• Өнөөдөр 2024-05-19

"Төсөөлж чадвал бүх л зүйл хөгжим болж дуурьсана" буюу Селмагийн сэтгэлийн чанадад нэвтрэхүй

2020-12-07,   1364

/Кино шинжлэл/

     Алдарт Дани найруулагч Ларс фон Триерийн "Харанхуйд бүжиглэгч" (Dancer in the dark) хэмээх удам дамжсан сохрох өвчинтэйгээ тэмцэж буй ажилчин ангийн цагаач эмэгтэйн дотоод ертөнцийн хүсэл тэмүүллийн тухай өгүүлэх уг мюзикл кино нь тун өвөрмөц хийцтэйгээр бүтээгдсэн төдийгүй миний амьдралдаа үзэж байсан бүхий л мюзиклүүдээс сэтгэлд хамгийн тодоор хадагдан үлдсэн нь билээ. Алдар цуугаа дэлхий дахинаа цуурайтуулсан сонгодогууд болох "Singing in the rain", "All that jazz", "The wizard of Oz", "Mary Poppins", "The Sound of music", "My fair lady"-ээс авахуулаад орчин үеийн шилмэлүүд болох "Chicago", "Sweeney Todd", "Dream girls", "Mamma Mia", "Les Miserables", "La la land", "A star is born" гээд бүхий л цаг үеийн мюзикл кинонуудтай харьцуулахад хөгжим болоод хөдөлгөөн гэх хоёр элементийг агуулснаараа бусдаар "зиндаа" тэнцэхгүй гологдож мэдэх л... Ларс фон Триерийн эл кино "нэг муу" дүрс бичлэгийн камераар хийгдсэнээс гадна зураг авалт, эвлүүлэг, өнгө будгийн хувьд даржин гэмээр сонирхогчийн баримтат кино мэт тун ч энгийн хийцтэй, "ХАРАГДАХ ГОО ҮЗЭМЖ" гээд байхаар зүйлгүй эд гэж хэлэхэд буруудахгүй. Тийм хэдий ч "ХҮРТЭГДЭХ ГОО ҮЗЭМЖ"-ийн хувьд үзэгчийн сэтгэлд хадагдан үлдэх өөрийн гэсэн давтагдашгүй өвөрмөц хэв маягийг урлан бүтээж чадсан юм.

      Ларс фон Триер найруулагчийн бараг бүхий л уран бүтээлийн төв, гол дүр нь эмэгтэй хүн байдаг. Түүний киноны эмэгтэйчүүд нь амьдрахуйн этгээд эсэргүүн үзэл сэтгэлгээтэй, эгэл бус хүсэл сонирхолтой, ёс суртахуунаас ор тас ангид ухамсар зан араншинтай, нийгмээсээ таслагдан гадуурхагдсан дүрүүд байдгаараа онцлогтой. Сэтгэлдээ гүн гүнзгий шаналал, гансрал тээсэн, нийгэм ахуйдаа хүлээн зөвшөөрөгдөж чадаагүй тийм л эмгэнэлт хувь тавилантай эмэгтэйчүүдийг "Breaking the waves", "Dogville", "Nymphomaniac", "Antichrist", "Melancholia" кинонуудаас нь харж болно. Энэ тухайгаа тэрээр "Тэд эмэгтэйчүүд биш ээ. Тэд бол хөрөг зургууд юм" хэмээсэн нь бий.

      

"Дүрүүдээ хэтийдсэн зовлонд унагаж тарчлаадаг, хүмүүний оршихуйг "тэвчихийн аргагүй хүнд"-ээр илэрхийлэн харуулдаг, үзэгчийн сэтгэл оюуныг ёс бус асуудлуудаар дарамтлан хүчирхийлдэг учраас нь Ларсын кинонд дургүй" гэж нэг танил минь хэлж байж билээ. Нээрээ л яахын аргагүй түүний зөв. Тиймдээ ч Ларс фон Триер жүжигчдээ эгээ л кино шигээ сэтгэхүйн дахамтанд унагаж, жинхэнээс нь шаналд нэвчүүлж байж дүрийг нь бүтээлгэдэг харгис гажууд арга барилтай байх л даа.

