• Өнөөдөр 2024-05-06

У.Хүрэлсүхийн санаачилгаар уулнаас булгалж ирсэн модоо чулуутай газарт “булшилчихаад” хөөрч баярлах төрийн албаныхны үнэн төрх

2021-10-18,   594

-УЛААНБААТАР ХОТЫН ОЙРОЛЦОО БИШ, ЭЛСЭН МАНХАН, ЧУЛУУ, ЭЛСЭЭР ШУУРСАН ХӨДӨӨ, ТАРИАЛАНГИЙН ТАЛБАЙН ЗАХАД МОД ТАРИХ АЖЛЫГ ӨРНҮҮЛЬЕ-

             Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дэлхий нийтийн өмнө хэлсэн үгэнд нь хүрч, сэдсэн санааг нь гүйцэлдүүлчих гээд манайхан мөн ч их хичээл, зүтгэл, хөрөнгө мөнгө гаргаж  байна даа. Тэр тусмаа төрийн албаныхан  ажлынхаа цагаар Улаанбаатар хотын хаа нэг ойролцоо газар хүрз, жоотуу, хувинтай ус барьчихсан модны нүх ухаж зогсох. Барилдахаасаа таахалзах нь их гэдэг шиг л хэдэн суулгац тарихын тулд хувцас хунараа хүртэл жигдэлж бусдад гайхуулах сурталчилгаа хийгээд л. Зоосон модныхоо дэргэд зогсож зургаа авахуулж л байгаа болохоос хөрсөнд нь бордоо хийх, ургаж дуустал нь усалгаанд хэдэн литр ус орохыг мэдэж байгаа хүн ганц ч алга. Цаанаас нь хуваарилж өгсөн  бут сөөг, модны суулгац тэргүүтнийг ургах үгүйг нь ч мэдэхгүй суулгаж байгаа харагдах юм. Иймэрхүү дүр төрхтэйгөөр тэрбум мод  тарьж, ургуулах  өрнүүн их ажил Монгол Улс даяар өрнөж байна. Мод тарьж байгаа нь сайн хэрэг юм. Гэвч тэрбум мод тарих ажил чинь  ямар ч төрийн бодлогогүй, дарга нарт таалагдах гэсэн хурган амбийцтай хүмүүсийн улс төрийн тоглолт болон хувирч байна. Шуудхан хэлэхэд, У.Хүрэлсүхэд ажил хийсэн болж харагдах гээд л бие биенээсээ урьтаж, Улаанбаатар хотын ойролцоох дуртай газраа эзэнгүй мод суулгаж байна. Энэ талаарх бодит үнэнийг эрдэмтэн, судлаачдын ярилцлагаар  уншигч та бүхэнд хүргэж байна.

ХААНА, ЯМАР  ТӨРЛИЙН МОД ТАРИХ ВЭ ГЭДГИЙГ ЭХЛЭЭД  СУДЛАХ ХЭРЭГТЭЙ.   ХӨРСНИЙ СУДАЛГАА ХИЙЛГҮЙ МОД ТАРЬСНЫ ГОРЫГ БИД 20 ЖИЛ АМССАН ШҮҮ ДЭЭ

          Тэрбум мод тарих ажлыг олон эрдэмтэд дэмжиж байна. Түүний нэг нь ой судлалын ухааны доктор Г.Ганбат юм. Тэрбээр “Сүүлийн үед Монгол Улсын газар нутгийн ихэнх хувьд цөлжилт маш хурдацтай тэлж байгаа. Тэр тусмаа говийн аймгуудаар цөлжилт эрчимтэй явагдаж, ургамал ургахгүй болсон. Дэлхийн дулаарал, элсий нүүдэл, мод, бут устаж үгүй болж байгаа. Хүний буруутай үйл ажиллагаа, малын тоо толгой нэмэгдсэн зэрэг шалтгааны улмаас цөлжилт асар богино хугацаанд хүрээгээ тэлчихлээ. Цөлжилтийг сааруулах арга нь ерөөсөө л мод тарих. Мөн агаарын бохирдлыг ч гэсэн мод тарьж байж л шийднэ шүү дээ.  Өөрөөр хэлбэл, ургуулж чаддаг бол У.Хүрэлсүхийн санаачилсан тэрбум мод тарих санаачилга маш зөв шийдэл. Үүнийг би хоёр гараа өргөөд дэмжиж байна.  Гэтэл чухал санаачилга маш буруу тийшээ яваад эхэллээ. Тэрбум модыг тарих шиг амархан юм байхгүй. Манайхан “Саалиа бэлдэхээр саваа бэлд” гэж ярьдаг. Яг үүнтэй адилхан зүйл хэрэгтэй байна. Эхлээд мод тарих газраа олж тогтоох, судалгаа хийх хэрэгтэй. Тэгээд хөрсний судалгаа хийх ёстой. Тухайн газарт ямар мод тарьж суулгавал илүү хурдан ургах вэ гэдгийг нарийн судалгаа хийх нь чухал. Бүр хөрсний чийг нь ямар хэмжээнд байгаа, хөрсний ихэнх хувь нь чулуулаг, шар элстэй байна уу. Хэдэн хувьд нь  шимт буюу бор хөрс агуулагдаж байгааг судлаач, эрдэмтэд шинжлэх ухааны үндсэн дээр хийж гүйцэтгэх учиртай. Элсний нүүдэл эрчимтэй явагдаж байгаа газарт хангайн уулнаас мод авчирч  суулгаад ямар ч нэмэр болохгүй. Мөн зөөлөн бор хөрсөнд ургаж буй модыг үндэстэй нь сугалж авчраад чулуутай хөрсөнд суулгачихвал сэргэж чадахгүй байсаар борц болоод хатчихна. Хөрсний судалгаа хийгдсэний дараа аж ахуйн нэгж, компаниудад тохирох газарт нь тохирох модны захиалга өгөх ёстой. Говьд ургадаг модны суулгацыг нэг хэсэгт нь  өгөөд үрсжүүлээд ургуулаад, гарын ая даахтай болгох хэрэгтэй. Үүний дараа элсний нүүдлээ хашаалаад цөлийн бүс нутагт хэрхэн ногоон байгууламж болгож байгаа жишгээр сүрлэн дөрвөлжин давхарга буюу тогоо үүсгэн суулгах нь хамгийн үр дүнтэй. Энэ мэтээр бодлоготойгоор тарьвал Ерөнхийлөгчид хэрэгтэй, үгүй бол түүнийг хэн ч үнэлэхээ болино” гэв.   

