Одоогоос 42 жилийн өмнө 30 орчим настай театрын залуухан бүсгүй байхдаа тэр дэггүй, сэргэлэн Буратиногийн дүрийг анхлан бүтээж, бидний сэтгэлд хоногшуулсан байдаг. Хүүхдийн дүрийг бүтээх хувиарлалт магад жүжигчин бүрд оногддоггүй байх. Харин түүний хувьд сурагч байхаасаа л теарт сонгогдож, Буратиногоос өмнө гараагаа эхэлчихсэн байсан нь энэ гайхалтай дүрийг бүтээх эхлэл болжээ. Мэдээж энэ залуухан эмэгтэй өмнө нь ямар хүүхэд байсан, хэрхэн театрт орсон тухай түүх өгүүлэх нь зүйтэй байх.

Авьяастнуудын эрэлд гардаг алтан үе. Өнөөдөр ч бидний дунд нэр алдар нь дурсагдаж, зохиол, бүтээл нь шагшигдсаар байгаа өнөө алдарт нэрт найруулагч Л.Ванган, Ардын жүжигчин Д.Дамдинсүрэн тэргүүтэй уран бүтээлчид тэртээ 1968 онд дунд сургуулиудаар явж, театрт сурган авах авьяастнуудыг эрж явахад нь багын алиа дүрсгүй, дуулах дуртай, гялалзсан охин таарсан нь өдгөө бидний хайртай Монгол Улсын гавьяат жүжигчин О.Норолхоо.

Тэр уран бүтээлд өргөн тойглосон алдарт Э.Оюун багштайгаа тийнхүү театрт ирснээр учран золгож, цаашид бүтээх олон сайхан дүр, ахмад үеийн агуу жүжигчдээс үг сонсож, урлагт амьдрах хувь заяаныхаа замд нэгэнтээ орсон нь тэр байна. Сэргэлэн гэж жигтэйхэн адтай охиныг тэгэхэд хүүхдийн жүжгийн жүжигчнээр ажиллаж, бүр тэр цаг мөчөөс арав гаруй оны хойно монголчуудын зүрх сэтгэлд дуу хуур нь цангинах Буратиног бүтээнэ чинээ хэн ч санаагүй байх. Гэхдээ бүх түүх залуу, бага, танхи гоо, эгэл энгийн байхаас л эхэлдэг биш гэж үү. Түүнийх яг л ертөнцийн тийм нэг жам ёсоор эхэлж, он цаг өнгөрөхөд зузааран бичигдсээр өнөөдөрт ирсэн байна.

Театрын жүжигчид хэрхэн ажилладгийг мэдэхгүй ч түүнээс урьд театрт ирээд жүжиг үзчихсэн болохоор бүр ч таг ойлголтгүй ч биш. Гэхдээ л бүх зүйлийг эхнээс нь суралцаж, өөрийгөө дайчлах ёстой. Анх удаа дүрд тоглох боллоо. Хүүхэд, тэр дундаа бүр эрэгтэй хүүхэд. Сонин л юм. Гэхдээ нэгэнтээ театрт дагалдан жүжигчнээр орсон хүнд найруулагчаас дүр авна гэдэг бол том хувь завшаан. Тэр дүр нь “Гарын таван хуруу” жүжгийн Шагдарын бага хүү Идэр. Эрх мөртлөө хэрсүү Идэрийн дүрийг ийнхүү давсны дараагийн ээлжит дүр нь дөрвөн ихрийн дүр бүтээх болсон нь “Шовгор малгайн дууль” жүжиг. Ерөөсөө л эхнээсээ хүүхдээр дагначихлаа шүү. Бүр болоогүй эрэгтэй хүүхдээр гээч. Бас л чанга даваа, сорилт. Нэг биш дөрвийн дөрвөн хүүхэд гэхээр хэчнээн хөдөлмөр, авьяас гарах нь тодорхой. Гэсэн ч О.Норолхоо ахмад жүжигчдийнхээ дэм тусаар анхны дүрүүдээ аятайхан давч гарахын сацуу мөнхүү зүгээр ч нэг уран бүтээлч биш, цаашид улам илүү өсөж томрох, чадварлаг гэдгээ ч харуулж чадсан нь тэр байжээ.
Ингэж эхэлсэн театртаа ажилласан 20 гаруй хугацаандаа тэр ихэвчлэн хүүхдийн дүрийг амилуулсан байна. Үндсэндээ Монголын театрын түүхэнд анх удаа хүүхдийн жүжгийн орон тоо бий болж, тэр ажиллаж эхэлсэн нэр төртэй мөртлөө хариуцлагатай он цаг. Үүний зэрэгцээ мэдээж Чингиз Айтматовын “Эхийн дууль”-ийн Жанболат, П.Хорлоогийн “Өрсөлдөөн” жүжгийн Осор, С.Удвалын “Цэрэн хаачив” жүжгийн Мандал, “Оролмаа”, “Дөшин жирэмийнхэн”, “Нандин эрдэнэ”, “Цаг өөр болжээ”, “Игорь Блючевийнхэн”, “Аз жаргалын эрэлд”, “Бумбат эрдэнэ”, “Гургалдайн дуучин”, “Хөхөлдэй хүүгийн үлгэр”, “Сандрал”, “Алтан түлхүүр”, “Найрын ширээний ууц”, “Муурын байшин” гээд 50 гаруй жүжигт гол болон туслах дүр бүтээсэн нь өдгөө хүртэл нэрлэгдсээр байна. Тэтгэвэрт гарсан хойноо тэрбээр Хүүхэлдэйн театрын урилгаар туслах найруулагчаар 15 жил ажилласан байна.

