Эргэлт.мн мэдээллийн сайтын Эрэн сурвалжлах нэгдэл Дорнод аймгийн Дашбалбар суманд үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Шинь Шинь” ХХК газрын хэвлийг сүйтгэж, хүн, мал, агаар, хөрсийг химийн хорт бодисын хаан гэгдэх хүнцэл, хар тугалга, цайр зэргээр хордуулж, Монголын хуулийг уландаа гишгэж байгааг цувралаар хүргэж байгаа билээ. Бид өмнөх цувралдаа химийн хорт бодис гол болон урсаж, Дашбалбар сумын иргэд, малчдыг аюулд өртүүлж, газрын гүнийн усыг хордуулж буйг баримттайгаар хүргэсэн. Эх орны минь зүүн хязгаарт оршин байгаа иргэд аюулын харангад нэрвэгдэж, хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компанийн өмнө хүчин мөхөстөж, амьдрах газар, амьсгалах агаар, уух усгүй болох гашуун, эмгэнэлтэй хувь заяанд амьдарч байна. Тодруулбал, “Шинь Шинь” ХХК-ийн 56 га талбайг хамарсан том хэмжээтэй химийн хорт бодистой, баяжуулах үйлдвэрээс гаргасан бохир хадгалах далан нь шүүрч, гол горхи шиг урсаж, хөрсөнд шингэж байгаа. Энэ үйл явдал 10 гаруй жил үргэлжилж байгаа гэх. Тэгвэл бид энэ удаад “Шинь Шинь” ХХК-ийн хээрийн талбайд ажиллаж, хөрс, уснаас дээж авч, шинжилгээнд хамруулсан шинжээчдийн маш ноцтой дүгнэлтийг бүрэн эрхээр нь танилцуулах гэж байна.
Тодорхой, ойлгомжтой байдлаар хэлбэл, “Шинь Шинь” ХХК 2010 оноос ашиглалтын лицензээ авч, үйл ажиллагаагаа явуулсан байдаг. Ингэхдээ олборлосон улааны холимог металлаа угааж, бохирдол хадгалах маш том хэмжээтэй шороон далан үүсгэсэн байгаа юм. Хаягдлын далан дотор химийн хортой бодистой усаа хадгалж байсан. Гэтэл химийн хортой бодистой бохир ус хадгалж байсан далан нь шүүрч, их хэмжээний хортой ус газрын гүн рүү алдсаар байгаа. Ингээд химийн хорт бодистой ус хөрсөнд шингэж, гол, горхи шиг гуу жалгаар урсаж байгаа гэсэн үг. Энэ бол Үндэсний аюулгүй байдалд санаатайгаар заналхийлсэн, байгаль орчны эсрэг гэмт хэрэг үйлдэж байна.
Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хоёрдугаар хэлтсийн хяналтын прокурор Б.Батсайханы 2020 оны зургадугаар сарын 22-ны өдрийн 15 тоот “Дахин шинжилгээ хийлгэх тухай” прокурорын тогтоол гаргажээ. Өмнө нь “Шинь Шинь”-ийн уурхайн талбайд ажиллахаар томилогдсон шинжээчдийн баг хээрийн талбайд, уурхайн бүсэд очилгүйгээр Улаанбаатарын хаа нэгтээ, албан өрөөндөө сууж байгаад “Далангаас химийн хортой бодис шүүрээгүй. “Шинь Шинь” ХХК-ийнхан байгаль орчинд хохирол учруулаагүй” гэх дүгнэлт хуурамчаар үйлдсэн байдаг. Тодруулбал, 2014 онд “Шинь Шинь” уурхайн хаягдал усны далан цоорч, их хэмжээний хортой химийн бодис бүхий шингэн газрын хөрсөнд шингэж, байгаль орчинд санаатайгаар их хэмжээний хохирол учруулсан нь батлагдаж байжээ. Тухайн үед байгаль орчинд учруулсан хохирлын хэмжээ нийт 4.507.341.117 төгрөг ногдуулсан байна. “Шинь Шинь” ХХК дээрх торгуулиас ердөө 534.488.547 төгрөгийг нь төлж, үлдэгдэл 3.972.852.570 төгрөгийг төлөөгүй. Байгаль орчныг онц их хэмжээгээр бохирдуулж, хохирол учруулсан уг хэрэгт шинжилгээ хийлгэхээр Байгаль орчны төв лабораторийн Чанарын менежер Б.Алтантуяа, МУИС-ын Газарзүйн тэнхимийн багш, доктор С.Мөнхнаран, Экологийн тэнхимийн багш, доктор Ц.Соёл-Эрдэнэ, ШУТИС-ийн Уурхайн сургуулийн багш, доктор Ш.Халтар, Хөрс судлаач, доктор Ж.Мандах, Байгаль орчны үнэлгээ хийх эрх бүхий “Нуман Алтай” ХХК-ийн захирал докторант А.Цэнд-Аюуш нарыг томилж байжээ. Харамсалтай нь, дээрх нэр дурдагдсан хүмүүс “Шинь Шинь” ХХК-ийн уурхайн бүсэд, газар дээр нь очиж шинжилгээ, судалгааг хийлгүйгээр дүгнэлт гаргаж байжээ.