П.АЛТАНГЭРЭЛ: Мод тарихын тулд хөрсийг нь багадаа нэг жил бэлтгэх хэрэгтэй. Үгүй ядахдаа усны асуудлаа бүрэн шийдэх ёстой

          УИХ-ын гишүүн асан П.Алтангэрэл өөрийн цахим хуудастаа “Мод тарина гээд  байгаа ч манайханд ямар ч тооцоо судалгаа, бэлтгэл байхгүй байна. Баахан нүх ухаад л хөрсөө сүйдлээд эхэллээ. Би олон жил мод тарьж байгаа хүн. Эхлээд наад зах нь хөрсөө судлах хэрэгтэй. Ганцхан жишээ хэлэхэд, Хятадын Эрээн хотод мод ургуулахын тулд зарим газрын хөрсийг тэр чигээр нь сольж байсан гэдэг. Дор хаяж таван жил нялх хүүхэд мэт арчилж байж мод болно. Дээр нь усны асуудлаа шийдэхгүй бол мод ургуулах тухай бодоод ч хэрэггүй. Энэ мэт  шийдэж, бэлтгэх асуудал маш олон бий. Нэгэнт тэрбум мод тарих том зорилт тавьж байгаа бол дор хаяж бүтэн жил бэлтгэл хангах шаардлагатай байсан юм. Маш их мод тарьж, ургуулж байгаа Хятадын туршлагыг хараад шинжлэх ухаан юм байна гэж ойлгосон. Мод ургуулах их л амархан гэж бодоод байгаа бололтой. Үгүй шүү дээ, маш хэцүү.

          Энд тэндгүй мод тариад байхаар нь хэрэгт дуртай амьтан юм болохоороо тарьсан моднуудыг зах зухаас нь явж үзлээ.Тэгээд тэсэлгүй хэдэн зүйл хэлье гэж бодоод. Наад зах нь мод гэдэг амьтан, хүн гэдэг амьтантай адилхан өөрийгөө өвөлд бэлтгэдэг. Өөрөөр хэлбэл, усаа юүлж,”тос”-оо дээш нь татдаг. Өвөлд бэлэн болсон мод навчаа бүрэн гөвж, нахиагаа зангидсан байдаг. Ингээгүй нөхцөлд тарьсан мод, суулгац амьдрах чадвар нь муудаж өвөл хөлдөж үхэх эрсдэлтэй болдог гэж насаараа мод ургуулсан аваргууд ярьдаг. Энэ жил хур, бороо элбэгтэй, оройтсон чийг ихтэй байгаа учир одоохондоо мод өөрийгөө өвөлд бэлтгэж амжихгүй байна. Одоо ч гэсэн навчаа гөвөх нь байтугай бүтэн шарлаагүй л байна. Энэ агуулгаар нь харвал одоо субботник маягаар тарьсан моднууд эрсдэлтэй өвөлжих магадлал өндөр юм. Намар л бол хэдийд ч тарьж болно гэж бодож болохгүй нь. Би бол энэ намар тарих модоо их л бодолтой тарина даа л гэж бодоод төлөвлөөд, зэхээд тохиромжтой цагаа хүлээж байгаа” гэв.

УУЛНААС МОД БУЛГАЛЖ АВЧРААД ТАРЬСАН НЭР ЗҮҮХ БИШ, МОД ҮРЖҮҮЛГИЙН КОМПАНИУДЫГ ТӨРӨӨС ДЭМЖИХ ХЭРЭГТЭЙ

“Нарст ой” ТББ-ын гишүүн, ойн инженер  Л.Болдхуягтай холбогдож, цөөн хором ярилцлаа.

