• Өнөөдөр 2024-05-16

2022 ОНООС ОНЦЛОХ УРАН ЗОХИОЛЫН БУС 10 НОМ

2022-12-31,   1083

     Энэ онд Ардын жүжигчин Банзарын Дамчаагийн “Цөвүүн жаран”, Төрийн шагналт найруулагч Бэгзийн Балжиннямын “Холын зэрэглээ”, Л.Хөсрий “Хөсрий нэртийн түүх” зэрэг номуудаас гадна Нэпко хэвлэлийн газар “Түүхэн эрхмүүдийн цадиг” цувралаа нэрт хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шаравын намтар, дурсамжаар баяжуулсан билээ. Харин энэ удаад намтар дурсамжаас гадна философи, физилоги, судалгаа, онол, сэтгүүл зүй зэрэг өргөн сэдэвт хамааруулан уран зохиолын онцлох арван номыг сонгон уншигчдадаа хүргэж байна. 

ХӨСРИЙ НЭРТИЙН ТҮҮХ (Лувсангийн Хөсрий)

     Багад сонсож өссөн үлгэр домгийн мэт элдэв хууч, явган ярианууд бодит хүний түүх, тэр тусмаа бага насны дурсамжтай эвлэлдээд ирэхээр тун ч их сонирхол татаж байв. Энэ бол Лувсангийн Хөсрийн бичиж үлдээсэн өөрийн намтар, дурсамж юм. Намтрыг яаж ч өгүүлж болно л доо. Ихэвчлэн нуршсан цагаан уянгаар хулдах эсвээс эх адаг нь үл мэдэгдэх баримтуудаар дүүрчих нь бий. Харин уг ном бол өөр. 
Тэгээд ч улс орны түүх иргэдийнх нь амьдралын нийлбэр байдаг гэх үгтэй бүрэн санал нэгдэнэ. Тус ном нь хэдийгээр гурав дахь хэвлэлт боловч энэ удаад 1930-аас 1940-өөд оны цаг үетэй холбогдох адал сониныг нэмж оруулжээ. 
      Нэг л хүний намтар гэмээр ч уншихад тун ээдрээтэй хувь тавилан болох нь мэдрэгдэнэ. Үүнээс гадна яруу тансаг хэл, өдгөө бараг л хэрэглэхээ больж, хэрэг гарвал толь бичгээс л хараг үг хэллэг, дүр дүрслэлийг ашиглан бичжээ. 

ФИЛОСОФИЙН СУУЛГАЦУУД (Дамдинсүрэнгийн Урианхай)

       Оны онцлох бүтээлд олгодог шагналын нэг болох “Мэргэн цом”-ыг Д.Урианхайн “Философийн суулгацууд” номд хүртээсэн билээ. Түүний бүтээл болгонд философи ямар нэг хэмжээгээр заавал шингэсэн байдаг. Гэхдээ бүрэн дүүрэн агуулгаар нь өөртөө нээхэд зарим нэг хүмүүст халгамаар хурц, хуучны монгол хэллэг ихтэйгээс гадна эх орны ирээдүйн талаарх зөгнөлт шинжтэй бодрол болоод амьдралын мөн чанар, цаашид урагшлахад хэрхэн зөвийг олох зэрэгт анхаарал хандуулсан 441 ширхэг бодрол бүхий бичил бичвэр уг бүтээлд багтжээ. 
     Тус номыг “Д.Урианхай судлалын академи” эрхлэн хэвлүүлсэн агаад цаашид гарах философи сэтгэлгээний гурван цуврал бүтээлийн эхнийх нь ажээ. 
      Эл номын гол санааг ойлгохын тулд гурван чухал ухагдахуун хэрэгтэй. Нэгдүгээр ганцаардлын эрх чөлөөт байдлын тухай болоод энэ нь ямагт хувь хүний хандлага, төлөвшил, бусадтай нийгэмших харилцаа руу чиглэнэ. Хоёрдугаарт эх орон хийгээд соёлт ертөнцийн түүхийн талаарх үзэл санааны мөн л эрх чөлөөг олгоход чиглэгдсэн буруу үзэл, тэдгээрийг засан залруулах үзэл. Эцэст нь энэ бүхэн нэг л зүйлийн тухай бидэнд үргэлж сануулах нь эв нэгдэл, хамтач хандлага билээ. 

