• Өнөөдөр 2024-05-06

Б.БАТТӨМӨР: МӨНГӨ ХЭВЛЭЖ, ТАРААСААР ИНФЛЯЦ ӨСӨЖ, ТӨГРӨГИЙН ХАНШ СУЛАРЧИХЛАА

2022-10-12,   559

        УИХ-ын гишүүн Б.Баттөмөртэй ярилцлаа.

      -УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2023 онд Төрөөс баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төслийг хэлэлцүүлсэн. Төв банк ирэх жилд мөнгөний бодлогоо оновчтой тодорхойлж чадсан уу?

     -Монгол Улсын эдийн засаг хасах руу орж, инфляц хоёр оронтой тоонд шилжсэн байна. Төгрөгийн ханш өнгөрсөн оны мөн үеийнхээс 700 төгрөгөөр унасан байна. Эдийн засгийн гурван үзүүлэлт гурвуулаа хасах руу орчихсон байна. Ийм үед мөнгөний бодлогыг оновчтой тодорхойлох ямар ч аргагүй. Ирэх онд Монголбанк инфляцыг нэг оронтой тоонд буюу 9.9 хувьд хүргэнэ зорилт тавьсан. Өөрөөр хэлбэл одоо 13.6 хувьд хүрчихсэн инфляцыг 9.9 болгоно гэсэн үг. Төсвийн бодлогоор таван хувийн эдийн засгийн өсөлттэй буюу ДНБ-ний 1.5 хувьд хүргэнэ гэсэн тооцоо гаргасан. Ийм боломж гаргахгүй бол болохгүй. Эдийн засгийн өсөлт инфляцаас хоёр дахин бага өсөлттэй байхаар ямар боломж алга.

        Миний харж байгаагаар 2023 онд Монгол Улсын эдийн засагт өөрчлөлт гарахгүй. Учир нь эдийн засгийг төлөвлөж байгаа үзүүлэлт ийм байхаар цалин хөлс нэмэх боломжгүй, томоохон бүтээн байгуулалт эхлүүлэх боломжгүй, халамжаа зорилтод бүлэг рүү шилжүүлнэ гэж байгаа юм. Монгол Улсын нийт өр 33.9 тэрбум ам.доллар. Үүнээс Засгийн газрын өр 8.5 ам.доллар буюу ДНБ-ний 65 хувийг эзэлж байна.

       -Эдийн засгийн энэ хүнд үед 2023 оны төсвийн төслөө алдаатай боловсруулсан байна гэж та чуулганы хуралдаан дээр хэлж байсан. Энэ тухайд?

      -Ирэх онд экспортыг 11 тэрбум ам.доллар болгоно гэж байгаа нүүрсний экспортоо 36 сая тонн буюу 2019 оны мөн үед хүргэнэ гэж байгаа юм. Гэтэл 2019 онд 36 сая тонн гаргасан ч 7.1 тэрбум ам.долларын экспорт хийсэн. Тэгэхээр алдаатай бодлого байгаа биз. Эдийн засаг таван хувиар өснө гэж байгаа. Хэрвээ 11 тэрбум ам.долларын экспорт гаргана гэж байгаа бол эдийн засгийн өсөлт 10 хувь болж өснө. Тэгэхээр үүнийг засах шаардлагатай. Ирэх онд нүүрсний экспорт нэмэгдэх боломжтой.

         -Ирэх онд экспортын бүтээгдэхүүний үнийг ямар байна гэж төсөөлж байгаа юм бэ?

      -Тогтворжуулсан үнэ нь 110 ам.доллар, гаргах үнээ 140 ам.доллар байхаар тооцсон байна. 2019 оны мөн үетэй харьцуулахад өндөр дүн гэхдээ дэлхийн зах зээлд цаад үнэ нь 240 ам.доллар байгаа юм. Манайд олон жилийн турш худалдааны буруу бодлого яваад байна. Нүүрсээ аман дээрээсээ гаргадаг. Тиймээс үүнийг анхаарах ёстой.

       -Манайх экспортын орлогоос гадна татварын орлогоороо улсын төсвийн тодорхой хувийг бүрдүүлдэг. Ирэх жилийн төсөвт татвартай холбоотой заалтууд орсон харагдсан. Тухайлбал, шаталсан татварыг бий болгоно гэж байна. Энэ тухайд таны байр суурийг сонсъё?

     -Шаталсан татвар нь ХХОАТ-аас шалтгаалж байгаа юм билээ. Өөрөөр хэлбэл, 10 сая төгрөгийн цалинтай бол 10 хувь, 10-15 сая төгрөгийн цалинтай бол 15, 15-аас дээш төгрөгийн цалинтай бол 20 хувийн татвар төлнө гэж тусгасан байсан. Энэ бол дэлхийд байдаг жишиг.

     --Төсвийн төслийг боловсруулах үеэр хүүхдийн мөнгө, халамжийн асуудлууд ч сөхөгддөг. Энэ жил ч гэсэн хүүхдийн мөнгөнөөс танана гэдэг санал гараад 91 хувьд нь хүүхдийн мөнгө олгохоор боллоо. Уг нь хүүхдийн мөнгийг өнгөрсөн жил байгалийн баялгаас иргэн бүрт хүртээж байгаа хишиг гээд Ирээдүйн өв санд хуримтлуулах талаар ярьж байсан. Гэтэл одоо халамж гээд байна. Энэ тухайд та ямар байр суурьтай байгаа бол?

    -Төсөв өөрөө хязгаарлагдмал. Гэтэл хүүхдийн мөнгө гэж байхгүй мөнгийг хэвлэж тарааж байна. Мөнгө хэвлэж тараагаад байна гэдэг чинь инфляц хөөрөгдөж, төгрөгийн ханш суларч байна. Байхгүй мөнгийг байлгаж, эдийн засгаа  улстөржүүлсэн учраас үүний горыг ард түмэн амсаж байна. Ипотекийн зээл ч ялгаагүй мөнгөгүй байж санхүүжүүлчихсэн.

     -Монголбанкны Ерөнхийлөгч ипотекийн зээлийг санхүүжүүлэх хөрөнгө байхгүй гэдгээ хэлж байсан. Гэхдээ 2023 оны төсөвт орон нутагт ипотекийн зээл авбал зургаан хувийг гурван хувь болгож бууруулна гэж байгаа шүү дээ. Тэгэхээр хоосон амлалт гэсэн үг үү?

          -Төв банк бол хараат бусаар үйл ажиллагаа явуулах ёстой. Ипотекийн зээлийг санаачлахдаа Монголбанкыг хариуцаж санхүүжүүл гээд 4.5 их наяд төгрөгийн ипотекийн зээл олгоно гэсэн. Ингээд 3.5 их наяд төгрөгийг байхгүй мөнгөөр санхүүжүүлчихсэн. Орон сууцны зээл нь залуу үе болон дунд давхаргыг дэмжих чухал хөрөнгө оруулалт. Гэхдээ Монголбанк санхүүжүүлэх нь буруу. Үүнийг Засгийн газар хариуцах ёстой. гэтэл Засгийн газар өөрөө мөн нөөц хөрөнгөгүй. Цаашид төсвийн орлогоо нэмж байж энэ асуудлыг шийдэх нь.

      - Манайх цаашид төсвийн орлогоо нэмэх ямар боломж байна вэ?

         - Нэн тэргүүнд ашиг малтмалынхаа үнийг дэлхийн зах зээлийн үнээр худалдаалах хэрэгтэй. Хоёрдугаарт, далд эдийн засгаа ил болгох хэрэгтэй. Дэлхийн банкнаас гаргасан судалгаагаар далд эдийн засаг 40 гаруй хувьтай байна. Нийслэлд барьж байгаа байшингууд гэхэд ямар эх үүсвэрээр санхүүжүүлж байгаа нь мэдэгдэхгүй байна. Татвар төлсний дараах орлогоос санхүүжүүлэх ёстой. Үүнийг шалгадаг газар алга. Ашигт малтмалын менежментийг сайжруулах ёстой, төрийн өмчит компаниудын үр шигийг дээшлүүлэх ёстой. Хэрэггүй хөрөнгө оруулалтуудыг зогсоох хэрэгтэй.

