• Өнөөдөр 2024-04-24

Д.ДАМДИНЖАВЫН нэрлэх улс төрөөс бусад салбарын 10 ГОЛ ТОГЛОГЧ

2021-04-20,   1851

      Энэ удаагийн “Оюунт Монгол” буландаа оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан өд” наадмын тэргүүн шагналт, сэтгүүлч, зохиолч, яруу найрагч Д.Дамдинжавыг урьж оролцууллаа. Тэрбээр “Дотоод тэнгэр” яруу найргийн түүвэр, “Гол тоглогч” I, II, III дэвтэр номоо хэвлүүлсэн. “Гол тоглогч” номоороо улс төрчдийн хөргийг хошин, ёжтой байдлаар бичдэг тэрбээр энэ удаад улс төрөөс бусад салбарын 10 гол тоглогчийг нэрлэсэн юм. Уншигч та бүхэнд түүний нэрлэх улс төрөөс бусад салбарын шилдэг 10 гол тоглогчийг хүргэж байна.

УТГА ЗОХИОЛ

       Г.Аюурзана. Тэр Монголын утга зохиолын өнөө үеийн хамгийн нөлөө бүхий автор. Түүнд ямар нэг магтаал, эсвэл цол гуншингийн малгай хэрэггүй. Энд түүний зохиол бүтээлийн тухай ярихгүй. Гагцхүү утга зохиолын хөгжилд оруулж буй хувь нэмэр, бусдад нөлөөлөгч чанар, онцгой сондгой байдлыг л гойд тоож явдаг учраас л гол тоглогч нь мөн юм гэсэн үнэмшил төрдөг.

       Үндэсний гэх ондоошил, үзэл санааны хахь өөр хэрнээ бардам цамхгийг босгож яваа нь маргаангүй. Гэхдээ түүний хэт биеэ тоосон байдалд дургүй. Ахмад зохиолчид, Монголынхоо өнгөрсөн үеийн зохиол бүтээлийг үгүйсгэж, нулимдагт нь бас дуртай биш. Харин энэ тухай асуултад “Би ахмад зохиолчдын хийсэн зүйлд нь сэтгэл дундуур байдаг юм биш ээ. Харин юу ч хийгээгүйд нь л гонсойж явдаг” гэж хариулсан нь өөр хүнд бол огт зохихгүй үг. Г.Аюурзана өөрөө том учраас л үг нь ийм том байдаг байх.

ЯРУУ НАЙРАГ

        Яруу найрагч бүр л өөрийгөө хамгийн гол, хамгийн том нь л гэж боддог. Би тэдэнтэй эргэлзэхгүйгээр санал нийлдэг. Тиймээс яруу найрагчдын дотроос гол тоглогчийг нь олж нэрлэнэ гэдэг боломжгүй. Цөмөөрөө л жир бус, бүгдээрээ л агуу ихийн амбицтай хүмүүс. Гэхдээ тэд цөмөөрөө бөхөлзөн хүндэтгэдэг, хүлээн зөвшөөрдөг нэгнийг би эрхгүй гол тоглогч хэмээн нэрийдмээр санагдаж байна. Тэр бол Ломбын Нямаа гэх эрхэм.

        Энэ хүн яагаад яруу найраг гэх дуулиант ертөнцийн гол тоглогч гэж вэ. Тэр нэгдүгээрт Монголын бүх яруу найрагчдын бүтээлийг хөгшин, залуу гэхгүй бүгдийг нь уншдаг. Зөвхөн уншаад зогсохгүй, өөрийн гэсэн голч үнэлгээг өгч чаддаг. Сэтгүүлч Э.Энхцолмонгийн “Өвгөн дэнлүү” гэх ганган ярилцлага бий. Монголын яруу найргийн сүмийн тухай жаяг, ёс, жавтий хийгээд дүрэм гүрэм бүгдийг Л.Нямаа гэх хүнээс л мэдэх боломжтой. Тэр хаа байсан 1980-аад онд л Монголын өнөө цагийн модернизмыг өлгийдөж бойжуулсан хүн. Модернист фронтыг командлагч Б.Галсансүхээс эхлээд олон яруу найрагчийн нисэх тэнгэрийг зааж өгсөн учраас, цаашид Монголын яруу найргийн алтан гадас одны чигийг заах зангарагтай нэгэн учраас түүнийг онцлохыг хүслээ.

