• Өнөөдөр 2024-05-04

ТОЙМ: ЭДИЙН ЗАСГАА СЭРГЭЭХ ГАРГАЛГАА БУЮУ 10 ДАХЬ УДААГИЙН МЭЗФ

2023-07-11,   633

Монголын эдийн засгийн форум(МЭЗФ) энэ сарын 9-10-ны өдөр “Welcome to Mongolia” уриан дор болж өндөрлөлөө. Форумын нээлт Төрийн ордонд эхэлж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Г.Занданшатар, Азийн хөгжлийн банкны дэд ерөнхийлөгч Ашок Лаваса нар илтгэл тавьсанаар Монголын эдийн засгийн чуулган “Монгол Улсын тогтвортой хөгжлийн бодлого” сэдвээр албан ёсоор эхэлсэн. Хоёр өдөр үргэлжилсэн эдийн засгийн чуулганд гадаад, дотоодын 2200 орчим төлөөлөгч, дэлхийн томоохон банкнуудын төлөөлөл ирж оролцон Монголын эдийн засгийн гаргалгаа, цаашдын өсөлт, боломжуудын талаар хэлэлцсэн нь “Ирээдүйд Монголд хөрөнгө оруулах, хөрөнгө оруулалтаа даган дараа дараагийн боломжууд нээгдэж болно” гэх хүлээлт үүсгээд байгаа талаар гадаадын хэвлэлүүд онцолж байна.

-МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ФОРУМААР ЮУ ХЭЛЭЛЦЭВ-

                        10 дахь удаагийн МЭЗФ-ын эхний “Монгол Улсын тогтвортой хөгжлийн бодлого” хэлэлцүүлэгт УИХ-ын дарга Г.Занданшатар, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Оксфордын их сургуулийн Засаглалын сургуулийн захирал Найрэ Вүүдс тэргүүтэй хүмүүс панелистаар оролцсон бөгөөд өнгөрсөн хавар батлагдсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Монголын эдийн засагт ямар боломжууд нээгдэж байгаа талаар хэлэлцсэн. Ингэхдээ ҮХНӨ-өөр эдийн засаг, хөрөнгө оруулалтын орчинд тогтвортой байдлыг бий болгох эрх зүйн реформ хэрэгжүүлснээр тогтвортой бодлого, парламентын институцийг бэхжүүлснээр эдийн засагт өөрчлөлт авчрахыг онцолж байна. Төрийн ордонд эхэлсэн 10 дахь удаагийн МЭЗФ Чингис хаан музей, Төв цэнгэлдэх хүрээлэн зэрэг зургаан байршилд, тоймгүй олон сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн ч “Дэлхийн ханган нийлүүлэлтийн сүлжээнд Монголын гүйцэтгэх үүрэг”, “Бүс нутгийн худалдааны интерацчлалд Монголын гүйцэтгэх үүрэг”, “Монголын бизнес, хөрөнгө оруулалтын орчин”, “Монгол бүс нутгийн бизнесийн төв болох” асуудалд анхаарч, түлхүү ярьж байлаа.

 

                        Тэгвэл МЭЗФ-д суусан, дэргэдээс нь ажиглаж байсан гаднынхны цахим сүлжээндээ илэрхийлсэн сэтгэгдлээр монгол панелистууд эдийн засгийн гарц, боломжийн талаар бараг сэдэв гаргахгүй, бага ярьж байсан гэнэ. Харин МЭЗФ-ыг сонирхож ирсэн гаднын топ хөрөнгө оруулагчид, банкнуудын төлөөлөл ихэд анхаарч, үзэл бодлоо чөлөөт илэрхийлж байсан гэх. Гэсэн ч Монгол Улс энэ удаагийн эдийн засгийн чуулганаа үр дүнд хүргэж, 2030 он гэхэд ДНБ-ээ хоёр дахин нэмж, бүс нутагтаа тэргүүлэгч орон болох “Шинэ сэргэлтийн бодлого”-оо биелүүлэх эхний шатуудаа тавьж, гаднынхны анхааралд өртсөн талаар гадаадын хэвлэл бичиж байна. Тухайлбал, Чикаго хотод төвтэй “PR Newswire” агентлаг Монгол Улс эдийн засгийн чуулганаараа дэлхийд тэргүүлэгч банкнуудын төлөөлөл, томоохон бизнес эрхлэгчид, гуравдагч салбар, олон талт байгууллагуудын анхааралд өртсөнийг онцолжээ. Зарим хэвлэлийн бичсэнээр хэд хэдэн дэлхийн томоохон компани Монголын Засгийн газартай хамтран ажиллах талаар яриа, хэлэлцээгээ эхлүүлээд байгаа гэнэ.

