• Өнөөдөр 2024-05-06

ТҮҮНИЙ ЭРЭЛД ХЯЗГААР ҮГҮЙ

2024-02-14,   1543

                            П.И.Чайковский, Л.Бетховен, И.С.Бах, Р.Шуманы ертөнцөд нэвтэрч, дэлхийн хөгжмийн зохиолчдын бүтээлээр аялаж, тэр сонгодог ахуйг сонсогчдод татан ойртуулагч нь хөгжимчин хүн болов уу. Өөр өөрийн хөг эгшиг, анир аялгуу, утга дайдаар хөврөх тэр хязгаар нь үл харагдах ертөнцөд хөвөгч, өөрийнхөөрөө эрэн хайгч, бэдрэгч, ховоодогчдын нэг бол төгөлдөр хуурч С.Одгэрэл. Тэрбээр тун саяхан долоо дахь уран бүтээлийн тоглолтоо үзэгчдэд толилуулж, удахгүй Япон Улсын Сантори Холлын цэнхэр сарнай танхимд Монгол хөгжмийн зохиолчдынхоо бүтээлийг хүргэхээр зэхэж сууна. Нэрт хөгжмийн зохиолч С.Гончигсумлаа, З.Хангал, Б.Шарав тэргүүтэй суут бүтээлийг нэг дор гадны үзэгчдэд сонсгох нь, ахуй, алс, хол, ойр, дорно, өрнө, үгүйдээ л нар сарны зааг, монгол хүний бодол мөрөөдөлд нэг ч болов өөр ахуй соёлтой хүн нэвтэрч, бидний гэсэн орон зайн хаалгыг хөгжмөөр дамжин татна гэхээр сайхан биш гэж үү. Тэгээд л тийм сайхан аянд гарахын нь өмнө очин уулзаж, бодол зорилго, тайзнаа тоглох гэж буй бүтээл бүхэнд нь уншигч таныг хамтдаа саатаасай, түүнтэй тоглолтынх нь өдрүүдэд нь хамт байгаасай гээд энэ ярилцлагыг хүргэж байна.

-ХӨГЖИМ БҮЖИГТ СУРЧ БАЙГАА СУРАЛЦАГЧДЫН ХӨТӨЛБӨРТ МОНГОЛ ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧДЫН БҮТЭЭЛЭЭС ТОГЛОХ БОЛОМЖ БАГА Ч СҮҮЛИЙН ЖИЛҮҮДЭД ЭРС НЭМЭГДСЭН-

-Таны уран бүтээлийн тоглолт өнгөрсөн сарын 28-нд амжилттай болж өндөрлөлөө. Энэ том ажлынхаа араас та Монголын хөгжмийн зохиолчдын төгөлдөр хуурт зориулсан бүтээлийг Япон Улсын танхимд тоглох болсон сайхан мэдээ дуулгалаа. Монгол аялгуу өөр орны тайзнаа дангаар эгшиглэнэ гэхээр л өмнөөс нь баярлаж байна?

        -Тиймээ, Япон Улсын Токиогийн Сантори Холлын 400 гаруй хүний суудалтай цэнхэр сарнай танхимд Монголын хөгжмийн зохиолчдын төгөлдөр хуурт зориулсан бүтээл анх удаа тоглох болсноороо онцлогтой. Мэдээж манай улсын төгөлдөр хуурчдаас Японд тоглож байсан ч монгол хөгжмөөр дагнасан тоглолт болж байгаагүй. Миний хувьд Италид есөн жил сураад, сургуулиа төгсөж эх орондоо ирээд хамгийн түрүүнд “Монголын хөгжмийн зохиолчдын төгөлдөр хуурт зориулсан бүтээлүүд” гэх цомог гаргасан. Нэг ёсондоо монгол хөгжмийн зохиолчдынхоо бүтээлээр дагнах хүсэл сонирхолдоо хөтлөгдөн энэ удаагийн тоглолтынхоо хоёрдугаар хэсэгт монгол бүтээлээсээ тоглосон. Энэ нь давхар Японд тоглох тоглолтын бэлтгэл болсон.

-Мэргэжилдээ чадварлаг, дэлхийн олон улсад амжилт гаргасан төгөлдөр хуурчид төрж байгаа нь сайхан ч монгол бүтээлээсээ төдийлөн тоглохгүй, тоохгүй байгаа нь сэтгэл гонсойлгодог шүү. Санаснаар болдог бол монгол хөгжмийн зохиолчдынхоо тэр гайхамшигт бүтээлээс л тоглож байвал сайхан санагддаг?