Алдарт Буратиногийн дүрийг ярихаас урьд нэрт найруулагч Г.Доржсамбуу гуайн найруулгаар бүтсэн нэгэн жүжигт эмгэн шулмасын дүр бүтээснийг мөн энд дурдахгүй байх аргагүй. Яах аргагүй түүний театрт байсан он цагийн оргил, мөнхүү шандас сорьсон бүтээлийнх нь нэг нь энэ байж таарна. Уран бүтээлч бүр эмгэн шулмасыг тэр чинээнд бүтээж чадахгүй. Энэ бол зохиолч Д.Батбаярын “Хөхөлдэй хүүгийн үлгэр”. Г.Доржсамбуу найруулагч энэ жүжигт О.Норолхоо жүжигчний авьяасыг илүү тод мэдэрч, мөнхүү санасанд хэмжээнд нь дүрээ гаргасанд их баярласан гэдэг. Мөн дүрээ сайн бүтээсний нэгэн жишээ нь 1990-ээд онд Драмын театрынхан “Хөхөлдэй хүүгийн үлгэр” жүжгээрээ Орост болсон олон улсын фестивальд оролцоход түүний эмгэн шулмын дүрийг магтан онцолсон нь. Ингэж дүр бүхнээрээ цойлон манлайлсаар он жил нэг л мэдэхэд 40, 50 жилээр бичигджээ.
БУРАТИНО
Дүр дүрийн дотроос ард түмэндээ нэрлэгдэж, дуудагдах дүртэй байна гэдэг уран бүтээлч хүнд хамгийн том шагнал. О.Норолхоо жүжигчний хувьд хэн бүхэн шуудхан л Буратиногоор нь мэднэ. Тун саяхан Монгол Улсын Гавьяат жүжигчин цолоор энгэрээ мялаасан тэрбээр театрынхнаа угтаж авахад хэзээний л танил цовоо Буратиногийнхоо хоолойгоор дуугарч, үзүүлж байна лээ. Энэ алдарт жүжгийнхээ тухай тэрбээр “Буратино бол модон хүүхэд. Маш хөдөлгөөнтэй, дүрсгүй, хөнгөн шингэн, хөгжилтэй хүүхэлдэйн дүр. Тийм дүрийг гаргахад бие хаа, дуу хоолой гээд жүжигчнээс асар их зүйл шаардсан. Намайг энэ дүр асар их задалж өгсөн. Өөрийн авьяас чадвар, байгаа бүх зүйлээ 100 хувь дайчилж байж энэ дүрийг бүтээсэн. Одоо намайг гудамжинд явж байхад хүмүүс Буратино эгч явж байна гэдэг юм. Тэр үед дунд сургуулийн сурагчдыг зохион байгуулалттайгаар жүжиг үзүүлдэг байсан болохоор “Буратиногийн адал явдал” жүжгийг нэгэн үеийн хүүхдүүд бараг бүгд үзсэн байх. Түүнээс хойш би тэтгэвэртээ гараад Хүүхэлдэйн театрт ирсэн хойноо ч Буратиногийнхоо дүрд тоглосоор байгаа” гэж ярьсан байдаг. Тийм ээ, тэр бол бидний хайртай Буратино. Он цаг өнгөрөх тусам модон тэр хүүхдийг түүний бүтээснээр л дурсан хайрлана. Хүний сэтгэлд нэгэнтээ хоногшсон юм гэдэг хэзээд тэр л хэвээрээ хадаатай байдаг даа.