• Өнөөдөр 2024-04-27

ТӨӨРӨЛДСӨН ТҮШЭЭД ТӨСӨӨЛЛИЙН ТӨСВӨӨ ТОВЧЛУУРДАХ ӨДӨР

2022-11-11,   583

          Магтаж, магтаж байгаад л ирэх оны төсвөө батлах нь дээ, гишүүд. Ирэх оны төсвийг Засгийн газраас боловсруулахдаа эдийн засгаа тогтворжуулах төсөл гэж хаяглаад орлого, зарлагын хэмжээгээ урьд нь байгаагүй өндөр дүнтэй оруулж ирсэн. Өөрөөр хэлбэл, Монгол Улс түүхэндээ анх удаа 18.9 их наяд төгрөгийн орлого олж, 20.5 их наяд төгрөгийн зарлагадах төсвийн төсвөө УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцүүлж байгаа. Ирэх оны төсөвт шинэ хөрөнгө оруулалтын ажил эхлүүлэхгүй, өмнө эхлүүлсэн хөрөнгө оруулалтуудаа дуусгахад анхаарч буй. Мөн нүүрсний экспортыг 2019 оны мөн үед хүргэж, шаталсан татварын бодлогоор орлогоо нэмэгдүүлэхээр төвлөсөн.

       Хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 91 хувьд олгож, төрийн өмчит компаниудын үр ашгийг сайжруулна гэх мэтчилэн өмнөх жилүүдийн төсвөөс эрс шинэчлэл хийх төсөв оруулж ирсэн хэмээн ам уралдан ярьж байгаа.

       Жил болгон төсвийн төслийг хэлэлцүүлж эхлэхэд УИХ-ын гишүүд “Би тойрогтоо бага төсөв авсан, чи тойрогтоо ихийг авлаа” гээд жинхэнэ улс төрөө хийдэг байв. Өнгөрсөн жил гэхэд л гишүүд төсөв хэлэлцэх үеэр дуу орж, Сангийн сайдыг, Засгийн газрыг шалгаасаар тойрог тус бүрдээ дөрвөн тэрбум төгрөг тусгуулж, төсвийн төслөө кнопдож байлаа. Гэтэл ирэх оны төсвийг гишүүд дуу нэгтэй батлах нь бололтой. Чухам гишүүдэд ямар эрх ашиг бий вэ гэдэг нь өнөөдрийг хүртэл олны дунд асуулт хэвээрээ байна.  2023 оны төсвийн төслийг өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, батлах юм. Төсвийн төслийг батлах гэж байгаатай холбоотой УИХ-ын гишүүдийг байр суурийг сонслоо.

УИХ-ЫН ГИШҮҮН Б.БАТЖАРГАЛ: ИРЭХ ОНД ШИНЭ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙХГҮЙ ГЭДЭГ ДЭЭР ГИШҮҮД САНАЛ НЭГДСЭН

     

         -Ирэх оны төсвийн төслийг хуулийн хугацаанд нь багтаан батлах гэж байна. 2023 оны төсөв өмнөх жилүүдээс юугаараа онцлог юм бэ?

         -Дэлхий нийтээрээ амаргүй цаг үеийг туулж байгаа. Монгол Улс ч төсвийн шинэчлэл хийх хүсэл эрмэлзэлтэй байгаа цаг үед орж ирж байна. Засгийн газраас боловсруулж оруулж ирсэн төсөв бол одоо байгаа эдийн засгийн нөөц бололцоонд тулгуурлан боловсруулсан төсөв. УИХ-аас төсвийн төсөл боловсруулах ажлын хэсэг гаргасан. Уг ажлын хэсэг төсвийн орлогоо 127 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн. Үндсэндээ ДНБ-ний 2.8 хувьтай тэнцэх хэмжээний алдагдалтай байсан төсвийг 2.6 болгож сайжруулсан. Ажлын хэсэг мөн зарлага тал дээрээ нэлээд суусан. Энэ цаг үе амаргүй байна. Үүнтэй холбоотой Төрийн хэмнэлтийн тухай хууль батлуулсан. Үүний хүрээнд төрийн захиргааны төв байгууллагуудын үйл ажиллагааны зардлыг нэлээд танасан. Цалин хөлс, түүнтэй адилтгах зардал бол биш. Үйл ажиллагааны зардалтай холбоотой зардлаа 1.9 орчим хувиар бууруулахаар буюу 70 гаруй тэрбум төгрөгийн хэмнэлт хийсэн. Мөн хөрөнгө оруулалт талаасаа судалгаа хийж, зураг төсөв, ТЭЗҮ, зөвлөх үйлчилгээний зардлаас 90 орчим төгрөг хэмнэсэн. Нийтдээ 106.9 тэрбум төгрөгийг хэмнэж, шийдвэрлэх ёстой асуудлынхаа санхүүжилтийг бүрдүүлсэн. Өөрөөр хэлбэл, 10 мянгаас дээш хүн амтай суурин газруудын шөнийн хэрэглээний тарифын үнийг хөнгөлөхөд чиглүүлсэн.

