• Өнөөдөр 2024-04-17

Л.Оюун-Эрдэнэ "Оюутолгой"-д найр тавьж эхлэв үү

2021-10-20,   805

           “Оюутолгой” төсөл С.Баяр, С.Батболд, Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг, Ж.Эрдэнэбат, У.Хүрэлсүх нарын Ерөнхий сайдуудыг дамжиж, одоо Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дээр ирээд байна. Энэ Ерөнхий сайдуудаас С.Баяр төслийг эхлүүлснээрээ, Ч.Сайханбилэг далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг батлалцсанаараа гавьяа, гайн аль альтай л үлдсэн. Бусад Ерөнхий сайдуудын хувьд энэ төслийн хувь заяатай холбоотой хэмжээнд оролцолгүй явсан. 
 
Харин цаг хугацааны тохироогоор Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт “Оюутолгой” төслийг өөрчилж, өгөөжийг нь нэмэгдүүлэх үү, эсвэл С.Баяр, Ч.Сайханбилэгийн Засгийн газрын адил түүхэнд л “Оюутолгой” төсөлтэй уяатай үлдэх үү гэдэг сонголт ирчихээд байна. 
 
Тэгвэл “Оюутолгой” төсөлтэй холбоотой одоо үүсээд байгаа асуудал хэзээ, хэрхэн яаж эхэлсэн, Л.Оюун-Эрдэнэ энэ төсөлтэй хэрхэн холбогдсон, одоогийн Засгийн газар ямар байр суурь барьж байгаа талаар тоймлон хүргэж байна. 
 

Дубайн гэрээ буюу эхлэл үе

             
            "Оюутолгой" төсөлтэй холбоотой одоо үүсээд буй асуудлууд, үйл явц Дубайн гэрээ буюу далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөнөөс эхлэлтэй. Ч.Сайханбилэгийн Засгийн газар “Рио Тинто”-той тохиролцоонд хүрч “Оюутолгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө буюу Дубайн гэрээ гэх баримт бичгийг 2015 оны тавдугаар сард Дубайд байгуулсан. Дубайн гэрээг байгуулснаар “Оюутолгой” ХХК зургаан тэрбум орчим ам.долларын төслийн санхүүжилтийн зээлийг Олон улсын санхүүгийн корпораци, Европын сэргээн босголт, хөгжлийн банк тэргүүтэй 10 гаруй санхүүгийн байгууллага, банкуудаас авсан. Төслийн санхүүжилтийн 4.4 тэрбум ам.долларын зээлийг “Оюутолгой” ХХК нь “Туркойс Хилл” компаниас авсан байсан хувь нийлүүлэгчдийн зээлийг эргүүлэн төлөхөд зарцуулсан гэдэг.
 
Дубайн гэрээг байгуулж, төслийн санхүүжилт авснаар 2016 оны эхээр гүний уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлсэн. Тухайн үед гаргасан ТЭЗҮ-ийн дагуу гүний уурхайн бүтээн байгуулалтад нийт 5.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт оруулж, 2021 оны нэгдүгээр сард тогтвортой үйлдвэрлэл эхлэх буюу гүний уурхайгаас олборлолт эхлэхээр төлөвлөж байсан.
 

Манай улсыг 22 тэрбум ам.долларын өртэй үлдээх “Рио Тинто”-гийн мэдэгдэл 

 
                Гэвч 2019 оны долдугаар сарын 16-нд “Рио Тинто” компани “Оюутолгой” төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал 1.2-1.9 тэрбум ам.доллараар нэмэгдэж, ашиглалт орох хугацаа 16 сараас 30 хүртэл сараар хойшлохоор байгаа талаар мэдэгдэж, өнөөдөр үүсээд байгаа асуудлын эхлэлийг тавьсан. 
 

Тодруулбал, “Оюутолгой” төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал 1.45 тэрбум ам.доллараар нэмэгдэж, тогтвортой үйлдвэрлэл эхлэх хугацаа 2022 оны аравдугаар сар хүртэл хойшлох нь тодорхой болсон. “Рио Тинто” компани ийнхүү зардал их хэмжээгээр нэмэгдэж, хугацаа хойшилсон шалтгааныг хөрсний чулуулгийн нөхцөл байдал буюу геотехникийн нөхцөл байдлаас шалтгаалсан гэж тайлбарласан байдаг. Энэ нөхцөл байдлаар бол манай улсын 34 хувьд ногдох өр 22 тэрбум ам.доллар болох тооцоолол гарч, асуудал хурцадсан юм. 

 
Асуудал хурцдаж эхэлсэнтэй холбоотойгоор 2019 оны арваннэгдүгээр сард УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Оюутолгой” төслийн хөрөнгө оруулалтын гэрээ болон бусад гэрээг Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн сайжруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэн баталсан. 
           

Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт “Рио Тинто”-гийн тайлбараас зөрсөн нь

             
           УИХ-ын тогтоолын дагуу Засгийн газар Ажлын хэсэг байгуулан “Оюутолгой” төслийн хөрөнгө оруулагч талтай 2020 оны дөрөвдүгээр сараас яриа хэлэлцээр эхлүүлсэн. Засгийн газрын Ажлын хэсгийг 2021 оны нэгдүгээр сарыг хүртэл тухайн үеийн ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ахалж байсан. Харин Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болсноор энэ ажлын хэсгийн Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ахалж буй.
       
Засгийн газрын Ажлын хэсгийн даргаар Л.Оюун-Эрдэнэ ажиллаж байх үедээ буюу 2020 оны арваннэгдүгээр сард гүний уурхайн бүтээн байгуулалт хойшилж, хөрөнгө оруулалтын зардал их хэмжээгээр нэмэгдэж, Монгол Улсад уг төслөөс ирэх үр өгөөж их хэмжээгээр буурсан зэрэг асуудалд холбогдуулан ямар шалтгаанаар зардал өсөж, бүтээн байгуулалт хойшилсныг тодруулахаар Хөндлөнгийн шалгалт хийлгэх саналыг “Рио Тинто” компанид албан ёсоор хүргүүлсэн. “Оюутолгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл 2020 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр Засгийн газрын саналын дагуу Тусгай хороо байгуулж, хөндлөнгийн шинжээчид томилж ажиллуулах шийдвэрийг гаргасан. 
           
Улмаар Тусгай хорооны томилсон хөндлөнгийн шинжээчдийн баг 2021 оны дөрөвдүгээр сараас хяналт шалгалтын ажлыг эхлүүлсэн. Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт өнгөрсөн наймдугаар сарын 3-нд гарсан бөгөөд уг дүгнэлтээр гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал хэтэрч, хугацаа хойшилсон нь геотехникийн нөхцөл байдлаас шууд шалтгаалаагүй гэж гарсан. Өөрөөр хэлбэл, “Оюутолгой” ХХК, “Рио тинто” компаниас манай Засгийн газарт танилцуулсан хөрөнгө оруулалтын зардал нэмэгдсэн, гүний уурхайн бүтээн байгуулалт хойшилсон шалтгаан нь Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтээс зөрүүтэй гарсан юм. 
 

Засгийн газрын “Рио Тинто”-гийн эсрэг байр суурь

 
           Засгийн газрын ажлын хэсгийн даргаар Л.Оюун-Эрдэнэ ажиллаж байх үедээ буюу 2021 оны нэгдүгээр сарын 4-нд “Рио Тинто” компанид албан бичиг илгээсэн байдаг. Уг албан бичигт “Монгол Улсын Засгийн газар ногдол ашиг хэзээ ч авахгүй, цаашлаад 22 тэрбум ам.доллларын өртэй үлдэх тооцоолол гарч байгаа нь бидний цаашдын хамтын ажиллагаанд томоохон саад учруулахаар нөхцөл байдал үүсгэж байна. Монгол Улсын Засгийн газрын Ажлын хэсгээс “Оюутолгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө буюу Дубайн гэрээг цуцлах нөхцөл байдал үүссэн талаар байр сууриа тодорхой илэрхийлсэн. “Рио Тинто” компанийн зүгээс нөхцөл байдлыг бодитоор үнэлж, Ажлын хэсгийн саналын хүлээж авахгүй байх тохиолдолд дээрх бичиг баримтыг нэг талын санаачилгаар цуцалж буйгаа албан ёсоор мэдэгдэхээс өөр гарцгүй болж байна” гэж байр сууриа илэрхийлсэн байдаг. 
 
Өөрөөр хэлбэл, “Рио Тинто” компани гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал нэмэгдсэн, ашиглалтад орох хугацаа хойшилсон зэрэг шалтгаар манай улсыг хохироох нөхцөлд Дубайн гэрээг цуцлах хүртэл арга хэмжээ авна гэсэн байр суурь илэрхийлсэн юм. 
 

ЗГ: “Оюутолгой” төслөөс хүртэх Засгийн газрын өгөөжийг 53 хувьд хүргэхээр ажиллана

