• Өнөөдөр 2024-03-29

УИТНИ ХЬЮСТОН: Өөрөөрөө байх ч хүчгүй болтлоо амьдралд ууссан

2023-12-31,   3252

          Америкийн продюсер, зохиолч, жүжигчин, хөтлөгч Опра Уинфрин дэлхий даяар “Дуу хоолой” хэмээн өргөмжлөгдсөн Уитни Хьюстонтой 2009 онд ярилцсан яриаг хөрвүүлэн хүргэж байна. Уитни Хьюстон дэлхий дахинд 140 сая гаруй цомгоо худалдсан, бүх цаг үеийн түүхэн дэх хамгийн олон шагнал хүртсэн эмэгтэй уран бүтээлч билээ.

-ДУУЛАХ ТУХАЙ БОДОХОО Ч БОЛЬСОН БАЙЛАА-

-Та 2002 оноос хойш хэдэн жилийн турш шинэ цомог, уран бүтээл хийгээгүй. Энэ хугацаанд дуулж байсан шигээ арал дээр амьдарч, өөрийн гэсэн жимсний мухлагтай болж амжсан болов уу гэж бодлоо?

         -Далайн эргийн ойролцоох бяцхан арал дээр жимс тарьж, охиныхоо хамт энгийн амьдарч байна. Би дэлхийн өнцөг, булан бүрд очиж байсан. Охин минь ч өсөж, томорч байгаа болохоор уран бүтээлчийн замналаа хойш тавьсан.

         Уран бүтээлчийн амьдралынхаа нэг үед үнэхээр хэцүү шархыг тээж явсан. Тэгээд л нэг өдөр сэрээд “Одоо хангалттай” гэж бодсон хэрэг л дээ. Хэсэг хугацаанд надад машин, байшин, хөрөнгө, нөхөр, охин бүгд байсан. Бүх зүйл байсан ч надад аз жаргал байгаагүй. Би баяр баясгалан, аз жаргалаа эргүүлэн авахын тулд амар амгалан байх зам сонгосон.

-Та Дайан Сойертай 2002 онд хийсэн ярилцлагадаа хар тамхины хамааралтай болсноо хэлж, дэлхий нийтийг цочирдуулж байв. Одоо ч хэвээрээ юү?

          -Тийм ээ, үүнийг Бобби бид хоёр их хийсэн. Маш их шүү

-Бобби Браун та хоёрын харилцаа хэзээнээс хөндийрсөн юм бэ. Эсвэл эхнээсээ л гэр бүл болох хүсэлгүй байсан юм уу?

        -Бид “The Bodyguard” киноны зураг авалтын дараачаас болзож эхэлсэн. Надад зураг авалтаас хойших гурван жил гайхалтай мэдрэмж төрүүлж байсан. Гайхалтай байсан болохоор л бид хүүхэдтэй болсон юм шүү дээ.

-Үнэхээр их аз жаргалтай байсан гэж үү?

            -Үгүй ээ, би гэрлэсэндээ сэтгэл хангалуун бус байсан. Таашаал авах гэж оролдох бүрдээ би өөрийгөө алдсан.

-Анх яагаад хар тамхинд орж, донтолттой болсноо хэзээ мэдсэн бэ?

            -“The Bodyguard” киноноос өмнө хөнгөн байсан. Харин кино зураг авалтын дараа охин маань төрснөөс хойш хүндэрсэн.

-Ямар төрлийн мансууруулагч хэрэглэдэг байсан юм?

            -Кокаин, марихуан тэгээд л болоо. Харин Бобби их уудаг байсан.



-Бобби Браун танд бие, сэтгэлийн хүчирхийлэл үйлдэж байсан тухай яриа байдаг. Хуулийн байгууллагаас үүнийг шалгасан ч хэрэгсэхгүй болж дууссан гэсэн. Тухайн үед яг юу болсон юм бэ?

             -Боббигийн төрсөн өдрөөр би түүнд зориулж, Атланта хотын нэгэн клубт үдэшлэг хийсэн юм. Тэр шөнөжингөө ууж, их согтсон байсан. Тэр үеэр намайг алгадаж, гурван ч удаа толгой руу цохисон. Дараа нь машинтай явж байгаад аав, ээжийнхээ нүдэн дээр намайг харааж, нүүр рүү минь нулимсан.Даанч би түүнд маш их хайртай байсан. Гэхдээ нэг л өдөр би бүхнээ орхиод явахад сэтгэлээ бэлдсэн. Найз руугаа залгаад “Намайг ирж ав” гэж хэлээд гарах гэтэл Бобби намайг хана руу түлхсэн. Харин би уурлаад утсаараа толгой руу нь цохисон. Яг тэр үеэр охин шатаар бууж таарч, Бобби ч шалан дээр унасан. Би Боббиг жүжиглэж байсныг нь мэдэж байсан ч охиныхоо үзэн ядсан харцны өмнө юу ч хийж чадаагүй. Тэр харц одоог хүртэл санаанаас гардаггүй. Түүнээс хойш гэрээсээ өөрийн гэсэн зүйлсээ бага багаар зөөж эхэлсэн. Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг тэмцэх төвд хандаж, хуулийн байгууллагаар шалгуулсан. Бобби өмнө нь замын хөдөлгөөний дүрэм зөрчөөд тэнсэн харгалзах ялтай байв. Гэсэн ч гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэнийхээ ард ямар ч ялгүй үлдсэн.

-Тэгээд мансууруулах бодис танд тайвшрах боломж өгсөн гэж үү?

            -Заримдаа л... Гэхдээ хэзээ нэгэн цагт инээмсэглэх үе ирдгийг мартаж болохгүй. Хааяа сайхан байж болох л юм. Гэхдээ өвтгөдөг. Тэгээд уйлахыг чинь хэн ч харахгүй байх ямар санагдах вэ. Харин хэн нэгэн харах үед бидэнд ямар ч аз жаргал үгүй байх болно.

-Уитни Хьюстоны “Дуу хоолой”-н дүрд тоглосон амьдрал дууссан гэж үү?

              -Би энэ тухай бодож үзээгүй ээ. Өмнө нь хүмүүс надаас “Уитни чи юу хүсэж байна вэ”, “Юу хэрэгтэй вэ” гэж асуудаг байсан. Тэр үед надад хөрөнгө, авьяас бүх юм байлаа. Харин одоо би дуулах талаар бодохоо ч больсон.

-Та өөрийгөө алдсан хэрэг үү. Эсвэл хар тамхинаас болж ингэтлээ суларсан юм уу?

              -Бобби миний хар тамхи байсан. Үнэндээ би түүнгүйгээр юу ч хийгээгүй. Юу ч болсон, юу ч хийсэн бид хамт байсан.

-Донтолтын цаг хугацаагаа юу гэж илэрхийлэх вэ?

             -Гэрийнхээ хамаг л юмыг эвдэж, хэмхэлсэн. Охиныхоо өрөөнд байсан гэр бүлийн зурагнаас өөрийнхөө толгойг тасдаж авсан байсан. Гэсэн ч би тайвшраагүй. Тэр үед намайг хананууд ширтээд байгаа юм шиг санагддаг байлаа. Тэгээд л өөрийг минь зогсохгүй ширтдэг унтлагын өрөөний ханаа будсан.

-Яагаад тэр бүгдийг хийсэн гэж. Хар тамхины нөлөөнөөс болоод уу?

             -Би үнэхээр их айж байсан. Бурхан надад энэ авьяасыг заяасан юм бол тэр үед надаас хариуд нь ямар нэг зүйлийг минь авах гэсэн юм шиг л байсан.

-Нөхөн сэргээх эмчилгээгээ хэр удаан хийлгэсэн бэ. Амжилт олоогүй гэж үү?

            -Би 30 хоногийн эмчилгээнд бүрэн суусан. Тэр бүрд хаана ч байсан охиноо дагуулж, хамт байхаас өөр аргагүй байлаа. Би түүнд худал хэлээгүй, чадаагүй.

-Охиндоо донтолттой болсон гэдгээ хэлсэн гэж үү. Яаж тайлбарлав?

            -Тийм ээ, бүхнийг үнэнээр нь хэлсэн. Өөрсдийн амьдрал, амьдралын хэв маягтайгаа холбон тайлбарласан.

-Нөхөн сэргээх эмчилгээнд явсан ч донтолтоо зогсоох чадаагүй нь дуу, хөгжмийн замналаа орхисон шалтгаан юм уу?

            -Эмчилгээнд бүрэн суусан ч, донтолт маань зогсоогүй. Нэг өдөр цагдаа ээжийг маань дагуулж, гэрт ирээд “Надад шүүхийн шийдвэр байна. Миний хэлснээр хийвэл бид юу ч хийхгүй. Телевизээр олон нийтэд зодог тайлж байгаагаа зарла” гэсэн. Ээж маань үнэхээр их айсан байсан. Тэгээд “Охин минь, энэ тийм ч үнэ цэнтэй зүйл биш учраас “Орхих болно” гэж хэлээрэй” гэсэн.

