• Өнөөдөр 2025-03-31

ТРАМПЫН ТОМИЛГООНУУД БУЮУ ТЭРБУМТНУУДЫН ГОЛ НҮҮДЭЛ ЮУ БАЙХ ВЭ

2024-12-24,   526

АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч Дональд Трамп сонгуульд дахин ялалт байгуулж, хоёр дахь удаагаа Цагаан ордонд суух төрийн тэргүүнээр ажиллахаар болсон. Д.Трампын ялалтаас гадна түүний Бүгд Найрамдах нам сенатад олонх болоод буй бөгөөд Ерөнхийлөгчийн засаглалтай тус оронд тэрбээр  төрийн тэргүүнээр ажиллахаас гадна түүнтэй хамаарал бүхий, туслах, зөвлөхүүд нь ихээр сенат, төлөөлөгчдийн танхимд суух болсон нь Америкт Д.Трампын “ноёрхол” тогтож байгаа хэмээн барууны хэвлэлүүд онцолж байна. Харин ирэх дөрвөн жил Цагаан ордныг удирдаж, АНУ-ын “ноёрхох” Дональд Трамп өнгөрсөн сараас эхлэн сонгуулиар өөрийг нь дэмжиж ажилласан тэрбумтан Элон Маскыг засаг захиргааныхаа сайдаар томилон шинэ багаа бүрдүүлж эхэлсэн. Түүний бүрдүүлж байгаа шинэ засаг захиргааг гаднын агентлагууд сонгуулиар Д.Трампт тусалсан, Америкт хөрөнгө чинээгээрээ дээгүүрт жагсдаг тэрбумтнууд байгааг онцолж байгаа юм.

Д.ТРАМП ШИНЭ БАГАА БҮРДҮҮЛЖ БАЙНА

Ерөнхийлөгч Д.Трамп сонгуулийн үеэр өөрийг нь дэмжсэн дэлхийн толгой баян Элон Маскийг Засгийн газрын эдийн засгийн ажиллагаанд хяналт тавих сайдаар томилсныхоо дараа АНУ-аас Израилд суух Элчих сайдаар Бүгд найрамдах намын гишүүн, Арканзас мужийн захирагч асан Майк Хакабиг томилжээ. Майк Хакаби нь Эвангелийн тууштай консерватив үзэлтэн бөгөөд Израилын талыг дэмждэг гэдгээрээ алдартай гэнэ. Тэрбээр Израилд суух Элчин сайдаар томилогдсоныхоо дараа “Ойрх Дорнодод энх тайвныг тогтоохын төлөө шаргуу ажиллах болно” гэж мэдэгджээ. Мөн Ойрх Дорнод дахь тусгай төлөөлөгчөөр хуучны анд, гольфийн хамтрагч Стивен Виткоффыг томилов. Флорида мужийн үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулагчаар ажилладаг Стивен Виткофф нь өдгөө Д.Трампын тангараг өргөх ёслолыг хариуцсан хороон даргаар ажиллаж байгаа юм.

Түүнчлэн Д.Трамп Тагнуулын төв газрын даргад Жон Рэтклиффийг нэр дэвшүүлсэн бөгөөд “Жон манай улсын тагнуулын байгууллагын хамгийн өндөр хоёр албан тушаалыг хашсан анхны хүн болохыг би тэсэн ядан хүлээж байна” гэж мэдэгджээ. Харин Пентагоныг удирдах Батлан хамгаалахын сайдаар Д.Трамп “Fox news” сувгийн хөтлөгч Пит Хегсетийг томилохоор болсон байна. Үүнээс гадна Д.Трампыг Ерөнхийлөгчийн сонгуульд дэмжиж ажилласан дэлхийн толгой баян Элон Маскийг шинээр байгуулагдах Засгийн газрын үйл ажиллагааг хянах яамыг удирдах үүрэг өгч, сайдаар томилох гэнэ.

Мөн Швейцарт суух АНУ-ын Элчин сайдаар Каллиста Гингричийг томилсноо мэдэгджээ. Төлөөлөгчдийн танхимын дарга асан Ньют Гингричийн эхнэр К.Гингрич Д.Трампын өмнөх засаг захиргааны үед Ватикан дахь АНУ-ын Элчин сайдаар ажиллаж байсан юм. Тэрбээр Конгресст 19 жилийн турш Төлөөлөгчдийн танхимд туслах, тус танхимын Хөдөө аж ахуйн хорооны ахлах нарийн бичгийн даргаар ажиллажээ.