      Бид өнгөрсөн хоёр гурван жил ковид гээд бусад өвчлөлийн асуудалд анхаарлаа сулруулсан. Тиймээс ирэх жил хавдраас урьдчилан сэргийлэх ажилд хөрөнгө санхүүжилтийг нь 10 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн. Мөн ойн хортон шавжтай тэмцэх арга хэмжээнд 10 орчим тэрбум төгрөг төсөвлөсөн. Энэ мэтээр 176.9 тэрбум төгрөгийн  төсвийн зохицуулалт хийлээ.

        -2023 оны төсөвт шинэ хөрөнгө оруулалтыг тавиагүй. Та шинээр сонгогдсон гишүүний хувьд тойрогтоо санаачлах шинэ төслүүд байсан уу?

Сүүлийн хэдэн жил хот хөдөөгийн тэнцвэртэй хөгжлийг хангах чиглэлд төрийн бодлого чиглэсэн гэж би ойлгодог. Гэтэл олон нийтийн дунд үүнийг тойргийн төсөв гэж ойлгох нь бий. Хүн бүр хаана амьдарч байгаагаас үл хамаараад ижил орчин нөхцөлд амьдрах эрхтэй. Тиймээс түүн рүү чиглэсэн хөрөнгө оруулалтыг хийх хэрэгтэй.

Харин ирэх онд шинэ хөрөнгө оруулалтыг зогсоож, өмнөх төслүүдээ дуусгах хэрэгтэй гэдэг дээр гишүүд санал нэгдсэн. 2023 онд ганц хоёрхон шинэ хөрөнгө оруулалт бий. Энэ бол боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх тал дээр анхаарч, “Шинэ сэргэлт”-ийн бодлоготойгоо уялдуулан баталсан. Хоёрдугаарт, нийслэлийн түгжрэлийг бууруулах чиглэлд анхаарч нийтийн тээврийн парк шинэчлэлд 340 тэрбум төгрөгийг шийдвэрлэсэн. Түүнээс биш шинэ хөрөнгө оруулалт гэж байхгүй.

        -Хөрөнгө оруулалтын санхүүжилт дээр ялгаатай байдал бий болсон. Тухайлбал, Хэнтий аймагт өндөр хөрөнгө оруулалт тусгасан гэдэг ч юм уу. Үүнийг хэлэлцүүлгийн үед цэгцэлж чадсан уу?

       -Өнгөрсөн жилүүдэд шинэ хөрөнгө оруулалт байхгүй учраас аймгуудад ялгаатай хөрөнгө оруулалт гэж байхгүй. Аймаг болгонд эхлүүлсэн ажил бий. Энэ жилийн төсвийн нэг онцлог нь эхлүүлсэн хөрөнгө оруулалтаа дуусгах. Нийт 1061 төсөл бий. Түүний 86 хувийг ирэх онд дуусгахаар санхүүжилтийг суулгаад байна. Мэдээж тухайн үеийн хэрэгцээ шаардлагад тулгуурлаад үлдсэн хөрөнгө оруулалтууд, “Шинэ сэрэлт”-ийн бодлогын үндсэн зургаан чиглэлд хамаарагдаж байгаа аймгуудад хөрөнгө оруулалт илүү байгаа. Тухайлбал, аялал жуулчлалын,  боомтын сэргэлтийн, эрчим хүчний, аж үйлдвэржилтийн асуудлаас хамааралтай эхэлж хөрөнгө оруулалтыг тавьсан. Тиймээс тооны зөрүү гараад байгаа юм. Бидний баримталсан гол зарчим бол төсвийг нээлттэй эд болгох дагалдах хуулийн төслүүд дээрээ тодорхой оруулж өгсөн.