ДОМГИЙН ЛОГИК (Яков Эммануилович Голосовкер)

       Жон Сатэрлэнд хүн төрөлхтний уран зохиолын товч түүхийг өгүүлэхдээ домгоор эхлүүлсэн юм. Мэдээжийн зүйл шиг санагдаж байгаа биз. Гэтэл японы хувь хүний хөгжлийн номд үргэлж өгүүлдэг шиг мэдээжийн зүйлийг заримдаа ухан нягтлаагүйгээс үүдэлтэйгээр агуу ихийг мартдаг гэмтэй. Тиймээс ч домог бидний, хүн төрөлхтний, тэдний оюун санааны түүхийг хүүрнэсэн байдаг. Харин түүнд ямар шинж агуулагддаг, логик, гүн ухааны гадна домог зүйн сэтгэлгээний ололт хөгжлийн талаарх бүтэн онол монгол хэлт уншигчдын гарт хүрсэн нь Я.Э.Голосовкерийн “Домгийн логик” хэмээх эл бүтээл юм. 
      Зохиолчийн насан туршдаа хийсэн уран бүтээл, судалгааны гол цөм болсон уг номыг барууны орны ихэнх дээд сургуулиас гадна евроази ч тэр чигтээ хэрэглэж, судалж иржээ. Я.Э.Голосовкер нь 1913 оны үед Орос улсын Киевийн их сургуулийг төгсөхийн зэрэгцээ хэл бичгийн болон философийн анги дүүргэж Риккертагийн философи болон Сапфогийн яруу найргийн сэдвээр диломоо хамгаалсан байна. 
Тус номыг “Утга зохиолын судлал шинжлэл” цувралын 46 дахь боть болгон хэвлэсэн агаад Жек Лондоны “Адамаас өмнө”, Альбер Камюгийн “Сизифийн тухай домог” зэрэг “Софило” цуварлыг орчуулсан Ж.Отгонбаяр дуун хөрвүүлжээ. 

МОНГОЛЫН УРАН ЗОХИОЛЫН ТҮҮХЭН ТОВЧ II (Цэнд-Аюушийн Буянзаяа)

        Зохиолч, судлаач Ц.Буянзаяагийн “Монголын уран зохиолын түүхэн товч I” бүтээл нь “Чулуун номоос хөлгөн сударт” хэмээх дэд нэртэйгээр хэвлэгдэн гарч байсан билээ. Түүнд монголын эртний уран зохиол, тэдгээрийн уламжлал, ололт хийгээд эдүгээ цагийн уран зохиолын туурвил зүйн үндэс суурийг биежүүлсэн сэтгэлгээний ололтын тухай өгүүлнэ. Харин уг номын дэд дэвтэр нь “Монголын уран зохиолын түүхэн товч II” буюу “Хаан ширээнээс харцын олбогт” нэртэйгээр хэвлэгджээ. Дэд нэрээсээ авахуулаад л уг номыг бичлэгийн хэлбэр, хоржоонтой агаад шүүмжлэлт өнгө аяс нь илэрхий. Ерөөс судлал шинжлэл, шүүмж гэдэг өөртөө үнэнч байхын нэр. Мэдээж үечлэл, дорвитой судалгаа, өгүүллийн жишээнүүд үзэгдэх ч дэд дэвтрээс монголын уран зохиол болоод зохиогч өөртөө үнэнч хандсан шинж тодхон харагдана.

ДАРХЛАА (Филипп Деттмер)

     Биднийг юу амьд байлгаж, эрүүл мэнд, бие махбодийг тэтгэдэг вэ? Мэдээж уг асуултанд физилогийн үүднээс амархан хариулчих болов уу. Харин үүнийг сайтар ухаж ойлгох, цаашлаад өөртөө эсвээс таныг амьд оршихуйд хүлж чадах нууцлаг ертөнцийн талаар тань мэдэхэд Филипп Деттмерийн тус ном туслах болно. 
      Бүгд л дархлааны тухай ярьдаг. Гэвч үнэндээ энэ нь чухам юу болохыг, яаж хэрхэн хамгаалах талаар асуулт тавих нь олонтоо. Үүнээс гадна элдэв өвчнөөс эд эрхтнийг сэргийлэхийн тулд бидний дархлаа тогтолцоо нь яаж ажилладаг, хэрхэн анхаарч эс хоорондын тэнцвэрт байдал гомеостазйг тогтоон хадгалаж байдгийг тэр бүр анхааран авч үздэггүй. Тэгвэл Деттмерийн “Дархлаа” номд олон сэдвийн хамарсан нийтлэг ойлголтоор бус зөвхөн бие махбодийн талаас дархлааг цогц утгаар судалж, баримтад тулгуурласан цэгцтэй бичлэг, тод өнгийн график, усан будгийн хослолоор чимэглэсэн зургуудаар дамжуулан өргөн мэдлэг хүртээх болно. 

