• Өнөөдөр 2024-05-04

Сонгуулийн эргэн тойронд: Байден тэргүүлж байна

2020-11-05,   621

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт энэ сарын 3-нд болж, саналын хуудсыг тоолж байна. Албан ёсны дүн эцэслэн гараагүй, зарим мужид саналын хуудсыг одоо ч тоолсоор байгаа юм. 
 
Жо Байден тэргүүлж байна 
Хоёр намын нэр дэвшигчийн алинд нь ч сонгогчид саналаа өгөх магадлалтай мужуудад гол өрсөлдөөн өрнөж,  одоогоор Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден сонгогчдын коллегийн 264 саналтай тэргүүлж байгаа бол Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп сонгогчдын коллегийн 214 саналтай байгаа юм. 
 
Саналын хуудсыг тоолж дуусаагүй байна
 
Хэн ялж, хэн ялагдсаныг таамаглахад эрт байна. Сонгуулийн өмнө олон нийтийн дунд явуулсан санал асуулгаар гол өрсөлдөөн өрнөх мужуудад Дональд Трампын рейтинг өндөр байсан ч энэ нь санал хураалтад төдийлөн нөлөөлсөнгүй. Ерөнхийлөгчийн энэ удаагийн сонгуульд сонгогчдын идэвх оролцоо өмнө байгаагүйгээр өндөр байсан бөгөөд 100 гаруй сая хүн урьдчилан саналаа өгсөн юм. Мөн өмнөх сонгуулиар Трамп ялалт байгуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн Пенсильвани, Мичиган, Висконсины дүн энэ удаад ч шийдвэрлэх үүрэгтэй байх нь. Энэ удаагийн санал хураалтыг чамгүй хэсгийг шуудангаар авсан бөгөөд саналын хуудсыг эцэслэн тоолж дуусахад дахин хэдэн өдөр шаардлагатай гэж хэвлэлүүдэд онцолжээ. 
 
Хоёр дахь хугацаагүй Трамп 
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ удаагийн сонгуульд ялж, улиран сонгогдоно гэдэгтээ итгэлтэй буйгаа лхагва гарагт мэдэгдсэн. Гэхдээ саналын хуудсыг тоолсон байдлаас харвал тэр өрсөлдөгчөөсөө цөөн саналтай яваа. Хэрэв Дональд Трамп энэ удаад ялагдвал сүүлийн 30 жилийн хугацаанд улиран сонгогдож чадаагүй анхны Төрийн тэргүүн болох нь. Хамгийн сүүлд 1992 онд  Жорж Бушид улиран сонгогдож чадаагүй юм. 
 
Эсэргүүцлийн хөдөлгөөн 
Хоёр нэр дэвшигчийн аль нь ч ялсан бай, сонгуулийн дүнг эсэргүүцсэн хөдөлгөөн, жагсаал болж магадгүй байна. Д.Трамп, Ж.Байден нарын сонгуулийн штаб хуульч, өмгөөлөгчид хөлсөлсөн бол томоохон хотуудын хууль сахиулагчид үймээн, эмх замбараагүй байдал үүсэхээс сэргийлж хүчээ зузаатгаад буй. Мөн Вашингтоны зоогийн газар, дэлгүүрийн шилэн ханыг модоор халхалж тагласан нь үймээнээс болгоомжилсных ажээ. 
 
Бусад нэр дэвшигч 
Төрийн тэргүүний сонгуулийн гол өрсөлдөөн Ардчилсан нам, Бүгд найрамдах намын нэр дэвшигчдийн хооронд өрнөж буй ч Либертар намаас  Жоанн Жоргенсен, Ногоон намаас Хауи Хокинс нар, мөн Канье Уэст, Дэн Раттинер, Брук гэсэн гурван хүн бие даан нэр дэвшсэн билээ. 
 
Зөвхөн Ерөнхийлөгч ч бус
 
Арваннэгдүгээр сарын 3-нд америкчууд зөвхөн Ерөнхийлөгчийн төлөө саналаа өгсөн юм биш. Тэд дэд ерөнхийлөгч, парламентын дээд танхим буюу Сенатын 35 гишүүн, доод танхим буюу Төлөөлөгчдийн танхимын бүх гишүүд, 13 мужийн захирагчийн төлөө саналаа өгсөн. Одоогоор дээд танхимд Бүгд найрамдах нам, доод танхимд Ардчилсан намынхан давамгайлж буй. Хэрэв Ардчилсан нам Сенатад дахин дөрвөн суудал авбал Конгрессын хоёр танхимд  тэд олонх болох бөгөөд ингэснээр хоёр жилийн турш буюу Төлөөлөгчдийн танхимын дараачийн сонгууль хүртэл Ерөнхийлөгчийн санаачилгыг дэмжих, эсвэл эсэргүүцэх эрхтэй болно. 
 

Сонгуулийн эргэн тойронд: Байден тэргүүлж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188