 
            Хамгийн сүүлд буюу өнгөрсөн наймдугаар сарын 31-нд Засгийн газрын Ажлын хэсгээс мэдэгдэл хийхдээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд “Рио Тинто” компаниас албан захидал ирүүлсэн гэж мэдэгдсэн. Тус захидалд “Рио Тинто” компани гүний уурхайн бүтээн байгуулалтын ашиглалтад орох хугацааг хойшлуулсандаа уучлал гуйсан байсан гэж Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар мэдэгдсэн юм. Тэрбээр “Захидалд бидний 34 хувьд ногдох өр буюу 2.3 орчим тэрбум ам.долларыг хөрөнгө оруулагч талаас бичилт хийж, бууруулах, энэ талаар хэлэлцээр хийхэд бэлэн байгаагаа дурдаад, цаашид хэлэлцээрийг бүх талаар үргэлжлүүлэхэд бэлэн байгааг онцолжээ.  Засгийн газрын эзэмшиж байгаа "Оюу толгой" компанийн 34 хувийн хувьцааг цаашид хэрхэх талаар бидэнтэй зөвлөж болно гэсэн санааг захидалд тусгасан байна. "Оюу толгой" компани урд хөршөөс цахилгаанаа худалдан авдаг. Дотоодоос урт хугацаанд цахилгаан эрчим хүчээ худалдан авах гэрээг эцэслэх саналаа “Рио Тинто” группийн талаас илэрхийлсэн. Түүнчлэн, Лондоны Арбитрын шүүхэд Засгийн газар сөрөг нэхэмжлэл гаргасан. Энэ нэхэмжлэлээ хойш тавиад, маргаанаа түр царцаахыг Засгийн газраас хөрөнгө оруулагчид хүсжээ. Иймд ойрын хугацаанд талууд хэлэлцээр эхэлнэ. Ажлын хэсэг хажуудаа гурван зөвлөх баг ажиллуулна, 2009 онд гаргасан алдаагаа бид давтах ёсгүй. Төслөөс хүртэх Засгийн газрын өгөөжийг 53 хувьд хүргэхээр ажиллана” гэж мэдэгдсэн юм. 
 

Түүнчлэн, хоёр хоногийн өмнө МАН-ын бүлэг хаалттай хуралдаж, “Рио Тинто”-той хийж буй хэлэлцээний асуудлыг хэлэлцсэн гэх мэдээлэл бий. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж өчигдөр “Оюутолгойгоос Ерөнхий сайдад хаягласан захидал ирсэн. Тэр бичгийг судлах ажил хийж байна. Нууц мэдээлэл учраас би энэ талаар ярьж чадахгүй. Ямартай ч хэлэлцээр хийгдэж байгаа” гэж мэдэгдсэн юм. 

 

Татварын өр ба Арбитрын шүүх

 
               Татварын ерөнхий газар “Оюутолгой” ХХК-ийн 2013-2015 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийж, шийтгэлийн хуудсаар 377.1 тэрбум төгрөгийн нөхөн татвар, торгууль, алдангийг 2018 оны нэгдүгээр сард ногдуулсан. Энэхүү шийтгэлийн хуудсаас 359.7 тэрбум төгрөгийг “Оюутолгой” ХХК хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд маргаан нэхэмжлэл, Лондоны олон улсын арбитрын шүүхэд нэхэмжлэл тус тус гаргасан байдаг. 
 
Түүнчлэн, “Оюутолгой” ХХК-ийн 2016-2018 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийж, 2020 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдөр 649.4 тэрбум төгрөгийн нөхөн татвар, торгуулийн шинэ акт тавьсан. Энэ дагуу “Оюутолгой” ХХК 2021 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр 229.8 тэрбум төгрөгийн татварын орлогыг төрийн сангийн дансанд байршуулсан бол 2021 оны гуравдугаар сарын 4-ний өдөр үлдэгдэл 419.2 тэрбум төгрөгийг төрийн сангийн дансанд шилжүүлсэн барагдуулсан байдаг. 
 

“Оюутолгой”-н хэрэгтнүүд буюу Л.Оюун-Эрдэнийг хүлээж байж болзошгүй аюул

 
            “Оюутолгой” төсөлтэй холбоогоор Ерөнхий сайд асан С.Баяр, Сангийн сайд асан С.Баярцогт нар хоригдсон бол Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг эх орноо орхиж одсон. Тэднээс гадна төсөл хэрэгжүүлэх явцад удирдах албан тушаалд байсан олон ч хүн дээлээ нөмөрсөн. “Оюутолгой” төслийн нэг аюул бол энэ. Хэрвээ буруу хөдөлбөл ирээдүйд угтах аюул нь их гэсэн үг.  
 
Тухайлбал, 
 
С.Баярыг Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Монгол Улсын Засгийн газрын 2009 оны аравдугаар сарын 6-ны өдрийн “Гарын үсэг зурах эрх олгох тухай” 308 дугаартай тогтоолоор “Оюутолгой” төслийн хүрээнд “Айвенхоу Майнз Монголия Инк”, “Айвенхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компаниудтай хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэх эрхийг нэр бүхий Засгийн газрын гишүүдэд олгож, мөн өндөр дүнтэй хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах нөхцөлийг бүрдүүлсэн гэх үндэслэлээр таван жилийн хорих  ял оноосон. Мөн “Петровис”-ийн Ч.Даваанямыг  Монгол Улсын ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баярын эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад бий болгосон давуу байдлаас үүссэн хөрөнгийн эх үүсвэрийг нуун далдалсан гэх үндэслэлээр хоёр жилийн хорих ял оноосон байдаг. Түүнчлэн, С.Баяраас таван  тэрбум 580 сая төгрөг, Ч.Даваанямаас таван тэрбум 766 сая төгрөгийн эд хөрөнгийг хураан авч улсын орлого болгохоор анхан шатны шүүх шийдвэрлэж байлаа. 
 
