Ганц медальтай, гундуухан буцлаа, манай тамирчид. 20 жилийн өмнө, 2004 онд Афины олимпоос ганц медаль ганзгалаад буцсан түүх ийн давтагдав. Уг нь алт, мөнгөн медалийн аль алиныг нь ихэрлүүлж явсан цаг үе бидэнд бий. Дөрвөн жилийн өмнө гэхэд л дөрвөн медаль харшуулан буцаж байлаа, манай тамирчид. Атал энэ удаад медал биш мандат үнэд оров. Авсан медалийнхаа тоогоор сүүлдэж, явсан даргынхаа тоогоор тэргүүллээ. Тийм л олимп болов. Авууштай нь, “Парис-2024” олимп бидэнд ганц медаль, гэхдээ түүнээс олон сургамж үлдээлээ.
25 ТЭРБУМЫН "ҮНЭТЭЙ" ГАНЦ МЕДАЛЬ
Манай улс “Парис-2024” олимп, паралимпын наадамд оролцохын тулд 25.6 тэрбум төгрөг төсөвлөн, зарцуулж байгааг өнгөрсөн хавар МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг, Спортын сайд Б.Бат-Эрдэнэ хоёр нийтэд танилцуулж байв. Өөрөөр бол, сая авсан ганц медаль бидний хувьд тун өндөр үнээр ирлээ гэсэн үг. Гэхдээ одоогоор энэ мөнгө тамирчдад илүү наалдсан уу, эсвэл БТСУХ, МҮОХ болон спортын холбоодын удирдлагуудад илүү шингэсэн үү гэдэг нь олноос нууц буй.
Ямартай ч Биеийн тамир, спортын улсын хорооны дарга О.Баттулгын “Парис-2024” олимпыг зорьсон дасгалжуулагчид, тамирчид болон БТСУХ-ны өмнөөс төлөөлөгчөөр оролцсон багийнханд цохож өгсөн замын зардал, байр, хоолны мөнгөний задаргаа, бас ялгааг танилцуулж байна.
- Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Осорын Баттулга “Парис-2024” олимпод албаны төлөөлөгчөөр оролцохоор өөртөө 6.9 сая төгрөгийн томилолтын зардал баталж авчээ.
- “Парис-2024” олимпын наадамд албаны төлөөлөгчөөр оролцсон Биеийн тамир, спортын улсын хорооны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ооёогийн Гэрэл, Биеийн тамир, спортын улсын хорооны Үндэсний шигшээ багийн бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Эрдэнэсайханы Билэгт, тус хэлтсийн ахлах мэргэжилтэн Шаравын Баясгалан гуравт 32.5 сая төгрөгийн төсөв баталж өгчээ.
- “Парис-2024” олимпын штабт ажилласан Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн эмч М.Булган, массажист Ц.Туул нарт 9.3 сая төгрөг, Спортын сургалт, дасгалжуулалтыг дэмжих багийн ахлагч Ч.Насантогтоход 7.7 сая төгрөг тус тус баталж өгсөн байна.
