• Өнөөдөр 2024-04-24

ХҮҮХДЭД ЗОРИУЛСАН ОНЫ ОНЦЛОХ 10 НОМ

2022-12-29,   2062

       Сүүлийн үед хүүхдийн болон зурагт номын хэрэглээ ихсэж, уран бүтээлчид үүнд тодорхой үзэл санаа, агуулга шингээж ажиллах болсон нь доорх бүтээлүүдээс харагдана. Гэтэл Соёлын яам хүүхдийн номд тавих шаардлага нэрээр ямар ч ёс зүй, уран бүтээлийн судалгаа, стандартгүй дүрэм журам тогтоох шийдвэр гаргаж байгаа нь гунигтай. Аливаа уран бүтээлд хэлбэрээс илүүтэй агуулга чухал байдаг шиг уран бүтээлчид өөрсдийн ёс зүй, үзэл санааг шингээсэн номууд чухам л хүүхдийн уран зохиолд нэн хэрэгтэй, соён гэгээрлийн чухал алхам болж буйг доорх бүтээлүүд бэлхнээ харуулна. 

Д.НАЦАГДОРЖ /“Монгол хүн” цуврал/ (зохиогч, зураач Б.Төрмөнх)

        Бид гадаадын сод хүмүүсийн бүтээл туурвил, тэдний гавьяаг шимтэн дуулах номуудыг уншиж, амьдралдаа жишээлэн авч, намтар, эрдэм боловсрол, амьдралын туршлагаас нь суралцахыг эрмэлздэг. Тэгвэл монголчууд бид ч өөрсдийн гэсэн сод хүмүүстэй. Тэдний нөр их хөдөлмөр, соён гэгээрлийн ажил, авьяас билгийг ирээдүйн хүүхэд залуустаа үнэн зөвөөр нь танин мэдүүлэхэд энэхүү цувралын үнэ цэн оршиж буй билээ. Томчууд өөрсдөө бэлдэж, бичиж туурвиж өгөөгүй учир "Хүүхэд маань ном уншихгүй байна. Нацагдоржийг сайн мэддэггүй" хэмээх нь тун буруу. Тэр л цаг мөчүүдэд "Д.Нацагдорж" зурагт ном хэвлэгдэн гарсан нь  авууштай үйл хэрэг юм. Уг бүтээлийг Жангар редакцын зураач Б.Төрмөнх зурж, бичжээ.

    Тус номд Д.Нацагдоржийн бага наснаас тодорсон бичгийн эрдэм, өсөх наснаас эрхэлсэн үйл хэрэг, цаашдын амьдралын туулсан замнал, Германд боловсрол эзэмшсэн байдал, хайр сэтгэл болоод эх орондоо буцсаны хойно хэрхэн хэлмэгдсэн зэрэг бүхий л амьдралыг нь тун товч, хүүхдэд ойлгомжтой байдлаар хүүрнэсэн аж.

ДОМОГ (зохиогч У.Бямбаням, зураач Л.Нямдорж)

      Хүүхдүүд өөрсдийн гэсэн үлгэрийн баатрууд, шүтээндээ байдаг. Тэд “супермэн”, “хүн аалз”-ыг дуурайн тоглож, тэдэн шиг баатар болохыг мөрөөддөг. Тэгвэл улс үндэстэн бүр өөрсдийн түүх, аж ахуйн онцлогыг илтгэх өв соёлтой. Үүний нэг нь домог үлгэрүүд. Бидэнд уг домгоороо дамжуулан хүүхдүүдэд баатар урлаж өгөх боломжтой гэдгийг эл бүтээлээс харж болно.  Зохиогч У.Бямбаням монгол домгийн агуулга, үйл явдлыг дахин баяжуулж, хүүхдэд ойлгомжтой, сонирхолтой хэлбэрээр шинэчлэн хүргэхээс гадна зураач Л.Нямдоржийн уран сэтгэмж, өвөрмөц арга барилаар амилуулсан баатрууд, домог зүй судлалын зөвлөх, мэргэжлийн редактор нарын хамтын ажиллагааны үр дүнд уг номыг бүтээжээ. Сав ертөнцөөс авахуулан өнөөгийн соёлт ертөнц хүртэлх цаг хугацааг дөрвөн бүлэгт багтаан өгүүлэх уг ном хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, дүрүүдээр дамжуулан чөлөөтэй одож сэтгэх зэрэг олон талын ач холбогдолтой юм. 

