• Өнөөдөр 2024-05-05

Н.НАРАНБААТАР: БООМТУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА САЙЖИРСНААР ЭКСПОРТЫН ХЭМЖЭЭ НЭМЭГДЭЖ БАЙНА

2022-10-06,   729

       УИХ-ын гишүүн Н.Наранбаатартай ярилцлаа.

          -УИХ-ын намрын чуулган нээлтээ хийлээ. Энэ намрын чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг баталсан. Хэлэлцэх асуудлаас чухал хуулийн төсөл нь юу байна вэ?

        -Намрын чуулган эхлээд 2023 оны төсвийн төслийг нэн түрүүнд хэлэлцүүлнэ. Энэ жилийн төсвийн төслийн гол бодлого нь эдийн засгаа тогтворжуулах. Тиймдээ ч Засгийн газраас УИХ-д энэ чиглэлээр хуулийн төслөө өргөн мэдүүлээд байна. Төсвийн алдагдлаа бууруулах зорилт тавьсан. Анх удаагийн төсвийн зарлагаа 20 их наяд байхаар төлөвлөж, адлагдлаа 1.5  их наяд болгож бууруулсан. Ингэхээс ч өөр арга алга. Шинэ хөрөнгө оруулалтууд байхгүй болсон.

          Хувь гишүүний хувьд хуулийн энэ төслийг дэмжиж байна. Зардлаа бууруулж, алдагдлаа багасгах нь зөв. Шинэ хөрөнгө оруулалт нэрээр тойргууд руу соёлын төв, хөшөө дурсгал, Тамгын газрын байр барих зэргээр төсвөө хуваачихдаг. Үүнийг тэвчихэд болохгүй зүйл байхгүй. Урьд нь олон жил төсвийн төслийг хэлэлцэхэд энэ асуудлыг ярьдаг байсан. Тодорхой хэмжээгээр энэ асуудал шийдэгдсэн гэж харж байгаа. Манай тойргуудын хувьд ч энэ төрийн байгууллагын хөрөнгө оруулалтууд хангалттай хийсэн.

         -2023 оны төсвийн төслөөс онцлох заалтыг дурдвал?

          -Төсөв дээр орж ирж байгаа бас нэг талархууштай заалт нь түгжрэл бууруулах арга хэмжээний хүрээнд орон нутагт шилжин суурьших иргэдийг дэмжих бодлого байна. Тухайлбал, орон нутагт ажиллаж байгаа төрийн алба хаагчдын суурь цалинг 20 хувиар нэмэгдүүлэх, орон нутаг түүнийг нь 80 хувь хүртэл нэмэгдүүлэх эрхийг нь өгч байна. Мөн орон нутагт орон сууцны ипотекийн зээл  авсан иргэнд Засгийн газраас урьдчилгаа 30 хувийн 60 хувийг нь шийдэж өгөхөөр төсөвт тусгасан байна. Тэгэхээр хөдөө орон нутагт орон сууц авах иргэдэд том боломж нээгдэж байна.

          Орон нутагт нүүж, үйл ажиллагаагаа явуулах аж ахуйн нэгжүүдэд татварын хөнгөлөлт үзүүлнэ. Энэ шийдвэр хэрэгжвэл аж ахуйн нэгжүүд орон нутаг руу үйл ажиллагаагаа явуулах нь нэмэгдэх байх.

         Нөгөөтэйгүүр том төсөл, хөтөлбөрөө хэрэгжүүлэх төсөв, санхүүжилтийг нь шийдэж, Төрийн өмчит компаниудын хөрөнгө оруулалт, гаднын хөрөнгө оруулалтыг татаж, том төслүүдээ хэрэгжүүлэх гэсэн зорилго байна. Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан 47 төсөл байна. Энэ төслүүдээ явуулах зорилт тавьж байна. Нэн тэргүүнд боомтуудаа авто замаар холбох, боомтын үйл ажиллагааг сайжруулж, барилга байгууламжийг нь шинэчлэх, нэмэх арга хэмжээ авч байна. Үүний үр дүнд экспорт, импорт нэмэгдэнэ. Төгрөгийн ханш суларч, гадаад валютын ханш нэмэгдэж байгаа энэ үед энэ маш чухал асуудал. Мөн Тавантолгой дулааны цахилгаан станцыг барих ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй.

         -2023 оны төсөвт нүүрсний экспортыг нэмэгдүүлж, 2019 оны мөн үед хүргэнэ гэсэн. Ийм боломж бий юү?