ШИНЖЛЭХ УХААН

      Үнэндээ нэрлэчихээр хүн алга. Яагаад гэж гайхаж, эсвэл зарим нь уурлах л байх. Энэ үгээрээ би бүхэл бүтэн шинжлэх ухааны салбарыг үгүйсгэж байгаагаа ойлгож байна. Гэхдээ л шинжлэх ухааны салбар маань ингэж их хоцрогдсон, хол орхигдсон байгааг хатуу хэлэх ёстой. Энэ салбар гол тоглогчгүй явж ирлээ.

      Тэгэвч мэдээж асч буй гэрэл, тод гоё чийдэн олон бий. Шинжлэх ухаан гэхээр нийгмийн чиглэлийн салбаруудаа бид өмнөө барих гээд байдаг талтай. Жишээлбэл, түүх, хэл зохиолын эрдэмтдээсээ цааш хэц давж өнгийх нь ховор. Бидний ойлгоцоор энэ салбарын гол тоглогч гэвэл Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгчийг нь л нэрлэх учиртай. Үүрэг роль нь ч тийм. Гэхдээ гол тоглогчийн статус өдгөө залуучууд руу, тэр дундаа IT салбарын технологи руу шилжээд байна. Тэр утгаараа шинжлэх ухааны салбарт “Чимэгэ” системийг зохион бүтээгч С.Бадрал, “Woovoo” компанийн захирал, дижитал сэтгүүл бүтээгч платформоор дэлхийд өрсөлдөх зорилготой “М Plus”-ийг бүтээгч Х.Эрдэнэбаяр зэрэг залуучууд өнөөгийн шинжлэх ухааны ролийг голлож байна гэж дүгнэж болмоор санагдана.

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ

      Ч.Лодойсамбуу. Түүний “Улаан бал”, “Гамбир” зэрэг ярилцлагын нэвтрүүлэг бол “Hard talk show” ангилалд орно. Энэ төрөл нь сэтгүүлч, хөтлөгчөөс эр зориг, ур чадвар чамгүй шаардана. Хамгийн гол нь мэдлэг, мэдрэмж хоёрыг тултал шаарддаг төрөл зүйл. Нэг бол хараагдана, нөгөө бол ерөөгдөнө л гэсэн үг. Ийм хоёр хавцлын дундах торгон утсан дээгүүр тун дажгүй үзүүлбэр үзүүлж яваа сэтгүүлч бол Ч.Лодойсамбуу.

       Харин түүнийг яагаад хэвлэл мэдээллийн салбарын гол тоглогчийн хэмжээнд үнэлэв гэхээр хоёр шалтгаантай. Нэгдүгээрт, сэтгүүл зүйн гол ковер, дуу хоолойг харуулна гэсэн том амлалтдаа хүрч буй. Хоёрдугаарт, гол роль буюу дүр үүсгэж яваагаараа яах аргагүй хэвлэл мэдээллийн өнгө төрх болж буй. Түүнийг шүүмжлэгсэд маш олон. Тэгэвч тэр уйтгартай, унтаа, албаны ярилцлагуудын хэв маягийг нураасан. Үзэгчид та нарыг үзэхгүй шүү гэдгийг хатуухан хэлсэн. Энэ л түүний тоглолт. Энэ тоглоомондоо хожих, хожигдох эсэх нь дараагийн асуудал. Яг одоо тоглож чадаж байгаа нь чухал.

УРЛАГ

     Би эргэлзээгүй Б.Тамирыг нэрлэнэ ээ. “Фантастик” продакшны залуус Монголын урлагт шинэ тайз осгоогүй ч шинэ тайз босгоход шаардлагатай банз, хадаасыг зөөж явна. Б.Тамирыг онцлох шалтгаан нь цоо шинэ биш ч огт хуучин биш байгаад юм. Түүний хийсэн кино, уран бүтээлүүд нийгэмд хүргэх мессеж, хийц, уран бүтээлдээ хандах хандлагаараа эрс ялгарч байгаа учраас түүнээс хүсч буй хүлээлт өндөр байна.

