• Өнөөдөр 2024-03-29

"ГАЛЗУУ" ЗОХИОЛЧ БҮСГҮЙ

2021-03-01,   1040

-"Үхэл богино хийгээд шаналал багатай байх болно"-

"Болох л юм” хэмээн бодон гартаа барьсан чулуугаа халааслан, цааш голын эрэг даган аажуухан алхахдаа дахин нэг томхон чулуу авахаар гол руу тонгойлоо. Голын тусгалд сүүмийх түүний дүрс хэн нэгнийг санагдуулах шиг. Хөгшрөх тусам тэрбээр ээжтэйгээ адилхан болжээ. Дөнгөж 13-хан настайд нь түүнийг орхисон үзэсгэлэнтэй ээжийнх нь төрх усны тусгалд биежих шиг санагдахад зогтусав. Үргэлж л эелдэг, хүлцэнгүй байсан ээжид нь мэдэж амжаагүй зүйлс даанч олон. Энэ үед бага ахуйнх нь дурсамж тодров. Хар бараан, бүдэг бадаг хэдий ч амьдралынх нь хамгийн аз жаргалтай дурсамж.

"Амьдрал надад үг хэлэх боломж олгохгүй байлаа. Тиймээс  л хэлэх гэсэн үгээ бичиж эхэлсэн. Гэвч хэнд ч өөрийгөө нээхийг хүсэхээ болих үед намайг сонсож эхэлсэн нэгэн охины түүх" хэмээн бодон нүдээ анилаа.

Аавынхаа тухай бодох бүрийд нүдээ анин бодлогоширч байгаа төрх нь орж ирдэг билээ. Хэдийгээр хөвгүүд шигээ охидоо сургах гэж хичээгээгүй ч өөрийн мэддэг бүхнээ заах гэж хичээж буй царай нь нүдэнд үзэгдлээ. Би аавыгаа “шүлэг” хэмээн нэрлэнэ. Английн эртний шүлэг яг л аавын минь хоолойгоор уншигддаг нь хачирхалтай. Намайг Жиня хэмээн өхөөрдөн дууддаг сан. Гэвч аавыгаа бодох төдийд энэхэн дурсамжаас илүүтэй ээжийг минь өнгөрөхөд хэрхэн шаналж байсан тэр л дүр нь илүүтэй тодорлоо. Үнэндээ тэр уйт явдлын дараа аравхан настай охинд үхлийн тухай бодол төрж байлаа. Одоог хүртэл өдрийн тэмдэглэл дээрээ "Үхэл богино хийгээд шаналал багатай байх болно" хэмээн бичсэнээ мартдаггүй. Түүнээс хойш тэр дэвтэр дээр юу ч бичиж чадаагүй дээ. Удалгүй Стелла (эгч), аав ч мөн өөд болоход...

Яг л хар дарсан зүүд чинь биежих шиг аймшиг хаана байна. Тэр явдлаас хойш ахин амьдралын хором, мөч бүхэн тэвчишгүй мэт санагдаж байлаа.

Энэ л үеэс өөрийгөө нэг л биш буйгаа мэдсэн. Үнэхээр нэг л мэдэхэд би эмнэлэгт хэвтэж байлаа. Тэдний яриагаар би цонхноос үсэрчихсэн юм байх. Хачирхалтай нь одоог хүртэл би үүнийгээ санадаггүй.

Эмч, гэр бүлийнхэн маань намайг зүгээр л "Галзуу" гэсэн. Би үүнийг үгүйсгэхгүй ээ. Гэвч би эдгэхийг хүсэж байлаа.

Үүний дараа би ах дүүстэйгээ Блүүмсберг дэх байшинд амьдрах болсон юм. Энэ үед "Дурсамжийн клуб"-ийн авьяаслаг залуустай нэгдэж, зүгээр л уран зохиолд хайртай ах дүүсийн нэг болсон нь миний хувьд эдгэрэл болсон гэж хэлж болно. Үргэлж л орчин үеийн утга зохиол болоод чөлөөтэй, шинэлэг зүйлс ярьж, хөгжилдөж байдаг нь миний хувьд эдгэрэл байлаа. Би энд л амьдралынхаа хоёр хайртай учирсан билээ.

