• Өнөөдөр 2024-04-26

СТИВЕН ХОКИНГ: 100 жилийн дараа хиймэл оюун ухаан хүнээс ухаантай болно

2021-05-12,   834

Онолын физикч, алдарт эрдэмтэн Стивен Хокингийн Испанийн “El Pais” агентлагт 2015 онд өгсөн ярилцлагыг “Ховор ярилцлага” буландаа хөрвүүлэн хүргэж байна.

-Танд тулгарсан хүндрэл бэрхшээлийг үл хайхран та олны өмнө илүүтэй гарах болсон. Аялал, лекц, ярилцлага, баяр наадмын толгой эргэм арга хэмжээгээр дүүрэн байдаг. Яг рок од шиг. Та яагаад ингэх болов?  

       -Учир нь би өөрийгөө шинжлэх ухааны мэдлэгийг түгээх үүрэгтэй нэгэн гэж боддог болохоор л тэр.

-Танд амьдралдаа хийхийг хүсдэг ч одоо хүртэл хийж амжаагүй зүйл бий юу?

        -“Virgin Galactic” хөлөгтэй хамт сансарт аялахыг л хүсч байна даа.

-Таны сүүлд бичсэн номонд квант физик, харьцангуйн онол нэгдэж болох талаар дурдсан байсан. Таны дараагийн ажил юу байх бол?

       -Эсрэгээр энгийн амьдралдаа орно доо.

-Испани Улс бусад орны л адил шинжлэх ухааны зардлаа танасан тул олон эрдэмтэд гадаадад ажиллаж байна. Эрдэмтэн болохоор шийдэж байгаа залуусад та юу хэлэх вэ?

       -Би залуухан Испани эрдэмтдийг Америк руу яв  л гэж хэлмээр байна. Тэнд шинжлэх ухааныг эрхэмлэж, технологид мөнгө төлж байна шүү дээ.

-Хэдэн жилийн өмнө та харь гарагийн соёл иргэншил биднийг мөхөлд хүргэж болзшгүй тул тэдэнтэй холбоо тогтоохгүй байхыг эрмэлзэх хэрэгтэй гэж байсан. Таны бодол өөрчлөгдсөн үү?

-Хэрэв харь гарагийнхан манай гарагт зочилбол Колумб Америк тивийг нээснээр уугуул Америкчуудад сайнаар нөлөөлөөгүйтэй адил үр дүн гарч мэднэ. Дэвшилтэт харь гарагийнхан хүрч очсон гаригаа эзэлж, колоничлохыг хүсдэг нүүдэлчин болж магадгүй юм. Миний математикийн тархинд тоонууд харь гарагийнхан байдаг гэдгийг рационалаар хэлж чадна. Хамгийн бодит бэрхшээл бол харь гарагийнхныг яг ямар байхыг мэдэх явдал юм.

-Хар нүх рүү орвол амьд үлдэж чадна гэж та дурссан. Үнэхээр энгийн хүн хар нүх рүү унана гэдгийг юу гэж ойлгох ёстой юм бол?

       -Хар нүхэнд унах нь Ниагара хүрхрээнд завиар сэлүүрдэхтэй л адил. Хэрэв хурдан сэлүүрдвэл аюулаас зугтаж чадна. Хар нүх бол маш сайн дахин боловсруулах машин бөгөөд гарч ирсэн зүйл нь орсон зүйлтэйгээ адил ч ахин боловсруулагдсан байна л гэсэн үг.

-Энэ жил харьцангуйн онол 100 нас хүрч байна. Хэрэв та Эйнштейнтэй ярилцаж чадна гэвэл та түүнд юу хэлэх байсан бэ. Дараагийн 100 жилийн хугацаанд шинжлэх ухаанаас юу хүлээж байна вэ?

       -Эйнштейн 1939 онд цаасан дээр матери нь тодорхой цэгээс цааш шахагдах боломжгүй тул хар нүхний онолыг үгүйсгэж байсан удаатай.

-Бид яагаад хиймэл оюун ухаанаас айх ёстой вэ?

-Компьютер ойрын 100 жилийн хугацаанд хиймэл оюун ухааны тусламжтай хүнийг гүйцэж түрүүлэх болно. Хэрэв ийм зүйл тохиолдвол компьютер бидний зорилгод нийцсэн гэдэгт л итгэлтэй байх ёстой. 

-Та бидний хувь тавилангийн талаар юу гэж боддог вэ?