       Бүтээл бүрдээ чансаа өсч орж ирж байгаа нь түүн дээр тавих “бооцоо”-г улам өсгөж буй. Хамгийн гол нь тэр дэлгэцийн уран бүтээлд хандах урлагийнхны хандлагыг өөрчилсөн. Миний л бодол доо. Юу гэвэл, урлагийнхан, тэр дундаа киночид маань нэгэн хэв загвар, нөгөө л нэг үнэмшилгүй хэтрүүлсэн жүжиглэлт, хошин маазралт, хөндий хоосон амьгүй диалог, эцэст нь огт сонирхолгүй, зөрчилгүй онцгой муу зохиолуудаар үзэгчдийг залхааж байв. Үүнд хөнжлийг нь хуу татаж сэвэх хэмжээний биш гэхэд хөлийнх нь улыг гижигдэх хэрээний салхи оруулсан гэж боддог оо.

БИЗНЕС

      Бизнесийн гол тоглогч гэвэл шулуухандаа “Макс” группын Ерөнхийлөгч Д.Ганбаатарыг нэрлэмээр санагддаг. Тэр бол өдийг хүртэл жинхэнэ мөнчгөрөөрөө, цэвэр бизнесээрээ яваа учраас Монголын бизнесийн амжилтын бодит кэйс болж чадах хүн. Анх оёдол хийж эхэлсэн бизнес улмаар “гахай зөөх” болсноор өргөжиж, өдгөө “Холидэй инн” зочид буудлын сүлжээ, “Рамада” зочид буудал, “Макс тауэр”, “Макс молл” цогцолбор, “Хийморь 11”, “Хийморь 13”, “Хийморь 19”, “Элеганс” зэрэг орон сууцны хороолол, “М плаза”, “220к Residence” зэрэг бүтээн байгуулалтыг хэдийнээ босгож амжжээ.

       Саяхан Монгол Улсын хөдөлмөрийн баатар цолоор шагнагдсан нь ч зүй ёсны зүүсгэл байсан. Төрийн хүндтэй шагналыг зүүсгэл гэж хэллээ хэмээн дургүйцэх хүн гарч мэднэ. Тэгвэл түүний хариулт нь шагнал бол тохирсон хүнийхээ энгэрт зүүгдэж явдаг эд. Харин шагнал зохиогүй хүн бол шагналдаа зүүгдэж явдаг учраас шагналыг нь бус, шагналын эзнийг зүүсгэл хэмээвэл зохилтой. 

ЭДИЙН ЗАСАГ

      За намайг хараавал хараа, ерөөвөл ерөө. Энэ тал дээр бээр УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяртай яг адилхан саналтай байна. Тэр нэгэн удаа “Б.Нямтайшир гэдэг хүн Монголын эдийн засаг” гэж хэлсэн. Тухайн үедээ эгдүүцэж, Монголын алтан дээр хөлбөрч өсчихөөд сагаж байна гэж дотроо бодсон ч толгой бол өөрийн эрхгүй дохилцож суулаа.

       Энэ тал дээр гэхдээ нэг эргэлзээ үргэлж төрдөг. Эдийн засгийн гол тоглогч гэх нэрийг Б.Нямтайширт оноохын тулд нэг хүнийг “түр хойш тавих” хэрэгтэй болно. Тэр бол “Сахал” хочит Д.Эрдэнэбилэг. Хэрвээ Монголын эдийн засаг гэж ярьвал Д.Эрдэнэбилэгийн нэр зайлшгүй эхэнд нь гарч ирнэ. Гэхдээ түүнийг гол тоглогч гэхээсээ илүү далд тоглогч гэсэн нь оновчтой. Харин Б.Нямтайшир бол зүй ёсны титэм зүүсэн ноён нь гэж ойлгох ёстой.

ЭРҮҮЛ МЭНД

       Энэ салбарт үеийн үед Эрүүл мэндийн сайд нар нь голлох роль гүйцэтгэж ирсэн. Гэвч сүүлийн жилүүдэд, ер нь Л.Гүндалайгаас хойш сайд нарын голлох байр суурь, нэр нөлөө нэлээн хойшоо ухарсан гэж болно. Мэдээж тоглолт хийх орон зайд тодрох боломж эмч нарт очсон. Үүний үр дүнд бид хэдэн сайхан эмч нарын нэр, царай зүс, карьер, ур чадварыг мэдэж, тэдэнд ядаж алга ташиж сурсан билээ.