-МЭЗФ-Д ХЭН ХЭН ОРОЛЦСОН БЭ: ХОВОР ЗОЧИН НЬ ХЭН БЭ-

МЭЗФ-ын 10 дахь удаагийн чуулганд гадаад, дотоодын 2200 гаруй төлөөлөгч оролцсоноос 300 гаруй төрийн байгууллага, 300 гаруй хувийн хэвшил, 400 гаруй ТББ, ЭШБ, мэргэжлийн холбоо, 500 гаруй олон улсын байгууллагын төлөөлөл оролцлоо. Тухайлбал, дээд дурдсан Азийн хөгжлийн банкны дэд ерөнхийлөгч Ашок Лаваса тэргүүтэй “Deutsche Bank”, “UBS”, “JPMorgan Cazenove”, “Goldman Sachs”,  “Sumitomo Mitsui”, “Barclays”, “Bank of China”, “Morgan Stanley”, “US EXIM”, “Citi”, “BNP Paribas Exane”, “HSBC Australia Bank” зэрэг дэлхийн топ 45  банкны төлөөлөл оролцсон. Мөн энэ удаагийн чуулганд 100 гаруй томоохон санхүүгийн байгууллагын төлөөлөл ирж оролцсоноос АНУ, Австрали, Канад зэрэг орны төлөөлөгч шинээр ирж оролцов.

Форумын хоёр дахь өдрийн нэгдсэн хуралдааныг “CNN” агентлагийн олон улсын сурвалжлагч Марк Стюарт чиглүүлж, явуулсан бөгөөд хуралдаанд “Рио Тинто” группийн ТУЗ-ийн дарга Доминик Бартон, гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм, Зэсийн группийн захирал Б.Болд нар оролцсон нь “Рио Тинто” группийн гүйцэтгэх удирдлага хамгийн олон хүний бүрэлдэхүүнтэй оролцсоноороо чухал хурал боллоо.

-МОНГОЛ УЛСАД ЯМАР ГАРЦ, БОЛОМЖУУД НЭЭГДСЭН БЭ-

Дээр дурдсанаар “Рио Тинто”-гийн гүйцэтгэх удирдлага хамгийн олон хүний бүрэлдэхүүнтэй оролцсоны дүнд Монгол Улс тус групптэй хамтарч ажиллах урт хугацааны тогтвортой түншлэлээ хадгалжээ.

               Тодруулбал, “Finalcial Review” сонины онцолсноор олон улсын зах зээлд зэсийн үнэ ирээдүйд өсөж, эрэлт нь нэмэгдэнэ. Ингэснээр “Рио Тинто” групптэй хамтарч, гүний зэсийн олборлолтоо эхлүүлж, 2028 он гэхэд 500 мянган тонн зэс олборлох зорилт тавиад байгаа Монгол Улс дэлхийн зэсийн зах зээлд нөлөө бүхий улс болж, ирээдүйд байр сууриа хадгалж үлдэх ч боломж, нөхцөл бүрдэж байгаа юм байна. Нөгөөтээгүүр “Рио Тинто”-гийн ТУЗ-ийн дарга Доминик Бартон, гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм нар Монголын сэргээгдэх эрчим хүчний салбарыг онцолж байлаа. Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний салбарт “цахиур хагалах” бүрэн боломжтой бөгөөд энэ тал дээр ч дэмжихээ илэрхийлсэн. Улмаар “Рио Тинто” групп эрчим хүчний салбарт Засгийн газартай хамтарч ажиллах, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээ мэдэгдээд байна.

 

МЭЗФ-аар нээгдсэн шинэ боломж ганц зэсээр тогтохгүй лити, уран зэрэг газрын ховор элемент. Чуулганд монгол панелистууд газрын ховор элементийг онцолж байсан бөгөөд Монголын талаас лити, уран зэрэг олон улсын зах зээлд эрэлттэй газрын ховор элементээ эргэлтэд оруулах боломж улам бүр нэмэгдэж байгаа юм. Цаашлаад дэлхийн топ банкнуудын төлөөлөл оролцсон энэ удаагийн форумд Монголын талаас Төв банкны ерөнхийлөгч, Хаан, Худалдааны хөгжлийн банкны удирдлага оролцож, банкны асуудалд хэлэлцүүлэг өрнүүлсэн. Үүний дүнд Монгол Улс дэлхийн топ банкнуудтай хамтран ажиллаж, хөрөнгийн зах зээлээ дэмжих том боломж үүсэхийг үгүйсгэхгүй хэмээн гаднын хэвлэлүүд “шагширч” байна.

 

                  “Welcome to Mongolia” уриан дор зохион байгуулагдсан 10 дахь удаагийн МЭЗФ-д шинээр ирж оролцсон төлөөлөл ихтэй, урьд өмнөх жилүүдийнхээсээ ч олон сонинтой болж өнгөрлөө. Цар тахлын үед 10 орчим хувиар унаад байсан эдийн засгаа “сэрээж”, сэргээхээр ажиллаж  байгаа Монгол Улсад энэ удаагийн МЭЗФ-ын чухал нөлөө үзүүлж, шинэ гарц, боломжуудыг нээх эхний ЗӨВ алхам болсныг дэлхий онцолж байна.

 

 


ТОЙМ: ЭДИЙН ЗАСГАА СЭРГЭЭХ ГАРГАЛГАА БУЮУ 10 ДАХЬ УДААГИЙН МЭЗФ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188