• Өнөөдөр 2024-05-03

Угсраа мэхтэй ч гар нь ДӨНГӨТЭЙ, хөл нь ТУШААТАЙ Х.Баттулга

2020-12-09,   1622

2017 оноос хойш улс төрийн дэвжээн дээр Ерөнхийлөгч, МАН хоёрын хүч тэнцвэргүй барилдаан болж байна. Үзэгчид нь ард түмэн бид. 

Ерөнхийлөгч Х.Баттулга “самбочин” Х.Баттулга байхдаа “Барьцаа алддаггүй, угсраа мэхтэй” гэдгээрээ зартай, үүгээрээ ч өрсөлдөгч бөхөө өчиггүй “шидэж”, үзэгч олныг шуугиулж явлаа. Ерөнхийлөгч Х.Баттулга болсноосоо хойш ч өнөө “угсраа мэх”-ээ МАН-ын эсрэг хийж, ард түмнийг “өндөлзүүлж” байгаа ч, өчиггүй “шидэж” чадахгүй л явна. Мянган угсраа мэхтэй байлаа ч улс төрийн дэвжээн дээрх МАН гэдэг өрсөлдөгч нь 65-уулаа учраас гарыг нь дөнгөлж, хөлийг нь тушчихаад тэр яаж ч чадахгүй байна л даа. 

Жишээ нь, Өнгөрсөн хугацаанд Ерөнхийлөгч Х.Баттулга МАН-ын олонхоороо бүрдүүлсэн УИХ-ын эсрэг 13 удаа хориг тавьжээ. Тухайлбал, 
 
2017 оны аравдугаар сарын 26. Засгийн газрын гишүүдийг томилох тухай УИХ-ын 58 дугаар тогтоолд хэсэгчлэн хориг тавьсан. Тодруулбал, Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатарыг томилохыг хориглосон ч хүлээж авахаас татгалзсан. 
 
2017 оны арваннэгдүгээр сарын 2. Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль болон Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хууль тус бүрт бүхэлд нь хориг тавьсан ч хүлээж авахаас татгалзсан. 
 
2017 оны арванхоёрдугаар сарын  5. Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуульд хэсэгчлэн хориг тавьсан ч хүлээж авахаас татгалзсан. 
 
2018 оны зургадугаар сарын 13. УИХ-ын 45, 47 дугаар тогтоолууд буюу Д.Гантулга, Д.Мурат нарын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхээс татгалзсан тогтоолд хориг тавьсанч хүлээж авахаас татгалзсан. 
 
2018 оны арваннэгдүгээр сарын 15. Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хууль болон дагалдан батлагдсан хууль, тогтоолуудад бүхэлд нь хориг тавьсан ч хүлээж авахаас татгалзсан. 
 
2019 оны тавдугаар сарын 14. Татварын багц хуульд бүхэлд нь хориг тавьсан ч хүлээж авахаас татгалзсан. 
 
2019 оны тавдугаар сарын 30. Захиргааны ерөнхий хуульд бүхэлд нь хориг тавьсан. УИХ хүлээж авсан. 
 
2019 оны зургадугаар сарын 04. Өөрийнх нь Татварын багц хуульд бүхэлд нь тавьсан хоригийг хүлээж авахаас татгалзах тухай УИХ-ын 51 дүгээр тогтоолд хориг тавьсан. Гэхдээ өөрөө хоригоо буцаан татсан. 
 
2019 оны есдүгээр сарын 20. Ард нийтийн санал асуулга явуулах, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн эхийг баталсан УИХ-ын 73 дугаар тогтоолд хориг тавьсан. УИХ хүлээж авахаас татгалзсан.
 
2019 оны арванхоёрдугаар сарын 3. Өмгөөллийн тухай хуульд хэсэнчлэн, хамт баталсан Хуульчийн эрхзүйн байдлын тухай хуулийн зарим бүлэг хүчингүй болсонд тооцох тухай хуульд бүхэлд нь хориг тавьсан ч хүлээж авахаас татгалзсан. 
 
2019 оны арванхоёрдугаар сарын 4. Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хууль болон Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд хэсэгчилэн, хамт батлагдсан Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь хориг тавьсан. Үүнээс Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд тавьсан хориг хүлээж авч, бусад хоригийг хүлээж авахаас татгалзсан. 
 