Харин үндэсний шигшээ багийнхны тухайд
- Усан спортын шигшээ багийн дасгалжуулагч О.Баттулга, тамирчин Б.Энхтамир, Б.Энххүслэн нарт 10.6 сая төгрөг
- Хүндийн өргөлтийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ц.Хосбаяр, тамирчин М.Анхцэцэг нарт 9.7 сая төгрөг
- Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчдын бэлтгэл хангагч бүрэлдэхүүн буюу дасгалжуулагч Л.Энхбаяр, тамирчин Б.Болортуяа, Х.Болортуяа, Т.Энхжин, Ц.Цогбадрах, Н.Батбилгүүн, Г.Ганхуяг, Б.Одгэрэл нарын найман хүнд 147.5 сая төгрөг
- Боксын үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Эрдэнэбаяр, дасгалжуулагч Ж.Еркин, Д.Отгондалай, эмч Ч.Насанбат, тамирчин О.Есүгэн, М.Энхжаргал, А.Хулан, Г.Бадмаараг, Э.Тэгшжаргал, О.Энхсайхан, Х.Отгонсүх, Х.Билгүүнсайхан нарт 99.4 сая төгрөг
- Байт харвааны үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ю.Ганзориг, тамирчин Б.Отгонболд нарт 18.0 сая төгрөг
- Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Х.Болдбаатар, дасгалжуулагч П.Нямлхагва, Г.Болдбаатар, Ч.Болдбаатар, эмч Масатоши Нишикидо, тамирчин Э.Ариунболд, Ё.Басхүү, Б.Эрдэнэбаяр, Б.Гончигсүрэн, О.Цэцэнцэнгэл, Б.Баасанхүү, Л.Сосорбарам, Л.Энхрийлэн, О.Хүслэн, А.Адъяасүрэн нарын 16 хүнд 61.8 сая төгрөг
- Дугуйн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Т.Төгөлдөр, Э.Алтан-Очир, тамирчин С.Жамбалжамц, тамирчин Б.Тэгшбаяр нарт 29.5 сая төгрөг
- Хөнгөн атлетикийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч О.Оюунтуяа, тамирчин Б.Сэр-Од, тамирчин Г.Хишигсайхан нарт 47.9 сая төгрөг
- Олимпын наадмыг сурвалжлах МҮОНРТ-ийн сэтгүүлч О.Баянмөнх, найруулагч Б.Анар-Эрдэнэ, зураглаач Д.Амгалан нарт 29.3 сая төгрөг баталж өгсөн байна.
Баримтыг зургаар хавсаргав.
Дурдахгүй өнгөрч болохгүй асуудал нь, манай улс 2022 онд Спорт, олимпизмын сайдтай болж, жилд 150 орчим тэрбум төгрөгтэй түрийвч халааслуулдаг болсон. Зүй нь, үр дүн нь энэ олимпоос харагдаж эхлэх ёстой байв. Ингэж харвал саяны ганц медал бүр ч илүү үнээр ирлээ гэсэн үг. Харамсалтай нь, дэлхийн дэвжээнд тугаа хатгахын төлөө зарцуулж буй энэ мөнгөний үр дүн гарахгүй байна. Мэдээж, тамираа тасартал тэмцсэн тамирчдаас биш удирдлага, зохион байгуулалтаар хангаж чадахгүй байгаа салбарын сайд, БТСУХ, МҮОХ-ноос бурууг хайх нь зөв биз.
МЕДАЛИЙН БИШ, МАНДАТЫН ШУНАЛТАЙ УДИРДЛАГУУД
Медалийн баяргүй ч, мандатын хэрүүлтэй олимп болж өнгөрлөө. Биеийн тамир спортын улсын хороо, Монголын үндэсний олимпын хорооны удирдлагууд нь мандат мэтийн шалихгүй шуналаасаа салаагүй цагт монголын далбаа олимпын тэнгэрт олон мандахгүй гэдгийг бид цөмөөрөө харлаа. Өөрөөр бол, хоол зүйч, сэтгэл зүйч гэх хэрэгтэй хүмүүсээ хаячихаад хэнхэг хэдэн дарга нартаа мандат өвөртлүүлэн авч явсныг нь олон нийт олон хоног шүүмжиллээ. Арга ч үгүй юм. Эцэст нь, өчигдөр Монголын үндэсний олимпын хорооноос “Парис-2024” олимпын наадамд мандаттай оролцсон шигшээ багийн тамирчид болон арын албаны бүрэлдэхүүний мэдээлэл гэх ойлгомж муутайхан хүснэгт танилцуулав. Мэдээж, тэр хүснэгтэд сошиалд мандатаа “гайхуулж”, мандатын хэрүүлийг өдөөсөн МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг, түүний төрсөн дүү Б.Бадамханд, хүргэн Ч.Баясгалан, түүний эхнэр “МАК”-ийн ерөнхийлөгч Н.Цэлмүүн, хүү Б.Аригус, хадам аав “МАК”-ийн Бодлогын зөвлөлийн дарга Б.Нямтайшир, хадам ээж “МАК”-ийн дэд ерөнхийлөгч Д.Хулан тэргүүтнүүдийн нэрс байсангүй.
