• Өнөөдөр 2025-12-26

2025 ОНД ХӨДӨЛМӨР ЗҮТГЭЛЭЭ ҮНЭЛҮҮЛСЭН ОНЦЛОХ УРАН БҮТЭЭЛЧИД

2025-12-26,   104

        Улирч буй энэ онд хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж, төрийн шагнал хүртсэн уран бүтээлчдээс бид онцлон хүргэж байна.

             БИДНИЙ ХАЙРТАЙ БУРАТИНО
 
         Одоогоос 42 жилийн өмнө 30 орчим настай театрын залуухан бүсгүй байхдаа тэр дэггүй, сэргэлэн Буратиногийн дүрийг анхлан бүтээж, бидний сэтгэлд хоногшуулсан байдаг. Хүүхдийн дүрийг бүтээх хувиарлалт магад жүжигчин бүрд оногддоггүй байх. Харин түүний хувьд сурагч байхаасаа л теарт сонгогдож, Буратиногоос өмнө гараагаа эхэлчихсэн байсан нь энэ гайхалтай дүрийг бүтээх эхлэл болжээ. Мэдээж энэ залуухан эмэгтэй өмнө нь ямар хүүхэд байсан, хэрхэн театрт орсон тухай түүх өгүүлэх нь зүйтэй байх. Авьяастнуудын эрэлд гардаг алтан үе. Өнөөдөр ч бидний дунд нэр алдар нь дурсагдаж, зохиол, бүтээл нь шагшигдсаар байгаа өнөө алдарт нэрт найруулагч Л.Ванган, Ардын жүжигчин Д.Дамдинсүрэн тэргүүтэй уран бүтээлчид тэртээ 1968 онд дунд сургуулиудаар явж, театрт сурган авах авьяастнуудыг эрж явахад нь багын алиа дүрсгүй, дуулах дуртай, гялалзсан охин таарсан нь өдгөө бидний хайртай Монгол Улсын гавьяат жүжигчин О.Норолхоо. Дүр дүрийн дотроос ард түмэндээ нэрлэгдэж, дуудагдах дүртэй байна гэдэг уран бүтээлч хүнд хамгийн том шагнал. Түүний хувьд хэн бүхэн шуудхан л Буратиногоор нь мэднэ. Тун саяхан Монгол Улсын Гавьяат жүжигчин цолоор энгэрээ мялаасан тэрбээр театрынхнаа угтаж авахад хэзээний л танил цовоо Буратиногийнхоо хоолойгоор дуугарч, үзүүлж байна лээ. Энэ алдарт жүжгийнхээ тухай тэрбээр “Буратино бол модон хүүхэд. Маш хөдөлгөөнтэй, дүрсгүй, хөнгөн шингэн, хөгжилтэй хүүхэлдэйн дүр. Тийм дүрийг гаргахад бие хаа, дуу хоолой гээд жүжигчнээс асар их зүйл шаардсан. Намайг энэ дүр асар  их задалж өгсөн. Өөрийн авьяас чадвар, байгаа бүх зүйлээ 100 хувь дайчилж байж энэ дүрийг бүтээсэн. Одоо намайг гудамжинд явж байхад хүмүүс Буратино эгч явж байна гэдэг юм. Тэр үед дунд сургуулийн сурагчдыг зохион байгуулалттайгаар жүжиг үзүүлдэг байсан болохоор “Буратиногийн адал явдал” жүжгийг нэгэн үеийн хүүхдүүд бараг бүгд үзсэн байх. Түүнээс хойш би тэтгэвэртээ гараад Хүүхэлдэйн театрт ирсэн хойноо ч Буратиногийнхоо дүрд тоглосоор байгаа” гэж ярьсан байдаг. Үргэлжлэлийг энд дарж уншаарай.
 
                            “МОТОРЫН ДУУ”
 
         Үзэгчид түүнийг эл киноны дүрээр нь илүүтэй мэднэ. Мэдээж тайз, дэлгэцийн олон бүтээлд тоглосон ч аль ч уран бүтээлчид онцгой нэгэн дүр гэж бий. Түүнийх “Моторын дуу” киноны дүр. МУГЖ Б.Даваасүрэн нь 1974 онд Улсын драмын эрдмийн театрт жүжигчнээр орж ажилласнаас хойш 35 жил тасралтгүй тайз, дэлгэцийн урлагт ард түмний сэтгэл зүрхэнд хоногшиж үлдсэн олон дүрүүдийг бүтээн амилуулсан байдаг. Ингэхдээ театрын тайзнаа 100 гаруй гол ба туслах дүрүүд, 50 гаруй телевизийн бүтээлийн дүр, мөн 50 гаруй уран сайхны киноны дүрүүдийг амжилттай бүтээсэн бөгөөд түүнийг соёл урлагийнхан "Туслах дүрийн мастер" хэмээн өргөмжилдөг билээ. Тайзнаа тэрбээр К.Гольдоний "Хоёр эзний нэг зарц" жүжгийн Труффальдино, В.Шекспирийн "Отелло" жүжгийн Родриго, "Гамлет" жүжгийн Бернард, Розенко, А.В.Чеховын "Цахлай" жүжгийн эмч Дорин, Н.Анкиловын “Цэргийн бэлэвсэн гэргий” жүжгийн Плетнев, Д.Мягмарын "Найрын ширээний ууц" жүжгийн Ойдов, Б.Лхагвасүрэнгийн "Атга нөж" жүжгийн Даридай Отчигин зэрэг дүрийг амжилттай бүтээж, үзэгчдийг сэтгэлд хүргэсэн байдаг.
 