Ийм учраас дахин шинжээчийн баг томилох хүсэлтийг гаргасан байгаа юм. Прокурорын гаргасан тогтоолын дагуу дахин шинжээчийн баг томилогдож, “Шинь Шинь” ХХК-ийн Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт орших “Улааны холимог металлын орд газрыг хамарсан талбайд хөрсөн дахь микро-элементийн тархалт болон хаягдал усны далангийн шүүрлийн талбай”-д Байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох ажлын хээрийн судалгаа, хэмжилт, дээжлэлтийг газар дээр нь 2020 оны арванхоёрдугаар сарын 27-28-ны хороонд хийж гүйцэтгэжээ.
Хээрийн хэмжилт, судалгаа дээжлэлтийг гүйцэтгэхэд орон нутгийн захиргаа болон иргэд, хөндлөнгийн гэрчийг байлцуулан олон нийтийн оролцоог хангаж ажилласан гэх. Мөн уурхайн талбайгаас авсан ус, хөрсний шинжилгээг бүх төлөөллийг байлцуулан битүүмжлэн лацдаж, фото зураг, бичлэгээр баталгаажуулж авчээ. Хээрийн хэмжилт, судалгаа дээжлэлтийг гүйцэтгэхэд оролцогч талыг төлөөлж Экологийн цагдаагийн албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Т.Буянтогтох, шинжээч нарын багийг төлөөлж, “Грийн Ассесмент” ХХК-ийн захирал, ахлах шинжээч Д.Батболд, тус компанийн менежер А.Эрдэнэбаяр, Нөлөөллийн үнэлгээний ахлах мэргэжилтэн С.Мөнгөн-Эрдэнэ, Шинжээч, химийн бодисын мэргэжилтэн А.Доржготов, шинжээч, хөрсний мэргэжилтэн Б.Энхбаяр, усны мэргэжилтэн М.Энхтуяа, Газарзүй мэдээллийн системийн мэргэжилтэн О.Батгэрэл, “Топ гео техник” ХХК-ийн өрмийн мастер Г.Батбаяр, туслах У.Азжаргал, А.Бүрэнбаатар нар оролцжээ.
Харин яллагдагч талыг төлөөлж “Шинь Шинь” ХХК-ийн ХАБЭАОБ-ын хэлтсийн дарга Ван Танзэ, ХАБ-ын орлогч Н.Хэрлэнтуул, инженер Б.Гантөгс, Д.Балжинням, орчуулагч Ө.Санжмятав байсан аж. Түүнчлэн Хөндлөнгийн хяналт, олон нийтийг төлөөлж Дорнод аймгийн БОАЯЖ-ын газрын мэргэжилтэн Н.Сүх-Ялалт, тус аймгийн МХГ-ын Байгаль орчны хяналтын улсын байцаагч С.Отгонболд, Дашбалбар сумын улсын байцаагч Б.Билгүүн, тус сумын ИТХ-ын тэргүүлэгч Б.Шинэ-Эрдэнэ, Баяндун суманд байрлах Улз голын сав газрын хамгаалалтын захиргааны мэргэжилтэн И.Алтмаа, ажилтан Д.Баяржаргал, Дашбалбар сумын иргэн Б.Энхтүвшин нар байсан нь баримттайгаа бий.
"ШИНЬ ШИНЬ" ХХК-ИЙН ТАЛБАЙ
Жилийн өмнө “Шинь Шинь” ХХК-ийн хаягдлын даланд хийсэн хэмжилт, судалгаа, дээжлэлтийн үр дүнгээр химийн хорт бодистой бохирдлын тархалт нь орон зайн хувьд судгийн дагууд түүний гадаргатай ижил болон түүнээс дооших таван метр хүртэлх гүнийг хамарсан нь батлагджээ. Хөрсний судалгааны үр дүнд тулгуурлан бохирдсон талбайг хүнцэл (As), хар тугалга (Pb), цайр (Zn)-ын бохирдолтой болон дан цайрын бохирдолтой гэсэн хоёр хэсэгт хувааж үзсэн байна. Тодруулбал, хүнцэл (As), хар тугалга (Pb), цайр (Zn)-ын 5110 м² талбай, дан цайр 3167 м² талбай, нийт 8277 м² буюу 0.82 га талбайд хамаарах 4100 м³ хөрсний шимт үе давхарга бохирдолд өртсөн нь шинжээчийн дүгнэлтээр батлагдсан байна. Мөн уурхайн хаягдлын сангаас хаягдаж буй шүүрлийн усанд хэмжих хэрэгсэл байхгүйгээс хаягдаж буй шүүрлийн ус хэмжээ тодорхойгүй гэж дүгнэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, өдөрт хэчнээн тонн химийн бодистой ус гадаад талбайд хаягдаж байгааг хэмжих багажгүй учраас тодорхойлж чадаагүй гэсэн үг. Ийм учраас “Шинь Шинь” ХХК-ийн хаягдлын далангаас химийн бодистой ус 10.3 жил тасралтгүй шүүрсэн гэж үзжээ. Тооцоогоор 10.3 жилийн хугацаанд 1.286.153 м³ шүүрлийн химийн бодистой ус алдагдсан гэж тооцоонд тусгасан байна. Талбайн судалгааны явцад 12 цооногоос нийтдээ тус бүр 86 ширхэг дээж авч шинжилгээ хийжээ.