Мөн хантааз, мандат хоёроор хосолсон МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, түүний эхнэр “Өөжин-мед” эмнэлгийн ерөнхий захирал Х.Азжаргал хоёрын нэр ч байсангүй. Хариуд нь Б.Баттүшиг эхнэр, хүүхэд, хүргэн, хадмууддаа, Э.Бадар-Ууган эхнэртээ олимпын наадмын мандатаар гэнэтийн бэлэг барьснаа олон нийтэд тайлбарлахдаа “Бид Монголын үндэсний олимпын хорооны удирдлагууд учраас Олон улсын олимпын хорооноос гэр бүлтэйгээ ирээрэй гэж урилга өгсөн. Түүнээс биш тамирчид, дасгалжуулагчдын мандатаас илүү харж, хувьдаа аваагүй гэдгээ хатуу мэдэгдье” гэж хэгжүүрхэцгээсэн. Олон улсын олимпын хорооныхон тэднийг эхнэр, хүүхэд, хүргэн, хадмуудаа хөтлөөд ирээрэй гэж урьсан байж болно. Гэхдээ тамирчдынхаа хоол зүйч, сэтгэл зүйч нарыг хаячихаад явсандаа ичсэн бол ядаж эхнэрүүддээ энгэр дэх мандатаа битгий гайхуулаарай гэж захицгаах байв.
Цаашилбал, Б.Баттүшиг, Э.Бадар-Ууган хоёроос гадна МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар “багийн ахлагч” мандат, МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн зургаан хүн “зочин” ангиллын гурван мандат дундаа ашиглажээ. Тухайлбал, МҮОХ-ны ГЗ-ийн гишүүн, саяны сонгуулиар Сүхбаатар, Чингэлтэйн тойрогт Шинэ нэгдсэн эвслээс нэр дэвшээд унасан Ч. Амарсанаа, МҮОХ-ны ГЗ-ийн гишүүн, АН-аас жагсаалтаар УИХ-ын гишүүн болсон А.Ганбаатар, МҮОХ-ны гишүүн, НИТХ-ын дарга асан, дуулиант 60 тэрбумын хэргээр илүүтэй танигдсан Ц.Сандуй, МҮОХ-ны гишүүн, БТСУХ-ны даргаар ажиллаж байсан Д.Жаргалсайхан, МҮОХ-ны гишүүн, Сү.Батболдыг Ерөнхий сайд байхад зөвлөхөөр нь ажиллаж, мөн түүний “Алтай холдинг” ХХК-ийн дэд захирал, “Чингис зочид буудал”-ын гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан О.Одбаяр нарын зургаан хүний нэр бичигджээ.
Харин спортын холбоодоос Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Х.Баттулга холбооныхоо Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батгэрэлтэй, Чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар, холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Мянганбаяртай тус тус “албаны хүн” ангиллаар оролцжээ. Харин Монголын буудлагын холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн асан Э.Мөнх-Очир мандатаа идэвхжүүлээгүй гэж бүртгэсэн байна.
ОЛИМПООС МЕДАЛЬГҮЙ ШУВТАРСАН СПОРТЫН ХОЛБООДЫГ УЛСТӨРЧИД, БИЗНЕСИЙН ТОМЧУУД УДИРДДАГ
Спортыг улс төртэй, эрх мэдэлтэй, бизнестэй шууд холбочихсон нь бидний гол алдаа. Тив, тивийн шилдгүүд цугласан олимпоос медаль авна гэдэг, авах тамирчныг бэлдэнэ гэдэг төрийн ордонд, эсвэл тойрогтоо төрийн нэрээр төмөр тараахаас өөр гэдгийг хаа хаанаа бодолцох цаг нь болж. Өөрөөр хэлбэл, олимпын төрлийн спортын холбоодыг улс төрчид, эсвэл бизнесийн томчууд удирддаг. Тэд удирдаж буй холбоогоо өөрсдийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх, зугаацах, өөрийгөө сурталчилж нэр хүндээ өсгөх арга хэрэгсэл төдийгөөр ашиглаад хаях нь олон. Өөрөөр бол, тухайн спортыг хөгжүүлэхэд, тухайн спортын төрлөөс олимпын аварга төрүүлэхэд анхаардаггүй гэсэн үг. Маш сонирхолтой нэгэн жишээ танилцуулъя. “Парис-2024” олимпод манай улс хөнгөн атлетик, бокс, дугуй, жүдо, буудлага, усан сэлэлт, хүндийн өргөлт, чөлөөт бөх, байт харвааны төрлүүдээр оролцсон. Тэгвэл дээрх төрлүүдийн мэргэжлийн холбоодыг ямар хүмүүс удирдаж ирсэн, удирдаж байгааг танилцуулъя.
