатар багш гурав тоолно. “Нэг” хэмээн тоолж эхлэхэд хүүхдүүд багшийнхаа томоотой гэх дохио өгч байгааг анзаарч, хоёрын тоонд хийж буй үйлдлээ орхин, гурвын тоонд томоотой сууна. Ийн өмнөх өдрийн хичээлүүдээ сэргээн, үзсэн эгшиг үсгүүдээ давтлаа. Богино эгшиг, хос эгшиг, урт эгшгүүдийг хүүхдүүд нэгэн зэрэг дуудна. Урт эгшгүүдийг хэлэхдээ хэзээ ч зогсохгүй мэт уртаар дуудах бол богино эгшгүүдийг маш хурдан хэлнэ. Багшийн анхаарал жаахан сарних төдийд л хойгуур сууж байгаа хүүхдүүд эвшээлгэж, үймүүлж, зарим нь бүр цаасан онгоц хөөргөж харагдана.

Хүүхдүүдийг салаа салаагаар нь эгшиг хэлүүлэхэд II салааны дундуур суух хүү үүрмэглэж байв. Харин багш нь түүнийг харсан ч үг хэлсэнгүй хичээлээ үргэлжлүүллээ. Гэтэл тун удалгүй нөгөө хүү найзуудынхаа нэгэн адил хичээлээ хийж эхлэв. Л.Батбаатар багш өөр багштай үг солих зуур хүүхдүүд дайрчих шахам үймүүлнэ. III салааны хамгийн урд суух С.Тэмүүжин хүү өөртэйгээ чацуу шахам харагдах том цүнхэнд шургаад орчих нь уу гэлтэй ухаж, ухаж, хоёр ширхэг ногоон цаастай чихэр гарган ирлээ. Үүнийхээ нэгийг хажуудаа суух С.Намуунд “Май, чихэр ид” хэмээн дайнд гавьяа байгуулаад ирсэн баатар аятай додигор өгнө. Мөн III салааны дундуур суух ширээнд хоёр хүү нооцолдож, бас нэг хүү урд талынхаа охины үсийг зулгааж, IV салааны араар хөвгүүд гүйлдэнэ. Хөвгүүд охидын үсийг зулгаах нь бүх цаг үед “амьд” орших бололтой. 

Өнөөдөр /өнгөрсөн даваа гарагт/ 1е ангийнхан анхны гийгүүлэгч үсгээ үзэв. Л.Батбаатар багш “Авиаг зөв дуудаж байж зөв уншина” хэмээн “м” үсгийг дуудаж үзүүлэв. Ийн ангиар нь, салаагаар нь, хүүхэд нэг бүрээр үсгийг хэлүүллээ. Ингэхдээ “Уруулаа нийлүүлээрэй, амаа жимий. Эм биш “м” шүү. Хамрынхаа урд хуруугаа тавиад үз. Амьсгаа мэдрэгдэж байвал зөв, мэдрэгдэхгүй бол буруу дуудаж байгаа хэрэг шүү” гэж хүүхдүүдэд тайлбарлав. Үүний дараагаар үсгийг агаарт хий бичүүлж, мөн самбарт хэрхэн бичихийг заасны дараа дэвтэр дээр нь бичүүллээ.

Л.Батбаатар: Хүүхдүүдэд эрдэм ном заахаас гадна хүн болгохыг хичээдэг

Л.Батбаатар 2013 онд МУБИС-ийг бага ангийн багш мэргэжлээр төгссөн. Энэ жил зургаа дахь жилдээ багшилж буй. Анх Чингэлтэй дүүргийн 24 дүгээр сургуулиас ажлын гараагаа эхэлж, дараа нь Удирдлагын академид төрийн удирдлага мэргэжлээр сурч, 2014 оноос “Шавь” цогцолбор сургуульд ажиллах болжээ. Мөн багшлахынхаа хажуугаар өнгөрсөн жил бага ангийн заах арга зүйгээр магистр зэрэг хамгаалсан. Тэрбээр багын л хичээл номондоо сайн, тэр дундаа монгол хэл, монгол бичиг, уран зохиолын хичээлдээ толгой цохьдог хүү байв. Ийн Архангай аймгийн Багшийн сургуульд хэл, утга зохиолын багшийн мэргэжлээр элсэж, нэг жил суралцаад, дараа жил нь гэрийнхнийгээ ятгалгаар МУБИС-д элсэхээр болжээ.

Гэвч МУБИС-ийн хэл, утга зохиолын ангид орон тоо байхгүй байсан учраас арга буюу бага ангийн багшаар сурч эхэлсэн байна. Гэхдээ энэ мэргэжлээр сурч эхлээд л ангиа солих тухай нэг ч удаа бодоогүй гэсэн. Түүний бага ангийн багш болсон түүх тохиолдлын шинжтэй ч, нөгөө талаасаа хувь заяа гэлтэй. Сурлага сайтай байсан болохоор найз нөхөд нь ч, хамаатан садан нь ч түүнийг бага ангийн багш болно чинээ санаагүй. Арай өөр ажил хийнэ гэж төсөөлдөг байжээ. Одоо ч гэсэн зарим нь “Ажлаа соль” хэмээн ятгадаг гэнэ. Л.Батбаатар багштай ярилцлаа.

-Мэргэжлээрээ ажиллаж эхэлснээс хойш хамгийн хэцүү үе хэзээ байсан бэ?

