• Өнөөдөр 2024-04-25

М.БУЯНБАДРАХ:Давхардсан АМНАТ-өөс үүдэн 20 үйлдвэр дампуурч, 1500 хүн ажилгүй боллоо

2022-12-10,   551

         АМНАТ-өөс л гэхэд улсын төсөвт нэг их наяд төгрөгийг төвлөрүүлэх бүрэн боломжтой.

            Монголын хүнд үйлдвэрийн эрдэс холбоо ГҮТББ-ын гүйцэтгэх захирал М.Буянбадрахтай АМНАТ тогтоосонтой холбоотой аж ахуйн нэгжүүдэд үүссэн хүндрэл, нүүрсний хулгайн асуудал, нүүрсийг биржээр худалдаалахтай холбоотой асуудлаар ярилцлаа.

-Давхардсан АМНАТ-өөс үүдэн баяжуулах үйлдвэрүүд хаалгаа бариад эхэлсэн гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй яриач?

            -Газрын дор буй эрдсийг ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй этгээд олборлоод нэг удаа төлдөг зөвшөөрлийн төлбөрийг “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр” буюу АМНАТ гэдэг. Олон улсад олборлолтын шатанд ногдуулдаг, дотоодын үйлдвэрлэгч компаниудынхаа өрсөлдөх чадвар, бусад чиглэлийн үйлдвэрлэлүүдээ дэмжих бодлоготой уялдуулдаг, үйлдвэрлэлийн болон тээврийн зардлыг хасаж АМНАТ ногдуулдаг.  Зарим нь цэвэр ашгаас нь, зарим нь нэгж бүтээгдэхүүнд АМНАТ ногдуулж авдаг хуультай. Хувь хэмжээ нь улс орон бүрд өөр байдаг. 

    Харин манай улсад 2019 оны арваннэгдүгээр сард Ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй этгээд АМНАТ төлөгч төлдөг байсан дээр нэмж экспортолсон этгээдийг АМНАТ төлөгч болгосон. АМНАТ шингэсэн бас НӨАТ-тай үнээр агуулга багатай жоншны болон төмрийн хүдэр, түүхий нүүрс худалдан аваад баяжуулж, боловсруулж, угаагаад экспортлоход олон улсын зах зээлийн үнээр борлуулсан гэж үзээд АМНАТ-ийг дахин ногдуулж төлүүлдэг болгосон.

        Мөн бусад улсад байдаггүй АМНАТ-ийг бий болгож монголчилсон. Хүдэр худалдаж авахад төлсөн АМНАТ-ийг хасдаг болгосон гэдэг боловч энэ нь хүдрийн өртөг болон төлсөн НӨАТ зэргийг хасалгүйгээр, экспортолсон баяжмалд дахин өндөр хувь хэмжээгээр АМНАТ ногдуулдаг болсон. Сангийн яам “Үндсэн хуульд заасны дагуу төрийн нийтийн өмчөөс ямар хувь хэмжээгээр татвар авахаа бид мэднэ”гэдэг. Гэтэл хэт өндөр хувиар АМНАТ ногдуулдаг болсон нь компаниудын өрсөлдөх чадварыг бууруулсан. Харин Үндсэн хуульд хууль эрх зүй, эдийн засгийн баталгаагаар хангана, Татварын ерөнхий хуульд татвар нь үр ашигтай, шударга байх ёстой гэж заасантай зөрчилддөг.

            Хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үр дүнд 20 гаруй өөрийн ордгүй баяжуулах үйлдвэрүүд маш их өрөнд орж, 1500 орчим хүн ажилгүй болж агуулга багатай хүдрүүд эдийн засгийн эргэлтэд орохгүй,  орон нутгийн төсөвт төлдөг татвар, төлбөр, хураамжууд төлөгдөхгүй болсон.

-Тэгвэл Монгол Улс яагаад олон улсын зах зээлийн үнээр ашигт малтмалаа борлуулж чадахгүй байна бэ. Цаашид юуг анхаарч ажиллах хэрэгтэй гэж та бодож байгаа вэ?