          -2019 онд манай нүүрсний экспорт нэмэгдэж 36.5 сая тоннд хүргэж байв. Үүнд Гашуунсухайт, Шивээхүрэнгийн боомтоор нийт экспортын 90 гаруй хувь нь гарч байсан. Бид орлогоо нэмэгдүүлж, эдийн засгаа тэлэхэд ийм хэмжээний төлөвлөлт хийхээс өөр аргагүй. Нэг үеэ бодвол ковидын нөхцөл байдал суларч, экспортын хэмжээ нэмэгдэж байна. БНХАУ-аас ч харьцангуй нааштай хариутай байгаа. Ковидын үед өдөрт 100 орчим нүүрс тээврийн машин гардаг байсан бол одоо 600 гаруй болж нэмэгдсэн байна. Бусад боомтууд ч нэмэгдсэн. Мөн Гашуунсухайт-Зүүнбаян чиглэлийн төмөр зам ашиглалтад орж байна. Тэгэхээр 2019 оны мөн үед хүргэнэ гэж зүтгэхээс аргагүй.

          Нүүрсний экспорт нэмэгдэж эхэлсэн. Чингэлэг тээврийн терминал барьж дууссан. Төмөр замын терминалын ажил яаж байна. Нэг машинд гарсан чингэлэг тээврийн ачаа нэмэгдсэн. Шинэ технологи нэвтэрч, жолоочгүй автомат удирдлагатай нүүрс тээврийн ажил энэ зунаас эхэлсэн. Үүнийг өргөжүүлэх боломж бий.

           -2022 оны төсөв хэлэлцэж байхад та хилийн боомтуудын үйл ажиллагааг сайжруулах шаардлага байна. Тэгвэл эдийн засагт эерэг нөлөөтэй гэж байсан. Тэгэхээр энэ ажил биелэлээ олж байна гэж ойлгож болох уу?

           -Монгол Улсад дорвитой орлого өгч байгаа газар нь хилийн боомт байна. Тиймээс үүнийг анхаараач гэдгийг сануулж байсан. Хилийн боомтууд дээр дэд бүтэц нь шийдэгдээгүй, тоног төхөөрөмж нь хуучирч, барилга байшин хүрэлцээгүй болсон, терминалууд байхгүй, нэгдсэн удирдлага зохион байгуулалт алга. Үүнийгээ сайжруулаач гэсэн асуудлыг тавьж байлаа. Ер нь нэгдсэн удирдлага зохион байгуулалт муугаас болоод Ковидыг дотооддоо алдах, хил хаагдах зэрэг асуудлууд гарч байсан. Энэ асуудлыг чуулган болгоноор хэлж, Боомтын захиргаа гэж байгуулах санал оруулж, баталсан. Ингэснээр нэг удирдлага зохион байгуулалтад орж, нэлээд олон ажил хийсэн байна.

          -Ирэх жилийн төсөвт шинэ төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэхгүй, өмнөх төсөл хөтөлбөрүүдээ дуусгана гэж тусгасан. Гэхдээ энэ жил бараа бүтээгдэхүүний үнийг өсөлт, валютын хомстлоос шалтгаалаад ханшийн зөрүү гарчихлаа. Тэгэхээр өмнө нь эхлүүлсэн хөрөнгө оруулалтууд нь маш өндөр өртөгтэй болж байна. Энэ талаарх таны байр суурийг сонсъё?

          -Ханшийн зөрүү гарч байна. Ялангуяа барилгын материал, бүтээн байгуулалтын ажил дээр энэ ажиглагдаж байна. Жилийн өмнө, хоёр жилийн өмнө эхлүүлсэн ажил баталсан төсөвтөө багтахгүй гэх асуудал тойрог болгонд үүссэн. Засгийн газраас оруулж ирсэн төсөв шинэ хөрөнгө оруулалт оруулахгүй өмнөх төслөө дуусгана гэдэг нь энэ. Гэрээ байгуулж, эхлүүлсэн ажлуудынхаа 80 хувийг 2023 онд дуусгасан байя гэдэг зорилго тавьсан байна. Үлдсэн 20 орчим хувийг нь 2024 онд дуусгахаар төлөвлөсөн байна лээ.

       -Өмнөговь аймаг энэ жил төсөвт хэчнээн төгрөг төвлөрүүлэхээр байгаа вэ?

