• Өнөөдөр 2024-04-23

Б.ПҮРЭВДОРЖ: Эрх баригчид тэтгэвэр, тэтгэмжийг нэмчихвэл асуудалд орно гэж айж байна

2021-12-21,   828

        УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой ярилцлаа.
 
     -Та Нийгмийн даатгалын сангаас олгодог Тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлээд багагүй хугацаа өнгөрлөө. Гэвч УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулж өгөхгүй байна. Уг хуулийн төсөлд ямар өөрчлөлт оруулахаар боловсруулсан юм бэ?
 
         -Энэ хуулийг би 2020 оны арванхоёрдугаар сард өргөн мэдүүлсэн. Өнөөдөр энэ хуулийг бүтэн жил хэлэлцсэнгүй. МАН 2016 онд Засгийн эрхийг барихдаа Олон улсын валютын сантай хамтарч энэ хуулийг баталсан юм. Таван жилийн дунджаар олгодог байсан тэтгэврийг долоон жил болсноор иргэдийн тэтгэвэр багассан. Өнөөдөр манайх ОУВС-гийн хөтөлбөрөөс гарчихсан, эдийн засаг сайжирчихсан байна. Мөн улсын төсөв, Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сан зэрэг нь хөрөнгийн эх үүсвэртэй болчихсон байна. Тиймээс 30-40 жил төрд ажиллаж, нийгмийн даатгалын хувиа өндөр төлчихсөн хэр нь буцаагаад үр ашгийг нь маш багаар авч байгаа би эсэргүүцэж байгаа юм. Би орон нутгийн иргэдтэй ойрхон ажилладаг, тэнтэй уулзаад явж байхад тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой асуудлууд маш их хөндөгдөж, анхаарал хандуулахаас өөр аргагүй байна. Жишээлбэл, иргэд хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ сард 300 мянган төгрөг байна. 20 жилээс дээш НДШ төлсөн бол 350 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг. Дундажлаад үзэхээр тэтгэврийн доод хэмжээ 420 мянган төгрөг л болж байгаа юм. Энэ бол маш бага тоо. Орлого маш бага хэр нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадчихсан байна. Тиймээс би энэ хуулийн төслийг санаачлан өргөн барьсан.
            Энд хоёр хууль байгаа. Нэгдүгээрт, хууль хэрэгжиж эхлэвэл тэтгэвэрт гарах иргэдийн тэтгэврийг цаашид таван жилийн цалингийн дунджаар бодох. Нөгөө нь 2018 оны нэгдүгээр сараас хойш Тэтгэврийн тухай хуульд өөрчлөлт орж, долоон жилийн дунджаар боддог болсон. Тиймээс тэтгэвэрт гарсан иргэдийн тэтгэврийг буцааж, таван жилээр бодох хуулийн төслийг өргөн мэдүүлээд байна.
 
        -Тэгэхээр долоон жилийн дунджаар бодож байгаа тэтгэврийг таван жилээр бодох боломж манайд байгаа юу. Нийгмийн даатгалын сан алдагдалтай байгаа гэдэг шүү дээ?
 
           -Европын орнуудад ажил хийж байгаа хоёр хүн тутамд тэтгэвэр авч байгаа гурван хүн ногддог. Гэтэл манайд нийгмийн даатгал төлж байгаа арван хүн тутамд гурван хүн ойролцоогоор ногдож байна шүү дээ. Ингээд Европын орнуудын нийгмийн даатгалын сан нь ямар ч асуудалгүй ажилладаг бол манайх алдагдалтай байх жишээтэй. Үндсэндээ Европын орнууд сайн менежмент хийж байна гэсэн үг. Тиймээс манайх хамгийн гол нь Нийгмийн даатгалын санг улстөрчид удирдсанаас болоод энэ сан алдагдалд орж байна.
          
       - Энэ хуулийн төслийг хойш тавьж, хэлэлцүүлэхгүй байгаа цаад шалтгааныг та хэрхэн харж байгаа вэ?
 
       -Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийн арилжааны банкуудад буруу байршуулснаар тэр нь эрсдэлд орсон. Үүнээсээ шалтгаалж, тодорхой хэмжээний төлбөр хурдан гүйцэтгэх чанар нь мууддаг учраас эрх баригчид  тэтгэвэр, тэтгэмжийг нэмбэл асуудалд орно гэж айж байгаа юм. Нийгмийн даатгалын сангийн менежмент буруу байсан нь шимтгэлээ төлчихсөн хүмүүст уг нь хамааралгүй шүү дээ. Энэ бол төрийн буруу. Нийгмийн даатгалын санд асуудал үүсэж, төлбөр гүйцэтгэх чадвар нь муудсан бол улсын төсөв болон бусад эх үүсвэрээр дэмжих боломж байгаа юм. Гэхдээ миний өргөн мэдүүлсэн хуулийн дагуу долоон жилийн дунджийг таван жил болгосноор Нийгмийн даатгалын сан ойрын хэдэн жилдээ ямар ч асуудалд орохгүй. Өнгөрсөн хугацаанд буюу 1990-ээд оны үед  Нийгмийн даатгалын сангийн мөнгийг төр хэрэгцээтэй зүйлдээ ашигласан явдал байдаг. Тиймээс төр энэ мөнгөө буцааж болно.
 