УИХ-ЫН ГИШҮҮН Н.БАТШУГАР: МАНАЙ УЛС БУСАД УЛСЫГ БОДВОЛ ХАРЬЦАНГУЙ АЛДАГДАЛ БАГАТАЙ ТӨСӨВ БАТАЛЖ БАЙГАА

     

       -2023 оны төсвийн төслийг УИХ-аар хэлэлцүүлж дууслаа. Засгийн газраас боловсруулж оруулсан энэ төсвийг ирэх жилийн эдийн засагтай хэр уялдуулсан гэж харж байна вэ?

     -Бид эхний ээлжид гадаад болон дотоод орчноо сайн дүгнэх хэрэгтэй. Дэлхий нийтээрээ хүнд байдалд байна. Түүнчлэн БНХАУ-д “Тэг-Ковид” үргэлжилж байгаа бол нөгөө талдаа геополитикийн нөхцөл байдалд байна. Тиймээс дэлхий нийтээрээ Төв банкны бодлогын хүүгээ нэмж, 30 жилд байгаагүй өндөр түвшинд хүргэсэн. Энэ нь эдийн засаг болон үнийн өсөлтөд нөлөөлж байна. Ирэх оны төсөв өмнөх жилүүдтэйгээ харьцуулахад төсвийн алдагдлаа багасгаж, ДНБ-ний 2.6 хувьд хүргээд байна. Хэдийн алдагдалтай байгаа ч өнөөдрийн нөхцөлд ийм хэмжээний алдагдал үүсэх нь гарцаагүй байдалд байгаа. Өөрөөр хэлбэл, манайх хүүхдийн мөнгө болон бусад халамжаа хэвээр үлдээсэн.

      Дэлхийн бусад улс ч алдагдалтай төсөв баталж байна. Манай улс бусад улсыг бодвол харьцангуй алдагдал багатай төсөв баталж байгаа. Бид төсвийн сахилга батаа сайжруулах орон зай байгаа. Үүнийг нэг дор хийж чадахгүй, үе шаттай хийнэ. Өнөөдөр бид гадаад валютын урсгалаа нэмэх нь нэн тэргүүний ажил болоод байна. Үүний нэг нь нүүрсний экспортоо нэмэгдүүлэх. Өмнөх онд манай нүүрсний экспорт есөн тэрбум ам.доллар байв. Өнөөдөр эхний 10 сарын байдлаар 10 тэрбум ам.долларт хүрсэн. Ирэх оны мөн үед 11.4 тэрбум ам.долларт хүргэх төсөөлөлтэй байна. Энэ тоог нэмэгдэх магадлалтай. Уул уурхайн бирж ирэх онд байгуулагдана. Ингэснээр уул уурхайн бүтээгдэхүүн нээлттэй ил тод худалдаагдана. Тэгэхээр бодит хөрөнгө орж ирнэ. Мөн олон улсын зах зээлийн үнээр нүүрсээ борлуулдаг болно.

        -Өөдрөг төсөв батлаад буцаагаад тодотгодог. Ирэх оны төсөвт тодотгол хийхгүй байх баталгаа манайд бий юү?

       -Энэ удаагийн төсвийн бодлого харьцангуй сахилга баттай байгаа. Шинэ хөрөнгө оруулалт тусгаагүй. Харин түлхүү “Шинэ сэрэл”-тийн бодлогоо дэмжсэн гэж харж болно. Эдийн засгийн хүнд нөхцөл үүсвэл төсвийн алдагдал үүсэж, төсвийн тэлэлтийн бодлого явдаг.

