• Өнөөдөр 2025-12-03

БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ЗЭЭЛЭЭ ТӨЛӨӨГҮЙ УИХ-ЫН ГИШҮҮН С.ЭРДЭНЭБОЛДЫН “ЧЕНЖ” НАЙЗ Б.ЭНХТӨР ГЕОЛОГИЙН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ” ТӨҮГ-ЫГ “ЭЗЭГНЭЖ” БАЙНА

2025-12-03,   109

           Монголын чухал салбар, хамгийн гол байгууллагыг машины “ченж”, мэдлэг боловсрол нимгэн, улстөрчийн найз гэхээс өөр “олигтой” намтаргүй нэгэн удирдаж байгаа нь инээдтэй бөгөөд эмгэнэлтэй хэрэг л дээ. Байгалийн баялгийг цөлмөгсөд хувь, хувьсгалын лабораториудтай хуйвалдаж, ашигт малтмалын сорьцыг зориудаар багасгаж, хилийн цаана хэдэн зуун их наядаар мөнгө угааж байхад “Геологийн судалгаа, шинжилгээний төв” ТӨҮГ-ын дарга Б.Энхтөр сандал суудлын төлөө улайрч, “Хэн нэг улстөрчийн дэмжлэгээр дарга болоогүй. Өөрийнхөө чадал, чансаагаар сонгон шалгаруулалтад оролцоод, сонгогдсон” гэх балчир хүүхэд ч итгэхээргүй “үлгэр” яриад сууж байгаа нь инээдтэй байна, нэгдүгээрт. Хилээр гарч буй уул уурхайн бүтээгдэхүүнд хөндлөнгийн хяналт тавих байгууллагыг удирдаж байгаагаа Б.Энхтөр мэддэг болов уу. Монгол Улсын байгалийн баялгийн 94 хувь Хятад руу гаргаж байна. Уг нь, улсын хилээр гарч буй уул уурхайн бүтээгдэхүүнд түүний удирдаж байгаа байгууллага бүрэн хяналт тавих ёстой. Гэтэл ганцхан “Гашуун сухайт”-ын боомтод гэхэд л асар их хулгай, агуулга дардаг бүлэглэл газар авч, монголын баялаг урд хөрш рүү урсаж байхад  “Геологийн судалгаа, шинжилгээний төв” ТӨҮГ-ын дарга нь өөрийгөө өмөөрөөд сууж байгаа нь эмгэнэлтэй байна, хоёрдугаарт.

       Төрийг уул уурхайн геологи, хайгуулын судалгаа, дүн мэдээгээр хангадаг Геологийн судалгааны төв, ашигт малтмалын дээжийг шинжилдэг улсын ганц том лаборатори болох Геологийн төв лаборатори хоёрыг 2023 онд нэгтгэж, “Геологийн судалгаа, шинжилгээний төв” ТӨҮГ нэртэй болгож, 2024 онд Б.Энхтөр захирлаар нь томилогдсон билээ. Шуудхан хэлэхэд, уул уурхай, геологи хайгуулын салбарын 220 гаруй мэргэжилтэн ажилладаг төрийн том байгууллагыг мэргэжлийн бус, төрийн албанд ажиллаж байгаагүй улстөрчийн найз удирдаж байгаад олон хүн бухимдаж, эрдэмтэн, судлаачид эсэргүүцэж байгаа юм.

            Б.Энхтөр “Геологийн судалгаа, шинжилгээний төв” ТӨҮГ-ыг өнгөрсөн оноос удирдах болсон. Ингэхдээ УИХ-ын гишүүн С.Эрдэнэболдын дэмжлэг, хамжлагаар сайд асан Ц.Тувааны үед томилогдсон гэх. Тодруулбал, Б.Энхтөр нь УИХ-ын гишүүн С.Эрдэнэболдыг 2017-2023 онд Ардчилсан залуучуудын холбооны Ерөнхийлөгч байх үед түүний шууд удирдлага доор Сургалт, хөгжил хариуцсан Нарийн бичгийн даргаар нь ажиллаж байсан, дотнын найз нь. Мөн С.Эрдэнэболд, Б.Энхтөр хоёр “Марс Ви” санг хамтран удирдаж ирсэн халаас нэгтнүүд гэдгийг бид өнгөрсөн удаад мэдээлсэн. Эндээс харвал, яах аргагүй тэд хамтрагчид, дотны найзууд гэдэг нь тодорхой харагдана.