ХАНС КРИСТИАН АНДЭРСЭН: Түүний гайхамшигт амьдрал (зохиогч Хайнз Яних, зураач Маяа Кастэлич, орчуулсан Б.Оюунчимэг)

     “Нэпко кидс” хэвлэлийн газраас эрхлэн гаргасан онцлох зурагт номуудын нэг бол дэлхийн дахинаа бяцхан уншигчдын мэдэх Ханс Кристиан Андэрсэн болоод түүнийг гайхамшигт амьдралын сэтгэлгээний өвөрмөц аргаар бүтээн туурвисан эл ном билээ.  Ханс Андэрсэн Копенгагэн хот орох сүйх тэргэнд нэгэн бяцхан охинтой танилцаж өөрийн амьдралын түүхээ үлгэр болгон ярьж өгдөг. Мэдээж түүний сэтгэл хөдөлгөм түүхийг Маяа Кастэчилийн дулаан өнгөтэй, цаанаасаа л гэрэлтээд байх шиг зургууд гайхалтайгаар амилуулж өгнө. Тэгээд ч Андэрсэн төгсгөлд нь үлгэр ярьж өгөхийг гуйсан охинд дахин нэг тус болж сүйх тэргийг агаарт хөөргөх шидэт үг хэлдэг. Чухамдаа энэ нь үнэхээр ид шид үү, номын агуулгыг өвөрмөц байдлаар ойлгуулах гэсэн зохиолчийн санаа юу гэдэгт тус бүтээлийг уншиж байж л илүү сайн хариулт олж авах биз ээ. 

ТЭМЭЭ ЭВРЭЭ АЛДСАН НЬ (зохиогч Б.Чанагнянгар, зураач Б.Гантулга)

    Монсудар хэвлэлийн газрын хүүхдийн номын “Жангар” редакциас “Монгол үлгэр – Зурагт ном” төслийн хүрээнд уншигчдад зориулан монгол үлгэрүүдийг зурагт ном болгон цувралаар хэвлүүлж буй билээ. Ингэхдээ үлгэрийн зарим нь агуулгыг өөрчилж, хүүхдийн насны онцлогоос шалтгаалан сэтгэхүйд нь зориулан шинээр зохиомжлон уншигчдад барьж байгаа юм. Энэ онд тус цуврал “Тэмээ эврээ алдсан нь”, “Бархүү Тугалхүү хоёр”, “Хүний ертөнц галтай болсон нь” зэрэг үлгэрийн зурагт номуудаар бүл нэмжээ.  Эрт дээр цагт амьтдын хурал болж тэд хаана, хаана амьдрахаа шийджээ. Энэ үед сайхан сэтгэлт тэмээний эврийг буга мэхэлж авдаг. Тэдгээр амьтдыг Б.Гантулга зураач монголчуудын ахуй амьдрал, хувцасны соёлтой уялдуулахаас уламжлалт үндэсний хувцсаар гоёсон бэлгэдэлт дүрүүдэд тохируулан урласан нь бяцхан уншигчдын анхаарлыг эрхгүй татах болов уу. 

ӨНЧИН ЦАГААН БОТГО (зохиолч Д.Оюунчимэг, зураач Б.Төрмөнх)

     Харин энэ бол бол орчин цагийн үлгэр. Монголын хүүхдийн уран зохиолд нэгэн шинэ тууж төрсөн нь Д.Оюунчимэгийн “Өнчин цагаан ботго” юм. Түүний хүүхдэд зориулсан шинэ тууж нь танил бус өгүүлэмж, нэгэнтээ шуудхан л ид шидээр тодорхойлоход дэндүү өнгөц гэмээр бэлгэдэл зүйн давхар хэлэмжтэй.  Эмээтэйгээ өссөн Бүүвэй хүү ээжийгээ мэдэхгүй бөгөөд аав нь төдийлөн анхаарал тавихгүй. Эмээгээсээ хойш хатуу ширүүн хойд эхийн гараар орж, эх нь аргамжаандаа тэлчлэн ботголох үедээ эндсэн залуу ингэний Сариг цагаан ботготой найзлах болов. Энэ нь зарим нөхцөлд өөр олон ч үлгэр болоод монголын хүүрнэл зохиолоос үзэж болох танил өгүүлмж. Харин зохиолч Д.Оюунчимэг өгүүлэмжийг цааш урнаар хөгжүүлж, баялаг төсөөлөл, түүнээс олж болох сургамжийг хослуулсан шинэлэг бичлэгийн хэлбэрээр агуулгыг нь доторлон урлажээ. 