         Ирэх жил цэвэр экспорт харьцангуй эерэг байна. Төсвийн зарлага багатай байгаа. Тэгэхээр ДНБ-ний өсөлт таван хувьд барих байх гэсэн төсөөлөлтэй байгаа.

       -Орлого нэмэхэд шаталсан татварыг бий болгож байгаа. Энэ зөв үү?

      -Дэлхийд байдаг жишиг. Нийгмийн баялгийн тэгш хуваарилалтын асуудал. Бага орлоготой иргэд харьцангуй их орлоготой иргэн хоёрын нийгмийн бодлогыг зохицуулж байгаа асуудал.

       -Дагалдан гарах хуулийн төсөл дээр Хөгжлийн банканд баталгаа гаргах асуудал бий. Энэ талаар та ямар байр суурьтай байгаа бол?

        -Хөгжлийн банк бол тусдаа асуудал. Бонд гэхээсээ илүү эргэж төлөх зээл. Энэ банкнаас зээл авсан зээлдэгчид өөрсдөө төлөх нь зүйтэй. хөгжлийн банз сүүлийн үед нэлээд сайн ажиллаж, 700 тэрбум төгрөг эргэн төлүүлсэн. Оны эцэс гэхэд нэг их наяд хүргэнэ гэсэн тооцоололтой байгаа. Нэг их наяд хүрчихвэл өөрсдөө бондоо төлөх эх үүсвэр бүрдэнэ. Тэгэхээр зохистой харьцаа үүсэж байгаа гэж бодож байна.

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНД: ТӨСВӨӨ АЛДАГДАЛГҮЙ БАТЛАХ БОЛОМЖ МАНАЙД БИЙ

  

     -Ирэх оны төсвийг алдагдалгүй батлах боломж байна гэж та чуулган дээр хэлсэн. Ямар боломж байгаа юм бэ?

       -Төсвийг алдагдалгүй батлах боломж байсан, одоо байгаа. Яагаад гэвэл эдийн засагчдын үзэж байгаагаар коронавирусийн нөлөө байгаа. Энэ бол дунд хугацаандаа үргэлжлэх юм байна. Гэтэл эдийн засаг маш хүнд байна. Инфляц, төгрөгийн ханшаа бид алдчихсан энэ үед эдийн засаг ширгэчихсэн. Ийм үед эдийн засгаа аврах ганц жор байна. Энэ бол төсвийн хэмнэлттэй бодлого явуулж, алдагдалгүй төсөв батлах. Төсвөө хумьж чадсан тохиолдолд бид инфляцаа барьж, төгрөгийн ханшаа алдахгүй.

       Манай төсвийн 70-80 хувь нь импорт. Ингээд л бид чөтгөрийн тойргоор яваад байгаа нь манай зовлон. Шулуухан хэлэхэд сүүлийн 30 жил сонгуульд халамжаар өрсөлдсөн үр дагавраа Засгийн газар үүрч байна. Монгол хожих ёстой юм уу, энэ хоёр нам ялах ёстой юм уу.

         Эдийн засаг шалан дээр уначихсан байхад зарлагаа, төсвийн хүрээний мэдэгдлээ тэлсэн байгааг ойлгохгүй байна.

        -Төсвөө ингэж алдагдалтай батлах нь ямар эрсдэл дагуулж байгаа юм бэ?

        -Өр чинь хуримтлагдсаар байгаад дефолт болно. 2000 оноос хойш манай улсын эдийн засаг уул уурхайгаас хамааралтай болсноос хойш 18 их наядын алдагдалд ороод байна. Бид энэ  өрөө дараагүй, дахин санхүүжилт хийж байгаа. Энэ хуримтлагдсан гадаад өр нэг л өдөр Монгол Улсын эдийн засгийг хүнд байдалд оруулна. Би 2023 оны  төсвийг  дэмжмээргүй байна. Алдагдалгүй  төсөв оруулж ирэх хэрэгтэй.


ТӨӨРӨЛДСӨН ТҮШЭЭД ТӨСӨӨЛЛИЙН ТӨСВӨӨ ТОВЧЛУУРДАХ ӨДӨР
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188