Би урьд нь хэзээ ч зохиолч болно гэж бодож байгаагүй, бичих хүсэлтэй охин байлаа. Үргэлж л дотроос ямар нэгэн зүйл үргэлж татдаг байв. Бичих хүсэл гэхээс илүүтэй дотоод зүйлээ гаргахгүй бол амьдарч чадахгүй мэт мэдрэмж гэвэл зохино. Гэвч энэ тийм ч амар биш. Нэг үгээр эмэгтэй хүн боловсрол хүртэж, зохиолч болох амар биш учраас л тэр. Тиймээс л уран зохиол гэх зүйл миний бичдэг зүйлсээс охь ондоо санагдана.

 Гэхдээ... Яагаад хүн төрөлхтний энэ олон жилийн туршид эмэгтэйчүүдийн гавьяа байхгүй байна вэ. Яагаад дайнд гавьяа байгуулж, уран зохиол, дэлхийд нэрээ тодоор үлдээсэн эмэгтэй байхгүй байна вэ.... Яагаад гэдэг асуулт миний дотор хариултгүй өнө удаан байсан юм.

Тоби (ах) их сургуулийн найз Леонардынхаа талаар үргэлж л ярих боллоо. Нэрийг нь үргэлж сонссон түүний царайг гурван жилийн дараа анх удаа харж билээ. 1904 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр. Би сайн санаж байна. Цейлонд төрийн албанд томилогдохоор явахдаа баяртай хэмээн хэлэхээр ирсэн ч тэрбээр дуугүй суусаар л одсон доо. Түүнийг явсны дараа нэгэн залуугаас гэрлэх санал авсан ч би хариу хэлээгүй явуулсан юм. Харин 1911 онд Леонард албанаасаа хүрч ирж, манай бүлгэмд нэгдсэнээр байнга л тааралдах болсон. Тэрбээр манай дөрвөн давхарт амьдарч эхэлсэн бөгөөд нэг л өдөр "Надад хайртай" хэмээн гэрлэх санал тавьсан юм. Би бодох хугацаа хүссэн  ч удалгүй тэрбээр хувцсаа баглаж, явахад бэлдсэн байлаа.

“Хэрэв чи хүлээн зөвшөөрөхгүй бол би явсан нь дээр” хэмээн надад хэлсэн ч би түүнийг зүгээр л явуулчихав. Тэгсэн удалгүй надад ахиад гэрлэх санал тавьсан захиа Леонардаас ирж билээ. Тэр үед би яагаад түүнтэй гэрлэхгүй гэж буйгаа хариу захидалдаа илгээв. “Би урьд нь чамд хатуухан хэлж байсан шигээ одоо ч би чамд татагдахгүй байна. Чи намайг үнсэхэд би юу ч мэдрээгүй” хэмээн бичиж билээ.  

Энэ захианаас хойш хариу ирээгүй ч би удалгүй түүний саналыг зөвшөөрсөн дөө. Ийнхүү бид гэрлэж, түүнийг "Мөнгөгүй Еврей" хэмээн өхөөрдөн хочилдог болов. Гэрлэснийхээ дараахан гал зуухын өрөөндөө хэвлэлийн газраа нээж, "Бид бүрэн дүүрэн амьдарч байна" хэмээн тэмдэглэлдээ бичсэн ч хамтдаа амаргүй олон жилийг үджээ. Удалгүй хүүхэдтэй болохыг хүссэн ч, хүүхэд олох боломжгүй гэдгээ мэдсэнээр амьдралын бүр ч хэцүү үе эхэлсэн юм.

Дараа жил нь ахин тэр явдал давтагдав. Би ахиад л амиа хорлох гэж оролдлоо. Үүний дараа ч энэ явдал хэд хэд давтагдав. Харамсалтай нь  тэр бүрд би өөрийн оюун ухаа гээчихдэг байлаа. Леонард намайг Эмэгтэйчүүдийн мэдрэлийн эмнэлэгт гурван ч удаа хэвтүүлсэн юм. Гэвч тус болсон нь үгүй. Ном уншиж болохгүй, ганцаар байлгаж, хоол идүүлж жин нэмүүлэхийг оролдохоос өөр эмчилгээ байдаггүй байлаа. Бичих хүсэл төрөхөд амандаа үглэж цээжилдэг байв. Леонард надад одоо ч хүчээр хоол идүүлэх гэж оролддог нь үзэн ядам. Харин одоо би хамгаас илүү саруул ухаантай байна. Леонардыг үзэн ядаж байсан ч  хэрэв тэр байгаагүй бол би өдийд аль хэдийн энэ хорвоогоос үгүй болсон байх байсан биз.