            -Монгол Улсын Консерваторид бид Оросын системийн дагуу эрчимжүүлсэн программаар эхнээсээ нот заалгаад, дэлхийн сонгодог хөгжмийн бүтээлтэй танилцаад эхэлдэг. Харин ахлах ангид орсон хойноо монгол хөгжмийн зохиолчдыг танилцуулах журмаар тоглуулдаг. Түүнээс сурч байх хугацаандаа нэг зохиолчоор дагнан тоглох боломж ховор. Учир нь сургалтын хөтөлбөрт аль болох олон зохиолчдын олон өөр өнгө төрхтэй танилцах шаардлагатай байдаг. Миний хувьд олон ч улсын төгөлдөр хуурын тоглолтод оролцож байлаа. Энэ үеэр тоглолтын дараа монголын хөгжмийн зохиолчдын бүтээлээс тоглохоор их сонирхож, энэ зохиолыг хаанаас сонсох вэ гэж асуудаг байсан. Эндээс л манай бүтээл дэлхийд хэрэгцээтэй, хүмүүс сонсох дуртай юм байна гэдгийг мэдэрч, эх орондоо ирээд монгол хөгжмийн зохиолчдын бүтээлээр цомог гаргасан. Надаас өмнө дан хөгжмийн бүтээл буюу төгөлдөр хуурт зориулсан бүтээл цомог хэлбэрээр байгаагүй, харин симфони оркестртой хамтарч тоглосон бүтээл бий. Хуучин цагт пянз дээр бичсэн бичлэг байдаг ч цомог хэлбэрээр байхгүй учир энэ орон зайд ямар нэгэн зүйл байршуулахгүй бол болохгүй юм байна гэдгийг олж харсан юм.

-Сургалтын хөтөлбөр өөрчлөгдөх боломж байдаг уу, бага ангиас нь эхлээд монгол зохиолоо түлхүү тогловол хүүхдүүд ахуй соёлтойгоо ойр байхаас эхлээд олон давуу тал бий шүү дээ?

             -Сургалтын хөтөлбөрт монгол зохиолчдын бүтээлээс тоглох байдал сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн. Тухайлбал, хөгжмийн зохиолч Ч.Сангидорж, түүний хүү С.Сансаргэрэлтэх нарын хүүхдэд зориулсан монгол ардын дууны хялбаржуулсан 33 дууны ном гарсан. Үүнийг мэргэжлийнхэн төдийгүй сонирхогчид их хэрэглэж байгаа. Мөн З.Хангал агсны бичсэн хүүхдийн цомирлог альбомыг манай сургуулийн багш ном болгон гаргасан нь өргөн хэрэглэгддэг. Бид энэ жил З.Хангал агсны гэр бүлийнхэнтэй хамтран 75 насных нь ойд зориулан хоёр дахь уралдааныг энэ онд амжилттай зохион байгуулсан. Энэ мэтээр монгол хөгжмийн зохиолчдынхоо бүтээлийг тоглох нь бага ч сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж байна.

-Монгол бүтээл монгол хөгжимчиндөө хавчигдмал, нэг талаараа гологдмол болсон гэхээр л харамсалтай санагдаж байгаа юм л даа. Тиймээс л таныг монгол хөгжмийн зохиолчдын бүтээлээрээ гадны оронд тоглолт толилуулах гэж байгаад олзуурхан баярлаад байгаа юм?

        -Мэдээж энэ тал дээр шүүмжлэлтэй хандах зүйл бий. Урлаг эдийн засгаасаа их хамаардаг. Манайх шиг урлагтаа хөрөнгө бага хаядаг оронд бүтээлч байдал нь бага байдаг. Үүнийгээ дагаад Монголынхоо хөгжмийн зохиолчдын сайхан бүтээл рүү орох сонирхол бага байдаг. Ялангуяа, зах зээлийн нийгмээс хойш монгол бүтээл гадаадын аль оронд, хаана төгөлдөр хуураар тоглогдсон бэ гэвэл цөөн. Гадны хөгжмийн зохиолчдын бүтээлтэй хэт их харьцуулж өөрсдийн бүтээлээ голох маягтай хандлага нэг хэсэг их байсан. Харин одоо ингээд өөрсдийн хөгжмийн зохиолчдын бүтээлийг барьж аваад тоглохоор сонирхож, анхаарал хандуулах болсон. Тухайлбал, гадаадад тоглодог төгөлдөр хуурчид монгол зохиолоо тоглох нь нэмэгдсэн. Дээр нь гадны орны төгөлдөр хуурчид мөн асууж, сураглаж, тоглож эхэлсэн нь сайшаалтай. Тэгэхээр жилээс жилд хөгжимчдийн хандлага өөрчлөгдөж, өрсөлдөөн үүсэн урагшилж байна.