      "Харанхуйд бүжиглэгч" киноны Селмагийн дүрийг бүтээсэн Бъёорк нь дуу хөгжмийн ертөнцөд нэрээ мөнхөлсөн нэгэн. Түүнийг ямархан гайхалтай сүнслэг уран бүтээлч эмэгтэй болохтой маргах хүн цөөхөн биз. Түүний дуунууд надад яруу найргаар бол Батрэгзэдмаагийн "Би дэлхийд нэр өглөө - Асаодарэ" номын шүлгүүдийг санагдуулдаг. Сонссон хэн бүхэнд цохилж буй зүрх бүрийг хайрлах сэдлийг төрүүлэхээр уянгалан ятгаж байх шиг тийм яруу дуурьсал тэндээс мэдрэгдэнэ. Түүний авъяас, мэдрэхүйг Ларс ч мөн адил цагийг нь олж үнэлэн таньж чаджээ.

     Тэрбээр анхлан энэ киноны хөгжмийн зохиолчоор нь л ажиллах ёстой байсан хэдий ч Ларс гуай жил гаран араас нь гуйж гувшиж чаргууцалдсаны хүчинд мөнхүү Селмагийн дүрийг бүтээхээр болсон юм гэдэг.

     Тэдний хэн хэнийг сонирхлынхоо үүднээс бишрэн, багахан судласны үндсэн дээр зориг гарган тэнэглэн зүйрлэвээс Бъёорк бол НАВЧ, Ларс фон Триер бол ЧУЛУУ. Салхи бүрийг даган аясаар нь эргэлдэн бүжиж чадах өд мэт хөнгөн ганц навч нисэх басхүү чөлөөлөгдөх л хүсэлтэй. Харин салхи байтугай сүр хүчит ямарваад нь ч үл бутрах хатуу хад чулуу ертөнцийн хамгийн гүн ёроол рүү тэмүүлнэ. Галт уулын хайлмагт ч тэсвэртэй түүний зорилго нь эвдрэл, эмтрэлгүйгээр цаг хугацааны шалгарлыг даван туулах. Хэт хийсвэр, уран дүрслэлийн сонсогдож мэдэх ч онож дүрсэлсэндээ итгэнэ. Бүхий л шинжлэх ухааны гаргалгаа, томъёо бүрийн цаана ч оршин буйн зүй зохирлын утга уянгат уран хийсвэр чанар нуугдаж байдаг шүү дээ. Үүгээрээ тэдний үзэл сэтгэлгээ ямрыг, басхүү хэр ялгаатайг хэлэхийг хүссэн юм. Нэг нь хөгжмөөрөө бүхий л зүйлст аз жаргал оршиж байдгийг тунхаглаж байхад нөгөө нь киногоороо бүхий л зүйлст зовлон, шаналал агуулагддагийг хайр найргүй зарлаж орхижээ.

     Ийм л эрс тэс, эсрэг тэсрэг чанартай уран бүтээлчид нэгдэн нийлж ажиллах нь хэр хүндрэлтэй байсныг төсөөлөхөд бэрх. Тэгсэн ч "Харанхуйд бүжиглэгч" гагцхүү тийм ээдрээт хүнд нөхцөл байдалд л бүтээгдэх зохиролтой байсан байж мэдэх юм.

      Өөрийн бүтээсэн Селмагийн дүрээ Бъёорк илүү уран бүтээлч, бодит ертөнцөөс өөрийн уран зөгнөлт төсөөллийн ертөнц рүүгээ зугтаж амьдралын сайн сайхныг эрэлхийлж олж харж байгаа нэгэн мэт байлгахыг хүссэн бол Ларс харин Селмаг улам илүү уй гашуудаа идэгдэн зовж шаналгахыг хүсч байсан гэхэд болно.

Энэ бүгдийн дундаас л харах нүдээ алдаж байгаа нь хөөрхийлөлтэй ч, "хамаг бүгдийг харсан" мэтээр сэтгэх атаархам хүчтэй эмэгтэй бий болон бүтээгджээ.

      Селмагийн дүрийг ажигласны дүнд өөрийнхөөрөө гурван янзын хэв шинжид хуваасан юм.

1. Үр хүүхдийнхээ төлөө өөрийгөө золих ажилчин ангийн ганц бие эх хүн

2. Эрх чөлөөний бэлэг тэмдэг бүхий мөрөөдөгч уран бүтээлч эмэгтэй

3. Нийгмээс оноосон шийтгэл хувь заяаны гэсгээлийг сэтгэлийн амгалангаар хүлээн авч/ялан дийлж буй бодь хүн.

