• Өнөөдөр 2024-05-05

Б.ПҮРЭВДОРЖ: МАН АРД ТҮМНИЙ БАНКЫГ ДАРГА НАРЫН БАНК БОЛГОЖ, ДАМПУУРЛЫН ЭРМЭГТ АВЧИРЛАА

2022-11-07,   686

-АРДЧИЛСАН НАМЫНХАН ЗЭЭЛ АВСАН БОЛ АРДЫН НАМЫНХАН ӨНӨӨДӨР АЙХТАР УЛС ТӨРЖИЖ БАЙГАА-

           УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой ярилцлаа.

      -УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөгжлийн банкны асуудлаар Ерөнхий сайдын мэдээллийг сонссон. Энэ үеэр Ардчилсан намын гишүүд Сангийн сайдыг тарааж өгсөн материалаасаа өөр танилцуулга хийж, гүтгэлэг хийж байна гэж эсэргүүцлээ илэрхийлж байгаа харагдсан. Энэ талаар та мэдээлэл өгөөч?

       -УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдын танилцуулах мэдээллийн “D parliament” вэб сайтад тавьдаг. Гэтэл Сангийн сайдын  урд хожид байгаагүй мэдээлэл танилцууллаа. Өөрөөр хэлбэл, Сангийн сайд Б.Жавхлан хэт улстөржсөн мэдээлэл хийсэн. Улмаар 2011-2016 онд л Хөгжлийн банкны зээлийг болохгүй байсан мэт мэдээллийг танилцуулсан. Тиймээс бид танилцуулгын материалаа өгөхийг шаардаж, Ардчилсан нам нэг цагийн завсарлага авсан.

      -Ардчилсан намын бүлгийн зүгээс Хөгжлийн банкны асуудалд ямар байр суурьтай байгаа юм бэ?

     -Хөгжлийн банк бол 2011-2016 оны хооронд ард түмний банк байсан. Өөрөөр хэлбэл, жирийн бизнес эрхлэгч энэ банкнаас хэн нэгэн даргын нөлөөлөлгүй зээл авч, бизнесийнхээ үйл ажиллагааг өргөжүүлдэг байв. Тухайн үед Хөгжлийн банк 2200 гаруй иргэн аж ахуйн нэгжид зээл өгсөн. Харамсалтай нь, МАН 2017 онд Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар батлуулж, Хөгжлийн банкны зээлийг УИХ-аар хэлэлцүүлдэг байсныг Төлөөлөн удирдах зөвлөлд шилжүүлсэн. Ингээд ард түмний банк дарга нарын банк болсон. 2017 оноос хойш Хөгжлийн банкнаас 40 компани зээл авсан. Эдгээр компани нь бүгдээрээ улстөрчдийн хамааралтай. Ингээд дарга нар авсан зээлээ төлөхгүй Хөгжлийн банк дампуурах дээрээ хүрээд байна. Өөрөөр хэлбэл, МАН ард түмний банкийг дарга нарын банк болгож, дампуурлын эрмэгт авч ирлээ.

     -Сангийн сайдын танилцуулснаар бол 2012-2016 оны үеийн зээл найдваргүй зээл болчихсон юм биш үү?

   -2016 онд Хөгжлийн банканд шалгалт хийсэн. Тухайн үеийн Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд, одоогийн УИХ-ын гишүүн Б.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсэг шалгалт хийж байсан. Үндсэндээ Хөгжлийн банкыг Ардчилсан намынхан хувааж идэж, уугаад болохгүй байна гээд л шалгуулсан шүү дээ. Шалгалтаар ямар ч асуудалгүй байсан. Тэр байтугай Ардчилсан намын гэх компани байхгүй, харин Ардын намынхны компани байна гэгдэж байсан. Ингээд шалгалтын дүнгээ нууцалчихсан.

    Тухайн үед Ардчилсан намынхан зээл авсан бол Ардын намынхан өнөөдөр айхтар улс төржиж байгаа. 2017 оны хуулийн нэмэлт, өөрчлөлтөөс хойш цөөн хэдэн компани зээл авсан нь улстөрчдийн хамаарал бүхий компаниуд. Гэтэл өнөөдөр 75 хувийн найдваргүй зээлдэгч болчихсон байна.

     -2023 оны төсвийн төсөлд Хөгжлийн банкны зээлд Засгийн газраас баталгаа гаргуулах талаар тусгасан байна лээ. Сөрөг хүчний гишүүний хувьд үүнийг эсэргүүцэх үү?