2020 оны тавдугаар сарын 26. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт хэсэгчлэн хориг тавьсан. УИХ хүлээж авсан. 
 
2020 оны арваннэгдүгээр сарын 25. Монгол Улсын 2021 оны төсвий тухай хууль болон дагалдан гарсан хуулиудад бүхэлд нь хориг тавьсан. УИХ хүлээж авахаас татгалзсан байна.  
 
Ингээд харвал, Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн хугацаанд УИХ-аас баталсан хууль, тогтоомжуудад нийт 13 удаа хэсэгчлэн болон бүхэлд нь хориг тавихад УИХ ердөө гурвыг нь хэсэгчлэн хүлээж авч, есөд нь татгалзаж, нэгийг нь Ерөнхийлөгч өөрөө буцаан татжээ. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч Х.Баттулга “хориг” гэдэг мэхийг хэчнээн угсруулаад ч МАН-ын эсрэг яаж ч чадахгүй байна. Авууштай нь, Ерөнхийлөгч Х.Баттулга тууштай юм. Хориг тавиад л татгалзсан хариу аваад л, дахиад л хориг тавина. Бодвол “угсаа мэх”-ээр гаршсаных л байх. 

Хөл хорионы үеийн улс төрийн дэвжээнд ч Ерөнхийлөгч Х.Баттулга сонирхолтой, идэвхитэй барилдаан гаргаж, “угсраа мэх” олныг л хийж байна. Жишээ нь, коронагаас болж ард түмэн аяга хоолноос болж яахаас ч буцахгүй болж байгаа энэ цаг үед төрөөс өрх бүрт сая төгрөг олгох саналыг Засгийн Газарт гаргасан. Гэсэн ч бүтэлгүйтсэн. Тэгмэгц 2021 оны төсвийн тухай хуульд хориг тавьж, шахаанд оруулах угсраа мэх хийсэн. Бас л бүтэлгүйтсэн. Харин ч эсэргээрээ МАН өөдөөс нь өөрийнх нь өргөн мэдүүлсэн “Шүүхийн тухай багц хуулийн төсөл”-ийг  нь буцаах хариу мэх хийчихсэн. 

Харин одоо Ерөнхийлөгч Х.Баттулга Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг төслийг УИХ-аар хэлэлцүүлж байна. Ерөнхийлөгч Х.Баттулга энэ төслийнхөө тухай “Стратегийн ач холбогдол бүхий ордуудыг ашигладаг, ихээхэн хэмжээний гадаад валютын орлоготой үндэсний болон гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын мөнгөн гүйлгээ, төлбөр тооцоог Монгол Улсын банкаар гүйцэтгэдэг байх, гадаад валютын улсын нөөцийг болон худалдан авах гадаад валютын хэмжээг нэмэгдүүлэх, урсгалыг сайжруулах, валютын ханшийг тогтворжуулах, бууруулах зэрэг ач холбогдолтой” хэмээн тайлбарласан. Үүнийг түүний “угсраа мэх”-ний нэг хэсэг гэж харахаас илүүтэй ойрын ирээдүйд илүү даацтай мэх хийх барьцаа лавшруулж байна гэж харах нь зүйтэй ч байж магад. 
Ямартай ч Ерөнхийлөгч Х.Баттулга “хориг” гэдэг ганц мэхээ янз бүрээр угсруулж л байна. Даанч өрсөлдөгч МАН нь бул хар чулуу шиг л тээглэсэн, зөрүүдэлсэн хэвээр. 
Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-аас батлагдсан хууль, тогтоомжуудыг хэчнээн буруу гэж эсэргүүцсэн ч хориг тавих төдийхнөөр л “мэх” нь хязгаарлагдана. Харин олонхиороо эрх барьж байгаа МАН хоригийг нь хүлээж авахгүй байхад л Ерөнхийлөгчийн хөлийг тушчихаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн гар дөнгөтэй, хөл тушаатай байсаар бүрэн эрхийн хугацаа нь дуусах тал руугаа орж явна. 
 

Угсраа мэхтэй ч гар нь ДӨНГӨТЭЙ, хөл нь ТУШААТАЙ Х.Баттулга
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188