-Долоо дахь удаагийн уран бүтээлийн тоглолтоо үзэгчдэд толилууллаа. Анхны тоглолттой харьцуулбал олон ялгаа, өсөлт бий болсон байх. Сонгодог урлагийн тоглолтод ирэх үзэгчдийн хандлага ямар болсон байна вэ?

       -Сонгодог урлаг дотроо дуурь, балетын үзэгчид харьцангуй тусдаа. Илүү тайзны уран бүтээлд дуртай ч юм уу симфони оркестрийг амьдаар үзэх сонирхолтой үзэгчид өөр л дөө. Дан хөгжмийн тоглолт юм уу цөөхүүл хөгжмийн тоглолтыг монголчууд үнэндээ сонсож сураагүй. Тийм соёлыг бэлдэж байсан цаг хугацаа нь алдагдсан. Гэхдээ юм бодох дуртай, намуун орчинд сонгодог хөгжмийн нарийн дуугаралтыг олж сонсох гэсэн, тухайн зохиолын цаана байгаа утга учир, түүхэд сонирхолтой улс сонсдог. Манайд тийм үзэгчдийг бий болгоно гэвэл эхний ээлжид олон тоглолт хийх шаардлагатай, тоглолтын маркетинг талд зөв ажиллах хэрэгтэй байдаг. Харин тоглолтын өсөлт, тодорхой хэмжээний үзэгчтэй болсон тухайд саяны тоглолт дээрээ айхтар маркетинг хийгээгүй. Тийм байхад ирсэн үзэгчдээ хараад тодорхой үзэгчидтэй болсон юм байна гэдэг итгэл төрсөн.

-Таны өнгө аяс, онцлог юу юм бэ гэдгийг тоглосон хөгжмийг тань сонсоод хүн бүр өөрийнхөөрөө хүлээн авах байх. Гэхдээ таны хувьд өөрөө тодорхойлж хэлвэл илүү ойр байх болов уу?

       -Хөгжимчид дотроо өөр. Зарим нь хөгжмийн зохиолчийн үндсэн агуулга, бүтсэн бүтээлийг тодорхой гаргахыг эрмэлздэг бол өөрийн тоглох хэв маягтаа түлхүү анхаарах нь ч байдаг. Миний хувьд эхний хувилбарыг барихыг хичээдэг. Хөгжмийн зохиолч ямар утга санаа, юуг илэрхийлэх гэсэн, ямар донж маягтайг нь аль болох тухайн хөгжмийн зохиолчийн хүссэнээр гаргахыг эрмэлздэг. Миний хөгжмөө тоглож байгаа байдал зарим хүнд хэтрүүлэгтэй харагддаг байж магадгүй. Гэхдээ тэр бол миний тухайн агшинд гаргаж байгаа мэдрэмж учир түүнийгээ хязгаарлахыг хүсдэггүй.

-Хөгжмийн зохиолчийн бүтээлийг өөртөө ойлгон авч өөр мэдрэмж төрсөн үе тань яг хэзээнээс эхэлсэн бэ?

        -Анги бүрдээ л өөр өөр хөгжмийн зохиолчийг ойлгож, өөртөө нээж байсан. Нэгдүгээр ангиа төгсөх үеэр төгөлдөр хуурынхаа хөлийн гишгүүрт хөл хүрэхгүй. Хөл нь жаахан ургаж эхэлсэн үеэс гишгүүр гишгэж эхэлдэг. Анх П.И.Чайковскийн “Өвчтэй хүүхэлдэй” гэх хөгжмийг багш минь “Хүүхэлдэй чинь өвдчихсөн, эмнэлэгт гунигтай байгаа мэдрэмжийг гаргамаар байна” гэж тайлбарласан. Тэгэхэд л зүрх их шимширч, дээрээс нь төгөлдөр хуурын гишгүүрт хөл минь хүрч байгаадаа догдолж байсан үе минь хамгийн сайхан. Түүнээс хойш жил бүр өөр, өөр хөгжмийн зохиолчдыг нээж илрүүлсэн. Наймдугаар ангиасаа хойш Германы хөгжмийн зохиолч  Р.Шуманы хөгжимд их дуртай болсон.