Харин Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан С.Баярт оноосон таван жилийн хорих ялыг өөрчлөн хоёр жил зургаан сар, Ч.Даваанямд оноосон хоёр жил хорих ялыг нэг жил болгон тус, тус бууруулсан. Гэхдээ С.Баяраас 5.5 тэрбум, Ч.Давааням  5.7 тэрбумын хөрөнгө хурааж, улсад оруулах анхан шатны тогтоолыг хэвээр үлдээсэн. 
 
Эцэст нь, өнгөрсөн долдугаар сард Булган аймгийн шүүхэд С.Баярын хэргийг хэлэлцэж, ялтан гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлж, зан байдлаараа нийтэд аюулгүй болсноо нотлон харуулж, ял эдлэх хугацаандаа ноцтой зөрчил гаргаагүй, оногдуулсан ялын хувийг эдэлсэн бол хорих ангийн тодорхойлолтоор прокурорын саналыг харгалзан, шүүх хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоож болох заалтаар сулласан байдаг. 
 
Түүнчлэн “Оюутолгой”-н хэрэгт холбогдуулан Сангийн сайд асан С.Баярцогт, Татварын ерөнхий газрын дарга асан Б.Ариунсан, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан,Татварын ерөнхий газрын Татварын удирдлага, хамтын ажиллагааны газрын дарга асан Б.Бадрал, “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Ганболд нарт ял оноосон байдаг.
 
Тухайлбал, С.Баярцогтыг Сангийн сайд, "Оюутолгой” ордыг ашиглах хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийх Ажлын хэсгийн орлогчоор томилогдон ажиллахдаа албан тушаалын байдлаа урвуулан, албаны чиг үүргийн дагуу олж авсан мэдээллээ хувийн ашиг сонирхлоо гүйцэтгүүлэх зорилгод ашиглан Монгол Улсад хүнд хор уршиг учруулсан гэж Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх үзсэн. Ингээд арван жил хорих, нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хасах, гурван байрыг улсын орлого болгох, 1.6 тэрбум төгрөг хураах ял оноосон. 
 
Харин Б.Ариунсанг Татварын ерөнхий газрын даргаар, Б.Бадралыг Татварын ерөнхий газрын Татварын удирдлага, хамтын ажиллагааны газрын даргаар тус тус ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Ажлын хэсгийн гишүүн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ганболд нартай бүлэглэн 406.50 тэрбум төгрөгийн татварыг аваагүй гэж буруутгасан. Ингээд анхан шатны шүүхээс Б.Бямбасайхан, Д.Ганболд нарт нийтийн албанд томилогдох эрхийг тус бүр гурван жилээр хасч, дөрвөн жил хорих ял, Б.Ариунсан, Б.Бадрал нарт нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасч, 1.6 жил хорих ял тус тус оногдуулсан байдаг. 
 
Харин Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх С.Баярцогтод оноосон арван жилийн ялыг 4.8 жил болгон өөрчилсөн. Түүнчлэн, Б.Бямбасайхан, Д.Ганболд нарт оноогоод байсан дөрвөн жилийн ялыг нэг жил гурван сар болгон өөрчилсөн бол Б.Ариунсан, Б.Бадрал нарт оноосон  1.6 жил хорих ялыг  нэг жил болгон тус, тус бууруулсан. 
 
Эцэст нь, Улсын дээд шүүх энэ хэргийг хянан хэлэлцээд Д.Ганболд, Б.Бямбасайхан, Б.Ариунсан, Б.Бадрал нарт холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Харин С.Баярцогтод нийтийн албанд ажиллах эрхийг гурван жил хасаж, дөрвөн жил найман сар хорих ял оноож, 1.3 сая ам.долларыг улсын төсөвт шилжүүлэх хүртэл үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжилсэн хэвээр байхаар шийдвэрлэсэн. 
 
Гэхдээ өнгөрсөн долдугаар сарын дахин хэлэлцэж, С.Баярцогтод холбогдох хэргийг тусад нь салгаж, хэргийг дахин шалгахаар прокурорт буцааж, анхан болон давж заалдах, хяналтын шатны шийдвэрийг хүчингүй болгож, суллах шийдвэр гаргасан байдаг. 
 

Л.Оюун-Эрдэнэ "Оюутолгой"-д найр тавьж эхлэв үү
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188