Тодорхой хэлбэл, шинжээчдийн дүгнэлтээр “Шинь Шинь” ХХК-ийн уурхайн бүсэд сонгон авч хийсэн цооногуудаас хар тугалга, цайр, хүнцэл, молибден, кадми зэрэг таван металлын агууламж стандартын хүлцэх агууламжаас хэтэрсэн буюу бохирдолтой байгаа нь батлагджээ.
Тус уурхайн бохирдлын далан цооронхой байснаас болж химийн бодистой ус 10 жил шүүрсэн, хөрс, ус, агаарыг бохирдуулсан нь батлагдлаа. Дашбалбар сумын малчид, иргэд 10 жил чимээгүй тахалд нэрвэгдэж амьдарсан нь шинжилгээгээр мөн л батлагджээ. Тодруубал, “Шинь Шинь” ХХК-ийн ойролцоо байрлах малчдын худгаас шинжилгээ авахад нитрот ион илэрсэн байна. Тодруулбал, сульфат ионны агууламж стандартад заасан хэмжээнээс 4.5 дахин их байгаа судалгаа гарчээ. Малчид, мал, ан амьтан нитрот ионтой ус ахуйн хэрэглээндээ хэрэглэж, хордож байна. Өөрөөр хэлбэл, химийн хортой бодистой ус гол мөрөн болж урссаар малчдын ундаалдаг худаг, гол, горхинд хэдийн нийлчихсэн гэсэн үг.
Эх сурвалжийн бидэнд хэлсэн мэдээллээр “Химийн хортой бодистой ус хаа сайгүй тархсан учир Мардайн уурхай, Эрдэс хотын ойролцоо нутагладаг малчид нүүж, нутгаасаа дайжсан. Хорноос болж малчид эрүүл төл хүлээн авахаа больсон нь нууц биш. Хоёр толгой, найман хөл, дөрвөн чих, дөрвөн нүдтэй хурга, ишиг ихээр төллөх болж, малчид арга буюу нүүж байгаа. Мөн жирэмсэн эмэгтэйчүүд ургаа алдаж, төрөлхийн гажигтай, өсөлт нь зогссон хүүхэд хүртэл төрөх нь бий. Сум орон нутгийн удирдлагууд үүнийг мэдэж байгаа хэрнэ мөнгөний амтанд орчихоод юу ч хийхгүй байна. Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээний аюулын харанга Дашбалбар суманд дэгдэж байна шүү дээ. Хэдхэн жилийн дараа Дашбалбар тэргүүтэй хойд талын таван суманд хүн амьдрах аргагүй болох нь. Химийн хортой бодистой хөрс, агаараар амьсгалж, хортой ус ууж байгаа газарт эрүүл хүн үлдэх үү” гэв.
Бид дараагийн удаад эх орны минь хэвлийг хордуулж, хүн, малд аюул учруулж, байгаль орчны эсрэг ноцтой гэмт хэрэг үйлдсэн “Шинь Шинь” ХХК-д Монголын хууль хяналтын байгууллагынхан яагаад хариуцлага тооцохгүй, хятадуудын толгойг илсээр суугааг хөндөх болно.
Үргэлжлэл бий.
SOS: ХЯТАДЫН “ШИНЬ ШИНЬ” ХХК ХҮНЦЛЭЭР ДОРНОДЧУУДЫГ ХОРДУУЛЖ, ХИМИЙН ХОРТ БОДИС ГОЛ БОЛОН УРСАЖ БАЙНА-II |
|
2024-09-15 15:29:49
2024-09-15 13:29:20
2024-09-15 13:24:12
2024-09-15 12:45:17
2024-09-15 07:09:53
2024-09-15 07:00:29
2024-09-15 07:00:00
2024-09-15 07:00:00
2024-09-15 07:00:00
2024-09-15 07:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |