• Өнөөдөр 2024-04-28

Ц.ДАВААСҮРЭН: САНГИЙН САЙД НЬ БАНК, САН БОЛГОНД ГАРАА ДҮРЭЭД БАЙЖ БОЛОХГҮЙ

2022-11-03,   976

-САНГИЙН САЙДЫН БАГЦАД СУУСАН ЗЭЭЛИЙН ХҮҮГИЙН ЗӨРҮҮД АРИЛЖААНЫ БАНКУУДАД ОЛГОЖ БУЙ 65 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АСУУДЛЫГ Ч НЯГТЛАН ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ-

           УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнтэй ярилцлаа.

         -Та өнгөрсөн долоо хоногт тойрогтоо ажиллаад ирсэн. Иргэдэд тулгамдаж байгаа асуудлыг нь сонсоод ирсэн байх. Эндээс яриагаа эхлүүлье. Иргэдийн өвөлжилтийн бэлтгэл хэр хангагдсан байна вэ?

       -Зуншлага ямар байснаас шалтгаалаад өвөлжилтийн байдал алаг цоог л байна. Цас эрт унаад мөстөж, хүндэрсэн газар одоохондоо алга. Малчдын зүгээс гол ярьж байгаа асуудал нь үнийн өсөлт, мах, арьс ширний үнийн бууралт л байна. Цаашид орлого багасаж, амьдрал хүндрэх нь байна шүү гэж байлаа.

      -2023 оны төсвийн төслийг батлахад хэдхэн хоног үлдлээ. Хэлэлцүүлгүүдийн үеэр хуулийн төсөлд тусгаагүй зарим заалтуудыг нэмж байна. Тухайлбал, шөнийн цахилгааны тарифын хөнгөлөлтийг хэвээр үргэлжлүүлэх гэж байна. Манай эрчим хүчний салбар маш алдагдалтай байгаа ийм үед энэ байж болох шийдвэр үү?

      -Шөнийн тарифын хөнгөлөлт бол байх ёстой зүйл. Манай эрчим хүчний систем маневр муутай учраас шөнөдөө илүүдэлтэй, оройдоо дутагдалтай ажилладаг. Тиймээс шөнийн илүүдлээ хямд үнээр гадагш өгч байхын оронд хямд тарифаар өөрсдөө ашиглах нь зүйтэй л дээ. Мөн энэ хөнгөлөлтийг цахилгаан халаагуур ашиглах замаар агаарын бохирдлыг багасгахад ашигладаг.

ТӨСВИЙН НИЙТ ЗАРДАЛ ХОЁР ИХ НАЯД ГАРУЙ ТӨГРӨГӨӨР, ТЭР ТУСМАА ЗАЙЛШГҮЙ БУУРАХ ЁСТОЙ УРСГАЛ ЗАРДАЛ 1.3 ИХ НАЯД ТӨГРӨГӨӨР ӨССӨН БАЙНА

      -Та хувь гишүүнийхээ хувьд 2023 оны төсвийг хэр чамбай болсон гэж харж байна вэ. Ер нь бол хөрөнгө оруулалтуудтай холбоотой шүүмжлэлийг та хэлж байгаа харагдсан. Энэ тухайд?

     -Саяхан батлагдсан Хэмнэлтийн тухай хуультайгаа хир нийцсэн юм бол доо. Уг нь зардал буурч, төсвийн алдагдалгүй байх ёстой. Гэтэл төсвийн нийт зардал хоёр их наяд гаруй төгрөгөөр, тэр тусмаа зайлшгүй буурах ёстой урсгал зардал 1.3 их наяд төгрөгөөр өссөн байна. Ялангуяа хямралтай, хэмнэлтийг чухалчилж байгаа үед урсгал зардал, орон тоо буурах ёстой. Тийм зүйл алга. Шинэ төрийн байгууллага, яам, агентлаг орон тоо нэмэгдэж, зардал өссөн байна.

     Ирэх онд шинэ хөрөнгө оруулалт байхгүй. Өмнө эхлүүлээд үнийн өсөлтөөс болж зогссон объектуудыг гүйцээж дуусгахад шаардлагатай хөрөнгийг л 2023 оны төсөвт суулгаж өгч байгаа.

     -Жил болгоны төсвийг хэлэлцүүлэхдээ халамжийг багасгана гэдэг. Гэтэл энэ шинэчлэлийг хийж чадахгүй л байна. Ямар шалтгаан байгаа бол?

     -Наад асуултаа Сангийн сайдад тавьсан нь оновчтой байх. Халамжид хоёр их наяд төгрөг жил бүр зарцуулж байна. Энэ мөнгөөр аймаг бүрд 10 тэрбум төгрөгийн 10 үйлдвэр, сум бүрд нэг тэрбумын таван үйлдвэр нэг жилд барьчих, 1800 км хар зам тавьчих, хотын түгжрэлийг шийдчих хөрөнгө шүү дээ.

     Наад зах нь Таван толгойн цахилгаан станцыг барьчих хөрөнгө гээд төсөөлчих. Жил бүр ийм хөрөнгийг халамжид өгч иржээ. Үйлдвэр барьж байсан бол ажилтай, орлоготой, ядуурлын хэмжээ буурчих байсан. Хотын түгжрэл арилчих байсан гээд олон тулгамдсан асуудал аль эрт шийдэгдчих байсан биз ээ. Ковид манай улсыг юугаа ч үйлдвэрлэж чаддаггүй хараат улс гэдгийг харууллаа. Ийм байдлаар цаашид явбал 1921 оны өмнөх Монгол улс шиг болно доо. Бид нэг ийм гарч чадахгүй чөтгөрийн тойрогт орчихлоо. Халамжаа бууруулъя ажлын байр бий болгоё гэвэл, үгүй бид халамжийг тэдээр нэмэгдүүлнэ гээд л хашхирна, яаж ч болохгүй нэг ийм байдалд орсон доо.

      -Цаашид төсвийг хэрхэн оновчтой батлах вэ?

      -Өртэй улс гэж бодож алдагдалгүй төлөвлөх цаг ирсэн байна. Одоо гаднаас алдагдлаа санхүүжүүлэх зээл олдохгүй болсон. Олдсон ч асар өндөр хүүтэй. Гадаад зах зээлд борлуулсан Засгийн газрын бондын өгөөж бараг 40 хувь болчихоод байна.

Мөн одоо ажлын байртай, тогтмол орлоготой иргэдтэй байх чиглэлд төсвийн бодлогоо өөрчлөх шаардлагатай болсон. Ийм байдлаар цаашид явбал өрөндөө баригдаад дефолтод орох байх.

ЕРӨНХИЙ САЙД НАДАД "ДАВХАР ДЭЭЛ"-ТЭЙ САЙДААР АЖИЛЛАХ САНАЛ ТАВЬСАН. БИ ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЭЭД БОЛОМЖГҮЙ ГЭДГЭЭ ХЭЛСЭН

     -2023 онд Монгол Улсын Засгийн газрын өрийг нэмэгдүүлсэн байна. Энэ нь Хөгжлийн банканд Засгийн газраас баталгаа гаргах гэж байна гэх шүүмжлэл бий. Та ч энэ тухай чуулганы хуралдаан дээр хэлж байсан. Төсөв дагаж оруулж ирсэн энэ хуулийг та тат гэсэн санал гаргаж байсан. Татсан уу?

     -Одоогоор тэр тогтоолыг татсан гэсэн зүйл сонссонгүй. Хөгжлийн банкны авсан гадаад зээлийг улстөрчид нь авчихаад төлөхгүй, Засгийн газрын баталгаа гаргаж төлөх нь зарчимгүй зүйл. Зээл авсан улсуудаар нь төлүүлэх ёстой. Одоо ингээд Төр төлчих юм бол Хөгжлийн банкны нэрийг “Экспортын банк” гэж ч юм уу өөрчлөөд өрийг нь тусгаарлаад тэгээд төлөхгүй бултуулах талдаа болгоно.

    -Та Сангийн сайдыг Хөгжлийн банкнаас хамаарал бүхий компаниудаараа зээл авсан гэдгийг та хэлж байсан. Гэтэл Сангийн сайд тайлбар өгөхдөө энэ асуудлыг үгүйсгэж байсан. Та энэ талаар ямар байр суурьтай байна вэ?

     -Сангийн сайд тухайн үеийн Хөгжлийн банкны захирал Батбаяр нар Америкийн Индианагийн Их сургууль төгссөн улсууд. Энэ байдлаа ашиглаад Б.Жавхлан сайд өөрийн сонгуулийн менежер Ч.Мөнхбаярыг Зээлийн газрын захирал, дотнын танил Б.Уянгыг Байгууллагын зээл санхүүжилтийн хэлтсийн захирал, туслах Г.Пүрэвсүрэнг “Ди Би Эм” Лизингийн захирлаар тавиад Хөгжлийн банкийг сөхрүүлэх ажлаа эхлүүлсэн.

     Жавхлан сайд 11 гишүүдийн хамт 2017 онд Хөгжлийн банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж жижиглэн зээл олгох эрхийг банкны захиралд олгуулаад л, зээл олгуулж эхэлсэн байдаг. Ялангуяа өөрийн хамаарал бүхий "Нью Гови Гэйт" ХХК-ны хамтран эзэмшигч Б.Батхүүгийн удирдаж байсан, дампуурч буй "Чингисхаан" банканд 49 тэрбум төгрөгийн хадгаламж байршуулаад одоо тэр хөрөнгө найдваргүй болсон. Энэ бүхнийг шалгасны дараа зээл төлөх асуудлыг ярих ёстой. Би тус банкийг шалгах ажлын хэсэгт байхад ийм л мэдээллийг дотроос нь надад өгсөн.

     Манай ажлын хэсгээс нэр бүхий 23 компанийг шалгуулж нягтлуулахаар АТГ-т хүргүүлсэн. Одоо дахин Б.Жавхлан нөлөөлж, зээл олгуулсан гээд байгаа компаниудын нэрсийг Түр хороонд хүргүүлнэ. Сая АТГ-аар Хөгжлийн банкныхан шалгагдах үед ч тодорхой асуудлууд гарсан юм байна лээ. Сангийн сайд нь банк, сан бүрд гараа дүрээд байж болохгүй. Одоо Төрийн банкны зээл болон төсөвт Сангийн сайдын багцад суусан зээлийн хүүгийн зөрүүд арилжааны банкуудад олгож буй 65 тэрбум төгрөгийн асуудлыг ч нягтлан шалгах хэрэгтэй.

       -Хөгжлийн банкийг шалгах Түр хорооны ажлын хэсэгт та энэ асуудлыг шалгах талаар анхааруулга өгч байсан. Хариу тайлбар авч чадсан уу?

     -Түр хороо анхаарна гэсэн. Тайлбар Б.Жавхлан сайдаас авах байх гэж найдаж байна. Түр хорооны дарга Б.Энхбаяр Сангийн сайдаас эхэлнэ гэсэн байсан. Үүнийг өнөөдөр аргалсан ч хэзээ нэг цагт дахин сөхөгдөнө. Хэрэг ор сураггүй хаагдана гэж байхгүй.

НАМАЙГ ХАРЛУУЛАХ АРГАА Л ОЛЖ ЯДАЖ БАЙГАА ЮМ БОЛОВ УУ

      -Таныг Засгийн газраас хариуцлага нэхэж байгаа асуудлыг эрх ашгийн зөрчилтэй гэж хардах хүн олон байна. Таныг сайдын суудалд очих гэж ийм зйүл ярьж байна гэх нь ч бий. Энэ тухайд?