ХАУЛЫН НҮҮДЭГ ЦАЙЗ (зохиолч Диана Унинн Жонс, орчуулсан З.Гандарь)

      Дэлхий дахинд Хаяао Миязакигийн “Хаул нүүдэг цайз” хүүхэлдэйн киног мэдэхгүй хүүхэд бараг үгүй. Харин тус бүтээлийг нэрт зохиолч Диана Жонсоны ижил нэрт романаас сэдэвлэн бүтээсэн юм. Зохиолчийг нэгэн сургуульд зочлох үед Стивен гэх хүү түүн нүүдэг цайзын тухай зохиол бичихийг хүссэнээр эл бүтээл төржээ.  Ийнхүү та бидний Софи болоод Хаул, түүний нүүдэг цайз, Калсифер, мануухай нарын адал явдал болоод олон бээрийг ганцхан алхалтаар туулах шидэт гутал, үл үзэгдэх нөмрөг, цөлийн шулам зэрэг үлгэрт гарах зүйлс жинхнээсээ оршдог Ингарий улс дахь түүх бүтсэн билээ. Уг бүтээлийг “Нахиа” хүүхдийн номын редакциас эрхлэн хэвлүүлж, монгол хэлт уншигчдын хүртээл болгожээ. 

ЭМЭЭ БИД ХОЁРЫН ТУХАЙ БЯЦХААААН НОМ (зохиолч, зураач Л.Нямдорж)

      Хүүхдийн номын зураач Л.Нямдоржийн өөрөө зохиолыг нь бичсэн тус зурагт ном нь нэр шигээ “бяцхаааан” бус билээ. Хотод ирчихээд зэргэлдээ суурин газарт амьдардаг эмээгээ санахдаа яг л өөрийн бяцхан нүдээр харж, сэтгэж буй бүхнээ чөлөөтэй өгүүлнэ.  Эмээ хотод төөрчих гээд байдаг тул энгэрийнхээ халаасанд авч явдаг гэх эхлэлийг жижигхэн текстээс л хүүхдийн төсөөлөл, хайр энэрлийг мэдэрч болох юм. Эмээ нь хөдөө, цэцгэнд амьдардаг тул түүнээс үргэлж цэцэг ханхалж байдаг гэх. Үүнээс гадна номын зургууд нь яг л зохиолын агуулга шигээ баялагаас гадна өнгөний зохиомжууд нь олон сонголтгүй. Ердөө л улбар, шар, хар, улаан голчилсон өнгө, нарийн зураасын аргаар бүтээсэн нь хүүгийн төсөөллийн орон зайнд орших зүйлс эмээтэй нь ямагт холбогддог болохыг илтгэх мэт санагдана. 

    Уг номын “Тагтаа паблишинг” -гаас эрхлэн гаргасан хийгээд өмнө нь тус хэвлэлийн газар яруу найрагч, редактор Ц.Дэлгэрмаагийн “Баавга нэртэй шувуу: Бархас охин хоёрын түүх” номыг бяцхан уншигчдын хүртээл болгосон билээ. 

ЭЭЖИЙН ЭЗГҮЙД (зохиогч, зураач Б.Бүртэ-Үжин)

      Ээжийнхээ эзгүйд аавтайгаа хамт цагийг өнгөрөөж буй охины тухай өгүүлэх уг зурагт номын текст нь шад хэлбэрээр бичигдсэнээрээ онцлогтой. Мөнхүү зохиогч, зураач Б.Бүртэ-Үжин хүмүүсийн тэр болгон анзаарч хардаггүй, амьдралын чухал үнэт зүйлсийн нэгийг нээн гаргахыг зорьсон байна. Энэ нь аав, охин хоёрын хайр юм.  Тэд хамтдаа зураг зурж, тоглоом тоглож, охиныхоо дуусашгүй олон асуултанд хариулна. Заримдаа хүндхэн асуудлыг хамтдаа шийдэж, үлгэр уншин, охин нь ээжийнхээ шаахайг ч ханатлаа өмсөөд авна. Гол нь завгүй амьдрал дунд олдох, магадгүй амралтын өдрөөр л ирдэг охины хамгийн жаргалтай өдрийг дүрслэн харуулжээ. Зурагт ном хоёрхон дүртэйгээс гадна яг л хүүхдэд үлдэх нандин дурсамж, тэндээс урган гарах хайрыг том томруунаар дүрсэлж чадсан шиг сэтгэгдэнэ.