     -Хөгжмийн зохиолчдынхоо дотор ороод, бүтээлтэй нь танилцаад ирэхээр барагтай сэтгэл хөдлөх нь бага байдаг байх. Гэхдээ тоглолтын үеэр тухайн хөгжмийг хүмүүст хүргэж байх үед сэтгэл жолоогоо алдах, алдрах үе байдаг уу?

       -Ер нь тухайн хүргэх гэж байгаа зохиолоо бүх талаас нь судалж, бүх эмоцийг нь гаргахыг хичээдэг. Тэр талаараа жүжигчинтэй ижил л дээ. Бид дүрд хувирах, төсөөлөх нь ч байна. Эсвэл тухайн агшин, төлөв байдалд орших нь ч бий. Тэгэхээр хэт хүнд, асар гунигтай сэтгэл хөдлөлтэй зохиолд сэтгэл зүйн хувьд их бэлтгэл шаарддаг. Тоглолтын үед харин хэт их сэтгэл хөдлөлийг жолоогүй авч явах аюултай. Тиймээс  сэтгэлийнхээ тэнцвэрийг барина гэдэг хамгийн чухал мөртлөө хэцүү зүйл. Түүнийгээ барихын тулд олон жилийн хөдөлмөр ордог. Эээ тухай бид ахлах ангийн хүүхдүүдэд тодорхой яриад эхэлдэг л дээ. Өсвөр насанд сэтгэл хөдлөл ихтэйн улмаас дуртай зохиолоо хамаг юмаа асгаж тоглодог. Энэ нь өөрөө аюул болдог л доо. Ингэснээр сэтгэлээ л гаргаад байдаг тоглож байгаа зохиол нь гүйцэтгэл байхгүй бужигнасан зүйл болдог, тиймээс сонсож байгаа хүмүүст тааламжгүй болж эхэлдэг. Тэгэхээр сэтгэлийн энэ тэнцвэрийг зохицуулна гэдэг хөгжимчин хүний заавал эзэмших ур чадвар байдаг. Сэтгэлзүйн бэлтгэл сайн байгаа хөгжимчин тухайн оролцож байгаа тоглолтдоо илүү тийм нандин, ид шидийн гэмээр гоё элементийг гаргах боломжтой байдаг.

-Төгөлдөр хуур хөгжмийн юу нь таныг татаж, энэ хүртэл үнэнч, тууштай явахад хүргэсэн бэ?

       -Дуусдаггүй эрэл хайгуул, хэзээ ч бүрэн гүйцэт эзэмшсэн мэдрэмж өгдөггүй нь намайг татдаг. Төгөлдөр хуур хөгжим урын сан, техник ур чадварын хувьд ч сурч дуусдагггүй хөгжим. Төгөлдөр хуурт зориулсан бүтээл дэлхий даяар бий. Үүнийг тоглож барахад хүний нэг амьдрал хангалтгүй ч гэдэг. Мөн нэг азтай зүйл нь нийгмээс үүдсэн бухимдлыг хөгжмөөрөө л гаргадаг. Тэгэхээр хөгжим, спорт хүнд сэтгэлийн боловсрол өгдөг гэдэг энэ шүү дээ.

-Хөгжим танд юу өгсөн бэ?

            -Хөгжим надад гоо сайхан, илүү утга уянгатай, энгийн ахуйд ойрхон амьдралаас арай сэтгэлгээний өөр ертөнцийг өгсөн. Бид бол тоглож байгаа хөгжмөөсөө шалтгаалаад байнга аялж байдаг улс. Тэгэхээр хөгжим амьдралаас авч болох таашаал гэдгийг эрт мэдрээд олон төрлийн таашаалыг эрж хайх, түүнийг мэдрэх, эргүүлээд хүнд зааж зөвлөх тэр эрдэмд суралцуулсан. Амьдралын хамгийн гоё зүйлээс хөгжим намайг атгуулсан.

-Ярилцсанд баярлалаа.

        -Баярлалаа.


ТҮҮНИЙ ЭРЭЛД ХЯЗГААР ҮГҮЙ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-15 18:04:38
    цэрэндаш: Ажилт хүсье. Ийм залуусыг дэмжимээр бна даа. Даанч хулгайч нар ялангуяа Ардын нам засаглаж байгаа үед энэхүү охиныг дэмжихгүй, хулгайлараа л бодож суугаа төрийн түшээдийн бодлого нэн харамсалтай
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-11 13:04:38
    Ganchimeg: Goe yariltslaga bn Amjilt
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-11 13:04:33
    Ganchimeg: Goe yariltslaga bn Amjilt
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-11 13:04:31
    Ganchimeg: Goe yariltslaga bn Amjilt
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188