-Хүн чаддаг юмаа хийдэг гэдэг. Миний чаддаг зүйл энэ. Сэтгэл санаагаар унаж байсан тохиолдол ер нь цөөхөн. Заримдаа эрэгтэй хүн гэдэг утгаараа “Цалин өндөртэй, өөр ажил хийдэг юм уу” гэх бодол төрнө. Гэхдээ багагүй хугацаанд багшилчихсан болохоор энэ мэргэжлээр ажиллахаар эргэлт буцалтгүй шийдсэн. Ажилдаа дургүй байсан бол цалин хөлсөө голох гэх мэт шалтгаанаар өөр ажил хийж болох нөхцөл байдал олон байсан.

Л.Батбаатар багш мэргэжилдээ, энэ ажилдаа юу юунаас илүү дуртай учраас олон саад бэрхшээлийг, амьдралын нухчаа, давааг торох зүйлгүй давж гарчээ. Тэрбээр эцэг, эхчүүд, хамт олон, хүүхдүүдээс хамгийн их урам авдаг гэсэн. Мөн хүүхдүүд нүднийх нь өмнө уншиж, бичиж сурахад өөрөөрөө хамгийн их бахархдаг. Багшилж эхэлснээс хойшхи хамгийн сайхан мөчүүдийн нэг нь анхны V ангиа төгсгөсөн явдал, эцэг, эхчүүд, хүүхдүүдийн чин сэтгэлийн “Баярлалаа” гэх үг. Тэрбээр хоёр удаа V анги төгсгөж байжээ. 1е бол түүний эхнээс нь дааж авсан анхны I анги гэнэ.

-Эцэг, эхчүүд эрэгтэй хүн хүүхдийнх нь ангийн багш гэхээр хэрхэн хүлээж авдаг вэ?

-Нэг удаа хажуугаар өнгөрсөн хүмүүс “Батбаатар гэж эрэгтэй багш юм байна” гэж шивэр авир ярихыг сонссон. Тэрнээс өмнө “Эрэгтэй багшид эцэг, эхчүүд ач холбогдол өгөх талаар боддоггүй байсан. Гэхдээ манай хүүхдүүдийн аав, ээж надад тийм байдлаар хандаж байгаагүй. Манай сургуульд надаас гадна Гончигсумлаа гээд олон жил ажилласан эрэгтэй багш бий. Харин ч манай эцэг, эхчүүд эрэгтэй багшийн ангид хүүхдээ оруулъя гэх болсон. 

Мөн Л.Батбаатар багш мэргэжлээ “Хариуцлагатай, сайхан ажил” хэмээн тодотголоо. Тиймээс ч хүүхдүүдэд эрдэм ном заахаас гадна хүн болгохыг хичээдэг хэмээсэн.

-Эрэгтэй багшийн давуу тал юу вэ?

-Нэгдүгээрт, дуу хоолойны хүртээмж эмэгтэй багшаас илүү болов уу. Хоёрдугаарт, хүүхдүүдийг бие даах чадварыг төлөвшүүлдэг. Мөн дэг журамтай болгодог, тэр тусмаа хөвгүүдийг. Ер нь эрэгтэй багш нар хөвгүүддээ чанга, охиддоо зөөлөн ханддаг.  

-Багшийн мэргэжлийг юутай зүйрлэх вэ?

-Багш гэдэг бол тухайн хүүхэд төлөвшихөд 60-70 хувь нөлөөлдөг. Тэр тусмаа бага ангийн багшийн нөлөө маш их. Хүүхдүүдийг хүн болгох эхлэлийг бага ангийн багш тавьдаг. Мод ургуулахын тулд хүн үрээ тарьж, усалж, хайрлаж, арчилж байж ургуулна. Багш ч гэсэн нэг төрлийн “мод” тарьж байгаа. Бидний ажлын үр дүн гэхдээ хэзээ хойно гардаг гэв. 

Хичээл 17.30 цагт тардаг ч эцэг, эхчүүд хүүхдүүдээ авсаар Л.Батбаатар багш 18.00 цагтай золгодог байна. Мөн маргаашийнхаа хичээлд бэлтгэж, монгол хэл, математикийн хичээлийг 53 хүүхдийн дэвтэр дээр нь бичсээр 21.00 цаг хүргэдэг гэнэ. Өглөө хичээлгүй ч 09.00 цагт ирж, зурагт үзүүлэн зэргийг бэлтгэнэ. Цаг наргүй, түмэн хүүхдийн шуугианд ажилладаг түүний цалин ердөө 700 мянга гаруй төгрөг. Томоохон компанийн хамгаалагчаас дор цалинтай ч хүүхдүүдийн эрдмийн уурхайд оруулах хөрөнгө оруулалт нь түүнээс ч арвин.

Тиймээс тэрбээр цалингийнхаа тухай бодох дургүй. “Бодох тусам янз бүрийн зүйл бодогдоод онцгүй байдаг” хэмээсэн. Л.Батбаатар багш мөн энэ салбартаа хүрч болох, хийж чадах албан тушаал хаших амбицтай. Эхнэр нь хэл, уран зохиолын багш бөгөөд өдөр, шөнөгүй ажиллах түүнийг заримдаа зэмлэнэ. Гэсэн хэдий ч түүний хамгийн том дэмжигч багана нь. Тэд охинтой болоод удаагүй ч түүндээ зарцуулах цагаа хумслан түмний хүүхдүүдэд эрдмийн үр тарихын төлөөнөө хоёргүй сэтгэлээр ажилладаг.


Алдрайхан 53 сурагчтай Эрдмийн үр “таригч”
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188