 

      Төрсөн хүүгээ л аюулт өвчнөөс аварч чадаж байвал түүнд таван мэдрэхүйнхээ нэгийг алдах юу ч биш. Хүүгээ нийгмийн муу муухай, сөрөг бараан зүйлсээс холуур хүмүүжүүлэхийн тулд ямар ч саад бэрхшээлтэй нүүр тулгарч чадах тэр л зориг... Нэг бодлын их л энэрэнгүй сэтгэл мэт санагдах ч нөгөө бодлын Селмаг хэзээ ч дэлбэрч мэдэх аюулт бөмбөг лугаа болгож байгаа юм. Алдах эрхгүй учраас юуг ч ажрахгүй хийчихнэ гэдэг чинь аюулын харанга байлгүй яах вэ. Хүнийг мангас болгон хувиргадаг тэр л шинж... Даанч тэр мангас, хүн аль аль нь биш. Гэм нүгэл ч түүнийг "гэгээрэлд хөтлөгдсөн нэгэн" байхаас нь зайлуулж дөнгөхгүй. Юунд бодь басхүү гэгээн гэнэм гэж үү? Харин л дээ.

      Үйлдвэрийн төмөр машинууд хоорондоо харшин хангиналдаж, моторууд нь хүнгэнэн дуугарахыг Селма төсөөлөлдөө хөгжим мэтээр хүлээн авч байна. Харахыг хүссэн хүн бүхний төлөө цэцэгс хаа сайгүй дэлгэрч байдаг гэдэг шиг түүний хэлснээр "Төсөөлөлд нь бүх л зүйл хөгжим болж хувирна".

      Киноны дуу, бүжгүүд нь бүгд Селмагийн ой ухаанд нь л өрнөж буй зүйл юм. Түүний хөнөөсөн эр Селмаг уйлан гашуудсаныхаа дараагаар цустай даашинзаа дэрвүүлэн дуулж эхлэхэд амь орсон мэтээр "Чи хийх ёстой зүйлээ л хийлээ" хэмээн даган дуулж байна. Селмагийн дотоод сэтгэлийн зөвтгөл басхүү буруутгал нэгэн цэгт зэрэгцэж буй нь тэр. Энэ л "Харанхуйд бүжиглэгч"-ийг бусад мюзиклуудээс өвөрмөц өөр болгож буй шинж юм.

     Эцэстээ тэрбээр дуулж буй дуугаа дуусгаж амжилгүй дүүжлүүлэн амиа алдаж буйгаар төгсөх аж. Тийм атал нийгмийн шаар шавхрууд тооцогдон адлуулах, үхэлтэй нүүр тулгарах аль аль нь ч түүний хувьд гэсгээл болж чадсангүй. Яагаад гэвэл тэр амьдралаас харахыг хүссэн бүхнээ хэдийнэ олж харж амжсан гэх түүний харах өнцөг л чухал. Энэ л БОДЬ СЭТГЭЛ мөн.

      Уран бүтээлч байна, урлаглаг амьдарна гэдэг нь зөвхөн тайзан дээр, эсвэл дэлгэцэн дээр олон мянган үзэгч, шүтэн бишрэгчдээр хүрээлүүлэхийг хэлэхгүй. Урлаг гэгч материаллагаас илүү сүнслэг, биемахбодиос илүү сэтгэлд хүрч мэдрэгддэг зүйл гэж би бодох дуртай.

      Гэхдээ ямар ч байж болно л доо. Яаж сэрч мэдрэх нь хэн хүний л дур. Урлаг шүү дээ.

    Гэхдээ! Өөрт байгаа зүйлээс аз жаргалыг, утга учрыг мэдэрч, амьдрал мөнх бишийг ойлгосон ч үүнийг хүлээн зөвшөөрч (амьдрал мөнх биш болохоороо л сайхан биш гэж үү) өөрт оногдсон тэрхүү ахархаан хугацааг хайрлаж, хайрыг түгээж чадвал тэр нь өөрөө "амьдрах урлаг" байх.

