• Өнөөдөр 2024-05-05

Г.ТЭМҮҮЛЭН: 2023 оны төсвийг өмнөх жилүүдийнхээ алдаанаас суралцсан, үр ашиггүй зардлаа танасан төсөв гэж харж байгаа

2022-10-11,   787

           УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэнтэй ярилцлаа.

            УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2023 оны төсвийн төслийг хэлэлцэж байна. Ирэх жилийн төсвийг эдийн засгаа тогтворжуулах төсөл гэж байгаа. Төсвийн байнгын хорооны даргын хувьд хэр чамбай төсөв орж ирсэн гэж харж байна вэ?

          -УИХ-аар 2023 оны төсвийн төслийг хэлэлцүүлж эхэлсэн. Арваннэгдүгээр сарын 15-наас өмнө батлах хуулийн зохицуулалтай. 2023 оны төсөв онцлогтой. 2022 оны төсөв цар тахлын нөлөөллийг бууруулах төсөв байсан бол ирэх оны төсөв эдийн засгаа тогтворжуулах төсөл өргөн барьсан гэдгийг Засгийн газрын тэргүүн хэлсэн. Би хувь гишүүний хувьд өмнө төсвүүдтэй харьцуулахад өмнөх жилүүдийнхээ алдаанаас суралцсан, үр ашиггүй зардлаа танасан төсөв гэж харж байгаа.

           Төсвийн төслөөс онцлох хэдэн заалт бий. Нэгдүгээрт, он дамжсан хөрөнгө оруулалтуудыг баталдаг байдлыг зогсооё. Цаашдаа жишиг тогтоож, хөрөнгө оруулалтыг 5-10 жилийн хугацаатай хуваадаг байдлыг болъё гэж байгаа. Энэ жилийн төсөвт он дамжсан төсвүүдийн хор нөлөө гарч байна. Жил жилээр бодоод үзэхээр олон жил хуваасан төсвүүдийн хамгийн их нь энэ жил гарч ирж байна. Нийт шилжих хөрөнгө оруулалтыг харахаар 3.6 их наяд төгрөг байдаг, санхүүжилтийг хуваасан нь 2.6 их наяд байна. Цаашдаа энэ асуудалд дүгнэлт хийхгүй бол олон жилийн алдаа оноонууд хуримтлагдаад төсөв дээр их ачаалал өгч байна. Тэгэхээр хөрөнгө оруулалтын орлого, зарлага дээрээ анхаарлаа хандуулж, төслөө эрэмбэлдэг байх хэрэгтэй. Үүнтэй холбоотой Засгийн газар шинэ хөрөнгө оруулалт эхлэхгүй өмнөх хөрөнгө оруулалтуудаа дуусгах шийдэл гаргасан. Энэ бол сүүлийн хэдэн жил гаргаагүй шинэчлэл.

        Хоёрдугаарт, төрийн алба хаагчийн цалингийн тогтолцоонд шинэчлэл хийж байна. Цалингийн 165 шатлалтай байсныг 20 болгож, бууруулсан гэж байсан. Ийм шатлалтай байснаас улбаалаад цалингийн зөрүү асар их байсныг арилгаж байгаа нь сайн хэрэг. Орон нутгийн төрийн алба хаагч нарын цалинг 20 хувиар нэмэгдүүлж байгаа юм байна. Ингэснээр төрийн албаны чадавхыг сайжруулж байна. Цаашид ийм байдлаар Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, бүсчилсэн хөгжлийг дэмжих том шинэчлэл болжээ.

         -Төсвийн байнгын хорооноос төсвийн төсөл дээр ямар саналтай байгаа бол?

             -Төсвийн байнгын хорооноос Засгийн газраас оруулж ирсэн зөв зүйтэй саналуудыг дэмжээд явна. УИХ-аас ажлын хэсэг байгуулж байгаа. Төсвийн байнгын хорооноос анхаарах гол зүйл нь урт хугацааны бодлогыг дэмжиж, асуудал бэрхшээлийг шийдэл болгоход анхаарах ёстой. Улмаар тогтолцооны болоод эрх зүйн шинэчлэл хийх хэрэгтэй.

            Бид өнөөдөр төсвийн бодлого ярихаас гадна инфляц хязгаарлах, эдийн засгийг тогтворжуулахын тулд төсөв мөнгөний бодлогыг уялдуулах шаардлагатай. Тэгэхээр ипотекийн зээлийг ч гэсэн эргэж харах шаардлага байна. Өнгөрсөн хугацаанд  ипотекийн зээлийг Монголбанк хэрэгжүүлж ирсэн. Эргээд дүн шинжилгээ, тооцоо судалгаа хийхгүй бол мөнгөний бодлоготой холбоотой хүндрэл гарч, эдийн засагт хүндээр тусаж байна. Энэ жил инфляц өсөж, төлбөрийн тэнцэл маш алдагдалтай гарсан. Үүнээс шалтгаалж, валютын нөөцийн хомстолд орж байна. Тиймээс эдгээрийг төсвийн төсөлтэй уялдуулах зайлшгүй шаардлагатай.