    -Олборлолтын хэмжээ, хил гааль, тээвэрлэлт, түүхий эдийн чанар гэх мэт олон зүйлээс хамаарч худалдан авагчтай өндөр үнээр гэрээ хийж чаддаггүй. Төмрийн хүдэр, баяжмалыг БНХАУ-ын томоохон худалдан авагчид хүхэр ихтэй гээд худалдаж авдаггүй. Сангийн яам 2022 оны улсын төсөвтөө нэг тонн коксожсон нүүрсийг 110.8 ам доллараар борлуулна гэж оруулж ирэхэд Сангийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас томилогдсон үнийн комисс дунджаар 230-345 ам доллараар борлуулсан гэж үздэг. Ийм ойлгомжгүй АМНАТ-тэй улсад ямар ч хөрөнгө оруулагч орж ирэхгүй. Өнгөрсөн жил манай улсыг АМНАТ тооцоолох суурь үнээ хэт өндөр тооцоолж байна. АМНАТ-ийг давхардуулж ногдуулж байгааг шүүмжилж Засгийн газарт зөвлөмж хүргүүлсэн. Дэлхийн банкны 110 орчим орны АМНАТ-ийн судалгааг үзэхэд манай улс шиг АМНАТ-ийг ийм зарчмаар ногдуулж авдаг улс нэг ч байхгүй. Хууль эрх зүй, татварын орчин маш тогтворгүй байна. Ашигт малтмалын тухай хууль, Татварын хууль, Засгийн газрын тогтоол, татварын хувь хэмжээ байнга өөрчлөгддөг. Ашигт малтмалын хууль 1994 онд хэрэгжиж эхэлснээс хойш нийтдээ 35 удаагийн өөрчлөлтөөр 300 гаруй зүйл, заалт өөрчлөгдсөн. Юун түрүүнд манай татварын хуулиуд түүний хувь хэмжээ, тогтвортой байдлыг нэгдүгээрт авч үздэг. Эдгээр үйлдвэрүүдийг хэвийн үр ашигтай үйл ажиллагаагаа явуулахад засаж залруулах хууль, тогтоол, журмууд олон байна.

-Манай улсын экспортын орлогын дийлэнх хувийг уул, уурхайн бүтээгдэхүүн эзэлдэг. Энэ салбарыг илүү хөгжүүлэхийн тулд юун дээр анхаарах хэрэгтэй вэ?

      -Ашигт малтмал боловсруулах үйлдвэр барих шаардлагатай. Ингэснээр ажлын байр олноор бий болж ядуурал буурна. Мөн татварын суурь өргөжиж улсын болон орон нутгийн төсвийн орлого нэмэгдэнэ. Зэс боловсруулах үйлдвэр байгуулж чадвал зэсийн баяжмалаас алт, мөнгө, молибден, төмрийн хүдэр ялгаж авах, авахгүй маргаан арилж, томоохон тоглогч болох боломжтой. Төмрийн хүдэр, баяжмалын стандартыг шинэчилж энэ чиглэлийн үйлдвэрүүдийг бодлогоор дэмжиж ядаж экспортынхоо 50 хувийг баяжмал, ширэм үйлдвэрлэдэг болгоход маш олон ажлын байрыг бий болгож валютын урсгалыг нэмэгдүүлж чадна.  Манай улс жоншны нөөцөөр дэлхийд дөрөвдүгээрт ордог тул бүх хүдрээ баяжуулж, боловсруулдаг болбол бүс нутагтаа томоохон тоглогч болох боломж байгаа. Энэ бүгдийг хийхийн тулд Ашигт малтмалын тухай хуулиа улс орныхоо “Аж үйлдвэржилт”-ийг хөгжүүлэх чиглэлд эрс өөрчлөлт хийх хэрэгтэй.

  Энэ өөрчлөлтийг хийж чадахгүй бол гадаадын хөрөнгө оруулалт, шинэ техник, технологи орж ирэхгүй, ашигт малтмалаа түүхийгээр нь хямд экспортолсоор байх болно. Сангийн яамнаас баримталж буй АМНАТ-ийн бодлого  Засгийн газрынхаа мөрийн хөтөлбөрийн хэрэгжилттэй зөрчилдөж байгааг залруулах хэрэгтэй.

        Хуучин мөрдөгдөж байсан хууль нь дэлхийн нийтийн зарчимд нийцдэг, маргаан үүсдэггүй татвар төлөгчдөд хүндрэлгүй байсан тул сэргээж боломжтой. Сангийн яамны саналаар 2019 онд Ашигт малтмалын тухай хуульд оруулсан АМНАТ-ийн өөрчлөлт мөн ЗГ-ын 2021 оны 174-р тогтоол маш буруу гэдэг нь хангалттай батлагдлаа. УУХҮЯ Ашигт малтмалын тухай хуулийг хоёр жил боловсрууллаа гурван чуулганаар хэлэлцүүлэхийг хойшлууллаа, яаралтай батлуулах хэрэгтэй.

-МАН-аас Уул, уурхайн биржийн тухай хуулийг хэлэлцэхээр болсон. Энэ хуулийн төслийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх эсэх асуудлыг оруулж, дэмжигдсэн. Анхны хэлэлцүүлэгт бэлтгэхээр Байнгын хороонд шилжүүлсэн. Энэ талаар ямар бодолтой байгаа вэ?