      -Хэрэггүй хөрөнгө оруулалтыг эхлүүлэх шаардлагагүй гэлээ. Ирэх онд шинэ хөрөнгө оруулалт хийхгүй гэсэн. Гэхдээ ирэх онд шилжүүлэх хөрөнгө оруулалтуудаас үр ашиггүй хөрөнгө оруулалт байна уу?

      -Сангийн яамнаас 2.7 их наяд төгрөгийг барилга байгууламжид зарцуулахаар төсөлд тусгасан байна. Сангийн яам зайлшгүй шаардлагатай гэж оруулж ирсэн байх. Гэхдээ би УИХ-ын ажлын хэсгийн гишүүний хувьд төслийн хасах саналтай байна. Хөрөнгө оруулалтыг эдийн засгийн өсөлт бий болгодог салбарт оруулах ёстой. Бизнесийг дэмжих хэрэгтэй. Сумдад хөшөө босгож, зам тавиад байх шаардлагагүй.

       -Танай аймагт хийх томоохон хөрөнгө оруулалт юу байна вэ?

       -Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголтын хөгжлийн банкны төсвөөр санхүүжүүлж байгаа Дарханы замын ажлыг дуусгах ажил байна. Дархан-Уул аймаг байгуулагдаад 60 жил болсон. Сүүлийн 30 жилд Дулааны шугам сүлжээндээ шинэчлэл хийгээгүй байна. 100 гаруй мянган хүн амтай Дархан-Уул аймаг өргөжиж 300 гаруй мянган хүн амтай болох тооцоо бий. Тэгэхээр Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажлыг эхлүүлсэн.

        -Дархан-Уул аймагт спорт цогцолбор барих төсөл харагдаж байсан. Энэ тухайд?

       -Энэ бол 12 жилийн өмнө эхлүүлсэн ажил. Ирэх жилд дуусгах төлөвлөгөөтэй байна.

     -Ирэх онд мөн аж ахуйн нэгжүүдийн цахилгааны үнийг нэмнэ гэсэн. Эрчим хүчний салбарын хүнд байгаа хэдий ч ковидын үед үйл ажиллагаа нь бүрэн зогссон аж ахуйн нэгжүүд хөл дээрээ дөнгөж өндийх гэж байхад нь энэ мэтээр төлбөрийн асуудлууд гарч ирэх юм биш биз дээ гэсэн болгоомжлол байна шүү дээ?

       -Цахилгаан бол олон жилийн хугацаанд алдагдалтай явж ирсэн. Төвийн эрчим хүчний систем жилд 77 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байна. Ингээд үзэхээр цахилгаан, дулаан,  усны үнийг үе шаттайгаар нэмж, алдагдалгүй болгох хэрэгтэй.

     Аж ахуйн нэгжүүдийн хувьд ч гэсэн өндөр ашигтай ажиллаж байгаа бол татварыг нь нэмэх ёстой. Түүнийг нь улс аваад идэж байгаа хэрэг биш шүү дээ. Ард түмэнд зарцуулна. Тэтгэвэр, тэтгэмж нэмэх, ажлын байр бий болгож, дэд бүтцийг ажлуудыг эхлүүлнэ, боловсрол, эрүүл мэндийн салбарт зарцуулах юм.


Б.БАТТӨМӨР: МӨНГӨ ХЭВЛЭЖ, ТАРААСААР ИНФЛЯЦ ӨСӨЖ, ТӨГРӨГИЙН ХАНШ СУЛАРЧИХЛАА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-03 13:12:16
    DR. PRADHANnb: IF YOU WANT TO SELL YOUR 1 KIDNEY FOR MONEY $ 780,000.00 CONTACT THIS HOSPITAL EMAIL: [email protected]
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188