• Өнөөдөр 2024-04-17

Нохойд хазуулж, өндөр тунтай сүрьеэгийн вакцин хийлгэсэн иргэдийн бие тааруу байгаа ч ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫНХАН БУРУУГАА ХҮЛЭЭХГҮЙ ГЭВ

2023-01-09,   720

       Эрүүл мэндийн сайд С.Чинзориг өнгөрсөн баасан гарагт маш ноцтой мэдээлэл хийсэн байдаг. Тодруулбал, Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч, сувилагчид нохойд хазуулсан есөн хүнд өндөр тунтай сүрьеэгийн вакцин андуурч хийжээ. Уг үйл явдал нь арванхоёрдугаар сарын 5-29-нд болсон гэнэ. Харамсалтай нь, эмнэлгийн байгууллагынхан вакцин андуурч хийснийг нэгдүгээр сарын 5-ны өдөр мэджээ. Эмнэлгийн дотоод хяналт, шалгалтаар вакцин андуурч хийснийг дөрвөн хоногийн өмнө мэдэж, аймгийн Эрүүл мэндийн газар, Эрүүл мэндийн яам руу мэдэгджээ. Одоогийн байдлаар шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа гэнэ. Тэгвэл бид энэ талаар дараах сурвалжилгыг бэлтгэлээ.

       Нохойд хазуулж, сүрьеэгийн вакцин хийлгэсэн есөн иргэний хоёр нь хүүхэд байжээ. Тодруулбал, найм, 14 настай хоёр хүүхэд, бусад нь 30-56 насны иргэн байгаа аж. Одоогийн байдлаар иргэдийн биеийн байдал хүнд, хөнгөн байгаа бөгөөд нэг иргэний уушгинд нэвчилт, сүүдэр үүссэн тул эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлж байгаа гэнэ. Харин бусад нь эмчийн хяналтад байгаа аж.

С.ЧИНЗОРИГ: НОХОЙД ХАЗУУЛСАН ИРГЭДЭД ГАЛЗУУГИЙН БИШ, СҮРЬЕЭГИЙН ВАКЦИН ХИЙСЭН НЬ МЭРГЭЖЛИЙН НОЦТОЙ АЛДАА

   

        Энэ талаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг мэдээлэл өгөхдөө “Нохойд хазуулсан иргэнд галзуугийн вакцин хийдэг заавартай. Гэтэл сүрьеэгийн вакцин хийсэн мэргэжлийн ноцтой алдаа гаргасан. Нохойд хазуулсан есөн иргэний гуравт нь сүрьеэгийн вакцин гурван удаагийн тунг хийсэн бөгөөд сүрьеэгийн вакциныг 30 дахин нэмэгдүүлсэн тунгаар хийсэн нь урьдчилсан байдлаар тогтоогдсон. Дөрвөн хүнд хоёр удаа сүрьеэгийн вакцин хийсэн нь зохих хэмжээнээс 20 дахин их тунгаар хийсэн байна. Буруу вакцин хийлгэсэн есөн иргэнд шаардлагатай бол эрүүл мэндийн нарийн мэргэжлийн тусламж үзүүлнэ. Вакцин бол амьд бактер. Амьд бактерийг зохих хэмжээнээс 10-30 их тунгаар хийснээр эдгээр иргэд сүрьегээр өвчлөх магадлал маш өндөр болно шүү дээ. Шаардлагатай бол эдгээр иргэнийг Улаанбаатарт авчирч нарийн мэргэжлийн тусламж үзүүлнэ. ХӨСҮТ-өөс өгсөн мэдээллээр вакцин андуурч хийсэн анхны тохиолдол болсон байна. Эдгээр иргэнийг Монголд эмчлэх боломжгүй бол Засгийн газрын нөөц сангаас санхүүжилт гаргаж, гадаадад эмчлүүлэх шаардлага үүснэ гэдгийг Ерөнхий сайдад танилцуулсан. Нөгөө талаар нохойд хазуулсан иргэдэд галзуугийн эсрэг вакцин хийгээгүй учир энэ төрлийн өвчлөл гарах вий гэсэн болгоомжлол бий” гэлээ.

НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ДАРГА Д.МӨНХЗУЛ: ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР БУРУУ ВАКЦИН ӨГСӨН

      Тэгвэл өнгөрсөн амралын өдрүүдэд Эрүүл мэндийн яамнаас томилсон Ажлын хэсэг Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиллажээ. Бид энэ талаар Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Д.Мөнхзулаас тодрууллаа. Тэрбээр “Нохойд хазуулсан иргэдийн биеийн байдал дунд зэрэг байгаа. Иргэдийг эмчийн хяналтад байлгаж, бүх төрлийн шинжилгээ хийж байгаа. Эрүүл мэндийн яам болон ХӨСҮТ, ЗӨСҮТ-ийн төвөөс мэргэжилтнүүд ирж, иргэдийг хамтарсан үзлэгт оруулсан. Эрүүл мэндийн яамны зүгээс нохойд хазуулсан иргэдийг хот руу зөөвөрлөх талаар ярьж байгаа. Гэвч иргэдийн санал, сэтгэгдлийг хүлээн авч шийдвэрлэнэ. Хамгийн гол нь, Эрүүл мэндийн газраас манай эмнэлэгт буруу вакцин өгчихсөн юм. Тиймээс нохойд хазуулсан иргэдэд буруу вакцин хийсэн асуудал гарсан. Манай эмнэлэгт ч гэсэн мэргэжилтнүүдийн хариуцлагагүй үйлдэл буюу ирсэн вакциныг шалгаагүй гэх асуудал байгаа. Хэнд ямар хариуцлага хүлээлгэх нь хуулиар шийдэгдэнэ” гэв.

СҮХБААТАР АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН ДАРГА Б.ЭРДЭНЭТУЯА: БИД БУРУУ ВАКЦИН ӨГӨӨГҮЙ. ИРГЭДЭД АНДУУРЧ ТАРЬСАН ВАКЦИНЫ ХҮЧИЙГ СУЛРУУЛЧИХСАН УЧРААС ӨВЧЛӨЛ БАГА

 

  Бид мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн төвийн дарга Б.Эрдэнэтуяатай холбогдож, тодрууллаа. Тэрбээр “Нэгдсэн эмнэлэг рүү буруу вакцин явуулсан асуудал байхгүй. Иргэдэд вакцин тарихдаа андуурч хийсэн л асуудал байгаа. Иргэдэд андуурч хийсэн сүрьеэгийн вакциныг Энэтхэг Улсад үйлдвэрлэсэн, үхрээс гаргаж авсан, хүчийг нь сулруулчихсан учраас хүний өвчлөл үүсгэх нь маш бага. Хүмүүсийн биеийн байдал хөнгөн байгаа. Эрүүл мэндийн газраас Нэгдсэн эмнэлэг рүү вакцин явуулна гэж байхгүй. Нэгдсэн эмнэлгийн тасгийнхан өөрсдөө ирж авдаг. Андуурч хийсэн вакциныг Эрүүл мэндийн газраас арванхоёрдугаар сарын эхээр авч явсан. Хэн алдаа гаргасныг хууль хяналтын байгууллага тогтооно. Вакциныг хийхдээ бүх шошго, хугацаа, сав суулгыг үзэж байж л тарьдаг шүү дээ” гэсэн юм.

       Эрүүл мэндийн сайдын хэлж буйгаар маш аюултай нөхцөл байдал илэрч, сүрьеэгийн вакцийн хийлгэсэн иргэдийг шаардлагатай бол Засгийн газрын нөөц сангаас хөрөнгө гаргаж гадаадад эмчилнэ гэсэн. Харин аймгийн Эрүүл мэндийн газрын дарга “Хүчийг нь сулруулчихсан учраас ноцтой зүйл учрахгүй” гэсэн эсрэг, тэсрэг байр суурь илэрхийлж байна.