Түүнчлэн Д.Трампын шилжилтийн багийн хэвлэлийн төлөөлөгч Кэти Миллер холбооны засгийн газрын үр ашиггүй байдлыг бууруулах зорилготой төрийн бус нэгж болох Засгийн газрын үйл ажиллагааны үр дүнг хянах яаманд ажиллахаар болжээ. Илон Маск, Вивек Рамасвами нарын тэргүүлэх шинэ яаманд К.Миллер ямар үүрэг гүйцэтгэхийг Д.Трамп дурдсангүй. К.Миллер Д.Трампын өмнөх засаг захиргаанд тухайн үеийн дэд Ерөнхийлөгч Майк Пенсийн хэвлэлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан юм. Тэрбээр Д.Трампын цагаачлалын асуудал эрхэлсэн зөвлөх Стивен Миллертэй гэрлэжээ. С.Миллерийн Цагаан ордны бодлогын асуудал эрхэлсэн орлогч даргын үүрэг гүйцэтгэнэ.

Харин бизнес эрхлэгч Скотт Купор засгийн газрын төрийн албыг хянадаг холбооны агентлаг болох боловсон хүчний албыг удирдана гэж Д.Трамп мэдэгдсэн байна. С.Купор “Andreesen Horowitz” технологийн хөрөнгө оруулалтын фирмийн менежментийн түнш бөгөөд “Hewlett Packard” компанид дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байжээ. Түүнчлэн Бо Хайнсыг өөрийн шинээр санал болгож буй криптовалютын асуудал эрхэлсэн зөвлөлийн гүйцэтгэх захирлаар томилсон байна. Ингэснээр тэрбээр хиймэл оюун ухаан, криптовалютын бодлогыг хянах үүрэгтэй Цагаан ордны дээд төлөөлөгчөөр томилогдсон технологийн хөрөнгө оруулагч Дэвид Сакстай хамтран ажиллахаар боллоо.

Д.Трамп мөн Батлан ​​хамгаалах яамны хэд хэдэн томилгоог зарласан бөгөөд “Uber” компанийн гүйцэтгэх захирал асан Эмил Майкл Судалгаа, инженерийн асуудал эрхэлсэн Батлан ​​хамгаалах яамны дэд сайдаар, бизнес эрхлэгч  Стивен Файнберг Батлан​​ хамгаалахын сайдын нарийн бичгийн даргаар томилогдсон  байна. Харин “Project 2025” санаачилгыг гаргасан хүмүүсийн нэг болох Элбриж Колби Батлан ​​хамгаалахын сайдын бодлогын асуудал хариуцсан нарийн бичгийн даргаар томилогджээ.

ШИНЭ ЗАСАГ ЗАХИРГААНЫ ГОЛ АЖЛУУД

Төсөв

Трампын шинэ засаг захиргаа өнгөрсөн аравдугаар сард эхэлсэн 2025 оны санхүүгийн жилийн төсөв болон мөн 2026 оны санхүүгийн жилийн төсөвт шууд нөлөө үзүүлэх нь тодорхой гэдгийг хэвлэлүүд онцолж байна. Одоо үргэлжилж байгаа хууль тогтоомжийн хүчинтэй хугацаа ирэх сарын эцсээр дуусах учиртай ч Трампын шинэ засаг захиргааны томилгоо албан ёсоор батлагдаж, мөн Бүгд найрамдах нам Конгресст хяналтаа тогтоох хүртэл буюу 2025 оны гуравдугаар сар хүртэл одоогийн хууль тогтоомжийг сунгах болов уу гэж харж байна. Мөн 2026 оны төсвийн төсөл ирэх оны тавдугаар сараас л гарч магадгүй хэмээн таамаглаж байна.

Татвар

Д.Трампын засаг захиргааны 2017 онд батлаж байсан Татвар бууруулах болон ажлын байр нэмэгдүүлэх тухай хуулийн хүчинтэй хугацаа 2025 оны сүүлээр дуусах болно. Тэгвэл Трампын шинэ засаг захиргаа уг хуулийн хүчинтэй хугацааг сунгах, тэр ч бүү хэл хуулинд томоохон нэмэлт өөрчлөлт оруулна гэж таамаглаж байгаа юм. Жишээ нь, компани аж ахуй нэгжүүд болон хувь хүний албан татварыг бууруулах, томоохон корпорациудын татварыг 21 хувиас 15 хувь болгож буулгах, ажилчдын илүү цаг ажилласан цалин болон цайны мөнгөн дээрээс татвар тооцож авдаг байсныг цуцлах зэрэг өөрчлөлтүүдийг хийх амлалтыг өгч байсан бөгөөд “цэнхэр захтнууд” болон дундаж давхаргын америкчууд түүний яг энэхүү амлалтаас болж түүнийг олноороо сонгосон гэж хэлж болох юм.