              АЛАГ НҮДЭН ЖИНЖИЙМАА
 
        МУГЖ Н.Батцэцэг энэ жил Үндэсний их баяр наадмыг угтаж Ардын жүжигчин цол хүртсэн. Тэрбээр энэ үеэрээ  "Намайг 18 настай байхад кино урлагт анх хөтлөн оруулсан МУГЖ М.Бадамгарав гуай, Соёлын гавьяат зүтгэлтэн, найруулагч Ж.Бунтар, Ж.Солонго, Хөдөлмөрийн баатар, найруулагч Г.Жигжид гуай болон нийт монгол киноны хамт олон, тэр дундаа жүжиг ангийнхандаа баярлаж байна. Энэ хүмүүс бол намайг түшиж, энэ дайнд хүргэсэн. Мөн үзэгч түмэнгүйгээр бидний уран бүтээлийг төсөөлөх аргагүй. Үзэгчдэдээ сүслэн залбирья” гэж байв. Түүний хувьд 1957 онд Улаанбаатар хотод төрөөд зургадугаар дунд сургууль 1974 онд төгсөсний дараа МУИС-ийн Орос хэлний орчуулагч мэргэжлээр 1979 онд төгссөн байна. 1979 оноос Монгол Кино үйлдвэрт дагалдан жүжигчнээр орж 1982 онд төгсжээ.  1991 он хүртэл Цирк болон Кино үйлдвэрт ажиллаж байгаад “Өргөө” циркийн бүрэлдэхүүнд багтан Герман, Польш Улсад таван жил ажиллаад 1996 онд нутагтаа буцаж ирсэн байна. Түүний хувьд “Эх бүрдийн домог”-ийн Нарангарвуу, “Суварган цэнхэр уулс” киноны Солонго, “Гэрлэж амжаагүй явна” киноны Сүрэн, “Жинжиймаа”-гийн гол дүр гэхчлэн олон сайхан кинонд дүр бүтээж, амилуулсан дүр бүхэн нь үзэгчдийн сэтгэлд хүрч, хоногшсоор байгаа.
 
                      ДУМАА
        Хорь ч хүрээгүй байхдаа тэр “Илүү сартай зун” киноны Ариунаагийн дүрийг үзэгчдийн сэтгэлд хоногштол бүтээж чадсан. Монголчууд одоо ч буйдхан сумын дүнзэн байшинд ээжтэйгээ зусдаг хөл муутай охиныг сайхан сэтгэлтэй, тусархуу, шулуун шударга Галбадрахад хэрхэн дурлаж буйг үзэх дуртай. Тэрбээр энэ киноныхоо тухай “Дунд сургууль төгсөөд Хүүхэд, Залуучуудын театрт ороод удаагүй байсан. Нэг их гоё дүнзэн байшинд уран бүтээлчид байрлана. Олон сайхан хүмүүстэй хамтран тоглосон доо” гэж ярьсан байдаг. Энэ бол “Тунгалаг тамир” киноны Итгэл баян, “Мандухай цэцэн хатан”-ны Сатай сайд тэргүүтэй олон сайхан дүрийг бүтээсэн Ардын жүжигчин А.Очирбат гуайн охин жүжигчин Оюун.Намуухан яриа, намбалаг төрх, зөөлөн зан чанартай энэ эмэгтэй Ариунаагийн дүрээс эхлээд дэлгэцийн урлагт олон сайхан дүрийг бүтээж яваа. “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны татаар бүсгүй, “Тод магнай”-н Жаргал, “Үлгэр дууссан хойно” киноны уран сайханч, “Алтан шонхор”-ын Бөөрөлжин, “Тэнгэрийн сахил”-ын Дагиймаа гээд алтан үеийн олон сайхан киноны дүрүүдийг нь нэрлэж болох юм. Үргэлжлэлийг эндээс уншаарай.
 