- Монголын хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн асан, өдгөө Бельгийн Хаант Улсад суугаа Элчин сайд Лу.Болд ажилладаг.
- Монголын байт харвааны холбооны ерөнхийлөгчөөр Ерөнхий сайд асан Сү.Батболдын гэргий, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшигийн ээж Х.Отгонтуяа ажилладаг. Түүний өмнө тус холбоог Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хэвлэлийн төлөөлөгч асан, УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд удирдаж байв.
- Монголын боксын холбооны ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн асан, алдарт “Ажнай” Д.Бат-Эрдэнэ ажилладаг байлаа. Дараа нь “Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан, алтны алдарт “Империал гоулд”-ын эзэн Т.Мөнхбаяр орыг нь залгасан. Харин түүний дараа Хотын дарга Х.Нямбаатар тус холбоог толгойлж байлаа. Өнгөрсөн хавраас В.Ганзориг гэгч шинэ ерөнхийлөгчтэй болоод буй.
- Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Х.Баттулга ажилладаг. Түүнийг танилцуулах “тэнэг” хэрэг.
- Монголын буудлагын спортын холбооны ерөнхийлөгчөөр Э.Мөнх-Очир ажилладаг. Э.Мөнх-Очирын хувьд Баянзүрх дүүргийн Засаг дарга, Улаанбаатар хотын Ерөнхий менежер, УИХ-ын гишүүн, Туркийн Стамбул дахь Ерөнхий консул, Х.Баттулгыг Ерөнхийлөгч байхад зөвлөх нь гээд бүхий л өндөр албан тушаалд морилж явсан нэгэн. Харин түүний өмнө Монголын буудлагын спортын холбооны ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн асан Н.Энхболд ажиллаж байв.
- Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгчөөр ЕТГ-ын дарга асан, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар ажилладаг. Түүний өмнө тус холбоог “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал асан Х.Бадамсүрэн эрхшээж байлаа.
- Монголын дугуйн холбооны ерөнхийлөгчөөр Н.Болдхүү гэгч ажилладаг. Хөгжлийн банкны найдваргүй зээлдэгч гэж нийтэд зарлагдаж танигдсан “Монлаа” ХХК-ийн эздийн нэг, бэлтэй ч эр.
- Монголын усан сэлэлтийн холбооны ерөнхийлөгчөөр “АПУ”ХХК-ийн эзэн П.Батсайхан ажилладаг. Тэрбээр 2018 онд тус холбоог авч байв.
- Монголын хүндийн өргөлтийн холбооны ерөнхийлөгчөөр Б.Эрдэнэжаргал гэх залуу ажилладаг. “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн нүүрс тээвэрлэгчийн нэг “Глобал гүүр транс” ХХК-ийн эзэн, МАН-ын гал тогоонд тун дээгүүр олбогтой нэгэн. Өнгөрсөн оны “нүүрсний хулгай”-н дуулианаар нэр нь нэг биш удаа дуулдсаныг дурдах нь зүйтэй.
Эцэст нь, эхэнд дурдсанчлан “Парис-2024” олимпоос ганц мөнгөн медал, бас хэдэн арван сургамжтай л хоцорлоо. Тамирчиддаа зарцуулдаг төсөв нь байна, тамираа тасартал тэмцэх тамирчид нь байна, гагцхүү улс төр, увайгүй шунал, эрх мэдлийн хийрхлээс ангид удирдлага, зохион байгуулалт л дутагдаж байгааг энэ олимп бидэнд харууллаа.
ЗҮҮСЭН МЕДАЛЬ, ЗУВЧУУЛСАН МАНДАТ, ЯЛСАН ТАМИРЧИН, ЯВСАН ДАРГЫН ТООГ ХАРЬЦУУЛШГҮЙ БАЙЛАА |
|