      -Ардын намын дарга нарын компанийн зээлээ төл. Та нар зээлээ төлчихвөл энэ банк бондоо төлөх бүрэн боломжтой.

ИРГЭДИЙН ТЭТГЭВРИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ НЭН ЧУХАЛ

        -Та тэтгэвэр тогтоох дундаж хугацааг таван жил болгох асуудлаар маргааш жагсаал зохион байгуулна гэдгээ мэдэгдсэн. Одоо долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоож байгаа. Таван жил болгох таны санаачилга хэр үндэслэлтэй юм бэ?

       -ОУВС-гийн шахалтаар 2018 онд манай улс тэтгэвэр тогтоохдоо таван жилийн дунджаар тогтоодог байсныг долоо болгож өөрчилсөн. Тун удалгүй 2018 оны дунд үеэс манайх Валютын сангийн хөтөлбөрөөс гарсан. Уг хөтөлбөрөөс гарахдаа олон амлалт өгсөн. Тэднээсээ бүгдээс нь буцчихаад ганцхан тэтгэвэр тогтоох дундаж хугацааг хуучин хэвээр үлдээгээд  байна. Тиймээс иргэд шударгаар  төлсөн нийгмийн даатгалын шимтгэлээ зөв шударгаар тогтоолгох хэрэгтэй. Би Тэтгэврийг долоо биш таван жилээр тогтоох хуулийн төслийг өргөн мэдүүлээд хоёр жил болсон. Улмаар эрх баригчид аргагүй үнэнд гүйцэгдэж, энэ хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхээр болсон. Гэхдээ энэ хуулийн төслийн ажлын хэсэг хуралдахгүй, Нийгмийн даатгалын багц хуультай хамт хэлэлцэнэ гээд хойшлуулаад байгаа. Энэ бол хэлэлцэхгүй байх шалтаг хайж байгаа нэг хэлбэр. Гэтэл өнгөрсөн хугацаанд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт нэмэгдэж, ард түмний амьдрал туйлдаж байна.

     Дээр нь нийт тэтгэвэр авагчдын 91 хувь нь тэтгэврийн доод хэмжээг авч байна. Цаашид энэ тоо 93 болж өснө. Тиймээс иргэдийн тэтгэврийг нэмэгдүүлэх нь нэн чухал асуудал болоод байна.  Энд хоёр хууль байгаа. Нэгдүгээрт, хууль хэрэгжиж эхлэвэл тэтгэвэрт гарах иргэдийн тэтгэврийг цаашид таван жилийн цалингийн дунджаар бодох. Нөгөө нь 2018 оны нэгдүгээр сараас хойш Тэтгэврийн тухай хуульд өөрчлөлт орж, долоон жилийн дунджаар боддог болсон. Тиймээс тэтгэвэрт гарсан иргэдийн тэтгэврийг буцааж, таван жилээр бодох хуулийн төслийг өргөн мэдүүлээд байна.

     -Тэгэхээр өргөн бариад хоёр жил гаруй хугацаа өнгөрсөн хуулийн төслийг хэлэлцүүлэхгүй байх шалтгаан эрх баригч намынханд байгаа юм уу?

    -Энэ хуулийн төслийг Их хурлын гишүүдийн олонх дэмжиж байгаа. Харамсалтай нь, ажлын хэсгээ хуралдуулахгүй, хэлэлцэх асуудлыг дараалалд оруулахгүй удаашруулж байна. Үүнийг би МАН-ынхан хэлэлцүүлэхгүй байх бодлого барьж байна гэж хардаж байгаа.

Тиймээс би энэ хуулийн төслийг хэлэлцүүлэх нэн шаардлагатай гэж үзээд жагсаал зохион байгуулахаар төлөвлөж, чихэн дүлий МАН-ын парламент дахь удирдлагуудад иргэдийн дуу хоолойг хүргэх гэж зорьж байна.

АВАХ БОЛОХООРОО ИРГЭДЭЭС 20 ХУВИЙН ШИМТГЭЛ АВЧИХААД ӨГӨХ БОЛОХООРОО ШАЛТАГ ТООЧДОГ ХАРГИС ТӨР БАЙЖ БОЛОХГҮЙ

          -Та хуулийн төслөө ямар үндэслэлээр боловсруулсан юм бэ. Долоон жилийн дунджаар тэтгэврээ тогтоолгох нь иргэдийн хувьд ямар сөрөг үр дагавар авчирч байгаа юм бол?