       Б.Чинбүрэн, Т.Мөнхсайхан, С.Энхболд зэрэг эмч нарт тоглоомын ард тодрох бололцоо ийм замаар л ирсэн. Гэвч тэд салбарынхаа гол тоглогч болж хараахан чадаагүй л явна. Тэдэнд гол ясны бяр дутагдаж буй. Харин “Улаанбаатар Сонгдо” эмнэлгийн Ерөнхий захирал, зүрх судасны мэс заслын эмч Б.Болдсайхан эрүүл мэндийн салбарын жинхэнэ “плакат”, нүүр царай нь болжээ. Түүний санаачилсан “Зүрх мартахгүй” төсөл нь олон хүүхдүүдэд амь амьдрал бэлэглэж, өөрөө тэр монголчуудын халуун талархал, хачин ховор тохиох алга ташилтан дунд умбаж инээмсэглэж явна.

СПОРТ

      Спорт бол амжилтын тоглоом. Амжилт гаргаж буй нь гол роль, гол алга ташилтаа авч явдаг. Тиймээс яг энэ цаг мөчид спортын салбарт жүдоч М.Уранцэцэг л санаанд бууж байна. Монголчуудын медалийн буухиаг ямар ч тэмцээнд таслахгүй авч явж чадаж байгаа түүний хичээл зүтгэл, өндөр форм, ур чадвар дэлхийд ч гайхагдаж байгаа хойно олныг нуршаад хэрэггүй болов уу. Японы олимпоос медаль авчрах хамаг найдвараа нөөгөөд, өдгөө түүнийг элдэв үгээр хулдахаасаа түдгэлзэе.

НИЙГЭМ

      Монголд тодорсон нийгмийн зүтгэлтнүүд дэндүү олон. Зарим нь ориг, зарим нь хуурамч. Нийгэмд маань үнэмлэхгүйгээр давамгайлан тоглож чадаж буйг нь бид сүүлийн үед “Инфлүүзер”, “Ментор”, “Шарк” зэргээр нэрлээд байх шиг. Эдгээр шалгуураар бол орчин үеийн гол тоглогч магадгүй “Лантуун дохио” төрийн бус байгууллагын тэргүүн Ч.Ганжавхлан, эсвэл комедиан Б.Идэр-Од зэрэг нөлөөлөгч залуусыг нэрлэж болох мэт. Гэвч миний хувьд энд харин огт өөр хүнийг гол тоглогч гэж бодож явдаг. Тэр хүн бол тэнхээ мэдсэн тэнэг, ухаантан хоёрын тэг дунд нь суучихаад энэ нийгмийг элгээр хэвттэл нь инээлгэж, шоолж, шогширч суудаг хүн.

       Тэр тийм ч олон хүнд таалагддаггүй. Тэгсэн хэрнээ тэр хүн бүрийн тархин дотор ороод суучихсан “бурж” байдаг. Тэр бас 1990 оноос хойшхи Монголын оюун санааны амьдралд хамгийн тод ул мөрөө үлдээж, заримд нь бүр зам мөр зааж өгсөн. Түүнийг бид цөм танина. Тэр бол Б.Баабар.


Д.ДАМДИНЖАВЫН нэрлэх улс төрөөс бусад салбарын 10 ГОЛ ТОГЛОГЧ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 8
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-21 14:23:22
    Багш: Хөөрхий топ 10 дотор багш үзээд өгье гэсэн ч нэг ш алга. Аргагүй л боловсролын салбар хоцрогдож хойргошиж хогширч хотойж хаягдсан нь энэ хуруугаар өлгөх шинэ санаа хэрэгжүүлэх өөрчлөлт хийх олны анхаарал татах алдаа оноотой ч гэсэн туршилт хийх ...юу ч байхгүй бүх шатны захирлууд нь авилга мөрөөссөн багш нарын сайных нь дургүй хүрчтхсэн саарынх нь алтан үе цэцэглэчихсэн юм чинь аргагүй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-21 14:20:47
    Г.Азжаргал: Уншлаа. Баярлалаа. Баабар гэдэгтэй санал нэгдсэнгүй бусадтай нь санал нийлж байна. Ганжавхлан би нэрлэж байна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-21 14:19:42
    Nyamtserem: Sanal niilj bnoo
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-20 17:24:26
    Зочин: Амьд байгаа. Яг одоогийн хүмүүс дунд л байлгүй дээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-20 15:31:38
    ӨВГӨД : Яруу найраг Бавуугийн Лхагвасүрэн шдээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-20 15:31:32
    ӨВГӨД : Яруу найраг Бавуугийн Лхагвасүрэн шдээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-20 14:04:07
    goltoi: goltoi l ym daa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-20 13:55:20
    Наран: За шаа
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188