-Тэрбум мод тарих ажилд улс даяараа хөдөлж эхэллээ. Үүнийг та хэрхэн хүлээж авч байна вэ?

          -Ажиглаад л байна. Хэнтийн нурууны салбар уулсаас залуухан нарс мод өдөр  шөнөгүй зөөж ирээд л хотын ойролцоох газруудад төрийн алба хаагчид булаад, оршуулаад байгааг хараад сууж байна. Хайран сайхан мод борц болчихлоо гээд л харуусч байна.  Ерөөсөө өнгөрсөн түүхээ бүгд мартчихаад, маргааш нь бүх юмаа мартаад шинээр босч ирж байгаа хүн шиг л хандах юм. Уулын шимт бор хөрсөнд ургасан залуу модыг чулуутай, ямар ч шим тэжээлгүй газарт булчих юм. Уулнаас булгалж авчрахдаа алдаа гаргаж байна. Хялгасан нарийн үндэснүүдийг шууд таслаад аваад ирж байна. Энэ мод үхэх хамгийн гол асуудал болж байгаа. Үүний дараа Баянзүрх дүүргийн Зүүн дөрвөн замын уулзвараас эхлээд зам дагуу тарьсан мод бүгд үхсэн. Эхний нэг хоёр жил өөрийнхөө биед агуулсан шим тэжээлээр амьдраад байгаа юм.  Харин гурав дахь жилээсээ өнгө нь шарлаад  үхэж байна. Гандангийн өгсөх замын голд бас нэг нөхөр яг ийм аргаар мод тарьчихаад л өвчигнөөд байсан. Одоо хар, бүгд борц болоод хатчихсан байна лээ. Мод тарина гэдэг сэтгэл хөөрлөөр хандах ажил биш шүү.  Өмнөговь аймгийн Хөдөлмөрийн баатар Д.Бараадууз гуай шиг эсвэл Сэлэнгийн тужийн нарсыг тарьж, арчилж тордож, ойн төгөл болгосон Б.Жамсран шиг л олон жилийн уйгагүй хөдөлмөрлөсний үр шимээр мод ургадаг юм. Түүнээс нэг өдөр бөөнөөрөө очиж мод зоогоод өдөржин архидаж ирчихээд ургуулчихдаг юм огт биш.  Тарих нэг хэрэг тарьсны дараах арчилгаа хамгийн чухал гэдгийг л та бүхэнд хэлэх гээд байгаа минь энэ.

 -Хараад байхад Улаанбаатар хотыг тойруулаад л мод тариад байгаа харагдана. Миний бодлоор тариалангийн талбайн зах, Монгол элс тэргүүт байнга элсний нүүдэл болж байгаа газарт тарих ёстой юм биш үү. Та юу гэж бодож байна вэ?

           -Чиний хэлээд байгаа үнэн. Үнэхээр л  мод тарьж цөлжилт сааруулах гээд байгаа бол хамгийн их шатсан ойн хэсэг, тариалангийн талбайн зах, элсний нүүдэл болоод байгаа  элсэн манхантай газар, хамар хатгах өвсгүй болж туж шороон шуурга тавиад байгаа сумдад мод тарих хэрэгтэй шүү дээ. Түүнээс бие биенээсээ өрсөж, Улаанбаатар хотын ойр  хавьд мод тарьж яах гээд байгаа юм бэ.  Тэр тарьсан модоо хашаалахгүй бол мал ороод идчихнэ. Тиймээс  мод таримаар байгаа болж  төр засаг хамгийн хэцүү хэсэгт ач холбогдол өгөх  нь чухал шүү дээ. Элсэн манхан байсныг ногооруулж, цөлжилтийг нь саармагжуулчихвал  хэний ч өмнө нүүр бардам зогсож чадна.

-Уулнаас мод олж ирэхгүй юм бол өөр хаанаас мод авчрах юм бэ. Мод үржүүлгийн  компаниуд хүчин чадлаа дийлэхээ болиод бүгд тарьц байхгүй сууж байна гэх мэдээлэл бий?

        -Уулнаас залуу мод олж ирж байгаа бол зөв булгал гэж хэлээд байгаа юм. Дараа нь зөв газраа тарь.  Мод үржүүлгийн компаниудыг төрөөс сайн дэмж, олон жил  хэн ч тоохгүй орхичихсон салбар шүү дээ.  Гэхдээ тэрбум модны суулгацын нөөц бэлдээд өгөх чадалтай эрдэмтэн, эгэл жирийн хүн олон байгаа. Тэдний хүчийг ашиглах хэрэгтэй гэдгийг хэлэх гээд байгаа юм. Мөн бусад орноос туршлага сайн судлуулж, яамны хэдэн мэргэжилтнийг ажлаа мэддэг, чаддаг болго.


У.Хүрэлсүхийн санаачилгаар уулнаас булгалж ирсэн модоо чулуутай газарт “булшилчихаад” хөөрч баярлах төрийн албаныхны үнэн төрх
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-18 11:54:10
    Иргэн: Яг үнэн
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188