            Үнэндээ, УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд ч Б.Энхтөр найзаасаа “илүү” гарахааргүй нэгэн. Өөрөөр хэлбэл, Боловсролын зээлийн сангаас авсан зээлээ төлөөгүй, Ц.Элбэгдоржийн туслах гэдгээрээ тэглүүлсэн гээд балаг ихтэй нэгэн. Тодруулбал, УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд Боловсролын зээлийн сангаас зээл авч суралцсан нэгэн. Тэрбээр 2007 онд Боловсролын зээлийн сангаас 32 мянган ам.долларын зээл авч, АНУ-ын Индианагийн Их Сургуулийн Майкл Маурерийн нэрэмжит хуулийн сургуульд Хууль зүйн магистр хамгаалжээ. Ингээд нэг жилийн дараа эх орондоо эргэж ирээд, тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэвлэлийн төлөөлөгчөөр зургаан жил ажилласан байна. Сонирхуулахад,  С.Эрдэнэболдыг АН-д байраа олж, бууриа засахад Ц.Элбэгдоржоос гадна аав Ш.Сүхбаатар нь гол нөлөө үзүүлсэн. Аав нь Төв аймгийн Прокурорын газарт прокурор байсан, гавьяат хуульч цолтой нэгэн. Дараа нь Улсын Ерөнхий прокурорын газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар ч ажиллаж байв. Хамгийн ноцтой нь, одоо Ш.Сүхбаатар УИХ-ын гишүүн асан, Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Лу.Болдын эзэмшдэг “Бодь цамхаг” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар долоо дахь жилдээ ажиллаж байгаа. Мөн Л.Болдын төрсөн дүү Л.Болдхуягийн “Бодь констракшн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар 2022 оныг хүртэл ажилласан. Мөн саяхан Л.Болдын аавын тухай “Сономын Лувсанвандан” номыг гардан бичиж, хэвлүүлсэн. Товчхондоо, ах дүү, амраг саднаас өөрцгүй дотно холбоотой явж ирсэн гэж болно. Л.Болдын хувьд АН-аас хөөгдөх хүртлээ “акул”-уудынх нь нэг байсан. Элчин сайдаар явахаасаа өмнө “Шинэ нам алсдаа АН-тай нэгдэнэ” гэсэн удаа ч бий. Энэ агуулгаар харвал, С.Эрдэнэболдод нэг талаас Ц.Элбэгдорж, нөгөө талаас Ш.Сүхбаатар, Л.Болд хоёрын хамтрал дэмжлэг үзүүлсэн байж болзошгүй. Өөрөөр хэлбэл, С.Эрдэнэболд дээрх хүмүүсийн аль алиных нь эрх ашгийг хамгаалахаар Төрийн ордонд төвхнөсөн гэсэн үг.

            Гол асуудал нь, С.Эрдэнэболддоо биш, Б.Энхтөрдөө байгаа. Хамтарсан Засгийн газарт АН багтаж, арван сар бууриа засаж, салбар яам хувааж аваад, намын гишүүддээ өөрсдийн хүртэх “бялуу”-наасаа хуваасны горыг “Геологийн судалгаа, шинжилгээний төв” ТӨҮГ тэргүүтэй байгууллагууд эдэлж байна л даа.

            Манай сайтад хэд хэдэн эх сурвалж хандаж, Б.Энхтөр даргын талаар мэдээлэл өглөө. Тодруулбал, тэд “Төр, олон нийтийг уул уурхайн геологи, хайгуулын судалгаа, дүн мэдээгээр хангадаг гол салбарыг мэргэжлийн бус, төрд ажилласан туршлагагүй нэгэн удирдаж байгаа нь бухимдсаар байна. Б.Энхтөр өөрийн хамаарал бүхий этгээдүүдээ ТӨҮГ-т толгой дараалан томилж байгаа гэсэн. Тендерийн будилааны асуудал хэрээс хэтэрсэн. Газраас зарлаж байгаа тендерт ямар компани ногоон гэрлээр шалгараад байгааг хууль хяналтын байгууллагынхан шалгаж үзэх хэрэгтэй. Төрийн албыг төрлөөрөө дүүргэж, тендер болгонд “эзэн” суух санаархал Б.Энхтөр захирлын бүлэглэлд ч байж болзошгүй. Төрийн зовлон болж байна шүү дээ. Ёс зүй, боловсрол, харилцаа хандлага, ур чадвар огт байхгүй” хэмээн халаглаж байна лээ.

          Б.Энхтөр төрийн өмчит үйлдвэрүүдийн даргуудыг хөрөнгөөрөө тэргүүлдэг нэгэн. Хөрөнгө нь багадаад, улсын  250 сая төгрөгөөр “Таванбогд” ХХК-аас Land Cruiser 300 авсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Үнэндээ, машины “ченж” хүнд машин авах нь бараг л хобби бөгөөд хийж чадах хамгийн сайн ажиллана биз ээ.

Бид дараагийн удаад Б.Энхтөрийн “Геологийн судалгаа, шинжилгээний төв” ТӨҮГ-т хийсэн төрлийн томилгоо, тендерийн будилааныг цувралаар хүргэх болно.

 


БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ЗЭЭЛЭЭ ТӨЛӨӨГҮЙ УИХ-ЫН ГИШҮҮН С.ЭРДЭНЭБОЛДЫН “ЧЕНЖ” НАЙЗ Б.ЭНХТӨР ГЕОЛОГИЙН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ” ТӨҮГ-ЫГ “ЭЗЭГНЭЖ” БАЙНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188