        -Хүн төрөлхтний амьд үлдэх эсэх нь ертөнцийн хаа нэгтээ шинэ байшин олж чадах эсэхээс л шалтгаална гэж бодож байна. Учир нь дэлхийн сүйрүүлж чадах гамшиг улам бүр нэмэгдэж байна. Тиймээс л би хүмүүсийн сансрын аяллын ач холбогдлын  талаар мэдлэгийг нэмэгдүүлэхийг хүсч байгаа юм. Би юмсыг хэт хол харалгүй өнөөдөртөө төвлөрүүлж сурсан юм. Надад хийхийг хүссэн маш их зүйл байна.

-Шинжлэх ухааны зардалд томоохон таналт хийсэн Испанийн Ерөнхий сайдад та юу хэлэх вэ?

       -Испаничууд шинжлэх ухаан, сансар судлалд их дуртай ард түмэн. Миний “Цаг хугацааны товч түүх” номын маш сайн уншигчид байсан. Бид бүгдээрээ шинжлэх ухаан, технологийн талаар сайн ойлголттой байх нь чухал. Шинжлэх ухаан, технологи манай ертөнцийг эрс өөрчилж буй бөгөөд үүнийг зөв чиглэлд барих нь чухал. Ардчилсан нийгэмд бид бүгд шинжлэх ухааны анхан шатны мэдлэгтэй байх хэрэгтэй болж буй тул шийдвэрийг зөвхөн эрдэмтдэд даатгах биш өөрсдөө ч мөн шийдвэр гаргах боломжтой болно гэсэн үг. Мэдээж хэрэг та хялбаршуулсан байдлаар хүртэх хэрэгтэй. Ихэнх хүмүүс онолын физикийн математикийн нарийн ширийн зүйлийг эзэмшиж чаддаггүй. Гэхдээ хүн бүр орчлон ертөнц хэрхэн “ажилладаг”, түүний доторх бидний байр суурийн талаар өргөн ойлголттой болж чадна гэдэгт би итгэдэг. Үүнийг л би ном, лекцээрээ таниулахыг хичээсэн.

-Та сайн эрдэмтэн байх, бурханд итгэгч байх хоёр нэг дор байх боломжтой гэж бодож байна уу?

       -Би бурхан гэдэг үгийг яг л Эйнштейнтэй адил хувь хүний мэдрэмжээр байгалийн хууль гэсэн утгаар ашигладаг.

-Орчлон ертөнцийг тайлбарлахад бурхныг дуудах шаардлагагүй гэж та хэлсэн. Хүмүүс хэзээ нэгэн цагт шашин шүтлэг, бурхныг орхих болно гэж та боддог уу?

       -Орчлон ертөнцийн үүслийг тайлбарлахад шинжлэх ухааны хуулиуд хангалттай. Үүнд бурхныг оролцуулах шаардлагагүй юм.

-Тэргэнцэртэй хүмүүс хэвийн амьдралаар амьдрахад олон бэрхшээл тулгардаг. Тэргэнцэртэй амьдрах шаардлага тулгарсан хүмүүст та юу хэлэх вэ?

        -Хэдийгээр би мэдрэлийн өвчнөөр өвдсөндөө харамсаж байсан ч бусад талаар би азтай байсан. Онолын физикийн салбарт ажиллаж байсан маань хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллаж болох цөөн салбарын нэг байснаар азтай. Мөн бичсэн номууд маань амжилттай болсон маань “жакпот” хожих шиг л азтай байсан. Хөгжлийн бэрхшээлтэй байдал тань саад болохооргүй зүйлд анхаарлаа төвлөрүүлж, бусад зүйлсийг тоох хэрэггүй гэж зөвлөмөөр байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүн онолын физикийн салбарт ажиллахад саад бэрхшээл бага цөөн салбарын нэг. Энэ бүх зүйл тархинд л бий. Би хүмүүсийн ярианаас хоцрохдоо хар нүх эсвэл физикийн талаар бодчихдог талтай. Чухамдаа миний хөгжлийн бэрхшээл надад нэг талаараа тус болсон. Намайг багшлах эсвэл хороон дээр уйтгартай цаг өнгөрөөхөөс чөлөөлж, бодож, судалгаа хийх цаг завыг нэмэгдүүлсэн.


СТИВЕН ХОКИНГ: 100 жилийн дараа хиймэл оюун ухаан хүнээс ухаантай болно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188