      -Өчигдөр МАН-ын бүлэг хуралдаж, Цар тахлын тухай хуулийг шинэчлэх асуудлыг хэлэлцсэн. Улмаар дээрх хуулийг дахин сунгах шаардлагатай гэдэг дээр гишүүд санал нэгдсэн байна лээ. Энэ талаар Ардчилсан нам бүлгийн хурал дээрээ хэлэлцсэн үү. Та ямар байр суурьтай байгаа юм бэ?
     -Энэ хуулийг МАН-ын бүлэг дөнгөж өчигдөр хэлэлцээд сунгах тухай асуудлыг ярьж байгаа юм билээ. Манай намын бүлэг энэ асуудлыг хэлэлцээгүй байна. Ирэх долоо хоногоос хэлэлцэх байх. Харин хувь гишүүний хувьд энэ хуульд гурван асуудал байна гэж харж байгаа.
 
        Нэгдүгээрт, Цар тахлын тухай хуулийг сунгаж, 2022 онд дагаж мөрдлөө гэхэд төсвийн нийт зардалдаа багтааж, зардлаа шилжүүлэх замаар цар тахлын эсрэг тэмцэх ёстой. Өнгөрсөн удаад манайх зардлаа хэтрүүлсэн асуудал бий. Ингээд үүнийгээ улсын төсөвт тодотгол хийж зөв болгосон. Энэ зардал хэтрүүлдэг явдлыг тэвчих хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, Засгийн газар зардлаа хэтрүүлээд цар тахлын үед яамд руу хөрөнгө төсөвлөдөг. Гэтэл яамд нь энэ хөрөнгөө замбараагүй хэрэглээд байна. Тиймээс Засгийн газар зардал хэтрүүлэхгүй байх тал дээр анхааралтай ажиллах ёстой. Хоёрдугаарт, Төрийн албаны шалгалтгүй төрийн алба хаагчдыг томилдог асуудал бий. Төрийн албаны шалгалтыг давж ч чадахгүй хэр нь даргын цүнх барьж яваад дарга болгож байгаа юм. Өнгөрсөн хугацаанд 2000 гаруй хүнийг төрийн албанд авч 600 гаруй хүнийг шат ахиулсан гэж байгаа. төрийн албыг ингэж чадваргүй хүмүүсээр дүүргэж болохгүй.
 
        Үүнээс болж төрийн алба чадваргүй болж, шат ахидаг мэрид зарчим  алдагдаж байна. Нэг газарт олон жил ажилласан туршлагатай хүмүүсийн оронд шинэ хүн орж, төрийн албыг үнэгүйдүүлэх явдал гарч байна. Тиймээс төрийн алба хаагчийг Цар тахлын хуулиар шууд томилж байгааг зогсоох хэрэгтэй. Гуравдугаарт, төрийн өмчит компаниуд Цар тахлын тухай хуулиар ямар ч тендергүй гэрээ байгуулж, янз бүрийн бараа бүтээгдэхүүн татах, ажил үйлчилгээ хийж байна. Ингэснээр эрх мэдэлтэй хүмүүсийн хамаарал бүхий компаниудтай гэрээ хийх зэргээр ашиг сонирхлын зөрчил үүсэж байгаа. Цар тахлын тухай хуулийг сунгах гэж байгаа бол энэ гурван асуудлыг цэгцлэх шаардлагатай. Мөн энэ хуулиар хувь хүний эрх эрх чөлөөг хязгаарлаж байгаа. Цар тахлын тархалт багасаж байгаа учраас үүнийг анхаарах шаардлага бий.
 
       Түүнээс эдийн засгийг эрчимжүүлэх, иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах зайлшгүй шаардлага байгаа. Нийгмийн бусад асуудлыг зохицуулж байгаа учраас энэ хуулийг сунгах боломжтой.
 
      -Цар тахлын хуулийг сунгавал төсөвт тодотгол хийх нөхцөл бүрдэх үү?
 
        -Сая баталсан Төсвийн тухай хуулиа мөрдөж эхлээгүй байна. Тиймээс төсвийн тодотгол хийх асуудлыг ярихад эрт байгаа. Магадгүй төсөвт тодотгол хийвэл ирэх хаврын чуулганы сүүлээр хийх байх.
 
      -Улсын дээд шүүхийн хуралдаанаар Ардчилсан намын даргыг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцсэн. Гэвч О.Цогтгэрэл даргыг басамжлах боломжгүй гэлээ. Тан энэ талаар ямар байр суурьтай байгаа вэ?
 
      -Ардчилсан нам дотроо нэн даруй учраа олох хэрэгтэй байна. Тиймээс би  Их эвийн хурал зарлахаар 100 мянган гишүүнээс гарын үсэг цуглуулж байна. Одоогийн байдлаар 85 мянган гишүүний гарын үсэг цугласан. Улсын дээд шүүх энэ асуудлын өмнө нь шийдвэрлэчихвэл сайн байна.
 
        -Саяхан Ардчилсан намын лидер Э.Бат-Үүлийг шүүхийн шийдвэрээр хорилоо. Энэ тухайд?
 
         -Шүүх процесс яаж үргэлжилснийг би мэдэхгүй байна. Э.Бат-Үүл дарга бол маш шударга хүн. Би түүнийг эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан гэж бодохгүй байна.
 

Б.ПҮРЭВДОРЖ: Эрх баригчид тэтгэвэр, тэтгэмжийг нэмчихвэл асуудалд орно гэж айж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-21 11:39:32
    zochin: naad chuuliin demjdeg ,daanch erch barigchid ulam l daramtlachaa l boddog
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188