• Өнөөдөр 2025-04-02

КАМАЛА ХАРРИС АНУ-ЫН АНХНЫ ЭМЭГТЭЙ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛОХ УУ

2024-07-22,   748

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч, одоогийн Ерөнхийлөгч Жо Байден өрсөлдөөнөөс гарч, дэд Ерөнхийлөгч Камала Харрист халаагаа өгч буйгаа мэдэгдсэн. Тухайлбал, Лас-Вегас дахь сонгуулийн кампанит ажлынхаа үеэр коронавирусийн халдвар аваад байсан Ерөнхийлөгч Жо Байден өнгөрсөн шөнө албан ёсоор нэр дэвшихээс татгалзаж, төрийн тэргүүний үүргээ бүрэн эрхийнхээ хугацаанд дуусгана гэдгээ мэдээлсэн билээ.

Тэгвэл үүнтэй холбоотойгоор одоогийн Ерөнхийлөгч Жо Байдены оронд дэд Ерөнхийлөгч Камала Харрисыг сонгуульд нэр дэвшигчээр бүртгүүлэхээр Ардчилсан намаас үндсэн хорооныхоо нэрийг өөрчилж, албан ёсоор нэр дэвшигчээр бүртгүүлэх хүсэлтээ Холбооны сонгуулийн комисст хүргүүлээд байна. Хэрэв Холбооны сонгуулийн комисс Камала Харрисыг албан ёсоор Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр бүртгэж авбал өдгөө 59 настай дэд Ерөнхийлөгч АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд улс төрийн томоохон намаас нэр дэвшигчээр сонгогдсон анхны өнгөт арьст эмэгтэй, анхны Ази-Америк гаралтай хүн болох юм.

АНУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ БА ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ КАМАЛА ХАРРИС

АНУ-ын ээлжит Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт ирэх арваннэгдүгээр сард эхэлнэ. Сонгуулийн сурталчилгааны одоогийн Ерөнхийлөгч Жо Байден, экс Ерөнхийлөгч Дональд Трамп нарын мэтгэлцээнээр эхэлснээс хойш Америк даяар кампанит ажил өрнөж буй. Энэ хугацаанд Ардчилсан намаас нэр дэвшигч коронавирусийн халдвар авч, Демократ намаас нэр дэвшигч халдлагад өртсөн хэд хэдэн онцлох үйл явдал болж өнгөрөв.

Тодруулбал, өдгөө 81 настай АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Жо Байден Лас-Вегас хотод төлөвлөсөн сонгуулийн кампанит ажилдаа оролцож чадаагүй. Үүнтэй холбоотойгоор Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга мэдэгдэл хийж, Ерөнхийлөгч коронавирусийн халдвар авсан нь үнэн болохыг баталгаажуулж, сонгуулийн кампанит ажлаа үргэлжлүүлэх боломжгүй болсон талаар мэдээлсэн. Харин Демократ намаас нэр дэвшигч, экс Ерөнхийлөгч Дональд Трампын хувьд сонгуулийн сурталчилгааны ажлаар Пенсильвани мужид ажиллаж, иргэдтэй уулзан үг хэлж байхдаа халдлагад өртөж буудуулсан. Зэвсэгт этгээдийг буудсан сум Д.Трампын толгойноос хоёр см зайд зөрсөн гэх мэдээлэл гарч байсан бөгөөд нэр дэвшигч халдлагаас хойш хэдэн өдөр чимээгүй байсны эцэст намынхаа их хуралд оролцож, олон нийтэд албан ёсоор мэдэгдсэн билээ.

Харин Пеньсилванид болсон халдлага болон Демократ намын их хуралд эргэн ирж, илтгэл тавьсан нэр дэвшигч Дональд Трамп ард түмнээс асар их дэмжлэг авч, сонгуулийн рейтинг нь өндөр болсон талаар гаднын шинжээч, судлаачид тайлбарлаж байв. Гэсэн ч халдлагаас хойш бараг “ялагдал хүлээх” нь дамжиггүй гэгдэж байсан Жо Байден өөрийн хүсэлтээ нэрээ татаж, дэд Ерөнхийлөгч Камала Харрист халаагаа өгч буйг зөв “нүүдэл” хэмээн томоохон агентлагууд үзжээ. Учир нь, 2020 оны сонгуульд Жо Байден, Камала Харрис нар ялалт байгуулж, төрийн эрхэнд гарснаас хойш Ази-Америк гаралтай дэд Ерөнхийлөгчийн нэр хүнд асар ихээр өсөж, Америкийн улс төрд ч өндөр рейтингтэй байгаа аж. Хэдий улс төр судлаачид түүнийг өнгөрсөн жилээс хойш Ардчилсан намаас нэр дэвшинэ гэсэн таамаг гаргаж байсан ч оронд нь Жо Байден дэвших болсон. Улмаар Жо Байден нэрээ татсанаар дэд Ерөнхийлөгч Камала Харрис нэр дэвшихээр болсныг “АНУ анхны эмэгтэй Ерөнхийлөгчтэй болох нь” хэмээн мэдээлж байна. Одоогоор Камал Харрисыг нэр дэвшигчээр бүртгэх эсэх асуудлыг Холбооны сонгуулийн комисс шалгаж байгаа бөгөөд хэрэв тус комисс бүртгэж авбал дэд Ерөнхийлөгч эмэгтэй төрийн тэргүүн болох өндөр магадлалтай байгаа гэнэ.