        -Эдийн засгийн энэ хүндрэлээс гарахад төсвийн орлогыг нэмэгдүүлэх шаардлагатай юу?

        -Зөвхөн орлоготой холбоотой асуудал биш. УИХ бүрэн эрхийнхээ хугацаанд Засгийн газраас оруулж ирсэн төсвийн төсөл өргөн барьснаас хойших хугацаанд танилцаж байгаа. Ард түмэн ч ялгаагүй. Сарын хугацаанд бид төсөвтэй танилцаж байна. Орлого төлөвлөлттэй холбоотой алдаа оноотой байна уу, зарлага талдаа ямар байна гэдгийг харна.

        Төсвийн зардлын 15 их наяд нь урсгал зардалд зарцуулагдана. Үүний  61 хувь нь  нийгмийн бодлого буюу цалин, тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө, халамжийн бодлоготой холбоотой зардлууд байна. Тэгэхээр зарлагатай холбоотой шинэчлэлийн асуудлыг ярихаас өөр аргагүй. УИХ-аас байгуулсан ажлын хэсгийн хүрээнд суурийг нь тавих шаардлагатай. Нийгмийн бодлоготой холбоотой суурь асуудал нь тэтгэврийн шинэчлэл болоод байгаа юм. Нийгмийн бодлогын байнгын хороо үүнийг санаачлаад хийх хэрэгтэй. Тэгж байж дараа жилээс тэтгэвэртэй холбоотой суурь зардлууд буурах байх.

          Энэ удаагийн төсвийн хуулийг дагалдан гарах 108 хууль орж ирсэн. Үүнээс 18 нь татвар, төсөвтэй холбоотой хууль, бусад 84 нь гүйцэтгэх засаглалын тогтолцоотой холбоотой хуулийн заалтууд бий. Тухайлбал, мэргэжлийн хяналтын газар, гүйцэтгэх засаглалын хяналттай холбоотой хуулийн төслүүд байгаа юм.

        -Ирэх жил халамжийн бууруулах шаардлагатай байна гээд хүүхдийн мөнгийг зорилтод бүлэгт л олгоно гэх асуудлыг хөндсөн. Харин Засгийн газраас төсвийн төслийг өргөн барихдаа хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 91 хувьд олгоно гэж оруулж ирсэн байна. Энэ тухайд?

         -Хүүхдийн мөнгөтэй холбоотой асуудлыг судлах зайлшгүй шаардлага  байгаа. Хүүхдийн мөнгөний зардлын ачаалал төсвийн нийт зарлагын 7-8 хувьтай тэнцэх буюу 1.5 их наяд төгрөг болж байгаа. Мөн хүүхдийн мөнгийг халамжийн бодлого уу, хөгжлийн хөрөнгө оруулалт юм уу гэсэн эргэлзээ байна. Зарим гишүүн бол хүүхдийн мөнгийг ялгахгүйгээр олгох ёстой, хувь хэмжээ бол тусдаа асуудал гэж үзэх нэгэн ч байна. Үүнийг судалж, зөв зүгт нь оруулах ажил байна.

         Томоор нь харахад халамжийн бодлоготой холбоотой шинэчлэл хийхгүй бол болохгүй. Халамжийн бодлого хавтгайрснаар хөдөлмөр эрхлэлт суларч байна. Тэгэхээр төсвөөс гаргаж байгаа зардал болгон ямар нэг байдлаар эдийн засгаа идэвхжүүлж байвал сайн. Эдийн засгийг тэтгэсэн бодлогыг бид төсвөөс гаргаж байвал зөв чигтэй байна гэсэн үг.

       -2023 онд шаталсан татвартай болгоно гээд төсвийн төсөлд тусгачихсан. Уг нь МАН мөрийн хөтөлбөртөө татвар нэмэхгүй гэж амлалт өгсөн. Эдийн засаг хүнд байна гээд амлалтаасаа буцаж болохгүй байх аа?