ХАРГУЙ (Доржийн Чанцалдулам)

     Онцлохын өмнө үнэнийг өгүүлэх учиртай. Уг номоос би дөрвөн ярилцлага, хоёр сурвалжилгыг уншаагүй юм. Гэхдээ чингэлээ гээд номын агуулга, түүн доторх бичвэрүүдийн ерөнхий цар хүрээг энэ онд гарсан сэтгүүл зүйн бусад бүтээлүүдтэй харьцуулаад судалчихаж үл чадах хэмжээнийх бус гэсэн үг юм. 
      Юм бүхэн эхлэх цэгтэй. Тэр цэг дээрээс л цаашдын зам жим эхэлдэг. Мэдээж эд хаа нэгтээ хүрээд зогсоно. Харин харгуй гэдэг алсран алсарсаар л... Тодорхой, тод боловч энхэл донхолтой бөгөөд индүүдсэн мэт толигор зам бус билээ. Тиймээс ч нэг л их холын холд алсрах шиг, түүгээр зорчиход их удах шиг санагддаг. Ийнхүү нэрнээсээ эхлээд номын хувьд заяаг дотор нь орсон нутгийн тухай уясуу, санахын чинээгээр дүүрэн сэтгэл, нөгөө талдаа гол дүрийн баатруудын эмзэглэлийг уншигчдад шудрага үнэнээр дэлгэсэн хөндүүрэл дүүрэн тэмдэглүүдтэйгээ холбож өгчээ. 
     Ярилцлага нь тодорхой, цэгцтэй, сурвалжилгууд нь алс замд ч, ахуйн үүдний ойр ч байлаа гэсэн эрэх, олох, үнэнийг мэдрэх итгэлээр дүүрэн сэтгүүлчийн ийм нэгэн харгуйгаар эмзэглэж, элгэмсэж, заримдаа эрс тэрс зөрчилдөн байж туучив. Уг ном “Ergelt.mn” сайтын Эрэн сурвалжлах, шуурхай мэдээллийн албаны дарга Д.Чанцалдулмын ярилцлага, тэмдэглэл, сурвалжилгаас бүрдсэн бүтээл агаад “Эргэлтийн номын сан” цувралаар хэвлэгдэн гарчээ. Бичих сэтгэл, зориг түүнд ийнхүү буй аваас бийрлэх сэдэв, үзэг хоёр хаа мундах билээ. 

ХОЛЫН ЗЭРЭГЛЭЭН ДУНД (Бэгзийн Балжинням)

        Үргэлж зурагттай нөхөрлөөд байдаггүй. Гэхдээ кинонд дуртай. Харин зурагтаар “Тан руу нүүж явна” гарч байвал юу ч хийж байсан даруйхан орхичхоод үзэж суудаг сан. “Говийн зэрэглээ” Тэгвэл эдгээр бүтээлийн нэгд нь ерөнхий найруулагч, нөгөөд нь зохиолчоор ажилласан Монгол Улсын Төрийн шагналт Бэгзийн Балжиннямын мэндэлсний 80 жилий ой энэ онд тохиосон билээ. “Мөнх тэнгэрийн хүчин дор”, “Илүү сартай зун”, “Би чамд хайртай”, “Гарын таван хуруу” зэрэг 1970-аас 1990 он гарталх түүний уран бүтээлийн цуваа тасрахгүй. 
          Энэ л их хүний намтар дурсамж, уран бүтээлийн ололт амжилт, түүн дотроос уналтыг ч орхигдуулалгүйгээр хадгалсан нэгэн бүтээл өнөө үеийн уншигчдад хүрсэн нь “Холын зэрэглээн дунд” ном юм. Дурсамж унших хэзээд сайхан. Харин их хүний дурсамж амьдралаас гадна тухайн үеийн нийгэм, урлаг, өөрийнх нь ажиллаж явсан салбарын түүх болж үлдсэн байдаг. 

