• Өнөөдөр 2024-03-28

Хүүхэд унших тохиромжтой эртний уран зохиолын ДӨРВӨН НОМ

2022-09-17,   654

    “Монсудар” хэвлэлийн газрын “Жангар” редакцаас эрхлэн гаргасан эртний уран зохиолын дөрвөн номыг онцлон уншигч танд хүргэж байна. Ингэхдээ “Жангар” редакцийн эрхлэгч  Б.Батцэцэгтэй уулзаж, тайлбар авсан юм.

-МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО-
 
           Энэ номыг эрхлэн гаргахдаа юун түрүүнд XIII зууны үеийн уг түүхээс одоогийн хүүхэд, залууст чухам юу нь сонин, өгөөжтэй болохыг бодолцсон юм.  Хэдийгээр дайн байлдаан хүний амьд байх үгүйг шийдэж байсан  ч Чингис хаан хэмээх хувь хүний зан чанар, арга ухаан дэлхийн талыг эзлэхэд хүргэснийг чухалчлан авч үзэхийг зорьсон.  Тэр ч утгаараа бид энэхүү номоо хүүхдийн дур сонирхолд нийцүүлэхийг, Чингис хааны хийсэн олон дайн тулааныг чухалчлах бус, хувь хүнийхээ хувьд эрхэмлэж асан үнэт чанар, итгэл үнэмшил нь юу байсныг өгүүлэхийг, тэр үеийн монголчуудын өв соёлын утга учрыг тодотгохыг хичээнгүйлэн хүсэж ажиллалаа. Иймд тус ном нь түүх өв соёлтой танилцуулах, эх хувилбарыг унших хүсэл эрмэлзэл төрүүлэхээс гадна сургамжтай, монгол хүн гэж хэн болохыг ойлгуулахуйц бүтээл болсон гэж найднам.
 
-ГЭСЭР-
 
     Гэсэр тууль нь, орчлон дэлхий үймээн самуунтай цагт Хурмаст тэнгэрийн хүү Гэсэр амаржуулан төвшитгөхөөр бууж ирээд, муу бүхнийг дарж байгаа тухай өгүүлдэг баатарлаг тууль билээ. Мөн тухайн цаг үеийн домгийн сэтгэлгээ, шашны ойлголт, бэлгэдэл зүй маш ихээр шингэсэн бүтээл юм. Тиймдээ ч одоогийн өнцгөөс харахад харанхуй бүдүүлэг гэмээр ёс заншил, харгис хэрцгий дүрслэлүүдийг тэр хэвээр нь үлдээн хүүхдэд ярьж өгөх, уншуулах боломжгүй тул шинээр зохиомжлон найрууллаа. Ялангуяа ёс суртахуун, хүмүүжил, хэл ярианы маш чухал бүтээл болохынх нь хувьд үнсэн чиг шугам, утга санааг алдагдуулахгүйг хичээсэн.
-ЖАНГАР-
 
     1940 онд Халимагийн нэрт яруу найрагч Б.Басанговын эмхэтгэсэн 12 бүлэг Жангарын эхийг баримтлан ойрад-халимаг аялгаас орчин цагийн монгол хэлний халх аялгад шинэчлэн буулгаж, та бүхэнд хүргэж байна. Энэхүү Жангарын бүлгүүд нь манай туулиудад түгээмэл тохиолддог шашны үзэл ойлголтууд харьцангуй ерөнхий байдалтай туссан төдийгүй жангар судлаач, эрдэмтдийн голлон баримталдаг бүрэн хувилбарыг өөртөө багтаасан бүлгүүд юм. Тууль нь уран сайхны хэтрүүлэл, уран сэтгэмж ихтэй тул хүүхдийн ургуулан бодох чадварыг сайжруулах, үг хэллэгийн баялгийг нэмэгдүүлэх гэх мэт олон талын ач холбогдолтой. Түүнчлэн тохиолдсон саад бэрхшээлийг хэрхэн даван туулахыг сургамжлах төдийгүй эр зориг, тэсвэр хатуужил, нөхөрлөлийн үнэ цэнийг ойлгуулна. Иймд хүүхдээ багаас нь туультай танилцуулж, үг дүрслэл бүрийг харилцан ярилцах замаар өв соёлоо таниулахыг зориорой.
 
-ЭРИЙН САЙН ХАН ХАРАНХУЙ-
 
     Монгол хүн бүрийн сайн мэддэг Хан Харангуйн тууль нь Окины, Б.Ринчений, Кызылийн, тод үсгийн гэсэн дөрвөн бичмэл байдаг нь туулийн гол эх сурвалж юм. Үүнээс 1929 онд Буриадын Окин нутгаас олдсон «Хан Харангуй» нь нэлээд бүрэн бүтэн, чухал хувилбар болох тул энэхүү эхийг хэн бүхэнд ойлгомжтой болгон хялбаршуулж, хүнд үг хэллэгийг эерүүлэн засаж, тайлбар зүүлт хийн, найруулснаар туулийн уран сайхны амт шимт, чансаа муудаагүй, харин ч хүүхэд багачууд, олон нийтийг «ЭРИЙН САЙН ХАН ХАРАНГУЙ» туультай танилцахад дөхөм болгож өгсөн хэрэг юм. Энэхүү туулийн ерэн алд биетэй, есөн төө чихтэй нарийхан чун хүрэн морь төдийгүй Эрийн сайн Хан Харангуй, Улаадай мэргэн баатрын зэр зэвсэг, эд хэрэглэлийг зургаар илэрхийлэхдээ угсаатны зүй, чимэглэх урлалын үүднээс нарийн судалж, орчин үеийн урлагийн хэв шинжид нийцүүлэн, туульд дүрслэгдсэн ихэсгэл, хэтрүүллийг уран сайхнаар үзүүлсэн зургууд нь үйл явдлыг бодит мэт төсөөлөн бодоход тусалж, улмаар сонирхон шимтэн унших болно.

Хүүхэд унших тохиромжтой эртний уран зохиолын ДӨРВӨН НОМ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188