• Өнөөдөр 2024-03-29

Д.Мягмарын уран бүтээл ба амьдрал

2022-02-17,   2724

     Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нэгдүгээр багийн нутаг Зүүвчийн аманд  малчны гэрт нэгэн хүү мэндэлсэн нь Дэмбээгийн Мягмар байлаа. Бага наснаасаа хонь, хурга хариулж өссөн тэрээр хожмоо утга зохиолын билгүүн авьяастан болсон билээ. Тэрбээр 12 нас хүртлээ. Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд сураад, дунд сургуульд, Алтанбулгийн бүрэн дунд сургуульд суралцаж Орхон, Сэлэнгэ мөрний хөвөөнд бага насныхаа дурсамжийг мөнхөлж, хожмын уран бүтээлийн гараагаа мөн эхлэсэн юм. Уулсын сүрлэг жимээр тоглож, гол усны чимээ чагнан өссөн тэрбээр. Уул ус шиг ээ уужуухан монгол хүний сэтгэлгээг зохиолынхоо дүрүүдээр шингээн гаргасан байдаг билээ. Эгэл жирийн атлаа сонин зүйлсээр дүүрэн түүний хувьд ажил алба нь магадгүй уран зохиолын хэрэглэгдэхүүн, оршин байх орчин нөхцөл төдий зүйл бөгөөд амьдралынхаа үнэт зүйлс бүхнийг уран бүтээлд зориулсан гайхамшигт сэхээтнүүдийн нэг юм.
 
   ХХ зууны монголын утга зохиолын цэцэглэлтийн үед уран бүтээлээ туурвиж байсан тэрээр. Гэгээрлийн яамны түшмэлийн суудлаас татгалзаж өөрийн хүсэлтээр Дорноговь аймгийн Сайншанд хотын 10 жилийн дунд сургуульд монгол хэл, уран зохиолын багш, мөн МЗЭ-ийн томилолтоор Архангай, Завхан аймагт мэргэжлийн зохиолчоор тус бүр гурван жил орчим ажилласан байсан гэдэг
 1955 онд Монгол улсын их сургуулийн монгол хэл уран зохиолын ангийг төгсөж, МЗХ-ийн хооронд “Цог” сэтгүүлийн нарийн бичгийн дарга, үргэлжилсэн үгийн зохиолын зөвлөлийн эрхлэгч, зохиолчдын хорооны нарийн бичгийн дарга, Соёлын яамны жүжиг киноны хэлтсийн эрхлэгч зэрэг албан тушаал хашиж байгаад 1969- онд Москва хотруу М.Горькийн нэрэмжит сургуулийг зорьсон байна.
Д. Мягмарын уран зохиолын үндсэн төрөл зүйл нь үргэлжилсэн үгийн зохиол, оргил бүтээл нь уянгын туужууд юм. Үүнийг судлаач, шүүмжлэгчид нэгэн дуугаар гар өргөн баталж, Монголын утга зохиолын түүхэнд байр суурийг нь эзлүүлэн түүхчлэн, дархлан үлдээсэн гэдэг. Өөрөөр хэлбэл түүний уран бүтээлээс хамгийн их судлагдсан, үнэлэгдсэн төрөл зүйл нь тууж юм.
Яруу найргаар их утга зохиолын гараагаа эхэлж, 1949-онд “Хөдөлмөрийн талбайд” хэмээх анхны номоо хэвлүүлж, 1960 оноос үргэлжилсэн үгийн зохиол тууштай бичиж, “Нэгэн байшингийн тууж”-аас эхлэлтэй жараад оны түүний туужууд нь Шувуутын голд Тээрэмчин, Газар бид хоёр, Үер, Оторчин, Цоморлогоо нээсэн цэцэг, Анхны жилийн алхам, хүртэл үргэлжилж наян онд “Би хэзээ ч мартахгүй” хэмээн отголсон юм. Эх үр шиг хүйн  холбоотой эдгээр туужууд нь дотоод сэтгэлд орших гэгээлэг,  ариун шинж, хүн чанарыг амьдралын бодит хөрсөн дээр тодорхой дүр, дүрслэлээр амилуулан дэлгэсэн уянга-сэтгэл зүйн бүтээлүүд болсон билээ.
1970-аад оны үеэс Жүжгийн зохиолч Д.Намдагийн шавь болж, гэр сургалтад хамрагдаж, “Нандин эрдэнэ”, “ Би яагаад”, “Хүү минь”, “Нэгэн хаврын паян” “Найрын ширээний ууц” зэрэг бүтээлүүд туурвисан байна. 
Бидний сэтгэл зүрхэнд мөнхөрсөн “Үер” хэмээх туужаа 1966 онд бичиж дууссан бөгөөд, уншигчдын сонирхлыг татсан < Чансаатай бүтээлийн нэг> хэмээн тооцогдож байсан гэдэг.
1964 онд МЗЭ-ийн шагнал хүртэж, 1973 онд Нацагдоржийн нэрэмжит шагнал хүртэж, Яг арван жилийн дараа буюу 1983-онд төрийн шагнал хүртсэн байна. Мөн 1989 онд Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн хэмээн шагнагдсан юм.
Д. Мягмар нь “Үер” туужаараа хүн ертөнцийн мөнх амьдралыг билэгдэж, уудам орон зай, цаг хугацаа төгсгөлгүй хөдөлгөөний талаар өгүүлжээ. Өтгөсийг  үдэж, нялхаасаа угтана. Хэмээх Их зохиолч Нацагдоржийн шүлгийн утга санаан дээр тулгуурлан бичиж,  хүн ертөнцийн жам ёсыг усчин өвгөн Дэнзэнгийн дүрээр  хүн амьд яваагийнхаа ул мөрийг үлдээж, хойч үеэ өлгийдөн аваад насан эцэслэж буйг илэрхийлж, туулж өнгөрүүлэх амьдралын утга учрыг тодруулан гаргаж иржээ. Үер тууж нь 1980 онд “Хүний сайхан сэтгэл” нэртэйгээр кино дэлгэцнээ гарсан бөгөөд Найруулагчаар Б.Нагнайдорж Их мөрний тохойн чийглэг хөрсөнд тэжээгдэн, он жилийг элээхдээ амьдралын хатуу зөөлөнг ханатлаа эдэлсэн хөгшин буурал улиас шигээ  Дэнзэн өвгөний дүрд: Монгол улсын ардын жүжигчин Д.Чимэд-Осор тоглож, үзэгчдийн оюуны мэлмий хийгээд, сэтгэл зүрхэнд хоногшуулсан билээ. Техникийн гологдлоос болж, чамгүй хүйтэрсэн 11-сард дахин зураг авч будилж байсан гэдэг энэ кино нь. Өдгөө ч хүн бүрийн хайртай зохиол,кино хэвээр байгаа нь зохиолд хүний нандин чухал, ёс суртахууны “үнэт зүйл” гүн шингээснийх биз ээ.  
 

Д.Мягмарын уран бүтээл ба амьдрал
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-02-07 19:21:41
    Зулаа: Хайж байсан мэдээллээ олж авч чадлаа маш их баярлалаа
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188