     Хааяа борооны дараах агаарыг сорон үнэрлэхдээ л юу юунаас ч илүү амьд байгаагаа маш тодоор мэдэрдэг шүү дээ. Зүгээр өчүүхэн гэмээр зүйлсээс таашаалыг мэдэрч "үхдэлүүд бол ингэж чадахгүй байх даа" гээд тэнэглэн бодох таатай байдаг шүү. Ийм л эрээвэр хураавар бодлын сүлжээсэн дунд Селмагийн дүр үхсэн ч мөнхрөн үлдэж байна.

     Харин дүр бүтээлтийн тухайд; Хүү Жинээсээ ч хүүхэдлэг шинж чанартай, гэнэхэн, гэгээн дүрийг киноны эхэн хэсэгт Бъёоркоос олж харж болно. Түүний бүтээсэн дүрийг уг кинонд хамтран тоглосон Катерин Дэнуэ "жүжиглэлт гэхээс илүү сэтгэл хөдлөл, мэдрэмжлэг байдал давамгайлсан" гэж үзэж байж. Лавтай жүжиглэлт гэхэд тун бэрх шүү. Тэглээ ч Бъёорк мэргэжлийн жүжигчин биш, энэ нь түүний тоглосон цорын ганц дэлгэцийн уран бүтээл. Кино  уран бүтээлчид, шүүмжлэгчид ч захаасаа авахуулаад “дэлгэцийн гоо зүйд нийцэхээргүй жүжиглэлт”-ийг нь онцлон цохож байсан юм.

     

Жүжиглэхүй нь мэргэжлийнх үү мэдрэмжийнх үү? гэх асуултын хариуг мэднэ гэж бат нот итгэж явсан минь "Харанхуйд бүжиглэгч"-ийг үзээд эргэлзээний их манан дунд сарнин алга болсон юм даг. Магадгүй мэргэжлийн бус учраас л тэр бидний өдөр тутамд биесээсээ олж хардаг энгийн ааш авир, дулаан сэтгэлийг тун ч бодитоор гаргуун бүтээсэн байж магадгүй. Кино дүрс бичлэгийн гар камераар хийгдсэнийг ч хэлэх үү, үзэгчдэд хааяа яг баримтат кино үзэж буй мэт тийм л бодит басхүү дотно мэдрэмж төрнө. Хөгжмийг нь өөрөө бичсэн дуунуудаа дуулах үед тэр яг л өндөгнөөсөө дөнгөж цухуйж орчлонг сонирхон тольдож буй шувуу болон хувирах шиг санагдана. Түүний дуунууд туулж буй зовлон, зүдгүүрийнх нь эсрэгцэл бүхий амьдрахуйн сайхныг өгүүлсэн өөдрөг, бясалгахуйн шинж чанартай.  Тэр мөчид түүнээс Жиний ээж, ганц бие эх хүн, сохорч буй хөөрхийлөлт эмэгтэй гэх бүхий л үнэнүүд үргэн одож, цоо шинээр дахин төрсөн эрэмгий сүнслэг бодгаль л мэдрэгдэнэ. Энэ киноны эмгэнэлийн мөн чанарыг зохиолыг нь уншаад эсвэл хэн нэгнээр яриулаад мэдэж болох ч Бъёоркын хэрхэн дэлгэцнээ амьдарч байхыг нь өөрийн нүдээр харахгүй л бол мэдэрч чадахгүй тийм л гэгээн хүсэл тэмүүллийг тэр бүтээж чадсан юм. Яг л түүний сэтгэлийн уй гуниг, баяр баясал, мөрөөдөл жаргалыг камераар бичиж авч байгааг тэр өөрөө мэдэх ч үгүй байгаа мэт тийм л үнэмшил, бодитшилийг үзэгчийн зүрхэнд сийлж чадсан гэж би бардам хэлнэ. Хэрхэн түүн шиг дэлгэцнээ уусан шингэж, дүрийг амилуулах билээ? Энэ асуултын хариуг харин мэдэж байна. Гадагшаабиш дотогшоо өнгий. Тэнд л...

Э. Бүжинлхам

 


"Төсөөлж чадвал бүх л зүйл хөгжим болж дуурьсана" буюу Селмагийн сэтгэлийн чанадад нэвтрэхүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-12-07 21:13:24
    zochin: sain bichsen bna bayr hvrgey ih taalagdlaa ♥️
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188