ГЕНОМЫН КОД ТАЙЛАГЧ (Волтэр Айзэксон)

      Гурван үгээр эл номыг хүн төрөлхтний ирээдүй гэж тодорхойлжээ. Мөн өнгөрсөн оны эхлэлд 2022 оноос хүлээх номын жагсаалтад онцолж байв. Үнэндээ технологи болон биологи хоёрын нэгтгэлийн эцсийн гаргалгаанаас гадна үүнийг бий болгоход тусалсан бүтээгчид, судлаачдын тухай өгүүлсэн ер бусын ном юм. Тиймдээ ч технологийн хөгжил түлхүү дамавгайлах бол энэ эрин зуунд Айзэксоны “Код тайлагч” нь уншууртай бүтээлийн тоонд зүй ёсоор багтдаг.
     Багаасаа л шинжлэх ухаан сонирхсон хэдий ч цаг үргэлж бусдад дутуу үнэлэгдэн, басамжлуулж ирсэн Женнифер Дүдна хэрхэн биологийн тайлагдашгүй нууцуудыг нээхээр оролдож буй тухай уг номд өгүүлнэ. 

НОМЫН ЖОР IV (Дашийн Оюунчимэг)

     Дэлхийн шилдэг зохиолч, яруу найрагч, оюун санааны эздийн ярилцлага “Номын жор”-ын дөрөв дэх цувралд багтжээ. Орчуулагч нь зохиолчдоо мэддэг, өөрөө уран бүтээлийн тулхтай шидээвэр уншигчдын нэгээс гадна уран бүтээлч тул дуун хөрвүүлгэ, монгол хэлний найруулгын хувьд эргэлзэх зүйлгүй. 
     Тус номоос Хорхе Луис Борхес, Эрнест Хемингуэй, Милорад Павич, Маркес, Ахматова зэрэг уран бүтээлчдийн амьд ахуйдаа өгсөн уран зохиол болоод өөрсдийн амьдрал, үзэл санааны тухай уншиж, таних боломжтой. Үүн дундаас надад хамгийн их таалагдсан нь Борхесийн “Шүлэг бол мөргөл мөн” нэртэй ярилцлага. Нэрнээсээ авахуулаад их утга зохиолын агуу ихийн тухай Борхес хэрхэн дуун алдаж, заримыг нь няцаасан хийгээд өөрийнх нь удам судрын талаарх сонирхолтой гаргалгаа ч бий. 
Нөгөө талаасаа сэтгүүлчид тэдгээр суутнуудтай хэрхэн ярилцсан, цөөн хоромд оночтой асуултыг яаж сонгож буй зэргээс нь нягтлаад үзвэл сэтгүүл зүйн үүднээс ч уншигчдад тус болох ном билээ.  

PATAGONIA: ДАВАЛГАА ХӨЛӨГЛӨН ДУРААР ДАВШ (Ивон Шүйнард)

     Уг номд дэлхийн алдарт “Патагониа” брэндийн баримталдаг найман философийн тухай өгүүлнэ. Бизнест зөвхөн гаргаж буй бүтээгдэхүүн, түүнийг цаашлаад олон сая хүнд хүргэх нь чухал байдаг нь эргэлзээгүй. Гэвч энэ нь бизнес эрхлэгчийн туйлын хүсэл биш юм. Үүнийг тус брэндийн үүсгэн байгуулагч Ивон Шүйнард өөрийн биеэр үлгэрлэн харуулсан бодит жишээ эл номд бий. 
    Учир нь Шүйнард уулын спортын хорхойтон байсан агаад өөрт нь багаас суусан тэрхүү чанар нь дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт, байгаль эхийн сүйрлийн эсрэг бодит хувь нэмрээ оруулахад нь түлхэц болсон болов уу гэж санана. 
Номын нэрнээс өгсүүлээд бодож үзье л дээ. Хувь хүний хөгжил, алдартнуудын намтар, алдаа оноосоо суралцан боссон олон түүхүүд бий. Гэвч тэр болгон дурдагддаг шиг зүгээр л урагшлах хэрэгтэй, босоод улам хүчтэй давших ёстой гэлгүйгээр “давалгаа хөлөглөн дураар давш” гэжээ. Үүнээс цааш тодрох олон хариултыг номоос уншсан нь илүүтэй болов уу. 
Б.Алтанхуяг

2022 ОНООС ОНЦЛОХ УРАН ЗОХИОЛЫН БУС 10 НОМ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-01 08:57:56
    сан: Утас байна уу? захиалга авах болуу?
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188