Худалдаа ба гадаад хөрөнгө оруулалт

Д.Трамп бол худалдааны асуудал дээр нэлээн хатуу бодлого баримталдаг хүн. Тэрээр ерөнхийлөгчөөр ажилласан анхны бүрэн эрхийн хугацаандаа Хятадын бараа, бүтээгдэхүүнд үлэмж хэмжээний татвар ногдуулснаас үүдэн “Америк-Хятадын худалдааны дайн” гарч байсан. Тэгвэл тэрээр сонгуулийн сурталчилгааны үеэрээ АНУ-д орж ирж байгаа бүх импортод 10-20 хувийн тариф, харин Хятадын импортод 60 хувь хүртэлх тариф ногдуулна гэж ярьж байсан юм. Мөн тэрээр АНУ дахь чухал дэд бүтцийг Хятадын тал худалдаж авч, эзэмших явдалд хориг тавьж, зогсоох болно хэмээн амласан. Хэрвээ үнэхээр энэхүү амлалтаа хэрэгжүүлвэл олон улсын зах зээл дэх Америкийн ашиг сонирхолд ноцтой хохирол учруулна гэдгийг салбарын мэргэжилтнүүд анхааруулж байна.

Батлан хамгаалах зардал

АНУ нь Батлан хамгаалах зардал, төсвийн хэмжээгээрээ дэлхийд тэргүүлдэг. Аль ч Ерөнхийлөгчийн засаглалын үед тийм байсан, Трампын засаглал ч энэ жишгээр байх нь тодорхой бөгөөд ажиглагчид батлан хамгаалах салбарын төсвийн хэмжээ нэмэгдэх болов уу гэж харж байна. Тэр тусмаа БНХАУ-ын зүгээс ирж болзошгүй аливаа аюул заналхийллийн эсрэг Америкийн цэрэг, батлан хамгаалахын салбарын хүчин чадлыг нэмэгдүүлэх хүрээнд төсөв, зардал нэмэгдэнэ, ялангуяа цэрэг зэвсгийн технологийн шинэчлэл, хиймэл оюун ухаан, кибер аюулгүй байдал, дуунаас хурдан зэвсэг техник зэрэгт мөнгө хаях нь тодорхой, үүндээ мөн сонгуулийн үеэр түүнийг дэмжсэн технологийн салбарын томоохон компаниудыг татан оролцуулах өндөр магадлалтай гэдгийг онцолж байна. Түүнчлэн тэрээр өөрийнхөө “Америк нэгдүгээрт” гэсэн үндсэн философийн дагуу батлан хамгаалах салбар болон бусад салбарын асуудалд хандаж, холбоотнуудынхаа аюулгүй байдлыг арагш нь тавьж, АНУ-ын аюулгүй байдлын асуудлыг нэн тэргүүнд тавих болно гэж харж байна.

Гадаад бодлого

Дээр дурдсан “Америк нэгдүгээрт” гэх үндсэн философийн дагуу Д.Трампын шинэ засаг захиргаа дипломат бодлогын хувьд илүү өөрийгөө тусгаарласан, элдэв дайн, зөрчил мөргөлдөөнд хөндлөнгөөс оролцохгүй, эдийн засгийн хувьд протекционист бодлого баримтална хэмээн таамаглаж байна. Сонгуулийн сурталчилгааны үеэр тэрээр Украины дайн болон Израил-Хамасын дайныг төгсгөж чадна хэмээн хэлж байсан ч ямар аргаар хэрхэн яаж зогсоохоо хэлээгүй. Зөвхөн “Энх тайванд хүчээр хүрнэ” хэмээх Ерөнхийлөгч агсан Р.Рейганы үгийг иш татан хэлж байсан. Трампын шинэ засаг захиргаа Хятадтай худалдаа, хөрөнгө оруулалт, батлан хамгаалах, технологийн салбарууд болон мөн Тайвань, Өмнөд Хятадын тэнгисийн асуудал гээд бүх тал дээр өрсөлдөх төлөвтэй байна. Харин Европт өрнөж байгаа дайны асуудал дээр Украиныг дэмжиж байгаа АНУ-ын байр суурийг Трампын засаг захиргаа өөрчилж магадгүй байна. Америкийн Украинд үзүүлэх зэр зэвсэг, хөрөнгө санхүүгийн туслалцааг зогсоож, Украиныг ОХУ-тай тохиролцоо хийж, энхийн гэрээ байгуулахыг шахах болов уу хэмээн ажиглагчид үзэж байна. Израил-Хамасын дайн дээр Трамп ойр, найрсаг харилцаатай байдаг Израилын ЕС Беньямин Нэтаньяхуд дайнаа дуусгах шахалтыг үзүүлж, зөвшөөрөхгүй тохиолдолд америкийн дэмжлэгээ алдана гэдгийг сануулах байх гэж таамаглаж байгаа юм.

 

 


ТРАМПЫН ТОМИЛГООНУУД БУЮУ ТЭРБУМТНУУДЫН ГОЛ НҮҮДЭЛ ЮУ БАЙХ ВЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188