                          “НОЁН СОЛИОТ”
 
       Салхи Дамбий, ноён солиот, мухар Базарын дүрийг үзэгчдийн зүрх сэтгэлд хүртэл амилуулж чадсан жүжигчин бол Д.Бямбацогт гэдгийг мэдэхгүй хүн үгүй. Монголын дэлгэцийн урлагт түүний чансаатайхан бүтээсэн дүрүүдийн ур, бяртай эгнэх нь ч ховор. Тэр ""Зүрхэнд шивнэсэн үг” киноны Мухар Базарын дүрдээ би их хайртай. Гэсэн ч дүрийнхээ мөн чанарт дургүй. Ээ, дээ зэвүүн, балиар нөхөр шүү дээ. Хэрэв би ч гэсэн муу хүн байсан бол тийм байх л байсан биз гэж хааяа бодогддог юм" гэсэн удаатай. Мөн “Улаан эрэг” киноны Балдановын дүр намайг их зовоосон. Ёстой хэцүү байсан" гэнэ. О.Бат-Өлзий найруулагч ноён солиотын дүрд анх Эрдэнэзаан жүжигчнийг сонгосон гэдэг. Гэсэн ч түүнд ажил гарсны улмаас хоёрдугаар найруулагчаар ажиллаж байсан Д.Бямбацогтыг тоглуулах болж. Ерөнхий найруулагчийн гэнэтийн тушаал авсан жүжигчин ямар ч бэлтгэлгүй тоглосон ч хэн бүхний сэтгэлд ноён солиот эрийг мартахгүйгээр үлдээж чадсан. Түүнээс гадна "Ээждээ л үнсүүлэх сэн", "Ээжийн дайсан", "Шарталт", "Сөрж болдоггүй тавилан", "Өртөө", "Шүүдэр дундуур", "Миний хүүтэй гэрлээч" зэрэг кинонд тэр мартах аргагүй дүрүүд бүтээсэн билээ. Үргэлжлэлийг энд дарж уншаарай.
 
                           Р.АНХНЯМ
 
              Р.Анхнямыг үзэгчид мэднэ дээ, намбалаг, тайван, дөлгөөн, үзэсгэлэнтэйгээр дүрээ гаргаж чаддаг даруухан мөртлөө даацтай жүжигчин гэдгийг нь.  "Мөрөөдлийн хөлөг онгоц" киноны даруухан үзэсгэлэнт эмэгтэйгээс, “Чонон сүлд" киноны Галсмаа, "Гаадаа мээрэн", "Секс эрх чөлөө" киноны Энэрэл, "Хайрын эрэлд" киноны Маргад, "Хайр эргэсэн хавар", "Чингисийн хүүхдүүд" зэрэг киноны гол болон туслах дүрд тоглосон. Эдгээрээс онцолбол, "Чонон сүлд" киноны Галсмаагийн дүрээс эхлээд л бид түүнийг мэдэж тийм нэг боддог, боловсруулдаг, туйлбартай, буурьтай дүрийг харах болсон. Хятад, Монголын жүжигчдээс онцгойрон тус кинонд тоглосон нь монгол жүжигчдийн чансааг өргөсөн үйл явдал болсон. Тэгвэл тэрбээр "Чонон сүлд" киноны дүрийнхээ талаар "Би яг л жинхэнэ монгол эмэгтэй байх юм сан гэж бодсон. Яагаад гэвэл Хятад, Өвөрмонголын  хэдэн сая жүжигчдээс олон шалгуурыг давж сонгогдсон учраас би ямар нэг алдаа хийх эрхгүй. Тэгээд ч би хятад биш жинхэнэ монгол жүжигчин гэдэг утгаараа яг л монгол эмэгтэйн төрхийг гаргахыг л маш их хичээсэн" гэж ярьсан байдаг. Тэр "Хайрын эрэлд" кинонд зээлийн компанид мэргэжилтнээр ажиллаж, хэлтэс хариуцсан дарга болоод гараараа ирүүгээ тулж байгаад л бодоод суучихдаг даа. Яг эл дүр шигээ л тэр Монголын урлагт тулхтай уран бүтээлчдийн нэг байж олон сайхан бүтээлийн ард гарч яваа. Хамгийн сүүлд гэхэд найруулагч Э.Ган-Очирын бүтээл "Дасгалжуулагч" киноны гол дүрд хөлөө алдсан Оргил хүүгийн ээжийн дүрд тоглосон. Мөн л түүнд оносон мэт дүр. Учир нь хайр, энэрлийн дүр түүнд ямагт зохидог. Түүгээрээ ч тэр урлагт тийм нэг өөрийн гэсэн гэрэл асаасан уран бүтээлч.  Үргэлжлэлийг https://ergelt.mn/news/23/single/32444 холбоосоор орж уншаарай.

2025 ОНД ХӨДӨЛМӨР ЗҮТГЭЛЭЭ ҮНЭЛҮҮЛСЭН ОНЦЛОХ УРАН БҮТЭЭЛЧИД
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188