     -Саяхан Засгийн газрыг "давхар дээл"-тэй сайдаар бүрдүүлэхэд Ерөнхий сайд сайдаар ажиллах санал тавьсан. Би талархал илэрхийлээд боломжгүй гэдгээ тайлбарлаад гарсан. Сонирхол байсан бол тэр үед л болчих байсан байлгүй дээ. Намайг харлуулах аргаа л олж ядаж байгаа юм болов уу.

      -Та Үндсэн хуулийн цэц сонгуулийн холимог тогтолцоотой холбоотой асуудлаар гомдол гаргасан. Хэлэлцэлгүй маш их удлаа Энэ асуудал ямар шатандаа явж байгаа вэ. Яагаад удааширч байгаа юм бол?

     -Цэц Үндсэн хууль зөрчсөн асуудлыг Их хурлын дарга хэлэлцэж өгөхгүй хав дараад суучихсан. Ер нь манай дарга л өнгөрсөн зургаадугаар сард тойрогтоо загнуулж ирчихээд л ийм захиалга өгчихсөн юм шиг байна. Түүнээс нь хэдхэн хоногийн дараа Цэц ийм шийдвэр гаргасан юм билээ. Үндсэн хуулийг Цэц тайлбарлах ямар ч эрх байхгүй. Үндсэн хууль зөрчөөд байхад ямар ч арга байхгүй гээд суугаад байж болохгүй.

      Үндсэн хуулийн 65 дугаар зүйлийн 4-д Цэцийн гишүүн хууль зөрчвөл анх илгээсэн, байгуулсан саналыг үндэслэн УИХ эргүүлэн татахаар зохицуулсан байдаг юм. Илт хууль зөрчөөд байхад шүүх тогтоох ёстой гээд л гүрийгээд байгаа юм. Цэцэд илгээсэн гурван гишүүнээ Их хурал өөрөө татчихаж болно шүү дээ. Гэтэл тэгэхгүй байна. Миний оруулсан асуудлыг байнгын хороодоор яриад хариу өгчихгүй байна. Энэ бүхнээс би энэ хүн захиалжээ гэж дүгнэж байгаа юм. 2019 онд Үндсэн хуульд өөрчлөлт оруулахад холимог тогтолцоо гэдэг үгийг манай дарга оруулах гээд чадаагүй чуулганаар хэлэлцэхэд санал хураалтаар хасагдсан байдаг юм. Дарга ч, Цэц ч энэ бүхнийг мэдсээр байж журам гэж үгэн дотор үлдсэн гээд Үндсэн хууль тайлбарлаад байгаа юм.

       -Ирэх онд сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах сонирхол байгаа гэсэн үг үү?

      Тийм. Олон нийтэд муу үйл нь танигдаад дахин сонгогдох боломжгүй болсон улстөрчид л үүнийг захиалж байгаа. Үндсэн хуульд холимог тогтолцоог ашиглах заалт байхгүй учраас тийм асуудал оруулах гэвэл эцсээ хүртэл тэмцэнэ дээ. Иргэд муу улстөрчдийг шүүрддэг тогтолцоо байх хэрэгтэй. Одоо зарим нэг ял авсан улстөрчид шүүхээр ялаа цайруулсан гэсэн яриа гараад байгаа чинь энэ нам дугуйлуулж жагсаалтын ард сонгогдох боломж байна гэж үзэж байгаатай шууд холбоотой юм.


Ц.ДАВААСҮРЭН: САНГИЙН САЙД НЬ БАНК, САН БОЛГОНД ГАРАА ДҮРЭЭД БАЙЖ БОЛОХГҮЙ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-03 11:27:26
    Зочин : Улс орныхоо толоо чин шударгаар ажиллаж байгаа Даваасурэн гишуундээ баярлалаа, Харин тэр Сангийн сайд Хулгайч Жавхланд нэн даруй шалгаж Хуулийн дагуу хариуцлага тооцож хохирлыг нь барагдуулах нь зов шуу
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188