ВАКЦИН АНДУУРЧ ТАРЬСАН ХЭРЭГТ ТАВАН СУВИЛАГЧИЙГ ШАЛГАЖ ЭХЭЛЖЭЭ

       Уг хэргийг Сүхбаатар аймгийн Цагдаагийн газраас хэрэг бүртгэл нээн шалгаж байна. Хүний амьд явах, халдашгүй дархан байх хэрэгт ноцтойгоор халдсан уг хэргийг санамсаргүй алдаа юу, санаатай алдаа юу гэдгийг тогтоох аж. Учир нь, сүрьеэгийн вакцин тариулсан иргэд нэг нохойд хазуулаагүй. Есөн иргэн долоон нохойд хазуулж, өөр, өөр өдөр эмнэлгийн байгууллагад хандсан. Нохойд хазуулсан иргэдэд таван сувилагч үйлчилсэн гэнэ.

     Энэ талаар эх сурвалжаас авсан мэдээллээр “Нохойд хазуулсан иргэдэд таван сувилагч вакцин тарьсан юм билээ. Гэхдээ нэг өдөр тариагүй яагаад тавуулаа андуурсан гэдэг нь эргэлзээтэй. Ийм учраас хуль хяналтын байгууллагынхан таван сувилагчаас гэрчийн мэдүүлсэн авна. Мөн вакцин тээвэрлэсэн жолооч, хүлээж, хүлээлгэж өгсөн эмч гээд бүгдээс нь гэрчийн мэдүүлэг авна гэсэн. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа” гэлээ.

СҮРЬЕЭГИЙН ВАКЦИН ТАРИУЛСАН ИРГЭНИЙ ДҮҮ: ЭГЧИЙН МИНЬ СЭТГЭЛ САНАА ХЯМАРЧ, ТОЛГОЙ НЬ ЭРГЭХ ЗОВУУРТАЙ БАЙНА

Сүрьеэгийн вакцин тариулсан иргэд Баруун-Урт суманд амьдардаг. Зарим нь тус сумын хөдөөгийн багийн малчин гэнэ.

   Бид энэ талаар сүрьеэгийн вакцин тариулсан иргэн Б-ийн дүүтэй холбогдож, тодруулахад “Эгч минь арванхоёрдугаар сарын 6, 7-нд малдаа явж байгаад танихгүй айлын нохойд хазуулсан. Гэртээ хоёр, гурав хоног харзнаж байгаад аймгийн Нэгдсэн эмнэлэгт хандсан. Галзуугийн вакцин тарьж байна гэж бодтол өндөр тунтай сүрьеэгийн вакцин тарьсан гэдгийг нэгдүгээр сарын 5-нд мэдсэн гэсэн. Эмч, сувилагчид ийм хариуцлагагүй байж болохгүй шүү дээ. Хэрэв эрүүл байсан хүн сүрьеэ өвчнөөр өвдвөл хэн хариуцах вэ. Дээрээс нь золбин нохойд хазуулаад сар гаруй болж байхад галзуугийн вакцин тариалаагүй байна. Үүнээс болж ямар нэгэн асуудал үүсвэл яах вэ. Эрүүл байсан хүний сэтгэл зүй, бие махбодиор тоглож байна шүү дээ. Эгчийн биеийн байдал одоохондоо хөнгөн, толгой нь эргэх зовуурьтай байна. Гэхдээ сэтгэл санаагаар маш их унаж байна” гэсэн юм.

 


Нохойд хазуулж, өндөр тунтай сүрьеэгийн вакцин хийлгэсэн иргэдийн бие тааруу байгаа ч ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫНХАН БУРУУГАА ХҮЛЭЭХГҮЙ ГЭВ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188