-ГУДАМЖИНД ЯВЖ БАЙХАД НАСТАЙ ХҮМҮҮС НАД РУУ ЗААГААД АЧ, ЗЭЭДЭЭ “БИ ЗАЛУУ БАЙХДАА ТЭР ХҮНИЙ ДУУГ СОНСДОГ БАЙСАН” ГЭДЭГ БАЙЛАА-

-Зодог тайлах, алдар нэрээ орхих өдөр нь үнэхээр тэр өдөр байсан гэж үү?

             -Би сонголт хийх ёстойгоо л мэдэж байсан. Гэр бүл дотроосоо хагарч байхад би “Хэрэв бурхан надад хүч чадал өгвөл би нэг өдөр л тэр хаалгаар гараад эргэж харахгүй явна” гэж залбирч байснаа санаж байна. Тэгээд л залбирч хүлээж байсан өдөр нь ирсэн.

-Хэдэн оны үе вэ. Гэрээсээ яваад хаана амьдарч байсан юм бэ?

             -2006 онд. Бобби надад “Хэрэв чи энд эргэж ирвэл би чамайг буудаж ална” гэж хэлсэн учраас өөр газар руу явсан. Гэрээсээ үүргэвчиндээ хоёр өмд, пүүз, хоёр дотоожоо аваад гарч байсан. Өөр хот руу очоод, найзынхаа гэрт хэсэг амьдарсан.

-Таны хийсэн шийдвэрийг дуу, хөгжим сонирхогч олон сая хүн хүлээж аваагүй. Энэ талаар юу гэж бодов?

          -Тэр үед надад юу ч хамаагүй байсан.

-Нэр хүндийн төлөө, шинэ, шилдэг бүтээлийн төлөө тэмцлээ тэнд зогсоож ээ?

         -Тийм биш ээ. Миний бүх зүйл эсрэгээрээ явж эхэлсэн. Донтолттой болсон ч надад зарим зүйлийг ойлгуулсан. Тэгээд л би зогсохыг хүссэн.

-Калифорни руу нүүсэн ч түүнтэй эргээд нийлнэ гэсэн найдвар тээж байв уу?

           -Тийм ээ, би удаан хүлээсэн.

-Гэхдээ тэр ирээгүй. Тийм үү?

             -Калифорнийн Лагунад охинтойгоо очоод байлаа. Найзууд маань надад онгоц авч өгсөн. Би хувийн онгоцтойгоо ойр орчмоор нисэж, газар үзэж тэнд хэсэг амьдарсан. Харин Бобби “Очих гэж байна” гэж хэлдэг байсан. Гэхдээ тэр хэзээ ч ирээгүй. Миний ганц санаа зовж байсан зүйл аав, охин хоёрын хоорондын харилцаа. Охин маань тэгэхэд жаахан байж дээ.

-Охин тань аав, ээжийгээ хол амьдарч байгааг гайхдаг байсан байх. Танд ямар нэг зүйл хэлж байгаагүй юу?

          -Кристина надад “Ээж ээ, түүнийг явуул” гэж хэлсэн. Охин маань надад “Та надтай хамт байгаарай. Та надад хайртай, намайг сургуульд аваачдаг, надтай хамт юм хийдэг, миний урмыг хугалдаггүй, надад худал хэлдэггүй, үргэлж миний дэргэд байдаг. Харин тэр ирнэ гэж хэлдэг ч ирдэггүй, надад юм авч өгнө гэж хэлсэн ч авчирдаггүй. Та ч үүнийг, би ч үүнийг хүртэх ёсгүй” гэж хэлсэн. Кристина миний төсөөлж байснаас ч ухаалаг охин байсан.

-Хэрэв охин тань тэгж хэлээгүй бол эргэж нийлэх байсан гэж боддог уу?

           -Би тийм зүйл хийсэн ч, миний сүнс надад зөвшөөрөхгүй байх байсан. Түүнээс хойш хэдэн өдрийн дараа ивээн тэтгэгч Клайв орж ирээд “Би чамайг дууссан гэдэгт итгэхгүй байна. Бурхнаас ийм бэлэг заяаж байхад ингээд л болилоо гэж хэлээд болчихгүй. Би чамд нэг жилийн хугацаа өгье. Чи шийдвэрээ гарга. Гэхдээ чамайг дэлхий хүлээж, хоолойг чинь дахин сонсохыг хүсэж байгаа гэдгийг бүү мартаарай” гэсэн. Охинтойгоо хамт амьдарч байхдаа дэлгүүр орохоор л хүмүүс “Хөөх, та хэзээ шинэ пянз гаргах вэ”, “Таны дууг, дуулахыг чинь дахин сонсмоор байна” гэдэг байлаа. Гудамжинд явж байхад настай хүмүүс над руу заагаад ач, зээдээ хандан “Би залуу байхдаа тэр хүний дууг сонсдог байсан” гэдэг байв.

-Таны охин Кристина одоо юу хийж байгаа вэ?

           -Тэр сайн байгаа. Юу гэж дүрсэлж хэлэхээ мэдэхгүй байгаа ч охин маань надтай өдөр ирэх тусам адилхан болж байна. Кристина багадаа аавтайгаа төстэй байсан. Одоо ээжийгээ улам л дуурайгаад бичиж, дуулж эхэлж байгаа.

-Охин тань дуу, хөгжмийн салбарт хүч үзэхээр болбол танд ямар санагдах бол?

          -Ээж маань надтай хамт байсан шиг би ч тэнд охинтойгоо байх болно. Намайг 14 настай байхад студийнхэн гэрээ байгуулахаар ирэхэд ээж минь “Яг ч болоогүй ээ. Уитнид сурах юм их байна” гэж байлаа.

-Тэр бүх зүйлд ээжтэйгээ хамт байх сайхан байв уу?

          -Надад ээжийнхээ сайхан сэтгэл, мэдрэмжийг гомдоох үе тохиолдож л байсан. Харин сүүлд ээж минь надаар бахархаж байгаагаа илэрхийлж, “Охин минь чи дэлхийн өнцөг булан бүр дэх амжилтыг эвдчихлээ шүү дээ” гээд л бид шөнөжингөө ярилцаж, нэг хөнжилд унтсан сан.

-“ЗҮГЭЭР ДЭЭ, БҮХ ЗҮЙЛ САЙХАН БОЛНО” ГЭЖ БОДООД АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГТ УУСЧИХСАН БАЙСАН-

-Таныг бага байхад аав тань байгаагүй. Аавгүй өссөн. Гэтэл таныг алдартай болсны дараа гарч ирээд таныг шүүхэд өгсөн?

          -Би ээжтэйгээ өссөн. Үнэндээ аавд маань худал ярьдаг хүмүүс нөлөөлсөн байх гэж боддог. Тэр үед аав маань хүнд өвчтэй, эмнэлэгт хэвтэж байсан. Би аавыгаа асарч хамт байсан.

-Та түүнийг уучилсан байх нь ээ?

          -Тийм ээ, би аавдаа хайртай. Тэгэхэд аав маань 80 гарчихсан зүрх нь өвдөж, чихрийн шижин нь хүндэрч, эмнэлгийн хараат болчихсон байсан. Гэтэл муу санаа өвөрлөсөн хүмүүс аавыг минь харлуулж, түүнээс мөнгө салгахыг оролдсон юм.

-Таныг аавынхаа оршуулах ёслолд оролцоогүй гэж сонсож байсан. Үнэн үү?

           -Тийм ээ, бид холбоо бариагүй хоёр жил болсон байсан. Оршуулах ёслолын өмнөх өдөр дурсгалын зүйл хийсэн.

-Хүмүүс таныг маш хүчирхэг сэтгэл зүйтэй эмэгтэй гэж боддог. Гэтэл та яагаад өөрийгөө сул дорой гэж боддог юм бэ?

          -“Зүгээр дээ, бүх зүйл сайхан болно” гэж бодоод амьдралын хэв маягт уусчихсан байсан. Өөрөөрөө явах ч хүч чадалгүй. Тиймээс л дахин бурханд залбирсан.

-Одоо таныг хар тамхины донтолтоос бүрэн ангижирсан гэж ойлгож болох уу?

          -Тийм ээ, намайг битгий буруугаар ойлгоорой. Гэхдээ зарим үед намайг орхисон нь ч дээр. Би хааяа уудаг. Хэрэв намайг хаа нэгтээ цэнгээний газар байхыг харвал тайван өнгөрүүлээрэй.

-Би өнөөдөр өглөө босоод таны шинээр гаргасан “I look to you” дууг сонсож байлаа. Анх энэ дуугаа бичүүлэхдээ хэнд зориулж, “Би чамайг харж байна” гэж дуулсан юм бэ?

             -Үнэнийг хэлэхэд, Роберт Келли надад зориулж, 10 жилийн өмнө тэр дууг бичсэн юм. Харин тэр дууг дуулахдаа миний туулсан хүнд, хэцүү үе, түүнийг хэрхэн даван туулсныг хүмүүс ойлгоосой гэсэндээ дуулсан.

 


УИТНИ ХЬЮСТОН: Өөрөөрөө байх ч хүчгүй болтлоо амьдралд ууссан
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-03 21:21:38
    Амаа зохиол: Гоё яриа болсон байна
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188