НОМЫН МАНГАС ЭРИК (зохиогч Шимомүра Ханна, зураач Б.Төрмөнх)

     Шимомүра Ханнагийн уг номд сарны хөвүүн дэлхийд буусан тухай өгүүлнэ. Тэрээр багаасаа ном унших дуртай болж, номтой нөхөрлөснөөр мундаг доктор болохоос гадна үнэнч туслах нь болох шууданч шувуу Пэнигийн хамт хүүхэд бүрт ном хүргэж, аз жаргалыг түгээдэг тухай гарна.  “Нэгэн өдөр Эрик хүү цаг хугацааны хөлгөөр эртний Европт зочлов. Грекийн домог туульсыг сонсож, Ромын хаант улсыг үзэв. Ингээд цаашаа ирээдүйн Марс гарагт ч буув. Марс гаргаас манай дэлхий нэгэн цэнхэр од болон гялалзан харагдана”. Ийнхүү сарны хөвүүн “Номын мангас Эрик” нэртэй болж уншсан номынхоо утга санааны хүчээр олон газар хүрч, ирээдүйд ч зорчиж чадах болжээ. Ном уншихын ач тусыг хүүхдэд ухааруулахаас гадна тэдгээрт ямархан ид шид нуугддаг болохыг Эрик хүүхдийн нүдээр тольдон харуулсан тус номын зургийг зураач Б.Төрмөнх урлажээ. 

УВ УЛААН ЗҮРХ (зохиолч Л.Даваасүрэн, зураач Э.Базаррагчаа)

     Шинэ оны босгон дээр хүүхдийн номын “Жангар” редакц нэгэн шинэ бүтээлийг багачууддаа бэлэг болгон хүргэсэн нь “Ув улаан зүрх” юм. Тус номын зохиогчоор “Үүлэн үст”, “Энэ бол Улаанбаатар” зэрэг номуудын зохиогч Л.Даваасүрэн ажиллажээ. Харин зургийг “Жангар” (хүүхдэд зориулсан хувилбар), “Хараацай хэдгэнэ хоёр”, “1001 шөнийн үлгэр” зэрэг бүтээлүүдийн эзэн Э.Базаррагчаа зурсан байна.  Хэвлэлийн газрын өмнөтгөлд “...Харин бид өнөө үед үлгэрийн уламжлалт хэв маягийг хадгалсан, шинэлэг утга агуулга бүхий түүхүүдийг хүүхэд багачууддаа хүргэх нэн шаардлагатай болжээ” хэмээн дурджээ. Ингэхдээ “Ув улаан зүрх” номын гол дүрийг монголын нэн ховор амьтан болох бөхөнгөөр дүрслэн үзүүлсэн байна. Үүнээс гадна хулан, сарлаг, тэмээ хүртэл гарна.  Бөхөн бусдаас онцгой ув улаан зүрхтэй байсан ч үргэлж таагүй үг хэлж явсаар нэгэн удаа хөө шиг хар зүрхтэй болоод хувирчихдаг. Шинэ жилийн баярын өмнөхөн тэрээр гэнэт ийнхүү хар зүрхтэй болсноо гайхаж ядан зогстол... Мэдээж үргэлжлэлийг номноос уншвал илүү амттай. 

      Дэлхийн улс орнууд соёлоо нийгмийн цаг үе болгонд хөгжүүлж, шинэчилж ирсэн байдаг. Энэ нь өв соёлынхоо гүнд шингэсэн үнэт зүйлүүдээ бодитой хэрэглэж байгаагийн илрэл юм. Монголчуудын хувьд ч гэсэн соёлын арвин их өв сантай. Гэвч түүнийгээ хэрэглэх, шинэчлэх тал дээр төдийлөн анхаарч ажилладаггүй. Харин ч эсрэгээр яг тэр хэвээр нь хадгалах сонирхолтой байдаг. Харин тэдгээрийг дотроосоо уудалж, ойлгож чадвал хэчнээн агуулга сайтай бүтээл туурвиж болохыг “Ув улаан зүрх”-ийг уншсан томчууд ч мөн ойлгох биз ээ. 

 

 

ХҮҮХДЭД ЗОРИУЛСАН ОНЫ ОНЦЛОХ 10 НОМ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188