       -Орлогын тэгш бус байдлыг бууруулах үүднээс ийм заалт оруулж байгаа юм. Олон улсын болон хөндлөнгийн судалгааны байгууллагуудаас гаргасан судалгаагаар орлогын тэгш бус байдал хавтгайрсан байна. Тиймээс шаталсан татвар авах байх ёстой гэж үзээд байгаа юм. Ирэх оны төсөвт 10 сая төгрөгийн цалинтай бол 10 хувь, 10-15 сая төгрөгийн цалинтай бол 15, 15-аас дээш төгрөгийн цалинтай бол 20 хувийн татвар төлнө гэж тусгасан байсан.

        Манайд татвар төлж байгаа 817 мянган иргэн бий. Шаталсан татвар нь 1.3 мянган иргэнд хамаарах юм байна. УИХ, Төсвийн байнгын хороо үүнийг судалж, хамтын шийдвэр гаргана. Бүлгийн хуралдаанд ярьснаар бид мөрийн хөтөлбөртэйгөө нийцүүлэх, татварыг нэмэхгүй байхад анхаарна. Мөн татвар нэмнэ гэхээс илүүтэй нийгмийн даатгалын шимтгэлтэй нь уялдуулах, хөнгөлөлт чөлөөлөлт үзүүлбэл ямар вэ гэдэг санал хүртэл гарсан. Үүнийг бид судалж үзье гэсэн. Түүнчлэн далд эдийн засгаа бууруулах ирэх гэж байгаа бол тансаг хэрэглээний татвартай уялдуулах, олон үл хөдлөхтэй байгаа хүмүүсийн татварыг эргэж харах шаардлага байгаа юм биш үү гэдэг саналууд ч гарсан. Үүнийг татварын бодлогын хүрээнд цогцоор нь харж үзье гэсэн.

             Өнөөдөр эдийн засаг хүнд, валютын нөөц хомс үед импортыг дэмжих бодлого дээр болгоомжтой хандах хэрэгтэй. Татварын бодлого хэрэгжүүлдэг  үүнд сөрөг нөлөөлөл гарах вий гэдэг болгоомжлол байна.

           -Шинэ хөрөнгө оруулалт хийхгүй гэсэн ч хөрөнгө оруулалтын зардал өндөр байна. Эдийн засгаа тогтворжуулъя гэж байгаа л бол хэмнэлт хийх шаардлагатай байх. Төсвийн хөрөнгө оруулалтаа нэн шаардлагатай эсэхээр нь эрэмбэлж чадсан болов уу?

      -Хөрөнгө оруулалтын тухайд өмнөх жилүүдэд ямар хөрөнгө оруулалт тавьсан түүний үлдэгдэл хөрөнгийг тавьж байгаа юм. Эрэмбэлэх асуудлыг Засгийн газар өөрсдөө хийсэн. Хэд хэдэн зарчмыг баримталсан гэж байгаа. 2023 онд нийт 3.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт байна. Үүнээс 2.6 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын санхүүжилтийг тусгахаар байна. Ингэснээр 1061 барилга бүтээн байгуулалтын 914 буюу 86 хувийг нь ирэх онд дуусгана гэсэн төлөвлөгөөтэй гаргасан байна. Сангийн яам гэрээ байгуулаагүй төслүүдийг хойшлуулна гэж байгаа юм билээ. Мөн тодорхой хэмжээнд хэрэгжих боломжгүй төслүүдийг зогсооё гэж үзэж байх шиг байна.

Зарим төслүүдийг нийслэл рүү шилжүүлж, нийслэлээс санхүүжүүлэх байдлаар төсвөөс хасаж байгаа. Түүнчлэн Төрийн хэмнэлтийн тухай хуулиар хасах төслүүд байна. Аймаг, сум дүүрэг нь хийх боломжтой төслүүдийг хасаж болно. Мөн ажлын явцтай нь уялдуулаад олон жилийн хугацаанд үргэлжилсэн, зогссон, царцсан төслүүдийг хассан. 2.6 их наядын төсөв болгож танасан гэж байгаач өндөр өртөгтэй, төсөвт ачаалал үүсгэж байна.

        -Танай тойргийн тухайд төсвийн хөрөнгө оруулалтаараа 21 аймгаас эхний тавт жагсаж байгаа. Эхний ээлжинд зайлшгүй хөрөнгө оруулалт хийх ямар төсөл хөтөлбөр байна вэ?

         -Архангай аймагт 5-10 жилийн өмнө эхлүүлсэн өндөр төсөвтэй хөрөнгө оруулалтын ажлууд бий. Тухайлбал, нэгдсэн эмнэлгийн барилгын ажил, аймгийн төвийн театр гэх мэтчилэн байна.

        -Ярилцсанд баярлалаа.


Г.ТЭМҮҮЛЭН: 2023 оны төсвийг өмнөх жилүүдийнхээ алдаанаас суралцсан, үр ашиггүй зардлаа танасан төсөв гэж харж байгаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188