1922 оны нэгэн үдэш би хоёр дахь хайртайгаа учирсан юм. Бидний бүлгэмийн уулзалтад түүнийг анх удаа бүжиглэж байхыг нь харж байлаа. Түүний хөгжмийн хэмнэлээр бүжих хөдөлгөөн бүрийг харахад сэтгэл урьд нь байгаагүйгээрээ догдолж, хөдөлж чадахгүй хөшчихөж билээ. Урьд нь ийм хүчтэй мэдрэмжийг авч байгаагүй мэт. Түүнийг залуу зохиолч гэдгээр нь урьд сонсож байсан ч учрах боломж олдоогүй юм. Түүний шинэхэн бүтээлийг хэвлэж өгөх яриагаар бид танилцсан. Тэрбээр дэндүү хайр татам нэгэн билээ. Нэр нь Вита.

Удалгүй түүний нөхрөөс надтай танилцсан өдөр бүтэн өдөржин миний тухай ярьсныг сонсож билээ. Яагаад ч юм энэ яриаг сонсоход сэтгэл хөдлөв. Гэвч түүнтэй уулзах арга зам хайсангүй. Удалгүй түүнээс богинохон үгтэй захидал ирлээ. Тэрбээр манайд хааяадаа зочлох ч бид хайрын тухай бус, орчин үеийн уран зохиол, феминизм, дотоод мэдрэмжийнхээ тухай ярилцана. Тэр намайг бүрэн дүүрэн ойлгодог гэхгүй ч миний хэлэх гэсэн үгийг гүйцээж хэлж чадах цор ганц хүн гэж боддог байлаа.

Надаас арван насаар дүү түүнд татах увдис бий. Гэхдээ хайранд нас хамаатай гэж үү. Ер нь хайранд юу хамаатай юм бэ.

Нэгэн орой бид урьдын адил уран зохиол ярьж, дарс шимж суухдаа би түүний харц руу удаан ширтсэн юм. Ийн тэр над руу дөхөж, түүний уруул уруулыг минь шүргэн өнгөрөхөд л хамаг бие минь сэрэх шиг болсон. Түүнээс хойш биднийг холбох ганц зүйл захидал болсон доо.

Энэ л үеэс надад нэгэн зохиолын санаа үе үе бодогдох болсон юм. Гол дүр нь түүний дүр төрхөөр сэтгэлд минь биежнэ. Миний хувьд энэ зохиол түүнд өгөх хайрын захиа, тэр ч байтугай түүнд хайртайгаа хүн бүрд зарлаж буй тунхаг байлаа. Харин  энэхүү зохиолыг минь Леонард уншаад Вита болон бидний хайр сэтгэлийн тухай гэдгийг мэдсэн ч юу ч хэлэлгүй хэвлэл рүү шилжүүлж билээ.

Өөрийн төрхөө ахин голын усанд харахад ээжтэй минь адил царай Вита болон хувирсан байв. Жилийн хугацаанд гуравхан удаа харсан түүний царай тодоос тод үзэгдэх шиг. “Чиний төрх үргэлж харагдаж байна. Одод руу ширтсэн ч, голын тусгалд ч... Чи миний оршин буйн бүх юм. Бодит бүх зүйл” хэмээн нэгэнтээ түүнд зориулж бичиж байлаа.

Хамгийн сүүлд ирсэн захидалд Вита “Чамд хайртайг минь мэднэ биз дээ” гэсэн үг түүний хоолойгоор сонсогдоно.

Ийнхүү бодохтой зэрэг Леонардад үлдээсэн захиагаа саналаа. Гэртээ буцаж очоод ураад хаяхад бэлэн байсан ч "Үгүй дээ, тэглээ гээд юу ч өөрчлөгдөхгүй" хэмээн бодоод өндийв. "Магадгүй би эдгэшгүй нэгэн биз. Тэр надад байж болох хамаг аз жаргалыг бэлэглэсэн байтал би түүний төлөө үүнийг л хийж чадна" хэмээн бодоод, харсан томхон чулуугаа хаврын нимгэхэн хүрэмнийхээ халаасандаа шургууллаа. Ийн халаасаа чулуугаар дүүргэн тэрбээр голын ус руу алгуурхан алхсаар орчихов.

1941 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдөр. Халаасаа чулуугаар дүүргэн усанд үйж, энэ хорвоог өөрийн хүсэлтээр орхисон Английн алдарт зохиолч Виржиниа Вүүлфийг нас нөгчсөнөөс нь хорь хоногийн дараа олсон билээ.

 


"ГАЛЗУУ" ЗОХИОЛЧ БҮСГҮЙ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188