 

-КАМАЛА ХАРРИС ГЭЖ ХЭН БЭ-

Өдгөө 59 настай Камала Харрис АНУ-ын анхны эмэгтэй, өнгөт арьстан дэд Ерөнхийлөгч болсноороо олон улсад танигдаж байв. Харин одоо дахин АНУ-ын анхны эмэгтэй төрийн тэргүүн болох өндөр магадлалтай гэж яригдаж байна. Тэгвэл энэ хүртэл замыг туулж ирсэн Камал Харрис зөвхөн улс төрийн хувьд ч бус өөр олон зүйлд АНХДАГЧ байж ирсэн гэнэ. Тухайлбал, Калифорни мужийн тойргийн прокурор, улмаар мужийн ерөнхий прокуророор  сонгогдсон анхны өнгөт арьст эмэгтэй бол Камала Харрис. Мөн тэрбээр АНУ-ын Сенатад сонгогдсон энэтхэг гаралтай анхны сенатч. Мөн дэд ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байсан хүмүүсийн дунд ази, африк гаралтай эмэгтэй байгаагүй бөгөөд үүгээрээ ч анхдагч болж байв.

Түүний ээж Шамала Гопалан 19 настайдаа Энэтхэгээс Америкт цагаачилж ирсэн бөгөөд аав Дональд Харрис нь Ямайкийн цагаач. Берклигийн их сургуульд тэд анх учирсан бөгөөд тэгш эрхийн төлөө тэмцэгчид байсан тул Камала Харрис багаасаа л жагсаал, цуглаанд оролцож явжээ. Камалаг долоон настай байхад эцэг, эх нь салж, тэрбээр дүү охин, ээжтэйгээ хамт өссөн. Өнгөт арьстнууд голдуу амьдардаг дүүрэгт өссөн тэрбээр 1960-аад онд Калифорнид хэрэгжүүлсэн хөтөлбөрийн үр дүнд цагаан арьстнуудын хүүхдүүд суралцдаг сургуульд орж, амжилттай төгссөн аж.

1990 онд Камала Харрис Окландын Аламид тойргийн прокурорын газарт ажиллаж эхэлсэн бөгөөд бэлгийн хүчирхийллийн хэргүүдийг голчлон хариуцдаг байв. Төдөлгүй Калифорни мужийн хууль тогтоох байгууллагын тэргүүн Уилли Браунтай танилцаж, дотноссон байна. 30 насны зөрүүтэй хос удалгүй харилцаагаа ил болгож, олон нийтийн арга хэмжээнд хамтдаа ирж, Брауны зөвлөснөөр Камала мужийн бага орлоготой иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлэх комисст ажиллаж эхэлжээ. Гэсэн ч Уилли Браун Сан-Франциско хотын захирагч болсны дараа тэдний харилцаа дуусгавар болсон юм.

Сан-Францискогийн тойргийн прокурорт ажиллаж байхдаа Камала өсвөр насныхны биеэ үнэлэлттэй тэмцэж, үүний зэрэгцээ хотын элитүүдтэй харилцаа холбоо тогтоосноор 2003 онд дүүргийн прокурорын сонгуульд олонхын санал авч ялалт байгуулсан юм. Улмаар 2010 онд мужийн ерөнхий прокурорын сонгуульд нэрээ дэвшүүлж, бүгд найрамдах үзэлт, цагаан арьстан Стив Кулитэй өрсөлдөн, ялалт байгуулсан байдаг.

Харин Камала Харрис 2004 оноос Ардчилсан намын улстөрч Барак Обамаг тууштай дэмжиж, найз нөхөд болцгоожээ. Өнөөг хүртэл үргэлжилж буй тэдний нөхөрлөл, тэмцэгч зан, хуулийн салбарт олон жил ажилласан туршлага нь түүнийг улс төрд хөтөлсөн бөгөөд  2016 онд Калифорниос сенатчаар сонгогдсон бөгөөд улмаар  Сенатын Аюулгүй байдал, хуулийн хорооны гишүүн болсон. Түүнээс хойш Ерөнхийлөгчийн сонгуульд Жо Байдентай хамт өрсөлдөж, дэд Ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан тэрбээр өдгөө АНУ-ын төрийн тэргүүний төлөө өрсөлдөх юм.

 

 

 


КАМАЛА ХАРРИС АНУ-ЫН АНХНЫ ЭМЭГТЭЙ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛОХ УУ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-07-30 15:24:42
    Иргэн: Энэ сурвалжлагч нь Трампийг Демокоант нам гээл аваад байх юм тэгсэнээ Камала Харрисийг Ардчилсан Нам гээд байх юмдаа. Ядаж АНУгийн хамгийн 2 том намыг мэдэж байж юм бичиж байгаач ичэж үхмээр юм бэ. Трамп бол Бүгд найрамдах намаас Камала Харрис чинь Ардчилсан нам буюу Демократ нам шүү дээ
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188