           -Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар энэ хуулийн төслийг санаачилсан. Миний хувьд энэ асуудал дээр шүүмжлэлтэй хандаж байгаа. Засгийн газар гурван сарын хугацаанд биржийн асуудлыг шийднэ гэлээ. Миний хувьд бэлтгэл ажил хамгийн багадаа нэг жилийн хугацаанд хийнэ гэж харж байна. Уул уурхайн биржийн тухай хуулийн төслийг судалгаатай, маш сайн боловсруулсны үндсэн дээр оруулж ирэх хэрэгтэй. Мөн лабортариуд нь олон улсын итгэмжлэлтэй, бараа бүтээгдэхүүнүүд нь тасралтгүй эргэлтэд орж байх хэрэгтэй. Гэтэл Уул уурхайн биржийн тухай хууль батлагдсаны дараа нүүрсний ямар ч асуудалгүй болно гэж байна. Бирж байгуулснаар олоогүй орлого дээр АМНАТ авдаг зөрчил арилах, маргаангүй болох давуу талтай.

-Боомтын үйл ажиллагааг сайжруулах түр хорооны ажиллах хугацааг сунгах эсэх талаар өнөөдрийн УИХ-ын чуулганаар хэлэлцлээ. Түр хороо үргэлжлүүлэн ажилласнаар нүүрсний хулгайн асуудлаа шийдэж чадах уу?

         -Маргаантай яаж шийдэгдэх эсэх нь тодорхойгүй маш олон асуудал нүүрсний хулгай эргэн тойронд ярьж байна.

Цөөнгүй улстөрчид 6.4 сая тонн нүүрс хулгайд алдсан гэж хэлсэн. Гэтэл Түр хорооны дарга 2.5 сая тонн нүүрс алдагдсан гэж ярьж байгаа. Энэ хулгайн эзнийг олж, нөхөн төлүүлж чадвал  зөвхөн АМНАТ-өөс л гэхэд улсын төсөвт нэг их наяд төгрөгийг төвлөрүүлэх бүрэн боломжтой.

 Тиймээс бид энэ хулгайтай тултал нь тэмцэх хэрэгтэй. Газрын доорх баялаг нийтийн өмч, ашгийг нь ард түмэн хүртэх эрхтэй. Хуучин мөрдөж байсан хууль нь дэлхийн нийтийн зарчимд нийцдэг, маргаан үүсдэггүй татвар төлөгчдөд хүндрэлгүй байсан тул сэргээх боломжтой. Сангийн яамны саналаар 2019 онд Ашигт малтмалын тухай хуульд оруулсан АМНАТ-ийн өөрчлөлт мөн Засгийн газрын 2021 оны 174 дүгээр тогтоол маш буруу гэдэг нь хангалттай батлагдлаа. УУХҮЯ Ашигт малтмалын тухай хуулийг хоёр жил боловсрууллаа гурван чуулганаар хэлэлцүүлэхийг хойшлууллаа, яаралтай батлуулах хэрэгтэй. Үнэхээр дотооддоо асуудлаа шийдэж, чадахгүй бол БНХАУ-аас мэдээллийг авах, олон улсын шүүхтэй хамтран ажиллах шаардлагатай. Энэ асуудал дээр бид хатуухан хариуцлага тооцож байж л ахин ийм хэрэг гарахгүй байх нөхцөл байдал үүснэ.

-Нийтийн сонсголын хуулийн дагуу 14 хоногийн дараа зохион байгуулна. Мөн нүүрс тээврийн 9000 жолоочийг шалгана гэж байгаа. Энэ тал дээр та ямар байр суурьтай байгаа вэ?

            -Энэ асуудал нийтийн анхаарлын төвд байгаа учир энэ 14 хоногийн хугацаанд намжихгүй гэж найдаж байгаа. Талбайн дээр жагсаж буй иргэд маань тууштайгаар уг асуудлыг шийдвэрлэгдтэл тэмцэнэ гэдэгт итгэлтэй байна. Харин нүүрсний жолооч нар бол зөвхөн захиалагч компаниас өгсөн үүргийн дагуу ажлаа хийж буй л хүмүүс юм. Тэдгээр компанийн эзэд болон үүний ард нуугдаж байгаа улстөрчдийг илрүүлэн гаргаж, хариуцлага тооцох хэрэгтэй.


М.БУЯНБАДРАХ:Давхардсан АМНАТ-өөс үүдэн 20 үйлдвэр дампуурч, 1500 хүн ажилгүй боллоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-10 16:46:06
    Зочин: Төлөх юм аа хуцаад байлгүй төлөөч. Чадахгүй боль тэгээд дампуурах нь зөв ш тээ. Үлбийсөн юмнууд чадахгүй байж худлаа гуншигнаад бх юм
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188