       -Өнөөдөр манай улсад 317 мянга орчим өндөр насны тэтгэвэр авагч байна. 2017 онд тэтгэврийн насыг нэмэгдүүлсэн, 2018 онд өндөр насны тэтгэвэр тогтоохдоо нийгмийн даатгалын шимтгэл тасралтгүй төлсөн таван жилийн буюу 60 сарын дундаж цалингаар тогтоодог байсныг нэмэгдүүлж, долоон жил буюу 84 cap болгосон нь иргэдийн гap дээр ирэх тэтгэврийн дүн багасахад хүргэсэн.

        Иргэдэд олгож байгаа тэтгэвэр нь тухайн даатгуулагчийн шимтгэл төлж ажилласан хугацаа болон шимтгэл төлсөн дундаж цалин хөлснөөс шууд хамааралтайгаар бодогддог тул хугацааг багасгах ёстой гэж үзсэн байна.

     Хуулийн төсөлд тэтгэвэр  тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх аль дуртай, дараалсан таван жилд төлсөн шимтгэлээс тооцож гаргасан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос бодож тодорхойлох зохицуулалтыг тусгасан.

     Ингэснээр иргэдийн өндөр насны тэтгэврийн гар дээр авах мөнгөн дүн бодитоор нэмэгдэх бөгөөд иргэд өөрсдийн төлсөн нийгмийн даатгалын шимтгэлээс өндөр насны тэтгэврээ авч байгаа учир улсад төсөв, эдийн засгийн эрсдэл, хүндрэл учрахгүй гэж үзэж байгаа юм.

     Манай улсад нэг байгууллагад олон жил ажиллаж, тасралтгүй таван жил нийгмийн даатгалын шимтгэл төлөхөд тун бэрх байна. Төрийн албанд ажиллаж байгаа нь ч тэр, хувийн хэвшилд ажиллаж байгаа хүмүүс ч тэр. Өөрөөр хэлбэл, дөрвөн жил тутамд Засгийн газар солигддог. Үүнээс шалтгаалаад төрийн албанд халаа, сэлгээ томилгоо сэлт байнга хийгдэнэ. Харин хувийн хэвшлийн байгууллага нь бизнесийн үйл ажиллагаагаа явуулж байх хугацаандаа үйл ажиллагаа нь доголддог, цалингаа цаг хугацаандаа өгч чадахгүй. Түүнээс нь болоод ажилчдын нийгмийн даатгалын шимтгэл тасалдана. Тэгэхээр бүтэн долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгоно гэдэг хэцүү. Тиймээс л иргэд маш бага тэтгэвэр авч байгаа. Төр авах болохоороо иргэдээ 20 хувийн шимтгэл авчихаад өгөх болохоороо шалтаг тоочдог харгис байж болохгүй шүү дээ.

      -Уг нь энэ хуулийн төслийг өргөн мэдүүлсний дараа ажлын хэсэг байгуулагдаж байгаа гэж байсан. Та ажлын хэсэгт өөрөө ороогүй юм уу?

      -Тухайн үедээ ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийг С.Чинзориг гишүүн ахлахаар болсон ч түүнд ажлын хэсэг байгуулж байгаагаа танилцуулаагүй юм билээ.

      -Хуулийн төслийг хэлэлцүүлэхийг шаардаж, та иргэдийг жагсаалд уриалж, автобусны мөнгө, халуун аарц өгнө гэсэн. Хуулийн төслөө хэлэлцүүлэхийн тулд иргэдээс дэмжлэг хүсэж байна гэж ойлгож болох уу?

     -Цахим орчинд үүнийг дэмжиж, ирэх хүсэлтэй байгаа иргэн олон байгаа. Тиймээс би дээрх санаачилгыг гаргаад байна. Мөн энэ хуулийн төсөлтэй холбоотой фэйсбүүк групп байдаг. Тухайн групп дээр хуулийн төслийг дэмжиж байгаа талаараа маш их сэтгэгдлээ илэрхийлж байгаа. Тэгэхээр иргэд маань цахим орчинд бичих нэг өөр. Талбай дээр ирээд үзэл бодлоо илэрхийлэх нэг өөр. Тиймээс энэ жагсаалд идэвхтэй оролцож, үзэл бодлоо илэрхийлэх хэрэгтэй.


Б.ПҮРЭВДОРЖ: МАН АРД ТҮМНИЙ БАНКЫГ ДАРГА НАРЫН БАНК БОЛГОЖ, ДАМПУУРЛЫН ЭРМЭГТ АВЧИРЛАА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188