       -Улсын хэмжээнд 5,6 аймаг өөрийгөө санхүүжүүлдэг. Манай аймаг 2023 онд 266 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлэхээр тусгасан байна лээ. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаас 61 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг манайд хуваарилсан. Урсгал зардал орохгүйгээр гэсэн үг шүү дээ. Бусад аймгаас өндөр байгаа нь Өмнөговь аймагт уул уурхайн олон компани бий. Үүнээс Ашигт малтмал ашигласныг төлбөр АМНАТ, лицензийн төлбөр хураамж гэж авдаг. Үүнийгээ хэр сайн төвлөрүүлж байна төдий чинээ хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгддэг.

       -2023 онд төлөвлөсөн төсөл хөтөлбөрүүдээс танай аймагт хэрэгжих томоохон төсөл юу байна вэ?

        -Ирэх онд Гашуунсухайтын төмөр замын терминалын ажлыг дуусгах байна. Мөн Зүүнбаян-Тавантолгой, Гашуунсухайтын төмөр замыг уурхай руу холбох холболтуудыг дуусгана. Мөн автозамын ажлууд дуусах байх. Концесийн гэрээгээр хийж байгаа хоёр зам бий. Тавантолгой Цогтцэцийгээ-Гашуунсухайт, Тавантолгой Цогтцэцийгээс-Хангимандалын чиглэлийн хоёр зам байна. Үүнийг хувийн хэвшилүүд концесоор барьж байгаа.  Тавантолгойн 450 мкв цахилгаан станцын ажил эхлэх байх гэж найдаж байна.

Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барих номын сан, дотуур байр, эмнэлэг барих барилгын ажлууд ирэх онд дуусна.

       -Хаврын чуулган завсарласан хугацаанд та тойрогтоо очсон уу. Өвөлжилтийн бэлтгэл ажил хэр хангагдаж байна вэ?

      -Тойрогтоо ажиллаад  ирлээ. Хамгийн хүнд асуудал өвөлжилтийн асуудал байна. Энэ зун Говийн аймгуудад бороо хур ороогүй, гантай байсан. Ингээд малчид отор нүүдэл хийсэн байдалтай байна. Малчдын хувьд хүнд байна. Өвөлжилтийн байдал ч хүндрэх эрсдэлтэй. Тиймээс аймгийн удирдлагууд, Улсын онцгой комиссоос өвөлжилтийн бэлтгэлд анхаарч, өвс тэжээлээ нөөцлөх ажлыг эхлүүлсэн.

     Төв суурингийн бэлтгэл ажлын хувьд Даланзадгад хотын дулааны цахилгаан станцтай холбоотой асуудал бий. Тус станцад техник тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх, зуухын засварын ажлууд бий.

      Малчдын асуудлыг Хүнс хөдөө аж ахуйн сайдад уламжилсан. Наанадаж, отор нүүдлээр явж байгаа иргэдийг зэргэлдээ аймаг сумдын удирдлагууд хөөж туух асуудал их байна. Үүнд зохицуулалт хийж, сум аймгийн отрын бүс нутгийг нь тодорхой болгож, заах хувиар хийх ажлыг эхлүүлэх шаардлага байна. Аймаг орон нутаг тулгарч байгаа нэг асуудал нь хот хоорондын авто замын эвдрэл байна. Нийслэлийг утаагүй болгох ажлын хүрээнд түүхий эд буюу медлен коксжих нүүрсийг тээвэрлэж эхэлсэнтэй холбоотой авто замд эвдрэл үүсэж байна.  

       Бас нэг тулгарсан асуудал нь цөлжилт байна. Гурван аймгийн долоон суманд шороон замаар тээвэр хийж байгаа. Шинэ бүтээн байгуулалт буюу Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой гомдол цөөнгүй бий. Үүний нэг нь орц гарцыг хол хийсэнтэй холбоотой мал дайруулах, эд хөрөнгөөрөө хохирох асуудал байна. Тэгэхээр төмөр замыг дагасан тор хашаа татах саналыг Зам тээврийн хөгжлийн сайдад тавьсан. Гэхдээ энэ хориг саадын хамаагүй тавьж болохгүй юм билээ. Зэрлэг амьтлын үржил, хөгжилд саад учруулах эрсдэлтэй гэж үзлэг юм билээ.


Н.НАРАНБААТАР: БООМТУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА САЙЖИРСНААР ЭКСПОРТЫН ХЭМЖЭЭ НЭМЭГДЭЖ БАЙНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-10-08 09:28:40
    Зочин: 2020 оны ган зуднаар ӨМ д отор нүүдэл хийж очсон ӨВ, БН, ДУ ийн малчдыг орон нутгийн малчид удирдлагууд Хөөж туугаад үйлийг нь үзсэн дээ.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188